Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2023/00590

 

 

 

 

      2023           06            28     

                     130/ШШ2023/00590

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ш овогт Л.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух, Ш овогт М.С

Нэхэмжлэлийн шаардлага: 8,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Б

Хариуцагч А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч А.С-д холбогдуулан 8,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2022 оны 9 дүгээр сард М.С-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн үед урьдчилгаа 2 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд барилга материалын дэлгүүрээс барилга материалаа аваад тэдгээрийг М.С ирэхдээ портероороо аваад ирэхээр болсон байсан. Тэгээд хэд хоногийн дараа хоёр залуутай хамт ирээд 7-8 хоног ажиллаж байхад туслах залууд нь цэргийн зарлан ирсэн гээд туслах нь яваад өгсөн. С ажлаа хийж байхад материал дуусаад би материалаа аваад ирье гэж Ө руу явсан. Маргааш нь би материалаа авчихлаа мөнгөө шилжүүл гэхээр нь 1200000 төгрөг шилжүүлсэн. Өмнө нь эхнэр маань жирэмсэн гэж ар гэрийн байдлаа хэлж байсан. Тэгээд эхнэр маань өвдөөд эмнэлэгт хэвтчихлээ хэд хоногтой очиж чадахгүй болчихлоо гэж хэлсэн. Дараа нь эхнэр маань дутуу төрсөн гээд олон шалтаг хэлээд байсан. Тэгж байхад 11 сар болчихсон. Нэгэнт хүйтний улирал эхэлчихсэн болохоор одоо ажил хийхгүй гэж бодоод би өөрөө ч холбогдоогүй, дулаарахаар нь хийх байх гэж бодоод холбоо бариагүй. Тэгээд С өөрөө  ч 4 сар хүртэл ерөөсөө холбоо бариагүй. Би  6,800,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Одоо гэрээний дагуу алданги 2,000,000 төгрөг нийтдээ 8,800,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байна гэжээ.

2. Хариуцагч А.С хариу тайлбартаа: 2022 оны 8 дугаар сард өөр нэг газарт ажил хийж байхад Л.Б гэдэг хүн утсаар засал хийх үү гэж холбогдсон. Тэгээд утсаар ярьж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ирж уулзаад 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ хийж, нэг жижиг өрөөтэй нийт 6 өрөөтэй байшинг 7 сая төгрөгөөр янзалж өгье гэж тохиролцоод гэрээ хийсэн. Тэгээд өмнөх ажлаа дуусчхаад 7 хоногийн дараа очъё гэж хэлсэн. Гэрээ хийхдээ 2 сая төгрөг шилжүүлж авсан. Тухайн үед материалуудаа би авч өгнө, портер машин байвал чи хүргээд өгөөч гэж хэлээд би хүргэж өгөхөөр тохиролцсон. Гэхдээ би барилгын материалаас материалыг чинь авч өгнө гэж хэлээгүй. Мөнгөө өөрөө шилжүүлж, материалуудаа өөрөө авсан. Гаргаж өгсөн материалуудын зарим нь багтсан зарим нь багтаагүй. Багтсан материалуудын аваад портер машинаар Ө гараад явж байхад машин эвдрээд буцаж ирсэн. Маргааш нь хоёр жижиг машинд бүх материалуудын ачиж Н суманд очоод цаашаа явах гэсэн чинь зам нь хэцүү портер машин биш бүр 69 машин явж чадахгүй замтай байсан. Тэгээд 69 машины чиргүүлд байсан материалаа ачаад 09 дугаар сарын 25-ны өдөр очсон. Тэгээд 7 хоног ажиллаж байхад надтай хамт очсон туслах залууд цэргийн зарлан ирэхээр нь тэр залууг аваад үлдсэн материалуудаа авч ирье гэж бид Ө  ирсэн. Дараа нь материалаа аваад дахиж явах гэж байхад манай эхнэр эмнэлэгт хэвтсэн. Тэгээд Б 7 хоногийн дараа очъё гэж хэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр төрсний дараа 14 хоног эмнэлэгт байна гэж хэлсэн. Эхнэр эмнэлгээс гарахыг нь хүлээж байхад 10 дугаар сарын 24-ний өдөр би өөрөө орноосоо босож чадахгүй өвдөөд хагалгаанд орохоор болж, 10 дугаар сарын 25-ны өдөр хагалгаанд орж, 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гарсны дараа боол хийлгээд ажил хийх боломжгүй болсон. 2022 оны 12 дугаар сар хүртэл эмнэлэг, гэр хоёрын хооронд байсан. Тэгээд Б-гийн ажлын хийгээгүй, хэлэх юм байхгүй болохоор холбоо барьж чадаагүй.  Гайгүй болохоор нь 3-4 сард хийж өгье гэж бодож байсан. 2023 оны 01, 02 дугаар сард хотод очиж эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд 4 сар болчихсон болохоор Б ажлаа өөр хүнд хийлгэсэн байх гэж бодоод өөр ажил авч хийгээд мөнгийг нь өгье одоо надаар хийлгэхгүй байх гэж бодож байсан. Иймд надад 2 удаа 2 сая төгрөг нийтдээ 4 сая төгрөг шилжүүлсэн гэсэн. Тэрийг хүлээн зөвшөөрч байна. Би  эмнэлэгт хэвтэхээс нэг хоногийн гипсийн мөнгө гэж 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Би эмнэлэгт хэвтчихсэн болохоор гипсийн авч чадаагүй. Тиймээс тэр 1,200,000 төгрөгийг би төлөхөө зөвшөөрч байна. Би 2 сая  төгрөгийн ажил хийсэн гэж бодож байгаа болохоор 2 сая төгрөгийг ажлын хөлсөнд авсан гэж бодож байна. Нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд алданги 2 сая төгрөгийг төлүүлнэ гэсэн. Тэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

5. Нэхэмжлэгч Л.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд

5.1. Миний бие 2022 оны 9 дүгээр сард М.С ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. М.С ажлаа хийж байхад материал дуусаад би материалаа аваад ирье гэж Ө руу явсан. Маргааш нь би материалаа авчихлаа мөнгөө шилжүүл гэхээр нь 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Өмнө нь эхнэр маань жирэмсэн гэж ар гэрийн байдлаа хэлж байсан. Тэгээд эхнэр маань өвдөөд эмнэлэгт хэвтчихлээ хэд хоногтой очиж чадахгүй болчихлоо гэж хэлсэн. Дараа нь эхнэр маань дутуу төрсөн гээд олон шалтаг хэлээд байсан. Тэгж байхад 11 сар болчихсон. Нэгэнт хүйтний улирал эхэлчихсэн болохоор одоо ажил хийхгүй гэж бодоод би өөрөө ч холбогдоогүй, дулаарахаар нь хийх байх гэж бодоод холбоо бариагүй. Тэгээд С өөрөө  ч 4 сар хүртэл ерөөсөө холбоо бариагүй. Иймд гэрээний дагуу алданги 2,000,000 төгрөг нийтдээ 8,800,000 төгрөг  нэхэмжилж байна гэв.   

6. Хариуцагч М.С нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлс гэж 4,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна, миний дансанд бараа материалын үнэ гэж 1,200,000 төгрөгийг шилжүүлснийг тус тус нэхэмжлэгчээс авснаа хүлээн зөвшөөрч байна, эрүүл мэндийн байдлаас болж ажлаа гүйцэт хийж өгч чадаагүй гэж, мөн бараа материалын үнэ гэж надад шилжүүлсэн 1,200,000 төгрөгийг төлж өгнө, татгалзах зүйлгүй, харин нэг өрөөний дотор заслыг хийж өгсөн, тодорхой төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн учир ажлын хөлс гэж авсан 4,000,000 төгрөгөөс хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 2,000,000 төгрөгөөр хасаж, үлдсэн мөнгийг өгье, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө 2,000,000 төгрөгөөр үнэлж байна, хүүтэй нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.

7. Нэхэмжлэгч Л.Б нь анх шүүхэд нэхэмжлэлдээ хариуцагч М.С 6,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж хариуцагч М.С  8,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн болно.

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэжээ.   

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч Л.Б хариуцагч М.С нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр ажлын нэр 98 мк.в 5-ын өрөөний бүрэн дотор засал, ажил үйлчилгээний төлбөр 7,000,000, гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны хүртэл гэж талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж энэхүү гэрээг байгуулж байсан байна. Энэхүү гэрээний талаар зохигчид маргаангүй болно.

8.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

8.3. Нэхэмжлэгч  /захиалагч/ Л.Б нь захиалгаар 98 мк.в өрөөний бүрэн дотор заслыг 7,000,000 төгрөгөөр хийхээр хариуцагч /ажил гүйцэтгэгч/ М.С нь харилцан тохиролцсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

8.4. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч М.С нь 98 мк.в өрөөний бүрэн дотор заслын ажлыг гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн боловч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх ба хариуцагч М.С нь захиалагчийн гэрээнд заасан ажил үүргийг дутуу хийж, орхиж явсан нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

9.1. Гэтэл нэхэмжлэгч  Л.Б нь хариуцагчийн дээрх тайлбарыг үгүйсгэж чадаагүй учир хариуцагч М.С шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбарыг үндэслэн  нь нэхэмжлэгчээс ажлын хөлсний урьдчилгаа гэж өгсөн 4,000,000 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тохирох 2,000,000 төгрөгийг хасаж үлдсэн 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.   

9.2. Нэхэмжлэгч Л.Б хариуцагчид бараа материалын үнэ гэж шилжүүлсэн  1,200,000 төгрөгийг хариуцагч М.С нь “миний дансанд шилжүүлсэн нь үнэн, би төлнө, төлөхөөс татгалзахгүй” гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагчаас бараа материалын үнэ 1,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.3. Нэхэмжлэгч Л.Б нь гэрээний дагуу хариуцагч ажил үүргээ хугацаандаа хийж гүйцэтгээгүй тул хүү 2,000,000 төгрөг шаардаж байгааг хуульд заасан үндэслэлийн дагуу гаргуулах нь зүйтэй байна. 

9.4. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т талууд энэхүү гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлнө гэж талууд гэрээ байгуулсан байна.

Уг гэрээнд зааснаар гэрээний хоёр тал гэрээгээр алданги төлнө гэж тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу хариуцагч М.С алданги 1,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

11. Иймд хариуцагч М.С урьдчилгаа ажлын хөлс 2,000,000 төгрөг, хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги 1,000,000 төгрөг, бараа материалын үнэ 1,200,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар ... нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх ... улсын тэмдэгтийн хураамжид 32,000 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлого болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 4,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 82,150 төгрөгийг хариуцагч М.С9аас гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.С урьдчилгаа ажлын хөлс 2,000,000 төгрөг,алданги 1,000,000 төгрөг, бараа материалын үнэ 1,200,000 төгрөг, нийт 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4,600,000  /дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б 32,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид нөхөн төлүүлж улсын орлого болгож, хариуцагч М.С 82,150 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б