| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2023/00158/И |
| Дугаар | 132/ШШ2023/00420 |
| Огноо | 2023-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 132/ШШ2023/00420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Цийлаажавын Пүрэвсүрэн -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Готовдоржийн Өлзийбаяр -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 13,000,000 төграг гаргуулах тухай 132/2023/00158/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа,
Хариуцагч Г.Өлзийбаяр,
Хариуцагчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн нь хариуцагч Г.Өлзийбаярт холбогдуулан 13,000,000 /арван гурван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Ц.Пүрэвсүрэн 2020 оны 10 дугаар сард 32 тооны адуугаа харуулахаар сарын 250,000 төгрөгөөр тохиролцож Г.Өлзийбаярт өгөөд мөнгөө сар бүрийн 5-ны дотор саадгүй Хаан Банк 5285164784 дансанд нь шилжүүлдэг байсан. 2021 оны намар 6 унага тамгалж хийт 38 адуу болсон. Энэ үеэр Өлзийбаяраас хязаалан үрээ 2 сая төгрөгөөр бэлнээр аваад 2022 оны хавар азарга тавих байсан арга саам хийсээр байгаад азарга тавиагүй миний адуунуудыг үзүүлдэггүй ер нь нуудаг байсан. Тэгээд бүтэхгүй санагдаад 2022 оны 9 дүгээр сард адуугаа авахад 10 адуу дутуу өгсөн асуухаар надаас авсан азаргатайгаа байгаа одоо олоод ирье гэж яриад 2 сар болсон. Очиж асуухад 2021 оны 12 сард усанд ороод үхсэн гэж хэлсэн. Адуугаа авах үед нэг унааны морь үлдээчих 1 сая төгрөгөөр авъя гэхэд нь үлдээсэн одоо мөнгийг нь өгөөгүй байгаа.
Усанд унасан гэх адууны үнэлгээ
- Бор морь 1,000,000 төгрөг
- Хүрэн гүү унагатай 1,500,000 төгрөг,
- Хонгор гүү унагатай 1,500,000 төгрөг,
- Эрлийз хонгор гүү байдас 2,500,000 төгрөг,
- Цагаан хонгор гүү 1,500,000 төгрөг,
- Унага 500,000 төгрөг,
- Халзан гүү 1,500,000 төгрөг нийт 10 сая төгрөг.
Үүн дээр азарганы үнэ 2,000,000 төгрөг, унааны морины 1 сая төгрөг нийтдээ 13,000,000 төгрөг нэхэмжилж байсан боловч шинжээчийн дүгнэлтээр 9 тооны адууны үнэлгээг 7,400,000 төгрөг гэж гаргасан тул энэхүү үнэлгээн дээр азарганы үнэ 2,000,000 төгрөг, хүрэн морины үнэ 1,000,000 төгрөгийг нэмээд нийт 10,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.
2.Хариуцагч Г.Өлзийбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Пүрэвсүрэнгийн нэхэмжилж байгаа 9 тооны адууны 7 тооны адуу усанд орж үхсэн болно. Одоо 2 тооны адуу буюу хээр азарга, хүрэн морь нь адуунд байна. Дээрх 7 тооны адуу нь 2021 оны 11 дүгээр сард Орхон голд орж үхсэн болно. Үүнийг Орхон сумын иргэн Г.Намхай, Гансүх нар сайн мэдэх юм. Ер нь нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн өөрөө ч сайн мэднэ. Тухайн үед нь нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэнд өөрт нь мэдэгдсэн. Усанд орсон 7 тооны адуу Бор морь, Хүрэн гүү, унагатай, хонгор халзан байдас, цавьдар халзан байдас, цагаан хонгор гүү, том хонгор гүү зэрэг нь үхсэн болно.
Одоо хээр азарга, хүрэн морь нь адуунд байгаа юм. Миний хувьд Ц.Пүрэвсүрэнгийн адууг хувьдаа ашигласан асуудал байхгүй болно.
Иймд Ц.Пүрэвсүрэнгийн 9 тооны адууны үнэ 7,400,000 төгрөгийг төлөх боломжгүй харин азарганы үнэ 2,000,000 төгрөг, хүрэн морины үнэ 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-Булган аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудас /хэргийн 3-р хуудас/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/
-Ц.Пүрэвсүрэнгийн Хаан банк дахь 5120127059 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-6-р хуудас/,
-Ц.Пүрэвсүрэнгийн Голомт банк дахь 4001090692 дугаартай дансны хуулга /хэргийн 7-45-р хуудас/,
-Ц.Пүрэвсүрэнгийн Худалдаа хөгжлийн банк дахь 407183102 дугаартай дансны хуулга /хэргийн 46-55-р хуудас/,
-2023 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 38 дугаартай Прокурорын тогтоолын хуулбар /хэргийн 142-143-р хуудас/,
-2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээс авсан мэдүүлгийн хуулбар /хэргийн 144-148-р хуудас/,
4.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
5.Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 9 төрлийн адууны зах зээлийн үнэлгээг тогтоолгох шинжээчээр шинжээч Д.Мягмарсүрэнг томилж дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Мөн Өлзийбаяр /ФА93060437/-ийн 2020 он, 2021 он, 2022 оны малын А дансыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг 2,600,000 төгрөгөөр татгалзаж, хариуцагчаас 10,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3.Хариуцагч Г.Өлзийбаяр нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хийсэн 3,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, усанд унасан 9 тооны адууны үнэ 7,400,000 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг.
4.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга, шинжээчийн дүгнэлт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.2020 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн нь 32 тооны адууг хариуцагч Г.Өлзийбаяраар маллуулахаар харилцан тохиролцож түүнд хүлээлгэн өгсөн.
2021 оны намар Ц.Пүрэвсүрэн 6 унага тамгалж, нийт 38 тооны адуутай болсон бөгөөд 2022 оны 9 дүгээр сард хариуцагч Г.Өлзийбаяраас адуугаа буцаан авахаар очиход нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэнд 24 тооны адууг хүлээлгэж өгсөн байна.
4.2.Хариуцагч Г.Өлзийбаяр нь нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэнгийн адууг маллаж байх хугацаандаа Ц.Пүрэвсүрэнгээс сар бүр 250,000 төгрөгийн хөлс авдаг байсан болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна.
5.Хариуцагч 32 тооны адууг нэхэмжлэгчээс хүлээн авч, 38 тооны адуутай болтол өсгөж өгсөн бөгөөд 2022 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчид 24 тооны адуу хүлээлгэн өгсөн, сар бүр 250,000 төгрөгийн хөлс авсан талаар зохигч маргаагүй.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн азарганы үнэ 2,000,000 төгрөг, хүрэн морины үнэ 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 9 тооны адууны үнэ 7,400,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна. Төлөхгүй гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн 9 тооны адуу Орхон голд унаж үхсэн бөгөөд энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл тул төлөхгүй гэв.
6.Зохигчийн хооронд үүссэн гэрээний зүйл нь адуу, хариу төлбөрийн хувьд нэхэмжлэгч, хариуцагчид 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд сар бүр 250,000 төгрөгийн хөлс төлсөн. Хариуцагч адууг богино хугацаанд маллаагүй харин 2 жилийн хугацаанд малласан байдалд дүгнэлт хийхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
7.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ гэжээ.
8.Мал маллах гэдэг нь тухайн малыг хяналтандаа байлгаж, хариулж, үр төлөхийг авч байхыг хэлнэ.
9.Зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь адууг маллаж, тоо толгойг бүрэн бүтэн байлгах, өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч, гэрээний үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч өөрийн 9 адууны үнийг нэхэмжлэх эрхтэй байна.
10.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж үзэж, хариуцлагаас чөлөөлөх ерөнхий зарчим байдаг.
Давагдашгүй хүчин зүйл гэдэг нь хүний хүсэл зоригоос ангид урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүсэхийг хэлнэ.
11.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцахаар байна.
Гэвч хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хонгор гүү, шарга даага, хонгор гүүний унагыг усанд унахыг харсан. Адуугаа Орхон голоос усалдаг. Бусад адуу усанд унахыг хараагүй, алга болсон болохоор Орхон голд унасан гэж ойлгосон гэж тайлбарлаж байгаа нь 3 тооны адуу ус уухаар гол руу орохдоо усанд унасан нь байгалын давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэл болохгүй.
Хариуцагч нь үлдсэн 6 тооны адууг алга болсон болохоор нь усанд унасан байх гэж бодсон гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд мөн адууг маллах явцдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгээ нотлоогүй тул хариуцагчаас усанд унасан гэх 9 тооны адууны үнэ 7,400,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
12.Есөн тооны адууг 7,400,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлттэй хариуцагч 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр, хариуцагчийн өмгөөлөгч 2023 он 9 дүгээр сарын 5-ны өдөр тус тус танилцсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй байх тул 9 тооны адууны үнийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.
13.Шинжээчийн ажлын хөлсөнд Шүүхийн Тамгын газраас 240,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Өлзийбаяраас гаргуулж, Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100040005401 дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
14.Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний дагуу 3,000,000 төгрөг, усанд унасан гэх 9 тооны адууны үнэ 7,400,000 төгрөг нийт 10,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэнд олгож шийдвэрлэв.
15.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 222,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 181,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 101 дүгээр зүйлийн 101.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Өлзийбаяраас 10,400,000 / арван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэнд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 181,350 /нэг зуун наян нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар шинжээчийн хөлс 240,000 төгрөгийг хариуцагч Г.Өлзийбаяраас гаргуулж, Төрийн сангийн 100040005401 тоот дансанд оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР