Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2023/00533

 

 

 

 

    2023           06            07     

                           130/ШШ2023/00533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Б овогт Х.Х

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, О овогт Х.С

Нэхэмжлэлийн шаардлага: Х.С-д бэлэглэсэн Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт байршилтай 750 м.кв газар, 30 м.кв үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйлийг буцаах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Х, түүний өмгөөлөгч К.Е,

Хариуцагч Х.С, түүний өмгөөлөгч С.,

Орчуулагч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч Х.С-д холбогдуулан Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт байршилтай 750 м.кв газар, 30 м.кв үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйлийг буцаах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие одоо 82 настай өндөр насны тэтгэвэртэн юм. Миний бие анхны эхнэр Д нас барсны дараа амьдралын шаардлагаар Х.С-тэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны эхнэр нөхрийн хувьд хамт амьдарч ирсэн. Бид гэр бүл болсноос хойш эвтэй амьдарч ирсэн боловч адаг сүүлд миний нас ахиж ирэх үед эхнэр Х.С-ын ааш зан эвдэрч намайг юу ч чаддаггүй хөгшин гэж дээрэлхэж голж эхэлсэн. Эхнэр Х.С нь ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй, тэтгэвэр, тэтгэмж авдаггүй ямар ч орлогогүй нэгэн бөгөөд харин би улсад 41 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Би Ө сумын 9 дүгээр багт байрлалтай өөрийн өмчлөлийн газарт өөрийн хүч хөрөнгөөр 30 м.кв бүхий 3 өрөө өвлийн байшин барьж 2013 онд ашиглалтад оруулж байсан. Миний өмчлөлийн газар болон өвлийн сууц, эд хөрөнгөд Х.С нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаагүй бөгөөд энэхүү хөрөнгүүд зөвхөн миний өөрийн хүч хөрөнгөөр бий болсон юм. Х.С нь намайг хөгшин гэж голж надаас саллаа гэж хэд хэдэн удаа гэрээс яваад 5-6 сар өөр хүнтэй хамтран амьдарч байгаад буцаж ирдэг байсан. Ирээд надаас уучлалт гуйж үргэлжлүүлэн хамт амьдарч эхэлсэн юм. Энэхүү хугацаанд тэрээр би зээл авч наймаа хийе, нас ахисан чамд зээл өгөхгүй тиймээс газар болон байшингаа миний нэр дээр шилжүүлж өг гэж ятгаж ирснээр адаг сүүлд би газар болон байшингаа түүнд бэлэглэлийн журмаар шилжүүлэн өгсөн боловч тэрээр эд хөрөнгийг шилжүүлж авангуут шууд надаас салаад явсан. Буцаж ирдэг зорилго нь надаас миний хашаа, байшинг аваад явах байсныг бүх зүйл өнгөрсөн хойно ойлгосон. Миний хувьд түүнийг дахин явахгүй надаас салахгүй байх гэж түүний хэлсэн болгонд итгэн эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтад гарын үсэг зурж байна гэж бодож түүний бичүүлсэн өргөдөлд болгонд гарын үсэг зурж байсан боловч тэрээр намайг мэхлэн эд хөрөнгийн маргаангүй, бидний гэрлэлт цуцалж өгөхийг хүссэн өргөдөлд давхар гарын үсэг зуруулсан байна. Иймд бидний гэрлэлтийг захиргааны журмаар цуцалсан бөгөөд миний хашаа, байшин Х.С-д үлдсэн. Тэрээр одоо тэр өөр хүнтэй гэр бүл болж, хамт миний байшинд амар тайван жаргаж харин би гэрээс хөөгдөн очих газаргүй айл хэсэж хоноглож явна. Иймд Х.С-д бэлэглэсэн Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт байршилтай 750 м.кв газар, 30 м.кв үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйлийг буцааж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Х.С хариу тайлбартаа:

2.1. Миний бие Х.Х 2012 онд гэр бүл болсон. Бид хоёрын хооронд хүүхэд байхгүй. Бид хамт амьдарч байгаад 2013 онд байшин барьсан. Би гэрийн бүх ажлыг хариуцаж Х.Х-д хоол хийж өгч, хувцсыг нь угаадаг байсан. Бид хоёр өөрсдөө хоорондоо ярилцаж гэрлэлтээ захиргааны журмаар цуцалсан. Тэр үед Х.Х ч өөрөө эд хөрөнгийн маргаангүй гэж өргөдөлдөө бичсэн. Х.Х байшинг өөрөө надад өгсөн, би хүчээр аваагүй. Би Казахстан улс руу нүүнэ гэж хэлээгүй. Өөрөө хүүхдүүдтэйгээ хамт амьдарна гэж явсан. Би одоо өөр хүнтэй суусан, дахин Х.Х-тэй нийлэх боломжгүй. Байшинг өгч чадахгүй. Байшинг өгвөл би очих газаргүй болно гэжээ.

3. Нэхэмжлэгч гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, К.Е-тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, хөрш нарын гарын баримт 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас өмгөөлөгч С.А-тай байгуулсан өмгөөллийн гэрээг гаргаж өгсөн.

5. Нэхэмжлэгч болон хариуцагчийн талын хүсэлтээр АААААААААААА улсын дугаартай Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт байрлалтай 750 метр.кв газар, тус газарт байрлалтай Ү0213006126 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөд холбоотой бүх материалууд /хувийг хэрэг/-ыг материалууд, Х.С-н /РД:АААААААААА/ болон Х.Х-н /РД:АААААААААА/ хоёрын захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан үед бүрдүүлж өгсөн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

7. Нэхэмжлэгч Х.Х-н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

7.1. Миний бие одоо 82 настай өндөр насны тэтгэвэртэн юм. Би амьдралын шаардлагаар Х.С-тэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны эхнэр нөхрийн хувьд хамт амьдарч ирсэн. Бид гэр бүл болсноос хойш эвтэй амьдарч ирсэн боловч адаг сүүлд миний нас ахиж ирэх үед эхнэр Х.С ааш зан эвдэрч намайг юу ч чаддаггүй хөгшин гэж дээрэлхэж голж эхэлсэн. Би Ө сумын 9 дүгээр багт байрлалтай өөрийн өмчлөлийн газарт өөрийн хүч хөрөнгөөр 30 м.кв бүхий 3 өрөө өвлийн байшин барьж 2013 онд ашиглалтад оруулж байсан. Х.С би зээл авч наймаа хийе, нас ахисан чамд зээл өгөхгүй гэж ятгаж ирснээр би газар болон байшингаа түүнд бэлэглэлийн журмаар шилжүүлэн өгсөн боловч тэрээр эд хөрөнгийг шилжүүлж авангуут шууд надаас салаад явсан. Тэрээр одоо тэр өөр хүнтэй гэр бүл болж, хамт миний байшинд амар тайван жаргаж харин би гэрээс хөөгдөн очих газаргүй айл хэсэж хоноглож явна. Би Х.С энэхүү үйлдэлд нь маш ихээр гомдсон тул Х.С-д бэлэглэсэн Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт байршилтай 750 м.кв газар, 30 м.кв үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйлийг буцааж өгнө үү гэв.

8. Хариуцагч Х.С-н нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

8.1. Миний бие Х.Х-тай 2012 онд гэр бүл болсон. Х.Х-н бид хоёр хоорондоо хэрэлдээгүй. Бид хоёр 2011 оны гэр бүл болсон. Тухайн байшинг бариад 20 жил болсон. Х.Х-н байшинг өөрөө надад өгсөн, би хүчээр аваагүй. Би Казахстан улс руу нүүнэ гэж хэлээгүй. Өөрөө хүүхдүүдтэйгээ хамт амьдарна гэж явсан. Байшинг өгч чадахгүй. Байшинг өгвөл би очих газаргүй болно гэв.

 9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Х-д Б аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 444 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар 750 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

9.2. Улмаар нэхэмжлэгч Х.Х-н нь /нэг хүний өмч/ Б аймгийн Ө сумын 9-р баг, Хөх хад хаягт байршилтай ААААААААА нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 750 м.кв  газрын хууль ёсны өмчлөгч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-АААААААААА дугаарт бүртгэж, ААААААААА дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

9.3. Нэхэмжлэгч Х.Х-ын өвлийн байшин 2018 оны 07 дугаар сарын 14-17-ны өдрийн хооронд болсон аадар борооны үерийн усанд автагдсан талаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 04/65 дугаартай Б аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан байх ба нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын бүртгэлтийн хэлтэст үрэгдүүлсэн гэрчилгээг дахин авах талаар хүсэлт гаргаснаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэг иргэний өмч, ААААААААА дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

9.4. Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Х.Х-н, Х.С-н нар нь газар бэлэглэлийн гэрээ байгуулж, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаснаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Х.С /нэг иргэний өмч/ Б аймгийн Ө сумын 9-р баг, Хөх хад Андууд-19 гудамж, 1902 тоот, АААААААААА нэгж, талбарын дугаартай 750 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч, Г-ААААААААА дугаарт бүртгэж, АААААААА дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн гэрчилгээ олгосон байна.

9.5. 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэгч Х.Х нь “Хөрөнгө бүртгүүлэх тухай” өргөдөл гаргаж байсан байх ба дараа нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  АААААААА дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн гэрчилгээг Х.Х, Х.С  нарын /хоёр хүний өмч/ гэж албан ёсны бүртгэл хийгдэж байсан байна.

9.6. АААААААААААА дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч Х.Х-н, хариуцагч Х.С-н нар нь 2006 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болж байсан талаар бүртгэл хийгдсэн, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаснаар гэрлэлт дуусгавар болсон нь гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.

9.7. Хариуцагч Х.С-н нь Ө сумын улсын бүртгэгчид гаргасан өргөдөлдөө ... би Б овгийн Х.Х-тэй 2020 онд дахин гэр бүл болсон. Бидний 2 дахь гэрлэлт, гэрлэж хамтран амьдрах хугацаанд 0-18 насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй, зан харилцаа таарамжгүй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хоёулаа харилцан сайн дураараа захиргааны журмаар гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байгаа тул иргэний улсын бүртгэлийн гэрлэлт дуусгавар болсон бүртгэлд албан ёсоор бүртгэхийг хүсэж өргөдөл гаргаж байна гэж нэрээ бичсэн байна.  

10.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан газар бэлэглэлийн гэрээ болон 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өмчлөгч өөрт оногдох хэсгээс бэлэглэх гэрээг тус тус байгуулсан байна.

10.2. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээгээр бэлэглэгч Х.Х-н би, бэлэг хүлээн авагч Х.С-д өмчлөлд өөрийн өмчлөлийн Ө сум 9 баг Хөх хад 41 гудамж, 3а тоот хаягт байршилтай 30 м.кв хувийн сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- ААААААААА, АААААААА дугаар бүхий 5,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцын өмчлөгч өөрт  ногдох хэсгээс бэлэглэх, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2706 дугаартай газар бэлэглэх гэрээгээр бэлэглэгч Х.Х-н би бэлэг хүлээн авагч Х.С-ын өмчлөлд өөрийн өмчлөлийн Ө сум 9 баг хаягт орших ААААААААА газар өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Г-ААААААААА дугаар бүхий 750 м.кв газрыг 3,500,000 төгрөгийн үнэ бүхий газрыг тус тус хариу төлбөргүй бэлэглэж байна гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

10.3. Энэхүү дээрх  гэрээнүүдийг нотариатчаар гэрчлүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон байна.

10.4. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас бэлэг хүлээн авагч Х.С-д газар болон хувийн сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор бэлэг хүлээн авагчийн өмчлөх эрх үүснэ гэж харилцан тохиролцож, гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.

10.5. Бэлэглэлийн гэрээний гол зорилго нь 276 дугаар зүйлийн 276.1-д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан байна.

Мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэжээ.

10.6. Иймд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн,  мөн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

11. Нэхэмжлэгч Х.Х-н нь ... Олон жил ханилсан хань хуурч мэхлэн гэж бодоогүй, эсрэгээр миний байшинд нэг залуу оруулан авч хамтран амьдарч жаргаж, надад нэг төгрөг өгөлгүй гудамжинд гаргасанд туйлын гомдолтой байна. Иймд  амьдарч байсан үл хөдлөх хөрөнгө байшингаа газрын хамт бусдад алдах нөхцөл байдал үүсээд байгаа тул бэлэглэгч намайг ноцтой гомдоосон учир буцаан авмаар байна гэж тайлбарлаж байгаа тайлбар нь үндэслэлтэй байна.    

11.1. Бэлэг хүлээн авагч Х.С-н нь бэлэглэгч Х.Х-тэй харилцан тохиролцсон тохиролцоонд хүрэлгүй ноцтой гомдоосон үйлдэл хийсэн, бэлэглэлийн гэрээний зорилгыг биелүүлээгүй учир бэлгэлэгч гэрээнээс татгалзаж байх ба Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж зааснаар бэлэглэгч шаардах эрхтэй байна.

11.2. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан байх ба бэлэглэгч нар бэлэглэлийн гэрээнд болзол заагаагүй, бэлэг хүлээн авагч Х.С-н нь дээрх эд хөрөнгийг хууль ёсны дагуу өмчлөгч болсноос хойш 1 жил өнгөрөөгүй байна.

11.3. Иймд нэхэмжлэгч Х.Х-ын хариуцагч Х.С-д холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй.

12. Хариуцагч Х.С-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

13. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно гэж заасны дагуу бэлэглэлийн зүйл болох 750 м.кв газар болон 30 м.кв үл хөдөх хөрөнгийг бэлэглэгч Х.Х-д буцаан олгох нь зүйтэй байна.

14. Нэхэмжлэгч Х.Х-ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагч Х.С-ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х-д олгох нь зүйтэй байна. 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шүүх хуралдааны шатанд гаргасан хүсэлтийг хүлээн авч, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байна.

17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн хөрш нарын баримт гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэрийн үндэслэл болохгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Х-ны хариуцагч Х.С-д бэлэглэсэн Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт байршилтай 750 м.кв газар, 30 м.кв үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйлийг буцаан олгосугай.

2. Нэхэмжлэгч Х.Х-ын Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт байршилтай 750 м.кв газар, 30 м.кв үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Х.С-ын захиран зарцуулах эрхийг нь хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулахыг хүссэн хүсэлтийг хангасугай.

3. Хариуцагч Х.С-д Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт байршилтай 750 м.кв газар, 30 м.кв үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлсүгэй.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-ээс 70,200 төгрөг гаргуулан   нэхэмжлэгч Х.Х-д олгосугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К