| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0417/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/433 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/433
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ын Гд холбогдох эрүүгийн 2538000000590 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Д-ын Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн *** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Ш-ын эрүүл мэндэд зүүн гарын 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүрийн хугарал, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл (хх-ийн 51-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 489 дугаартай: “...1. П.Ш-ын биед зүүн гарын 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүрийн хугарал, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд
учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 26-27-р хуудас),
Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...нэг удаа алгадсан бөгөөд эргүүлээд намайг цохисон. Тэгэхээр нь би гарнаас нь барьж автал хуруу баригдтал Ш гараа хөшөөд татаад хуруу нь шарт гээд дуугараад хажуу тийшээгээ эргэх шиг болсон байсан. Тэгээд эмнэлэг дээр очиход хуруу нь хугарсан байсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг
Хохирогч П.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би хөдөө гэр рүүгээ гарах гэж байсан Б гээд манай *** багийн хүн залгаад ах нь цуг гарна аваад яваарай гэсэн. Тэгээд Б ахыг аваад замдаа А дэлгүүр ороод байж байхад Б ах, ах нь 1 юмаа мартчихсан байна гэсэн. Тэгээд эргээд нөгөө орхисон юмыг нь авах гээд Х ахын гэрийн гадаа очоод Б ах Х ахын гэр рүү орсон. Дараа нь зөрөөд Х ахын гэрээс Г зөрөөд гараад ирсэн. Тэгээд гарч ирээд шууд миний машины хаалгыг онгойлгоод миний толгой тархи, нүүр ам руу шууд алгадаад зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би яасан юм гэж асуухад чи өнөө өглөө манай нөхөр Дтой утсаар яриа биз дээ гэсэн. Тэгэхээр нь би хэзээ ярьсан юм би яриагүй гэж хэлсэн. Тэгээд л над руу дайраад л алгадаад цохиод байсан би гараараа хамгаалаад л байсан. Тэгэх үед миний зүүн гарын ядам хуруунаас бариад авсан байсан. Тэгэх үед миний зүүн гарын ядам хуруунаас бариад авсан байсан. Тэгээд л нэг харсан чинь миний ядам хуруу эргэчихсэн байсан...Надад одоо гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8,10, 12-р хуудас),
Гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Х ахын хашаанд машинаа янзлаад байж байсан. Тэгэхэд Ш нь манай ах Б ахтай хүрээд ирсэн. Тэгсэн манай эхнэр Г нь Штай уулзана чам руу янз янзын мессеж бичсэн байгаа гээд гараад явсан. Тэр хоёр хашааны гадаа хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд Г намайг дуудсан. Тэгэхээр нь би хашаанаас гараад очиход манай эхнэр Г нь Шын 1 гарыг нь барчихсан зогсож байсан. Тэгээд би яав ийв гэхэд Г нь энэ Ш намайг цохихоор гарыг нь бариад авсан чинь гараа угз татаад авчихсан. Тэгсэн гар нь тог гээд дуугарсан, гар нь хугарсан уу, мултарсан уу гэсэн зогсож байсан. Тэгэхээр нь би наадах чинь ямар хамаатай юм өөрсдөө учраа ол гээд буцаад хашаа руугаа орсон. Ийм л зүйл болсон. Дараа нь эмнэлэг орж гарыг нь боолгосон...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас),
Гэрч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Ш гэх эмэгтэй над дээр ирж боолт хийлгэсэн. Уг эмэгтэй зүүн гарын ядам хуруу өвдөнө гэсэн зовиуртай ирсэн. Тэгээд рентген зураг авч үзэхэд зүүн гарын ядам хурууны гуравдугаар үеийн савх ясны зөрүүтэй хугарал байсан тул чиг тавьж боон 1 дэх өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгч буцаасан. Б.Ш нь анх ирэхдээ хамт явсан эгч нь гэх хүн надад хэлэхдээ би татаад гар нь эвгүй болоод ирлээ гэсэн. Б.Ш өөрөө хэлэхдээ эгч татаад гар өвдсөн гэж хэлсэн. Дараа нь Б.Шын ээж нь гэх хүн ирж цагдаад гомдол гаргаж байгаа тул эмчийн үзлэгийн бичиг авъя гэсэн. Би эмчийн үзлэгийн бичиг хийж өгсөн. Тэгэх үед Б.Шын ээж нь хэлэхдээ Б.Шын гарыг нь хугалснаас гадна үсийг нь зулгаасан юм шиг байна лээ толгой нь өвдөөд байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч Г.Ч-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ээжийг Г эгч зодсон. Ээжийг цохисон. Тэгээд ээжийн гар нь гэмтсэн дараа нь эмнэлэг орж үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас), Хаан банкны 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд 1,719,936 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн мэдэлэл (хх-ийн 52-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Д.Г нь хохирогч П.Шын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч П.Ш-ын: “...Надад одоо гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8,10, 12-р хуудас) хэрэгт авагдсан байна.
Хохирогч П.Ш нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,719,936 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,719,936 төгрөгийн хохирлыг төлсөн нь Хаан банкны 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 52-р хуудас)-аар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Г нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох тухай прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538000000590 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд
заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2538000000590 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР