Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Шүүгдэгч Ж.Насанжаргал нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Насанжаргалд холбогдох эрүүгийн 1719000410031 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Булаг гудамны 2-12 тоотод оршин суух, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Орон сууцны ангид сантехникч ажилтай, урьд Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2000.02.21-ний өдрийн 42 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулсныг мөн хугуацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хатиган овогт Жамъяншаравын Насанжаргал /НФ78032514/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ж.Насанжаргал нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Бүүвэйбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Насанжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эхнэрийн маань 2 найз нь ирсэн гээд эхнэр гэртээ хүрээд ир гээд утсаар ярьсан. Найз нар нь ирж байгаа юм чинь гээд би ч эхнэртэй дэлгүүрээс 2 шил архи, 1 пиво авсан. Тэгээд 2 найз нь Бүүвэйбаатар гэх хүнтэй хамт ирсэн. Бүүвэйбаатар согтоод хашгираад байхаар нь хүүхэд байна гэхэд тэгдэггүй юм гээд байхаар нь муудалцсан. Бид 2 зууралдаж байгаад эхнэрийн дээр ойчсон эхнэр найзтайгаа салгасан гэв.

Шүүгдэгч Ж.Насанжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:  ... Оюунчимэг, Ганаа, Бүүвэйбаатар бид нар манай гэрт ороод архи уугаад сууж байгаад манай эхнэр унтаад өгсөн. Бид нар архи уугаад сууж байтал Бүүвэйбаатар согтоод чанга чанга хашгираад хүүхэд сэрээчих гээд байхаар нь би ахын дүү харьж амар гэж хэлтэл Бүүвэйбаатар намайг чи муу хаанаас ирсэн цагаач вэ гэж хэл амаар доромжлоод миний хоолойг шахахаар нь би Бүүвэйбаатарын нүүрэн тус газар луу нь 2-3 удаа цохиж аваад бид хоёр ноцолдож байгаад эхнэрийн дээрээс нь унасан. Манай эхнэр сэрээд Бүүвэйбаатарыг салгаад гэсэн мэдүүлэг /хх 5-6,

Хохирогч Н.Бүүвэйбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Гантулга, Насанжаргалын гэрт нь хамт очъё гэхээр нь хамт очоод суугаад юм ярьцгааж байсан чинь Насанжаргал ах, намайг ах гэж хэлсэнгүй, чи гэж хэллээ, чи надаас 20 насаар дүү юм байна ахын дүү ч юм үзээгүй, болоогүй байна даа гэж хэлээд байхаар нь маргалдсан ... Насанжаргал миний нүүрэн хэсэгт болон хөл рүү цохиж зодсон ...” гэсэн мэдүүлэг /хх 15-17/,

Гэрч Э.Сувдмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Бүүвэйбаатар, Насанжаргал нар ноцолдож байгаад миний хөл дээр унасан Насанжаргал, Бүүвэйбаатар нар хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ заамдаж бариад ноцолдож байсан би тэр хоёрыг салгаад Бүүвэйбаатарыг гэрээс гаргатал дахиж гэрт орж ирээд Насанжаргал, Бүүвэйбаатар хоёр гэрээс гараад гэрийн гадаа ноцолдоод байсан би дахиж тэр хоёрыг салгаад Бүүвэйбаатарыг явуулсан ... гэсэн мэдүүлэг /хх 23-25/,

Гэрч Н.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Насанжаргал, Бүүвэйбаатар бид гурав архи ууж байтал Бүүвэйбаатар чанга дуугараад байхаар нь Насанжаргал миний дүү дуугаа аяд хүүхэд байна гэсэн чинь Бүүвэйбаатар нь Насанжаргалыг хөгшөөн гэж хэлсэн, тэр асуудлаас болж тэр хоёр муудалцаад барилцаж аваад ноцолдож байгаад Сувдмаа дээр унасан ... Насанжаргал Бүүвэйбаатарын нүүрэнд цохих шиг болсон ... гэсэн мэдүүлэг /хх 26-27/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.03-ны өдрийн 259 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 40/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:        

Шүүгдэгч Ж.Насанжаргал нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Бүүвэйбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай, улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ж.Насанжаргалын өгсөн:  ... Бүүвэйбаатар миний хоолойг шахахаар нь би Бүүвэйбаатарын нүүрэн тус газар луу нь 2-3 удаа цохиж аваад гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Бүүвэйбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Насанжаргал миний нүүрэн хэсэгт болон хөл рүү цохиж зодсон ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Сувдмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Насанжаргал, Бүүвэйбаатар нар хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ заамдаж бариад ноцолдож байсан би тэр хоёрыг салгаад Бүүвэйбаатарыг явуулсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Бүүвэйбаатар нь Насанжаргалыг хөгшөөн гэж хэлсэн, тэр асуудлаас болж тэр хоёр муудалцаад ... Насанжаргал Бүүвэйбаатарын нүүрэнд цохих шиг болсон ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.03-ны өдрийн 259 дугаарт шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

           Иймд шүүгдэгч Ж.Насанжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Н.Бүүвэйбаатар нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Насанжаргал нь хохирогч Н.Бүүвэйбаатартай эвлэрсэн болохоо талууд мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатиган овогт Жамъяншаравын Насанжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Ж.Насанжаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Насанжаргал нь 450000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Насанжаргал нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.Насанжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Насанжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД