Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2023/00572

 

 

 

 

   2023           06             21     

                     130/ШШ2023/00572

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х даргалж, шүүгчид А, К нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, Н овогт С.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 18,000,000 /арван найман сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-д

Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д,

Иргэдийн төлөөлөгч Ш.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч С.Б нь Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 18,000,000 /арван найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б аймгийн Ц сумын иргэн С.Б А-тай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татаж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 58 дугаартай яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2113000750064 дугаартай хэргийг Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Б-д холбогдох гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан.

1.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт аймгийн Прокурорын газрын улсын яллагч эсэргүүцэл бичсэнийг Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон 44 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын С.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг улсын яллагчаас эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд эсэргүүцэл бичсэн боловч Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаартай “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” хуралдааны тогтоолоор улсын яллагчийн эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж буцаасан юм. Одоо шүүгдэгч гэх С.Б цагаатгасан шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон юм.

1.3. Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох хууль зүйн туслалцаа авсны хөлс, бусад зардалд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

1.4. Иймд Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох хууль зүйн туслалцаа авсны хөлс 8,000,000 төгрөг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг бүгд 18,000,000 төгрөг гаргуулан С.Б-д олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 18 сая төгрөг нэхэмжилж байна. С.Б ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар өмгөөлөгчийн хөлсөнд нэг удаа 200,000 төгрөг, 5111018767 дугаартай дансанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн 2 удаагийн үйлдэл байна. Мөн бэлэн мөнгө шилжүүлсэн нэг баримтад С.Б гэдэг хүнээс өмгөөлөгчийн хөлс гэж 5111018767 дугаартай дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байна. Нийтдээ өмгөөлөгчийн хөлсөнд 2,700,000 төгрөг төлсөн баримт нь хэрэгт авагдсан байна. Мөн н.Г гэдэг хүнд 3,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байна. Гэхдээ н.Г гэдэг хүнд С.Б гэдэг хүн шилжүүлээгүй, өөр хүн шилжүүлсэн. Энэ хүн өмгөөлөгчтэй гэрээ хийгээгүй нөхцөл байдал байгаа учраас шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа тухайн баримтыг анхаарч үзэхийг хүсэж байна. Сэтгэл санааны хохиролтой холбоотой хэрэгт ямар нэгэн баримтууд авагдаагүй учраас сэтгэл санааны хохирлыг гаргуулах нь үндэслэлгүй гэсэн саналтай байна гэжээ.

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ш.Т: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Яллагдагч Б.Е, С.Б, Ш.А, Х.М нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар” 58 дугаартай яллах дүгнэлт, Б аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Б-д 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан гомдол, Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Монгол улсын Ерөнхий прокурорын газарт 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдол, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 05 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1240 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан гомдол, Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/44 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаартай “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” хуралдааны тогтоолын хуулбар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчид Я.С-д, Б.Б нартай байгуулсан хууль зүйн туслалцаа авах гэрээнүүдийн эх хувь, Б аймгийн Ц сумын жолоочид Д, М.Б, А.Е, Ж.Е, Х нарын гарын баримтуудын хуулбар, ХААН Банкны депозит дансны хулгууд 8 хуудас, Ашид билгүүн ХХК-ны Бэлэн мөнгөний орлогын баримт, Нийтийн тэврийн зорчих тасалбарын баримт 2 ширхэг, Я.С-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.1. Нэхэмжлэгч С.Б нь анх шүүхэд  нэхэмжлэл гаргахдаа Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 19,653,500 /арван есөн сая зургаан зуун тавин гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 18,000,000 /арван найман сая/ төгрөг гаргуулахыг хүсжээ. 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Ц сумын иргэн С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх гэмт хэрэгт яллагдагчаар татаж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 58 дугаартай яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2113000750064 дугаартай хэргийг Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Б-д холбогдох гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан ба уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон юм. Иймд Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох хууль зүйн туслалцаа авсны хөлс 8,000,000 төгрөг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг бүгд 18.000,000 төгрөг гаргуулан С.Б-д олгуулж өгнө үү гэжээ.

7. Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 18 сая төгрөг нэхэмжилж байна. С.Б ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар өмгөөлөгчийн хөлсөнд нэг удаа 200,000 төгрөг, 5111018767 дугаартай дансанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн 2 удаагийн үйлдэл байна. Мөн бэлэн мөнгө шилжүүлсэн нэг баримтад С.Б гэдэг хүнээс өмгөөлөгчийн хөлс гэж 5111018767 дугаартай дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байна. Нийтдээ өмгөөлөгчийн хөлсөнд 2,700,000 төгрөг төлсөн баримт нь хэрэгт авагдсан байна. Мөн Н.Г гэдэг хүнд 3,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байна. Гэхдээ н.Ганбат гэдэг хүнд С.Б гэдэг хүн шилжүүлээгүй, өөр хүн шилжүүлсэн. Энэ хүн өмгөөлөгчтэй гэрээ хийгээгүй нөхцөл байдал байгаа учраас шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа тухайн баримтыг анхаарч үзэхийг хүсэж байна. Сэтгэл санааны хохиролтой холбоотой хэрэгт ямар нэгэн баримтууд авагдаагүй учраас сэтгэл санааны хохирлыг гаргуулах нь үндэслэлгүй гэсэн саналтай байна гэжээ.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгч С.Б нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримтаар нэхэмжлэгч С.Б нь Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 8,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

9.1. Хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ... С.Б ... нарт холбогдох 2113000750064 дугаартай эрүүгийн хэрэгт Б аймгийн прокурорын газраас 2022 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаартай Яллах дүгнэлтээр шүүгдэгч Б аймгийн Ц сумын Засаг даргын орлогч С.Б, тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, ахлах нягтлан бодогч Ш.А нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М-ийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүний ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11,12 сард нийт 2,329,600 төгрөгийн цалин олгосон, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийж, Засаг дарга Х.М-ийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17,098,368 төгрөгийн цалинг тус тус олгож, түүнд давуу байдал бий болгож, Ц сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд нийт 19,427,968 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогдсон байна.      

9.2. Улмаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: шүүгдэгч С.Б ... нарыг шүүгдэгч Б.Е бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М-ийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүний ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11, 12 сард нийт 2,329,600 төгрөгийн цалин олгосон, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийсэн мэтээр хурлын тэмдэглэлийг хөтлүүлж, тус сумын Засаг дарга Х.М-ийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17,098,368 төгрөгийн цалинг тус тус олгож, түүнд давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б ... нарын өмгөөлөгчдийн гаргасан дүгнэлтийг тус тус хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б ... нарт  Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж  шийдвэрлэсэн байна.

9.3. Ингээд шүүгдэгч Б.Е, Х.М нар болон өмгөөлөгч нарын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/44 дугаартай магадлалаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,8 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч Б.Е, Х.М нар болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаснаар Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаартай “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

9.4. Мөн дээрх нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн ... нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж зааснаар хохирол нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорын хохиролд хамаарах ойлголт бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулсан ба нэхэмжлэгч С.Б нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан боловч учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож, арилгах талаар тодорхой заагаагүй байна.

11. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч  С.Б нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд сэтгэл санааны гэм хорын хохирлоо юуг үндэслэж 10.000.000 төгрөгөөр тооцсон нь нотлогдохгүй байна.

11.1. Нэхэмжлэгч С.Б нь тухайн эрүүгийн хэргийн учир цагдан хоригдоогүй, гэмт хэрэгт холбогдож  жил гаруй хугацаанд шалгагдсан байдал, прокурорын яллах дүгнэлт, энэ хэргийн улмаас хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байдал, шүүхийн цагаатгах тогтоолын агуулга зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгч С.Б нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд сэтгэл санааны гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулан олгож, уг шаардлагаас 9,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

12. Нэхэмжлэгч С.Б-гийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлсөнд 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

12.1. Нэхэмжлэгч С.Б нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах явцдаа 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч Я.С-тэй, мөн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б.Б-тэй тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ байгуулсан байх ба Б.Б-тэй байгуулсан өмгөөллийн гэрээний 3.1-т энэхүү гэрээний хөлс дараах хэмжээтэй байна. 3.1.1-т гэрээ байгуулахад 3,000,000 /гурван сая/ төгрөг байна, 3.1.2-т үйлчлүүлэгчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болговол 3,000,000 /гурван сая/ төгрөг байна гэж, мөн Я.С-тэй байгуулсан өмгөөллийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-т өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоорондоо хөлс төлөлтийн асуудлыг энэхүү гэрээний хавсралт ёсоор тогтооно. Уг хавсралт үндсэн гэрээний нэгэн адил хүчинтэй. Эрүүгийн хэрэг дэх хууль зүйн туслалцаа үзүүлэх 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний хавсралтын 4.1-т үйлчлүүлэгч нь нийт хөлсөнд 2,000,000 /хоёр сая/ төгрөг төлнө, 4.2-т үүнээс урьдчилгаанд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг гэрээ байгуулсан бэлнээр төлөх эсвэл ХААН банк дахь 5180598482 дугаартай дансанд бэлэн бусаар тушаана, 4.3-т үлдсэн мөнгийг хоёр тал эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа гэрээг дүгнэсний үндсэн дээр олгоно гэж тус тус өмгөөллийн гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан өмгөөллийн гэрээгээр, С.Б нь өмгөөлөгчийн хөлсийг ХХХХ дугаартай данснаас гүйлгээ хийж байсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, мөн Я.С-д, Б.Б нар нь С.Б-гийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон болох нь Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоол болон Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/44 дугаартай магадлалаар тус тус нотлогдож байх тул өмгөөллийн хөлс 8,000,000 /найман сая/  төгрөгийг гаргуулах зүйтэй байна.  

13. Иргэдийн төлөөлөгчөөс “нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэж дүгнэлт гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

14. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 8,000,000 төгрөг, бүгд 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 9,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15. Нэхэмжлэгч Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохиролд 1,000,000 /\нэг сая/ төгрөг, өмгөөллийн хөлс 8,000,000 /найман  сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н овогт С-ын Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 9,000,000 /есөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Х

                                     ШҮҮГЧИД                                   А

                                                                                         К