| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2026/0005/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/15 |
| Огноо | 2025-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/15
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-ийн Б-т холбогдох эрүүгийн 2538000000597 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, И овогт М-ийн Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.М-ыг зодож эрүүл мэндэд нь биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нуруу, нуруунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3-р хуудас),
Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би эхнэрээ нэг удаа нүүр рүү цохиод хөлөөрөө нуруу хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөснөө хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагт гэрээсээ гараад ***** дэлгүүр дээр хамаатны хүнтэйгээ таараад бид хоёр ахынхаа хашааны гадаа 2.5 литрийн 2 ширхэг пиво уусан тэрийгээ ууж байтал 19 цаг өнгөрч байхад ууж байсан пивоо дуусгаад дүү болох Л.П-ээр нөхөр Б рүү М эгч бид хоёр цуг байна гэж мессеж бичүүлсэн удалгүй манай нөхөр Б дүү П-ийн утас руу залгаад хаана байна та хоёр хаана байна гэхээр нь манай гэрт байна гэсэн чинь Б битгий худлаа яриад бай би танай гадаа байна гээд хаана байна, та хоёр гэсэн тэгэхээр хот хооронд явдаг Оын гудамжинд явна гэтэл удалгүй манай нөхөр машинтайгаа ирээд бид хоёрыг суу гэхээр нь бид хоёр суусан эргэж буцаад П-ийн гэрийн гадаа очоод П-г буу чи гэж хэлээд буулгасан тэгээд арын суудал руу орж ирж намайг зодоод хүү болох М-ийг машинаа бариад яв гэтэл хүү маань машинаа бариад гэрийнхээ хашаа руу чигээрээ явтал манай нөхөр Б гэрийн хашаа руу битгий ор өнгөрөөд яв гээд гэсэн би хүүд хандаж аавыгаа аваач аав чинь намайг аймаар зодоод байна гэж орилтол Б битгий зогс гээд хүүгээ дарамталсан. Тэгээд манай гэрийн цаана байдаг цагаан худгын тэнд очиж машины баруун талын суудал дээр тархи толгой руу нүдэж дэвссэн. Тэгээд зодож боллоо гэссэн аятай өөрөө машинаа бариад гэртээ ирээд хүү М болон нөхөр Б бид 3 гэртээ орсон. Тэгээд би гэртээ биеэ гайгүй болчих болуу гэж бодоод нэг өдөр харж хэвтээд өнөө өглөө босоод ирсэн чинь амьсгалж болохгүй бүр хүнд болоод босоод ирсэн. Тэгээд охиныдоо очтол цагдаа дуудсан... Надад одоо гомдол санал байхгүй. Нөхөр бид хоёр эвлэрч сайхан амьдарч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9, 45-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 505 дугаартай:
1. Б.М-ын биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нуруу, нуруунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 17-18-р хуудас),
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ж.Т-ийн “...Б.М нь 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш нийт 700,700 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тус тус авсан байх тул буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” гэх нэхэмжлэл (хх-ийн 50-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч М.Б нь хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Шүүгдэгч М.Б, хохирогч Б.М нь Надад одоо гомдол санал байхгүй. Нөхөр бид хоёр эвлэрч сайхан амьдарч байна гэх мэдүүлэг (хх-ийн 45-р хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч М.Б-ийг хохирогч Б.М-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 700,700 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч М.Б-ээс 700,700 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Б нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538000000597 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Мгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мгийн Бийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч М.Бээс 700,700 (долоон зуун мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Эрүүгийн 2538000000597 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР