Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 108

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн

Бугат сумын Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:      Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжийн Г.Б, Д.О, С.Л нарт холбогдох хэсэг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/168 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0865 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М,

Хариуцагч: өмгөөлөгч П.Б,

Гуравдагч этгээд: “Т” ХХК-ийн төлөөлөгч А.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Б, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжийн Г.Б, Д.О, С.Л нарт холбогдох хэсэг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/168 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0865 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

3. Шүүхүүд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч тал маргаан бүхий акттай холбоотойгоор хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой” байсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй бол харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэжээ.

4. Иргэн, хуулийн этгээд захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бол гурван сарын дотор уг хугацааг сэргээлгэх хүсэлтээ гомдлыг хянан шийдвэрлэх байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх талаар Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бол гурван жилийн дотор уг хугацааг сэргээлгэх хүсэлтээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан байна. Маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 12 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг хууль бус, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзвэл уул захиргааны актыг хүлээн авсан, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах, дээд шатны захиргааны байгууллага гомдлыг шийдвэрлэсэн боловч тус шийдвэрийг нь зөвшөөрөөгүй, хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд захиргааны актыг “хүчингүй болгуулах”, “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заажээ. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын төрөл “хүчингүй болгуулах”, “илт хууль бус болохыг тогтоолгох” аль нь байснаас үл хамааран нэхэмжлэл гаргах хугацааг тооцохоор, нэхэмжлэгч уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулжээ.

5. Нэхэмжлэгч тал 2013 оны 6 дугаар сард газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон захирамж гарсан гэдгийг мэдсэн нь “Бид газрын төлбөрөө төлөх гээд газрын даамал Ж.Г-тай утсаар ярьтал танай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж хэлэхээр нь мэдсэн” гэх өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар тогтоогддог. Тухайн үед нэхэмжлэгч тал газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон шийдвэр гарсныг мэдсэний дараа хуульд заасан хугацааны дотор дээд шатны байгууллага буюу аймгийн Засаг даргад гомдол гаргах, эсхүл шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан байхад энэ эрхээ хэрэгжүүлэхгүйгээр 1 жил 5 сарын хугацаа өнгөрсний дараа 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Харин Булган аймгийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1422 тоот албан бичгээр захирамжаа хүчингүй болгохыг Бугат сумын Засаг даргад мэдэгдсэн. Үүнээс үзэхэд Булган аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдлыг хүлээн авч зохих шийдвэрийг гаргасан бөгөөд харин Булган аймгийн Засаг дарга тухайн үед уг шийдвэрийг нь биелүүлээгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “захиргааны байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй” тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч нь мөн л үүнээс хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй.

6. Булган аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01/681 тоот албан бичиг нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах хугацааг сэргээсэн шийдвэр биш, түүнчлэн аливаа захиргааны байгууллагад иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөвхөн шүүх сэргээхээр байна. Иймд Булган аймгийн Засаг даргын болон Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгүүдийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн шийдвэр гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

7. Шүүхүүд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэл бүхий байдлаар тайлбарлаж хэрэглээгүй. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэсэн байдаг. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй талаар дүгнэлт хийсэн байдаг ч, анхан шатны шүүхийн энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүх няцаалт өгч хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

8. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохоор заасан. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заажээ.

9. 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “А” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 2.2-т газрын төлбөрийн хэмжээг 181,806 төгрөгөөр тогтоож, 2 дугаар улиралд 90,903 төгрөг, 3 дугаар улиралд 90,903 төгрөгийг төлөх, төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлж байхаар уг гэрээнд тусгасан. Нэхэмжлэгч “А” ХХК нь 2012 онд гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн гүйцэт төлөх үүргээ зөрчиж 4 дүгээр улиралд буюу 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 181,800 /6 төгрөг дутуу төлсөн/ төгрөгийг төлсөн, мөн гэрээнд заасны дагуу 2013 оны 2 дугаар улирлын эхний сарын буюу 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 90,903 төгрөгийн газрын төлбөрийг төлөх ёстой байсан боловч уг төлбөрийг төлөөгүй байдаг. Энэ мэтчилэн “А” ХХК хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, эзэмших эрхтэй газар дээрээ үйл ажиллагаа огт явуулаагүй, үйл ажиллагаа явуулахгүй буюу газраа өнжөөж байгаа шалтгаан, үндэслэлээ Тариалангийн тухай хууль /2004 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх” гэсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

10. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 865 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүйн улмаас нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр огт дүгнэлт хийгээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хэрвээ нэхэмжлэгч нь шүүхэд А/109 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар хууль тогтоогч хуулиар тогтоож өгсөн. Харин нэхэмжлэгч А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шүүх зайлшгүй хянах учиртай. Гэтэл анхан шатны шүүх тус асуудал дээр ямар ч дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий захиргааны акт болох А/109 дүгээр захирамж болон холбогдох зарим захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандан зарга мэдүүлсэн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны асуудлыг хөндөөгүй хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч “А” ХХК маргаан бүхий захиргааны акт болох 2013 оны А/109 дүгээр захирамжийг хожим мэдсэн гэх боловч 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус захирамжтай холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу Булган аймгийн Засаг даргад албан тоотоор хандаж гомдол гаргасан, тус гомдлын хариуг Булган аймгийн Засаг даргын зүгээс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрх хэмжээнийхээ хүрээнд өгсөн байдаг бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгч “А” ХХК-ийн шүүхэд хандаж зарга мэдүүлэх, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй байна. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд тус хугацаанаас 1 жил 8 сарын дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байгаа юм. Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь ойлгомжтой нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээхтэй холбоотой асуудлыг эхлээд шийдвэрлэх учиртай бөгөөд тус асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас мөн хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзвэл эхлээд тус хугацааг сэргээгээд дараа нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх хууль зүйн урьдчилсан нөхцөл бүрдэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа болон түүнтэй холбоотой хугацаа сэргээх асуудлыг огт шийдвэрлэлгүйгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

13. Мөн нэхэмжлэгч “А” ХХК-ийг А/109 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гарасан гэж үзвэл анхан шатны шүүх шийдвэрээрээ А/109 дүгээр захирамж болон холбогдох бусад захиргааны актыг хүчингүй болгох биш илт хууль бус болохыг тогтоох шийдвэр гаргах боломжтой бөгөөд энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүлийн 14.7-д заасан хугацаа хамаарч болох боловч тус акт нь шүүхийн хяналтанд зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан үндэслэлийн аль нэг шинжийг агуулсан байхыг шаарддаг боловч анхан шатны шүүх шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн, шийдвэртээ энэ талаар дурдаагүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай шаардлага хэмээн ойлгон шийдвэрлэсэн нь тодорхой байна. Энэ тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар дүгнэлт хийгээгүйн дээр нэгэнт өнгөрсөн хугацааг сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэлгүй шийдсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй юм.

14. Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “Т” ХХК-ийн хувьд тус сумын нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагааг тогтвортой явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн маргаан үүсгээд буй 223 га газартай холбоотойгоор ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж санхүүгийн эрсдлийг хүлээгээд байгаа юм. Гэтэл Дархан-Уул аймгийн анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй хэмээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан гуравдагч этгээд нарын эрх ашгийг харгалзан үзээгүйд гомдолтой байна. “Т” ХХК 2008-2016 оныг хүртэл тус газар эзэмшсний төлбөрт 1,820,960 төгрөгийн газрын төлбөрийг төлөөд байгаагийн дээр газар тариалан явуулахаар 225 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг түрээсийн болон худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

15. Иймд гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 865 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байтал нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь, давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөлгүйгээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу байна.

17. Нэхэмжлэгч “А” ХХК нь маргаан бүхий акт болох Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийн талаар урьдчилан шийдвэрлэх журмаар дээд шатны захиргааны байгууллагад 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасны дагуу аймгийн Засаг даргаас 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1422 дугаар албан бичгээр Бугат сумын Засаг даргад 2013 оны А/109 дүгээр захирамжаа хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлэхийг үүрэг болгожээ.

18. Гэвч хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга нь хуульд заасан хугацаанд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Тодруулбал, хариуцагч сумын Засаг дарга аймгийн Засаг даргын шийдвэрийг /2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1422 дугаар албан бичиг/ биелүүлээгүйгээс хойших 30 хоногт буюу цаад тал нь 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байтал эрхээ хэрэгжүүлэлгүйгээр дээд шатны захиргааны байгууллагын шийдвэр гарснаас хойш 1 жил 8 сарын дараа, маргаан бүхий акт гарснаас хойш 3 жилийн дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хандаж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байна.

19. Нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсанаар маргаан бүхий акт буюу сумын Засаг даргын 2013 оны А/109 дүгээр захирамж хүчин төгөлдөр болж /эрх зүйн алдаатай ч гэсэн/ нэхэмжлэгч нь газар эзэмших эрхгүй болсон тул түүнээс хойш гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрүүд, тухайлбал, “Т” ХХК-д эрх олгосон 2015 оны А/144 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд гуравдагч этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдсан байна.

20. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар огт дүгнээгүй, харин давж заалдах шатны шүүх “аймгийн Засаг даргын дээрх мэдэгдлийг биелүүлэхгүй байгаа талаар дахин хандахад аймгийн Засаг даргаас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу, мөн сумын Засаг даргаас шийдвэрлэх боломжгүй, хууль тогтоомжийн дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг мөн өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй” гэж буруу дүгнэсэн байна. Учир нь, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дахин хийх тухай хуулийн зохицуулалт байхгүйгээс гадна хугацаа алдсан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэснээр хүчин төгөлдөр болсон захирамжаар эрх нь үүссэн гуравдагч этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим зөрчигдөхөд хүрчээ.

21. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

22. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь маргаан бүхий актын нэг болох 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр “С” ХХК-д 80 га газар эзэмших эрх олгосон захирамжаа 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/43 дугаар захирамжаар өөрөө хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болголгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

23. Түүнчлэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж гарснаас хойш Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр захирамжаар /Хэргийн 1 дүгээр хавтас, 29-30 дахь тал/ “А” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 184114396066445 дугаартай 148,8 га талбайн баруун талд буюу Бугат сум талд байгаа 262439 кодтой, кадастрын зураг гараагүй байгаа 100 га /93 га/ тариалангийн талбайд мэргэжлийн байгууллагаар сумын газрын даамал хариуцан зургийг нь гаргаж өгөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна.

24. Гэвч хэргийн үйл баримтаас үзвэл, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 39 дүгээр захирамжид заасан байрлал бүхий газарт /Хэргийн 1 дүгээр хавтас, 15 дахь талын зургийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраар нэгж талбарын дугаар 18412439918102, талбайн хэмжээ 102,76 га гэсэн хэсэг/ кадастрын зураг гараагүй, харин өөр газар буюу 2015 оны А/139 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй болсон гуравдагч этгээд Г.Б, Д.О, С.Л нарын эзэмшлийн нийт 100 га газарт гарсан байх тул /Хэргийн 1 дүгээр хавтас, 200 дахь тал, шинжээчийн дүгнэлтийн 2.3, Зураг-3 буюу 204 дэх талд/ энэхүү шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч нь гуравдагч этгээд нарын газрыг эзэмших эрхтэй гэж үзэхээргүй байна.

25. Харин дээрх шүүгчийн захирамжийн дагуу “баталгаажих” ёстой байсан газарт /“А” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 184114396066445 дугаартай 148,8 га талбайн баруун талд буюу Бугат сум талд байгаа 262439 кодтой, кадастрын зураг гараагүй байгаа 100 га /93 га/ тариалангийн талбайд/ өнөөдрийн байдлаар бусад этгээдэд газар эзэмших эрх олгосон эсэх нь тодорхойгүй, /нэхэмжлэгч энэ талаар маргаагүй тул хэрэгт холбогдох баримт байхгүй/, хэрэв уг газар нь сул чөлөөтэй бол нэхэмжлэгчийн зүгээс эрхээ баталгаажуулах боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

26. Мөн нэхэмжлэгч нь Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны А/48 дугаар захирамжаар иргэн Ж.Г, Д.Б, М.Г, Б.С, Ц.Н нарт газар эзэмших эрх олгосон захирамжийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлж энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

27. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн;”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.1.2-т “холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол” гэсний дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

28. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0865 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжийн Г.Б, Д.О, С.Л нарт холбогдох хэсэг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/168 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагч “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж, “2”, “3” дахь заалтын дугаарыг “3”, “4” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээд “Т” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ