| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2026/0061/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/52 |
| Огноо | 2025-12-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Ж.Энхбат,
Шүүгдэгч Г.Т , түүний хууль ёсны төлөөлөгч Д.Г , өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулж дуусган эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулахаар прокурорын санал үйлдэж ирүүлсэн Г.Т д холбогдох эрүүгийн 2509034091533 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын баруун хэсгийн шилэн хаалтыг чулуу шидэж хагалан гэмтээсний улмаас Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт бага хэмжээнээс дээш буюу 865,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Г.Т нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын баруун хэсгийн шилэн хаалтыг чулуу шидэж хагалан гэмтээсний улмаас Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт бага хэмжээнээс дээш буюу 865,600 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 дугаар тал/,
Хохирогч П.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын баруун хэсгийн цэнхэр туяатай шил рүү дугуй унасан эрэгтэй хүн чулуу шидэж хагалсан. Уг шилийг 2008 онд “...” ХХК-иар дамжуулж БНХАУ-д захиалгаар хийлгэсэн. Хагарсан шилийг нэг ширхгээр хятад улсад захиалах боломжгүй, хагарсан шилний үнийн талаар манай газар сайн мэдэхгүй, тодорхойгүй байна. “...” ХХК нь 865,000 төгрөгөөр хийх үнийн санал гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Гэрч Н.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг 55 минутын үед үүрэг гүйцэтгэж байх хугацаанд унадаг дугуй унасан 30 гаруй насны иргэн Төрийн ордны баруун урд талын шилэн хананы урд ирж зогссон. Тухайн иргэнийг зураг дарах гэж байна гэж бодсон. Энэ үед мөн хурим хийж байгаа иргэд зураг авхуулж байсан. Тийшээ анхаарал тавьсан байх үед чанга чимээ гарсан. Хартал тухайн дугуйтай иргэн шилэн хана руу юм шидсэн болов уу гэлтэй амандаа үглээд эргээд явсан. Би тухайн залууг “хөөе, нааш ир” гээд дуудахад эргэж хараад “чамайг ална” гээд явсан. Би тухайн иргэнийг сэтгэцийн өөрчлөлттэй хүн байх гэж бодсон. Ханан шил рүү харахад хагарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Гэрч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Т нь 1992 оны 12 дугаар сард миний том хүү болон мэндэлсэн. Сонгинохайрхан дүүргийн 81 дүгээр сургуулийг төгсөөд Монгол Улсын их сургуулийг эдийн засагч мэргэжилтэйгээр төгссөн. Одоогоор миний ажилд тусалж барилгын ажил хийдэг. Төлөв даруу, бүрэг ичимхий зантай, архи тамхи хэрэглэдэггүй. Эхнэр хүүхэдгүй ганц бие. Эхнэр бид хоёртой нэг хашаанд тусдаа амьдардаг. Учруулсан хохирлын төлж өгөх болно. Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд хэвийн бөгөөд урьд өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн СБ1-25- 237 дугаартай: “...зах зээлийн үнэлгээ 865,600 төгрөгөөр үнэлэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-37 дугаар тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 9 дүгээр 24-ний өдрийн 950 дугаартай: “...Г.Т нь F20.0 Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь дотоод шалтгаант удамших хандлагатай эмгэг болно. Г.Т нь одоо F20.0 Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Т нь хэрэг учрал болох үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна. Г.Т нь одоо F20.0 Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь хөдөлж, дахиж, сэдэрсэн тохиолдолд өөртөө болон бусдад гэм хор учруулах боломжтой байна. Г.Т нь хэрэг учрал болсон цаг хугацаанд өөрийнхөө хийж байгаа үйлдэл, өөрийгөө хянах чадвар султай байсан байна. Г.Т нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадваргүй байсан байна. Г.Т д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 6 сараар авах саналтай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-46 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй ба хохирлын хэмжээг “...бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж диспозицийг заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “...бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан ба тус гэмт хэргийн улмаас нийт 865,600 төгрөгийн хохирол учирсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Г.Т нь “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Т ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна.
Гэвч шүүгдэгч нь Г.Т нь сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 9 дүгээр 24-ний өдрийн 950 дугаартай: “...Г.Т нь F20.0 Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь дотоод шалтгаант удамших хандлагатай эмгэг болно. Г.Т нь одоо F20.0 Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Т нь хэрэг учрал болох үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна. Г.Т нь одоо F20.0 Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь хөдөлж, дахиж, сэдэрсэн тохиолдолд өөртөө болон бусдад гэм хор учруулах боломжтой байна. Г.Т нь хэрэг учрал болсон цаг хугацаанд өөрийнхөө хийж байгаа үйлдэл, өөрийгөө хянах чадвар султай байсан байна. Г.Т нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадваргүй байсан байна...” гэх дүгнэлтээр нотлогдож байна.
Хоёр. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар:
Талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 950 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Сэтгэц эмгэг судлалын клиникт 6 сарын хугацаагаар эмчлүүлэх дүгнэлт тусгасан тул дүгнэлтийн дагуу эмчлүүлэх саналтай байна. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа хэд хоног хэвтүүлж, байлгасан байдаг...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатараас: “...Улсын яллагчийн санал гаргасан албадлагын чанартай арга хэмжээ авах санал дээр хугацааг нь багасгаж өгнө үү....” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно.” гэж хуульчилсан.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 9 дүгээр 24-ний өдрийн 950 дугаартай дүгнэлтэд: “...Г.Т нь F20.0 Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Т ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 6 сараар авах саналтай байна...” гэж шүүгдэгчийг эмчлэх шаардлагатай хугацааны талаар дүгнэжээ.
Шүүхээс шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Т ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 6 сарын хугацаагаар хэрэглэх санал ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас 865,600 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Бусад асуудлаар:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгах нь зүйтэй.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 19.3, 36.2, 36.7, 36.10, 36.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Т ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Г.Т д 6 /зургаа/ сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт даалгасугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгасугай.
4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.