Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2023/00532

 

 

 

 2023           06            07     

                        130/ШШ2023/00532

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгчид А.Ж, К.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт С.Б

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Ш овогт Б.Е

Нэхэмжлэлийн шаардлага: Хүү А.Е-ны эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч С.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б,

Иргэдийн төлөөлөгч М.А,

Орчуулагч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “намайг оролцуулахгүйгээр өмгөөлөгч Х.Б оролцуулж шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-г эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Е холбогдуулан хүү А.Е Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний хүү З.М Б аймгийн Цагдаагийн газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулж шалгаж, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг үндэслэн хэрэгсэхгүй болгосон насанд хүрээгүй яллагдагч А.Е холбогдох 2213003340005 дугаартай Эрүүгийн хэрэгт хохирогч болж шалгагдсан хүү З.М эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалж энэ иргэний хэрэгт асран хамгаалагчийн хувьд З.М эмчилгээ, асаргааны яцад учирсан хохиролд 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Миний хүү З.М нь Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 6 дугаар сургуульд 2 дугаар ангид сурдаг бөгөөд тус сургуульд 4 дүгээр ангид сурдаг А.Е гэдэг хүүхэд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сургууль дотор хичээлийн завсарлагаагаар миний хүү З.М төмсөг тус газарт өшиглөж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан байсан. Энэ хэргийг тус аймгийн Цагдаагийн газраас шалгаж, тогтоосон бөгөөд А.Е насанд хүрээгүй гэж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Иймд хүү А.Е эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Е хариу тайлбартаа:

2.1. Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 221300334 тоот тогтоолоор хүү А.Е-ээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Би хүү А.Е-ээс энэ талаар асууж тодруулахад огт өшиглөөгүй гэж мэдүүлж байгаа. Миний хүүхэд маш томоотой, илүү дутуу хөдөлгөөнгүй хүүхэд. Хүүхэд маань хөдөлгөөнтэй хүүхэд байсан бол хамаа алга. Миний хүүхэд ямар хүүхэд болохыг ангийн багш М.Март гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн байдаг.

2.2.  Хэргийн  материалтай танилцахад миний хүү А.Е тухайн хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэг өгөхдөө “... найз А-тай найзалдаг манай сургуульд хоёрдугаар ангид сурдаг хүүхэд намайг сургууль руу ороод шатаар гарч байхад нэг удаа давсаг орчмоор өшиглөөд явчихсан...гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Гэтэл энэ хүрээнд шалгалт хийж А-гийн эцэг Т.Ж-ээг гэрчээр байцаахад 2022 оны 9 дүгээр сард 2 хүүхдийг сургуульд хүргэж өгсөн, нэг нь 6 дугаар сургуульд, нөгөө нь 3 дугаар сургуульд сурдаг гэж мэдүүлсэн.Мөн Т.Ж-гийн гэр нь Ө сумын 5 дугаар багт байдаг ба хүргэж өгсөн хүүхэд нь Ж.М гэдэг хүүхэд байсан нь тогтоогдсон. Манай гэр Ө сумын 11 дүгээр багийн 1-40 айлын орон сууцны 14 тоотод байдаг. Манай хүүхэд 5 дугаар багийн нутаг дэвсгэрт огт явдаггүй, А гэдэг хүүхдийг огт танихгүй. Тийм байхад миний хүүхдийг А-тай найзалдаг хүүхэд мөн гэж буруутгасан нь үндэслэлгүй.

2.3. Мөрдөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан байх ба тухайн үед хохирогч З.М нь миний хүүхдийг зааж өгсөн байдаг. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...анх манай хүү Нэгдсэн эмнэлэгт хэвтээд гарсны дараагаар би хүүгээ сургуульд нь дагуулж очоод биеийн тамирын зааланд 2А, 2Б бүлгийн бүх эрэгтэй сурагчдыг зогсоогоод хүүгээсээ асуухад тэр Е гэх нэртэй, манай хүүгээс арай өндөр нуруутай 2А бүлгийн хүүхдийг заж өгсөн гэж...” гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь Цагдаагийн мөрдөгчөөс таньж олуулах ажиллагаа явуулахаас өмнө хохирогч талын хүмүүс сургуульд очиж манай хүүхдийг харж явсан болохыг харуулж байна

2.4. Насанд хүрээгүй гэрч С.Н 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...үдээс хойш 14 цагийн үед миний бие сургуулийн 3 дугаар давхраас 2 дугаар давхар луу бууж байтал манай хамаатан дүү болох М шатны дунд хэсэгт зогсож байсан ба хажууд нь өөрөөс нь жаахан өндөрдүү бас нэг хүүхэд байсан. ...Тухайн манай дүүг басамжилсан гэх хүүхэд цэнхэр форм өмсөж явсан, шар царайтай, М үл ялих өндөр нуруутай хүүхэд байсан..." гэж мэдүүлсэн байдаг. С.Н дээрх мэдүүлэг эргэлзээтэй байгаа ба мөрдөгч түүнээс мэдүүлэг авахдаа хохирогч гэх Мустафагийн эцэг Х.З хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан байна.Энэ нь Х.З гэрчид нөлөөлж мэдүүлгийг зааж өгсөн байх талтай гэж үзэхээр байгаа юм. Нөгөө талаар миний хүү шар царайтай биш, бор царайтай хүүхэд байгаа.

2.5. Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд миний хүү А.Е З.М өшиглөж зодсон, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэдэг нь нотлогдохгүй байгаа учир би хохирлыг төлж барагдуулах ёсгүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтуудаар тухайн хэрэг нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сургуулийн 3 давхраас 2 давхар руу буух шатны дунд хэсэгт хичээлийн завсарлагаагаар 14 цагийн үед болсон нь тогтоогдож байна.Энэ нь тухайн хэрэг гарах үед миний хүүхэд сургууль дотор, сургуулийн шууд хяналтын дор байсан гэж үзэх үндэстэй. Тухайн үед сургуулийн зүгээс хяналт тавиагүй нь энэ хэрэг гарах бол үндэслэл болсон гэж үзэж байна.

2.6 Нэхэмжлэгч С.Б нь эмчилгээний зардалд 2,500,000 сая төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь түүний хүү З.М биедээ гэмтэл авч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаа хийлгэж бүрэн эдгэрч гарсны дараа түүний эцэг эх нь өөрсдийн санаачилгаар Улаанбаатар хот руу авч явж шинжилгээ хийлгэсэн байдаг. Шинжилгээ хийлгэсэн эмнэлэг нь бүрэн эдгэрсэн гэдгийг нотолж тухайн гэмтэл авсан хэсэгт түрхэх тос бичиж өгснөөс өөр ямар нэгэн эмчилгээ бичиж өгөөгүй. Хэрэв тухайн хүүхдийн авсан гэмтэл нь аймагт эмчлэх боломжгүй, заавал Улаанбаатар хотод очиж эмчилгээ, шинжилгээ, хагалгаа хийлгэх талаар эмнэлгийн байгууллагын дүгнэлт, шийдвэр гарч явсан бол тухайн зардлыг бид төлөхөөс биш өөрсдөө сайн дураараа явсан зардлыг бид хариуцаж төлөх ёсгүй. Мөн 2,500,000 сая төгрөгийн зардал нь чухам юунд зарцуулсан зардал болох нь тодорхой бус байгаа учир бид төлж барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд С.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.А: зөвхөн замын зардал, хот дотор явсан таксины зардал болон эмнэлгийн зардал, эмийн мөнгө гаргуулах  нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4. Нэхэмжлэгчээс Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШЗ2023/00996 дугаартай шүүгчийн захирамж, Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоол, С.Б төрсний бүртгэлийн лавлагаа, Х.З, С.Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, З.Мийн төрсний бүртгэлийн лавлагаа, С.А байгуулсан өмгөөллийн гэрээ, Эрүүгийн 2213003340005 дугаартай хэргийн хохирлын тооцоо, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас А.А олгосон итгэмжлэл, А.Е төрсний гэрчилгээ, өмгөөлөгч Х.Бакентай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч С.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

7.1. Миний хүү З.М нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд 2 дугаар ангид сурдаг бөгөөд тус сургуульд 4 дүгээр ангид сурдаг А.Е гэдэг хүүхэд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сургууль дотор хичээлийн завсарлагаагаар миний хүү З.М-ийн төмсөг тус газарт өшиглөж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан байсан. Энэ хэргийг тус аймгийн Цагдаагийн газраас шалгаж, тогтоосон бөгөөд А.Е насанд хүрээгүй гэж Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Иймд хүү А.Е эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Б.Е нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

8.1. Нэхэмжлэгч С.Б нь эмчилгээний зардалд 2,500,000 сая төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь түүний хүү З.М биедээ гэмтэл авч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаа хийлгэж бүрэн эдгэрч гарсны дараа түүний эцэг эх нь өөрсдийн санаачилгаар Улаанбаатар хот руу авч явж шинжилгээ хийлгэсэн байдаг. Шинжилгээ хийлгэсэн эмнэлэг нь бүрэн эдгэрсэн гэдгийг нотолж тухайн гэмтэл авсан хэсэгт түрхэх тос бичиж өгснөөс өөр ямар нэгэн эмчилгээ бичиж өгөөгүй. Хэрэв тухайн хүүхдийн авсан гэмтэл нь аймагт эмчлэх боломжгүй, заавал Улаанбаатар хотод очиж эмчилгээ, шинжилгээ, хагалгаа хийлгэх талаар эмнэлгийн байгууллагын дүгнэлт, шийдвэр гарч явсан бол тухайн зардлыг бид төлөхөөс биш өөрсдөө сайн дураараа явсан зардлыг бид хариуцаж төлөх ёсгүй. Мөн 2,500,000 сая төгрөгийн зардал нь чухам юунд зарцуулсан зардал болох нь тодорхой бус байгаа учир бид төлж барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд С.Балгынгүлийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

9. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т  иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хэлцэл хийнэ гэжээ.

9.1. Насанд хүрээгүй хүүхдүүд З.М, А.Е нар нь нэхэмжлэгч С.Б болон хариуцагч Б.Е нарын насанд хүрээгүй хүүхдүүд болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тэд нарын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.  

 

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1. Хариуцагч Б.Е Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

 

11. Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд ... насанд хүрээгүй яллагдагч А.Е нь Б аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах ерөнхий боловсролын 6 дугаар сургууль дотор 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч З.М төмсөг тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Дээрх тогтоогдсон үйл баримт, эрх зүйн дүгнэлтээс насанд хүрээгүй яллагдагч А.Е Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн  гэж үзэх үндэслэлтэй байна. Тогтоолын тогтоох хэсгийн 1 заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан насанд хүрээгүй яллагдагч А.Е холбогдох 2213003340005 дугаартай эрүүгийн хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

11.1. Мөн дээрх тогтоолд ... харин насанд хүрээгүй хохирогч З.М-ийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь энэ хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдъя ... гэснээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Балгынгүл нь насанд хүрээгүй А.Е хууль ёсны төлөөлөгч Б.Е хүү З.М эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилсэн байна. 

 

12. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Б.Е насанд хүрээгүй хүү А.Е гаргасан зөрчлийн улмаас насанд хүрээгүй З.М эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул хариуцагч Б.Е гэм хор учруулсны хохирлыг төлөх үүрэгтэй байна.

12.1. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-т ... эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилган гэж заасан байна.

 

13. Хариуцагч Б.Е нь .... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хохирол төлөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч үгүйсгэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй учир шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбар, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бодит хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

13.1. Мөн хариуцагч Б.Е нь шүүхэд гаргасан тайлбартаа ...түүний хүү З.М биедээ гэмтэл авч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаа хийлгэж бүрэн эдгэрч гарсны дараа түүний эцэг эх нь өөрсдийн санаачилгаар Улаанбаатар хот руу авч явж шинжилгээ хийлгэсэн байна гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч С.Б нь хүүхдээ Улаанбаатар хотруу очиж эмнэлэгт үзүүлж ирснийг буруутгах боломжгүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг “гэж, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 18 дугаар зүйлийн 1-д “хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг, эх хариуцлага хүлээх, ... хүүхдийн дээд ашиг сонирхол нь тэдний анхаарал чиглэх гол зүйл мөн” гэж,  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхэд хүмүүжүүлэх эрх үүрэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 зүйлд заасан эцэг эхийн хүлээх үүргийн талаар, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж, Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулан гэж тус тус заасан байна.

 

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ... эрүүл мэнд ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааж зохицуулсан ба дээрх хуулийн заалтаар нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Е  хүүхдийнхээ эрүүл мэндэд учирсан гэм хор хохирлыг шаардах эрхтэй байна.

 

15. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Б-гийн  нэхэмжлэлийн шаардлагаас Б аймгаас Улаанбаатар хот руу очсон болон буцах замын зардал 651,600  төгрөг / 2 том хүн 130,000 төгрөг, нэг хүүхэд 65800 төгрөг/, эмийн үнэ 119,500 төгрөг нийт 770,650 төгрөгийг хариуцагч Б.Е гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,729,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

15.1. Нэхэмжлэгч С.Б-гийн хоолны хүнсэнд зарцуулсан мөнгө 732,288 төгрөг,   байрны түрээсийн мөнгө 350,000 төгрөг, шатахууны зардал 40,000 төгрөг, таксины үнэ 56,000 төгрөг, эмийн үнэ 80, 950 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахыг  хүссэнийг гаргуулах боломжгүй бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хохирлын тооцооны жагсаалт болон баримтаар дээрх зүйлүүд нотлогдохгүй байна.

Учир нь, хоол хүнс бол хүний физиологийн шаардлага буюу өдөр тутмын хэрэгцээ учир хоол хүнсэнд зарцуулсан гэх 732,288 мөнгийг хохирол гэж үзэх үндэслэлгүй болно. Түрээсийн төлбөр 350,000 төгрөгийн талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй, ямар үндэслэлээр хэнээс хэдэн төгрөгөөр байр түрээслэн авсан эсэх тодорхойгүй, байр түрээсэлж авсан талаар ямар нэгэн гэрээ байхгүй байна.

15.2. Шатахууны зардал 40,000 төгрөг гэх боловч уг шатахууныг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Р ХХК гэх баримт байх ба тухайн өдөр нэхэмжлэгч С.Б, түүний хүү З.М, С.А нар нь Б аймгаас Улаанбаатар хот руу явсан өдөртэй тохирч байх тул хохиролд тооцох боломжгүй, мөн таксины үнэ 56,000 төгрөг, 80,950 төгрөгт эм авсан зэрэг нь тодорхойгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад хүү З.М-ийн эмчилгээнд зориулж эм авсан нь эргэлзээтэй, ямар үндэслэлээр таксигаар явсан эсэх нь тодорхойгүй байх тул түүнийг гаргуулах боломжгүй болно. 

 

16. Иргэдийн төлөөлөгчийн “зөвхөн замын зардал, хот дотор явсан таксины зардал болон эмнэлгийн зардал, эмийн мөнгө гаргуулах  нь зүйтэй” гэж дүгнэлт гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зохицуулсан тул хариуцагч Б.Е 23,046 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Ш овогт Б.Е-гээс 770,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж овогт С.Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,729,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62,950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-д буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Е-гээс улсын тэмдэгтийн хураамжид 23,046 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Х.М

                                     ШҮҮГЧИД                                   А.Ж

                                                                                         К.Б