Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2023/00571

 

 

 

 

   2023            06            21     

                         130/ШШ2023/00571

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х. даргалж, шүүгчид А, К н нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт Ш.А

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 21,020,900 /хорин нэгэн сая хорин мянга есөн зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б

Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д,

Иргэдийн төлөөлөгч Д.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.А нь Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 21,020,900 /хорин нэгэн сая хорин мянга есөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Ш.А нь Б аймгийн Ц сумын Засаг даргын тамгын  газрын ахлах нягтлан бодогчоор ажилладаг. Түүнийг албаны үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад Б аймгийн Прокурорын газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ААААААА дугаар тогтоолоор Ц сумын Засаг даргын орлогч С.Б, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е нартай бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М-ийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэл хөтлүүлж, 2018 оны 11, 12 дугаар сард нийт 2,329,600 төгрөгийн цалин хөлс олгосон, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийж, Засаг дарга Х.М-ийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17,098,368 төгрөгийн цалинг тус тус олгож , түүнд давуу байдал бий болгож, Ц сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн санд нийт 19,417,968 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар тухайн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган хэргийн материалыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Б аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн. Тус газраас хэргийг хянан үзээд яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

1.2. Тус хэргийг Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ш.А-д Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, 13 дахь заалтаар хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ш.А-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 2022/ДШМ/44 дугаартай магадлалаар прокурорын эсэргүүцлийн Ш.А-д холбогдох хэсгийг хангахгүй орхисон. Дараа нь тухайн хэрэгт бусад шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар тогтоолоор тухайн хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан. Ингэж дээрх хэрэг гурван шатны шүүхээр хянагдаж эцэслэн шийдвэрлэгдсэн.

1.3. Иргэн Ш.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 10 сар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны асар их хохирол амсаж, эд хөрөнгийн тодорхой хэмжээний хохирол хүлээсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж, мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 1-д “Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч Ш.А нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.4-д хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйлийн эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр зохицуулсан бөгөөд иргэн Ш А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн шийдвэрээр битүүмжилсэн АААА ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд Ашид билгүүн ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 180,000 төгрөг төлснийг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс хэргийн материал танилцуулахаар дуудсаны дагуу Х аймагт явж ирэхэд зарцуулсан бензиний үнэ 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ц сумаас шүүх хуралд дуудагдан ирэхэд зарцуулсан бензиний үнэ 54,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүх хурлаас Ц сум руу буцахад зарцуулсан бензиний үнэ 74,000 төгрөг, нийтдээ 508,000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна. Ш.А нь мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох зэргээр Ц сумаас олон дахин дуудагдаж ирсэн ба тэр болгоны зардлыг нэхээгүй, зөвхөн нотлох баримт нь бүрэн байгаа дээрх 508,000 төгрөгийг л нэхэмжилж байгаа болно. Мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг нөхөн төлүүлэхээр зохицуулсан бөгөөд Ш.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч Х.Б-тэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч Г.Г-тэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ тус тус байгуулж эрх ашгаа хамгаалуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу өмгөөлөгч Х.Б-д 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, өмгөөлөгч Г.Г-д 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, нийтдээ 8,500,000 төгрөгийг дансаар төлсөн. Өмгөөлөгч Г.Г нь Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд түүнтэй байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний 3.3-д “өмгөөлөгчийн орон нутаг буюу Улаанбаатар хотоос өөр газарт ажиллах зардлыг үйлчлүүлэгч хариуцна” гэж заасны дагуу түүний Улаанбаатар хотоос ирэх, буцах унааны зардал, байрлах зочид буудал, хоолны зардлыг нэхэмжлэгч хариуцаж төлсөн. Энэ хүрээнд Улаанбаатар хотоос ирэх, буцах автобусны зардалд 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 260,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 260,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 260,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 130,000 төгрөг, нийтдээ 910,000 төгрөг төлснийг нэхэмжилж байна. Өмгөөлөгч Г. 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08:30 цагт явагдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Улаанбаатар хотоос ирж оролцоод буцсан. Дараа нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08:30 цагаас товлогдсон шүүх хуралдаанд Улаанбаатар хотоос ирж оролцоод буцсан. Энэ удаад шүүх хуралдаан хойшлогдсон. Дараа нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, 18-ны өдөр дууссан шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд Улаанбаатар хотоос ирж оролцоод буцсан. Энэ удаад эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас 7 хоногийн завсарлагаа авсан. Дараа нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 цагаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд Улаанбаатар хотоос ирж оролцоод буцсан. Хоолны зардалд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 88,000 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдөр 80,000 төгрөг, мөн өдөр 63,200 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр 68,900 төгрөг, 6 дугаар сарын 28-ны өдөр 80,000 төгрөг, 8 дугаар сарын 16-ны өдөр 69,300 төгрөг, 8 дугаар сарын 19-ний өдөр 43,500 төгрөг, 8 дугаар сарын 22-ны өдөр 70,000 төгрөг, нийтдээ 562,900 төгрөг төлснийг нэхэмжилж байна.  Буудлын зардалд 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 8 дугаар сарын 16-ны өдөр 110,000 төгрөг, 8 дугаар сарын 17-ны өдөр 110,000 төгрөг, 8 дугаар сарын 19-ний өдөр 120,000 төгрөг, нийтдээ 540,000 төгрөг төлснийг нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж. шийдвэрлүүлэх эрхтэй” гэж хуульчилсны дагуу сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг нэхэмжилж байна. Дээрх 10,000,000 төгрөгийг нэхэмжлэх болсон үндэслэл нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршиг юм.

1.4. Нэхэмжлэгч сумын Засаг даргын Тамгын газрын ахлах нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд бүтэн 10 сар гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллагдагчаар татагдаж, улмаар шүүхэд шилжиж 3 шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээр оролцож нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд маш их хохирол учирч хамт олон, олон түмний дунд нэр төр нь унасан. Мөн бүтэн 10 сарын турш гэр бүл, эхнэр, хүүхдүүдийн хүрээнд сэтгэл санааны дарамтад орж хэрэг хэрхэн яаж шийдэгдэх бол гэсэн байнгын айдас түгшүүртэй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхээс. сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална” гэж хуульчилсны дагуу шүүхээс шүүхийн өмнөх сэтгэл санааны хохирол гаргуулсан шийдвэр, практикийг үндэслэн гаргуулах боломжтой.

1.5. Иймд энэхүү нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд 11,020,900 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нийт Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 21,020,900 /хорин нэгэн сая хорин мянга есөн зуун/ төгрөг гаргуулан Ш.А-д олгуулж өгнө үү гэжээ.

2.Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2-д хохирол нөхөн төлүүлэх үндэслэл гэж байгаа. 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасан. Энэ заалтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу өмгөөлөгчийн хөлс, сэтгэл санааны хохирол бусад хохирлыг нөхөн төлүүлэхээр 45 дугаар зүйлд тодорхойлон зааж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс Ш.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн яллагдагчаар татах этгээд хаана байгаа газар нь тодорхой байх юм бол яллагдагчаар татна гэсэн заалттай. Энэхүү заалтын хүрээнд прокурор яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг учраас шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.А баривчилсан, цагдан хорьсон зүйлүүд байхгүй. Иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нэг бүрчлэн танилцаж үзсэн. Тухайн хэрэгт Ш.А дансны хуулгыг хэрэгт хавсаргасан. Хэрэгт хоолны мөнгө, унаа зардлын мөнгө, өмгөөлөгчийн хөлс гэж дурдсан байгаа боловч тухайн данс хэний ямар дансанд орсон. Жишээ нь өмгөөлөгчийн хөлс гэж шилжүүлсэн боловч тухайн данс нь Ганбатын данс мөн үү гэдэг талаар авагдсан баримт байхгүй. Улаанбаатар хотоос 6-7 удаа ирсэн гэж баримтуудаа өгсөн. Баримтуудыг нэг бүрчлэн тулгаж үзэхэд, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ирсэн 2 баримт байна. Буудлын мөнгө гэхэд 540,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн боловч баримтын тулгаж үзэхэд, 330,000 төгрөг байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Ж: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/44 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаартай “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” хуралдааны тогтоолын хуулбар, өмгөөлөгч Х.Б-тэй байгуулсан өмгөөллийн гэрээ,  Г.Г байгуулсан өмгөөллийн гэрээ, ХААН Банкны депозит дансны хулгууд 4 хуудас, А билгүүн ХХК-ны Бэлэн мөнгөний орлогын баримт, Нийтийн тэврийн зорчих тасалбарын баримт 7 ширхэг, Таван богд Зочид буудлын тооцооны баримт 1 ширхэг, Бэлэн мөнгөний орлогын баримт 2 ширхэг, 2 ширхэг Е баримт, Я.С-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.1.Нэхэмжлэгч Ш.А нь Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 21,020,900 /хорин нэгэн сая хорин мянга есөн зуун/  төгрөг гаргуулахыг хүсжээ. 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Ц сумын иргэн С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх гэмт хэрэгт яллагдагчаар татаж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 58 дугаартай яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ААААААА дугаартай хэргийг Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.А-д холбогдох гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан ба уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон юм. Иймд Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд 11,020,900 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нийт Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 21,020,900 /хорин нэгэн сая хорин мянга есөн зуун/ төгрөг гаргуулан Ш.А-д олгуулж өгнө үү гэжээ.

7. Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс Ш.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн яллагдагчаар татах этгээд хаана байгаа газар нь тодорхой байх юм бол яллагдагчаар татна гэсэн заалттай. Энэхүү заалтын хүрээнд прокурор яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг учраас шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.А баривчилсан, цагдан хорьсон зүйлүүд байхгүй. Иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нэг бүрчлэн танилцаж үзсэн. Тухайн хэрэгт Ш.А дансны хуулгыг хэрэгт хавсаргасан. Хэрэгт хоолны мөнгө, унаа зардлын мөнгө, өмгөөлөгчийн хөлс гэж дурдсан байгаа боловч тухайн данс хэний ямар дансанд орсон. Жишээ нь өмгөөлөгчийн хөлс гэж шилжүүлсэн боловч тухайн данс нь Г данс мөн үү гэдэг талаар авагдсан баримт байхгүй. Улаанбаатар хотоос 6-7 удаа ирсэн гэж баримтуудаа өгсөн. Баримтуудыг нэг бүрчлэн тулгаж үзэхэд, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ирсэн 2 баримт байна. Буудлын мөнгө гэхэд 540,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн боловч баримтын тулгаж үзэхэд, 330,000 төгрөг байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгч Ш.А нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримтаар нэхэмжлэгч Ш.А нь Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 8,500,000 төгрөг, бусад зардал 2,520,900 төгрөг, нийт 21,020,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

9.1. Хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ... Ш.А ... нарт холбогдох ААААААА дугаартай эрүүгийн хэрэгт Б аймгийн прокурорын газраас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 58 дугаартай Яллах дүгнэлтээр шүүгдэгч Б аймгийн Ц сумын Засаг даргын орлогч С.Б, тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, ахлах нягтлан бодогч Ш.А нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М-ийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүний ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11,12 сард нийт 2,329,600 төгрөгийн цалин олгосон, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийж, Засаг дарга Х.М-ийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17,098,368 төгрөгийн цалинг тус тус олгож, түүнд давуу байдал бий болгож, Ц сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд нийт 19,427,968 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогдсон байна.      

9.2. Улмаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: шүүгдэгч Ш.А ... нарыг шүүгдэгч Б.Е бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М-ийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүний ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11, 12 сард нийт 2,329,600 төгрөгийн цалин олгосон, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийсэн мэтээр хурлын тэмдэглэлийг хөтлүүлж, тус сумын Засаг дарга Х.М-ийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17,098,368 төгрөгийн цалинг тус тус олгож, түүнд давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.А ... нарын өмгөөлөгчдийн гаргасан дүгнэлтийг тус тус хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.А ... нарт  Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж  шийдвэрлэсэн байна.

9.3. Ингээд шүүгдэгч Б.Е, Х.М нар болон өмгөөлөгч нарын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/44 дугаартай магадлалаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,8 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч Б.Е, Х.М нар болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаснаар Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаартай “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

9.4. Мөн дээрх нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн ... нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж зааснаар хохирол нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорын хохиролд хамаарах ойлголт бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулсан ба нэхэмжлэгч Ш.А нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан боловч учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож, арилгах талаар тодорхой заагаагүй байна.

11. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч  Ш.А нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд сэтгэл санааны гэм хорын хохирлоо юуг үндэслэж 10.000.000 төгрөгөөр тооцсон нь нотлогдохгүй байна.

11.1. Нэхэмжлэгч Ш.А нь тухайн эрүүгийн хэргийн учир цагдан хоригдоогүй, гэмт хэрэгт холбогдож  жил гаруй хугацаанд шалгагдсан байдал, прокурорын яллах дүгнэлт, энэ хэргийн улмаас хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байдал, шүүхийн цагаатгах тогтоолын агуулга зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгч Ш.А нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд сэтгэл санааны гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулан олгож, уг шаардлагаас 9,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

12. Нэхэмжлэгч Ш.А-ын өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлсөнд 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

12.1. Нэхэмжлэгч Ш.А-ын өмгөөлөгч нарт 8,500,000 /найман сая таван зуун мянган/ төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  зааснаар гаргуулах нь зүйтэй байна. 

12.2. Нэхэмжлэгч Ш.А нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах явцдаа 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч Х.Б, мөн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Г.Г тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ байгуулсан ба Г.Г байгуулсан өмгөөллийн гэрээний 3.1-т энэхүү гэрээний хөлс дараах хэмжээтэй байна, 3.1.1-т гэрээ байгуулахад 2,000,000 /хоёр сая/ төгрөг байна, 3.1.2-т үйлчлүүлэгчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болговол 3,000,000 /гурван сая/ төгрөг байна гэж, мөн Х.Б-тэй байгуулсан Эрүүгийн хэрэг дэх хууль зүйн туслалцаа үзүүлэх 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өмгөөллийн гэрээний хавсралтад өмгөөлөгчийн үндсэн хөлс 500,000 /таван зуун мянган/ төгрөг, хэрэг эцэслэгдэж шийдвэрлэсний дараа 3,000,000 /гурван сая / төгрөгийг данс болон бэлнээр төлнө гэж тус тус өмгөөллийн гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан өмгөөллийн гэрээгээр, Ш.А нь өмгөөлөгчийн хөлсийг ХХХХ дугаартай данснаас гүйлгээ хийж байсан нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, мөн Х.Б, Г.Г нар нь Ш.А өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон болох нь Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоол болон Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/44 дугаартай магадлалаар тус тус нотлогдож байх тул өмгөөллийн хөлс 8,500,000 /найман сая таван зуун мянган/  төгрөгийг гаргуулах зүйтэй байна.  

13. Нэхэмжлэгч Ш.А Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн хохирол 508,000 төгрөг, автобусны зардал 910,000 төгрөг, хоолны зардал 562,900 төгрөг, зочид буудлын зардал 540,000 төгрөгийн хохирлыг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухай

13.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд өмгөөлөгч Г.Г  Улаанбаатар хотоос 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ирж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр буцсан тээврийн зорчих салбараар 260,000 төгрөг, мөн Улаанбаатар хотоос ирж зочид буудалд байрласан 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн буудлын хөлс 110,000 төгрөг, мөн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зочид буудлын хөлс 120,000 төгрөгийг тус тус төлж байсан нь бэлэн мөнгөний орлогын баримт болон  Ш.А ХХХХ дугаартай данснаас гүйлгээ хийж байсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, мөн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр болсон эрүүгийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон нь  мөн өдрийн шийтгэх тогтоолоор тус тус нотлогдож байх тул дээрх баримтуудыг үндэслэн өмгөөлөгч Г.Г замын зардал болон зочид буудлын хөлс 490,000 төгрөгийг гаргуулж, үлдсэн 2,030,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

13.2. Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт буюу “А Б” ХХК төлсөн АААА ААА улсын дугаартай машины үнэлгээний төлбөр 180,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн МТ бензин колонкоос авсан АТ-92 бензиний үнэ 74,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Н ХХК-иас авсан бензиний үнэ 54,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тээврийн зорчих тасалбар буюу 256,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Таван богд” зочид буудлын тооцооны баримт 100,000 төгрөг, мөн 63200 төгрөг, 88000 төгрөгийн хоолны баримтууд үндэслэн эд хөрөнгөнд учирсан хохирлыг гаргуулахыг хүсэж байгаа боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д заасан үндэслэлд хамаарахгүй байх тул дээрх мөнгийг гаргуулах боломжгүй байна.   

Өмгөөлөгч Г.Г нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатараас Б аймагт ирж буцсан байх ба ямар учраас ирж буцсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

14. Иргэдийн төлөөлөгчөөс “нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэж дүгнэлт гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

15. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 8,500,000 төгрөг, замын зардал, буудлын мөнгө 490,000 төгрөг, бүгд 9,990,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11,030,900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16. Нэхэмжлэгч Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохиролд 1,000,000 /нэг сая/ төгрөг, өмгөөллийн хөлс 8,500,000 /найман  сая таван зуун мянган/ төгрөг, замын зардал, буудлын мөнгө 490,000 /дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш овогт Ш.А олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11,030,900 /арван нэгэн сая гучин мянга есөн зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Х

                                     ШҮҮГЧИД                                   А

                                                                                         К