| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 311/2026/0001/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/001 |
| Огноо | 2025-12-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2026/ШЦТ/001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ..........,
Улсын яллагч ..............,
Шүүгдэгч ......... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны 08 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ........... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг, .............. багт тоотод оршин суух хаягтай, урьд
-.......... анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 61 дугаар зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаатай хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн.
....................
Шүүгдэгч ............ нь 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн ............. сумын ............ багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............. маргалдаж улмаар түүний нүүр болон толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон үйлдлийн улмаас түүний биед хамар, дээд уруулд шарх, зүүн нүдэнд цус хуралт зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч .............. шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.
Хохирогч ............. нь “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ............. нь 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн ....... сумын .......... багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......... маргалдаж улмаар түүний нүүр болон толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон үйлдлийн улмаас түүний биед хамар, дээд уруулд шарх, зүүн нүдэнд цус хуралт зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал:
Биедээ гэмтэл авсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч ............ “...Би 2025 оны 12 дугаар сарын 04-ний шөнө гэртээ байж байхад .............. гэх залуу эхнэр хүүхдийн хамт жаахан архи уучихсан ирсэн. Тэгээд нэг шил архи гаргаж ирээд намайг уу гээд тухайн архийг нь бид хоёр хувааж уусан. Тэгээд ............ сумын төв орж ............ гэх айлын дэлгүүрээс дахин нэг шил архи авч тухайн архийг ............. гэх айлд очиж уусан. Тэгээд би ........... явах уу гэж хэлсэн чинь явахгүй болохоор нь эхнэрийн хамт .......... гэрээс гараад явж байсан чинь ............ машинтайгаа эхнэр бид хоёрын араас ирээд та хоёрыг дайрч ална гээд хөөж байснаа миний араас ирээд цохиод авсан. Тэгээд би газарт ухаан алдчихсан байсан сэрээд харсан чинь миний хамрын үзүүр хэсэг байхгүй болчихсон, их хэмжээний цус гарчихсан байсан болохоор ............ гэдэг залуу эхнэр бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. .............. нь миний нүүр, толгой хэсэгт гараараа 2 удаа цохисон, миний хамрыг ямар багажаар цохисон талаар мэдэхгүй...”...” гэсэн мэдүүлэг,
Энэ талаар мэдүүлсэн Гэрч ........ “...2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би нөхөр .......... хамт ............. багт байдаг Үхэр чулуут гэх нэртэй өвөлжөөндөө байж байж байсан чинь оройны 22 цагийн орчимд манай нөхрийн төрөл гээд ........ гэх залуу эхнэртэйгээ согтууруулах ундаа хэрэглэчихсэн нэлээд согтуу манайд хүрч ирээд манай нөхөртэй хамт 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи хувааж уучхаад бид дөрөв 23 цаг өнгөрч байхад ........... сумын төв ороод нөхөр бид хоёр ............ нэг шил 0.75 литрийн хэмжээтэй архи авч өгөөд тэр архиа сумын төв дээр байдаг ......... орж ууж дуусгаад нөхөр бид хоёр гэртээ харъя гэж хэлсэн чинь ............ хөдөө явахгүй архи уумаар байна гэж хэлэхээр нь манай нөхөр ............ бид хоёр тэндээс гараад гудам өгсөөд алхаад явж байсан чинь .......... машинтайгаа араас гүйцэж ирээд та хоёрыг дайрч ална гээд машинаараа араас хөөгөөд байхаар нь бид хоёр зугтаасан чинь машинаасаа бууж ирээд манай нөхрийн нүүр хэсэг рүү нь гараараа хоёр гурван удаа цохиж аваад нүүр лүү нь хэд хэдэн удаа өвдөглөөд авсан чинь манай нөхөр .......... газарт унахаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь .......... миний нүүр лүү гараа атгаж байгаад бас хоёр удаа цохиод авсан. Тэгээд нөхрийн хамар хэсгээс цус гоожоод тогтохгүй болохоор нь бид нар буцаад ........... очоод цусыг нь угаасан чинь хамар нь хавдчихсан, нүд хөхрөөд тагларчихсан харагдаж байсан. Тэгээд ............ нөхөр бид хоёрыг гэрт хүргэж өгчхөөд явсан. Тэгээд маргааш өглөө нь сэрээд нөхрөө харсан чинь манай нөхрийн хамрын үзүүр хэсэг нь байхгүй болчихсон шархалчихсан байсан болохоор эмнэлгийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авч цагдаагийн байгууллагад хандсан. ...Тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн асуудал огт байхгүй. Бид хоёр харилаа гээд түрүүлээд гараад явсан чинь араас хүрч ирээд шууд цохиж зодоод эхэлсэн. Тухайн үед ............... эхнэр .......... хамт цагаан өнгийн пробокс маркийн машинаар хүрч ирсэн. ............ манай нөхөр цохиж зодсон асуудал бол огт гаргаагүй зүгээр байж байгаад л зодуулчихсан. ...Тухайн үед шөнийн 02 цаг өнгөрч байсан гадаа гудамд гэрэлгүй байсан болохоор үзэгдэх орчин муу байсан. ................ манай нөхрийн хамар луу гараараа л цохиод байгаа юм шиг харагдсан. Гарт нь зэвсэг болчихоор юм харагдаагүй. Бид дөрвийг буцаад тэдний гэрт ороход ............. эхнэр ................ хамт байсан. ...Манай нөхөр .............. хамрын үзүүр хэсэг нь зүсээд авчихсан юм шиг алга болчихсон, зүүн талын нүд нь хөхрөөд хавдчихсан, дотор талд нь цус хурчихсан байсан. Одоо манай нөхрийн толгой нь байнга өвдөөд, орой болохоор халуураад байгаа...” гэсэн мэдүүлгүүдээр,
Шүүгдэгч ............ үйлдлийн улмаас хохирогч ................. биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн .............. дугаартай “...1. Хохирогч ........... биед хамар, дээд уруулд шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд учирсан байна. 2. Хохирогч .......... биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан 2025 оны 12 дугаар сарын 04-өөс 05-ний шилжих шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч ............. нь хохирогч ............. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.
Шүүгдэгч ........... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч .............. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч ............ нь гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч .......... хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хохирогч ............. шүүхэд ирүүлсэн “...2026.02.01-н хүртэлх хугацаанд ................ нь Улаанбаатар хотод 100 хувь эмчиллүүлж өгөх учир хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч ............ холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч ............ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч .......... нь прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.
Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......... 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ............... оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч .................авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ......... нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......... 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ................ өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч ............ нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭНХЖАРГАЛ