Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/01411

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00996 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 122 003 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э ХХК нь Х ХХК-тай 2017.06.25-ны өдөр ЗГ0117 дугаартай Аглаг бүтээлийн хийдийн 6,2 км хатуу хучилттай замын барилгын ажлын зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж авто замын барилгын зөвлөх үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний 3 дахь хэсэгт зааснаар зөвлөх үйлчилгээний нэг сарын ажлын хөлсийг 40 000 000 төгрөгөөр тооцож, ажил гүйцэтгэсэн сараар тооцохоор талууд тохиролцож тухайн үед ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажил хэрэгжиж байх хугацаанд 2017.7.07-ны өдрөөс 2017.11.07-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд зам барилгын ажлын хяналт хийгдэж, 160 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед хариуцагч 40 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн өнөөдрийн байдлаар 120 000 000 төгрөг өгөөгүй. Гэрээний төлбөр тооцоотой холбоотой асуудлаар гэрээний талууд удаа дараа уулзаж 2018.6.26-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж баталгаажуулсан. 2018.8.4-ний өдөр уулзаж тухайн үлдэгдэл санхүүжилтийг хэрхэн яаж шилжүүлэх талаар уулзалтын протокол хөтөлж, 2018.12.2-ны өдрийн уулзалтаар хоёр талаасаа тооцоо нийлж зам барилгын ажлын зөвлөх үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 120 000 000 төгрөг, лабораторийн шинжилгээний зардал 2 003 000 төгрөг, нийт 122 003 000 төгрөгийг Х ХХК нь Э ХХК-д төлөхийг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. “Х” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа 40 000 000 төгрөгийг урьдчилан төлж, 2018 онд 120 000 000 төгрөг төлсөн гэх тайлбарыг ирүүлсэн байна. Х ХХК нь 2017.12.16-ны өдөр 40 000 000, 2018.8.7-ны өдөр 120 000 000 төгрөгийг манай дансанд шилжүүлсэн бөгөөд энэ төлбөр нь 2017 онд байгуулагдсан ЗГ0117 дугаартай гэрээний дагуу 2017.7.7-ны өдрийн хооронд хийгдсэн ажлын урьдчилгаа төлбөр бөгөөд үүнийг 2018.6.6-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар талууд харилцан баталгаажуулсан байгаа. Нэхэмжлэлд дурдаад байгаа 120 000 000 төгрөг нь тус компанийн 2018 оны 8-11 дүгээр саруудад хийсэн ажлын төлбөр, мөн лабораторийн шинжилгээний төлбөр 2 003 000 төгрөг байгаа. Шинжилгээний хариуг өгөөгүй гэдэг нь худлаа энэ гаргасан шинжилгээний хариуг үндэслээд зам хяналтын ажил хэрэгжүүлж байгаа. Манай компанийн хувьд тухайн замд хяналт тавьж байгаагийн хувьд холбогдох дүгнэлтийн нэг хэсгийг шинжилгээний дүн болгож Зам тээврийн яам болон захиалагчид хүргүүлэх үүрэгтэй байдаг тул эдгээр ажиллагаа хийгдсэн байхад хариуцагч байгууллага эдгээр ажлыг хийгээгүй мэт ташаа хариу тайлбар өгсөн байгаа. Замын хяналтын ажлыг 2018 онд гэрээний дагуу үргэлжлүүлэн, шилжүүлэх бөгөөд  зөвлөхийн ажилласан сар бүхэн 40 000 000 төгрөг гэж тооцсон. Энэ ажлыг улсын комисс хүлээж аваагүй байгаа бөгөөд Х компани дутуу байгаа ажлуудаа гүйцээгээд өгвөл хүлээж авна гэж байгаа. Харин Х зөрчлөө арилгахгүй байгаа учраас улсын комисс хүлээж авахгүй байгаа. Ажил эхлэх болгонд харилцан ярилцаж, уулзалтын протокол, гэрээнүүд үйлдээд байгаа. 2017.6.25-ны өдрийн гэрээнээс хойш гэрээ байгуулагдаагүй. Талуудын хоорондын итгэлцэл, тухайн газар зам барилгын ажил явагдаж байгаа учир ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын хүрээнд энэ ажил явж байсан. Хэдийгээр зарим нь он сар огноо тавигдаагүй байгаа боловч хоёр талын төлөөлөл оролцсон холбогдох тооцоо нийлсэн баримт, хурлын протоколыг талууд хийж байгаа үйл баримт нь гэрээний зайлшгүй хавсралт юм. Хариуцагч компанийн ажлын дутагдалтай холбоотой асуудал байгаад лаборторын шинжилгээгээр гаргасан тэр шинжилгээний хариу болон Хын ажлын гүйцэтгэлээр энэ замыг улсын комисс ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байсан тул хоёр компанийн захирал тухайн үед өөрсдөө тохиролцоод компанийн удирдлагын хэмжээнд шийдээд явсан. Бичгийн баримт үйлдээгүй. Хоёр компанийн удирдлага амаар яриад тухайн үедээ шийдээд явсан асуудал дахиж хөндөх нь хоёр компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх байх. Тухайн үед бичгийн баримт үйлдээгүй тул нөхөн үйлдэх боломжгүй байгаа. Цаасан дээр буусан юм нь тооцооны үлдэгдлийн огноогүй баримт байгаа. Гэрээ байгуулагдсан, гэрээний үндсэн акт зэрэгт хариуцагч тал маргаагүй тул үүнтэй холбоотой баримт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, лабораторийн шинжилгээний зардал зэрэгт нийт 122 003 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч компанитай 2017-06-25-ны өдөр аглаг бүтээлийн хийд чиглэлийн 6,2 км хатуу хучилттай авто замын барилгын хяналтын зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд нийт үнийн дүнгээс 40 сая төгрөгийг урьдчилан төлж, 2018 онд 120.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Нэхэмжлэгч компаний материалыг лабораторийн шинжилгээнд өгсөн гэх боловч манай компанид одоог хүртэл шинжилгээний хариуг ирүүлээгүй байх тул энэ төлбөрийг шилжүүлэх боломжгүй байна гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019-4-2-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрэх хүсэлттэй байна. Манай компаний хийсэн ажлыг улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэгч компаний бичиг баримтаа гаргаад өгчихвөл компаний зүгээс төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй тул эвлэрэн хэлэлцэх боломж олгож өгнө үү. 2019-04-03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч компаниас зөвлөх үйлчилгээ авсан бөгөөд хийсэн ажлаа улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд нэхэмжлэгч компаниас өгөөгүй баримтууд байгаа учраас нэхэмжлэгчийн өгсөн тайланг нотлох баримтаас хасуулмаар байна. Манайд өдийг хүртэлх хугацаанд тайлан ирүүлээгүй. Энэ тайланг шүүх хуралдаанд бэлдэж гаргасан гэж үзэж байна. Манай компанид нэхэмжлэгч тал зөвлөх үйлчилгээ үзүүлээд улсын комисст манай хийсэн ажлыг хүлээж авах боломжгүй гэсэн санал гаргаснаас болоод улсын комисс хүлээж аваагүй байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн 2018-10-31-ний өдрийн огноотой 02/18 дугаартай албан бичгийг нотлох баримтаар өгье. Нэхэмжлэгч компани зөвлөх үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой баримт материалыг шилжүүлсэн тохиолдолд төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлс 120 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас лабораторийн шинжилгээний төлбөрт шаардсан 2 003 000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 767 965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 757 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй хэргийн оролцогчийн хүсэлтийг хангахгүйгээр, эрхийг ноцтой зөрчсөн. Талуудын хооронд байгуулагдсан ЗХ-01/17 тоот гэрээний 4.3 дахь хэсгийг тодруулаагүй, гэрээний үүргээ ямар хэлбэрээр гүйцэтгэсэн, ямар ажил хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүн зэргийг асуугаагүй. Хэргийн байдлыг тал бүрээс нь бодитойгоор судлан шинжлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримтын талаар дүгнээгүй. Гэрээний агуулгыг зөв тодорхойлоогүй, талуудын хооронд байгуулан гэрээний тохиролцоо хуульд нийцсэн эсэх, талаар дүгнээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар тодорхой заагаагүй, орхигдуулсан. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүйгээс талууд маргааны талаар бодитой мэтгэлцээгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөнөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт зээл 122 003 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 30/

 

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг бүрэн мэтгэлцүүлж, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор тэгш хангасан гэх байдал хэргийн баримтаас тогтоогдохгүй байна. Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийж авах, шаардлагатай тохиолдолд шинээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь 2019 оын 04 дүгээр сарын 26-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар мэдэгдэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хүсэлтийг хангахгүйгээр, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эсрэг талын шаардлага, тайлбартай танилцах эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх, тэгш эрхтэй оролцох боломжоор хангаагүй байна. /хх 74-75, 82/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00996 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД