Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамын Мягмаржав |
Хэргийн индекс | 2109000000246 |
Дугаар | 2021/ДШМ/615 |
Огноо | 0000-00-00 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | С.Болорзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2021/ДШМ/615
2021 6 24 2021/ДШМ/615
Б.Оад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Болорзул,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Оын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овгийн Бын О, 1962 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .... захад хүнсний түгээлтийн автомашин барьдаг ажилтай гэх, ам бүл ганцаар, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,
Ардын Армийн Улиастай дахь гарнизоны Тусгай шүүхийн 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 200а, 199а дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1981 оны 7 дугаар сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 174.1, 646, 109.6, 65.6, 168.В, 88.6 дугаар зүйлүүдэд зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 593 дугаартай тогтоолоор 65.а, 88.6, 168.6-ээр 11 жилийн хорих ял болгон өөрчилсөн,
Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн В, 153 дугаар зүйлийн Б, 168 дугаар зүйлийн В-д зааснаар 15 жилийн хорих ял шийтгүүлсэн,
Улаанбаатар хотын Сүхбаатарын районы шүүхийн 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн ялд өмнөх ялыг нэмж 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн шүүх коллегийн хяналтын шатны шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай тогтоолоор 13 жилийн хорих ял болгож, 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын төв шоронгоос шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Төв аймгийн хэсгийн ардын 3 дугаар шүүхийн 1993 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211.1-д зааснаар өмнөх ялыг нэмж 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 403 дугаартай шүүгчийн захирамжаар 3 жил 1 сар 6 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 23 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 жил 6 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 213 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үлдсэн 1 жил 3 сар 8 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;
Б.О нь 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ЗОН-33 дэлгүүрийн ард байрлах түлш борлуулах цэгийн орчим иргэн Г.Лхагва-Очирын халааснаасаа унагаасан гээгдэл эд хөрөнгө болох “Iphone-Xs” загварын гар утсыг завшиж 1.142.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Бын Оыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бын Оад 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Оаас 1.142.500 төгрөг гаргуулж хохирогч Ганбаатарын Лхагва-Очирт олгож, шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Г.Лхагва-Очир нь машин доогуур нь орж машин асаах үед утсаа хаясан гэдэг боловч машин нь хаана байсан, хаана асаах гэж доогуур нь орж байсан зэрэг тодорхойгүй байна. Мөн гэрч болох Ганцэцэг нь машинаа асаах гэж машин доогуур орж утсаа унагаасан утсыг хараад сууж байдаг. Гэрч хэдэн метр зайнд хараад сууж байсан юм бол. Харанхуй үед утсыг харсан байдаг. Би утас олоогүй, аваагүй. Ямар баримт гэрчээр ял оноож байгааг ойлгохгүй байна. Үнэн зөвийг тогтоож өгнө үү. ...” гэжээ.
Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.О нь бусдын гээгдэл эд зүйлийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Б.Оыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Б.О нь өмнө нь есөн удаагийн ял шийтгэлтэй. Хувийн байдлын хувьд эргэлзээтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлдэг боловч хэрэгт гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх баримт авагдаагүй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ЗОН-33 дэлгүүрийн ард байрлах түлш борлуулах цэгийн орчим иргэн Г.Лхагва-Очирын халааснаасаа унагасан гээгдэл эд хөрөнгө болох Айфоне икс эс загварын гар утсыг завшиж, 1.142.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Г.Лхагва-Очирын: “...Би машин доогуур орохдоо өөрийн халаасанд байсан Айфоне икс эс загварын гар утсаа унагаснаа анзаарахгүй Сэргэлэн ахын хамт түгээлтэд явж ирээд гар утсаа халаасандаа үзтэл байхгүй болчихсон байсан. Хажуу талын ЗОН-33 дэлгүүрийн гадна хяналтын камерыг шүүж үзэхэд камерын цагийн 17:49 цагт хар өмдтэй, дээгүүрээ хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн миний гар утсыг газраас олж аваад явж байгаа бичлэг байсан. Уг бичлэгт байсан хүнийг тэр хавийн хүмүүсээс асуухад шар Нараагийн нөхөр байна гэж хэлсэн юм. ...” /хх 25/,
гэрч П.Ганцэцэгийн: “...гадаа гудамжинд зогсож байтал хойд зүгээс ирж явсан хүн газраас цагаан өнгийн гар утас газраас авч байгаа харагдсан. ...” /хх 27/,
шүүгдэгч Б.Оын: “...Би дээгүүрээ десант өнгийн цамцтай, дэлгүүр орно гээд явж байсан болохоор канттай өмдтэй явж байсан. ...Тэр бичлэг дээр байгаа хүн нь би мөн байна лээ. ...” /хх 5/
камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Б.О нь ...хар өнгийн дугуйвтар камер мэт харагдах хэсэгтэй, гар утас мэд зүйлийг гадуур хүрэмний зүүн талын халаасаа зүүн гараараа гаргаж ирж, нэг удаа харчихаад баруун гар руугаа дамжуулж, баруун гараараа гар утас мэт зүйлээ цамцныхаа гадарга хэсгээр арчиж байгаад буцаан зүүн гартаа дамжуулж, гадуур хүрэмнийхээ зүүн талын халаас руу хийж, урагш алхсан. ...” гэсэн тэмдэглэл /хх 11-13/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 16-18/, Дамно ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт /хх 30-31/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, шүүгдэгч Б.Оыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Мөн шүүгдэгч Б.Оын хохирогч Г.Лхагва-Очирын машин засварлахаар машины доогуур орохдоо унагаж, гээсэн гар утсыг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Шүүгдэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүн туслах ажиллагааны явцад болон давж заалдах гомдолдоо “...намайг гүтгэж байна, утсыг олж аваагүй. ...” гэж марган, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч түүний бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ