| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2023/00335/И |
| Дугаар | 140/ШШ2023/00427 |
| Огноо | 2023-10-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 140/ШШ2023/00427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Хариуцагч: ******* ХХК-нд холбогдох, Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 41,290321 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Г.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь ******* ХХКомпанитай харилцан тохиролцож төмөр замын геодезийн ажил гүйцэтгэхээр 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 20/08 тоот гэрээ байгуулан ******* аймгийн ******* сумын нутагт тавигдаж байгаа төмөр замын 4,8 км замын геодезийн ажлыг гүйцэтгэсэн.
******* ХХК нь гэрээнд заасан хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд ******* ХХК нь гэрээнд заасан ажлын хөлснөөс 32,000,000 төгрөгийг төлсөн.
******* ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 27-ны тооцоо нийлж 27,526,881.72 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан ба төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна.
Хариуцагчийн хаягаар ******* дүүргийн иргэний хэргийн шүүхэд өгсөн боловч уг хаягтаа байрладаггүй ба утсаар тодруулахад аймагт үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдсэн тул нэхэмжлэлийг шүүхээс буцаасан. Хариуцагч нь аймаг, хот, баг, айлын тоотод үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн тул дээрх хаягаар нэхэмжлэлийг гаргаж байна.
Ажил гүйцэтгэх гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар Захиалагч тал гэрээт ажлын төлбөрийг Гүйцэтгэгч талд гэрээнд заасан хугацаанд төлөхгүй бол төлбөрөө төлөөгүй хоног тутамд 0,1 хувийн алданги тооцно гэж заасан ба ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 27,526,881 төгрөг, алданги буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 13,763,440 төгрөг, нийт 41,290,321 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: овогтой миний бие ******* ХХК-ийн нэхэмжилсэн дүнг зөвшөөрөх боломжгүй ба тус компанитай уулзаж эцсийн байдлаар тооцоо нийлэх, төлбөрийг яаж төлөх талаар тохиролцож ярилцах шаардлагатай байгаа тул тус асуудлыг хойшлуулж өгөхийг хүсье ээ гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь ******* ХХК-тай харилцан тохиролцож төмөр замын геодезийн ажил гүйцэтгэхээр 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 20/08 тоот гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр юу тохиролцсон бэ гэхээр ******* аймгийн ******* сумын нутагт тавигдаж байгаа төмөр замын геодезийн хэмжилтийн ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээг 4 сарын хугацаатай байгуулсан, нэг сарын ажлын хөлсийг сард 16.000.000 төгрөг байхаар тохиролцсон. ХХК нь нэг гишүүнтэй, гүйцэтгэх захирал нь Э., хувьцаа эзэмшигчийг нь 100 хувь Э. хариуцдаг. ХХК захирал , ХХК-ийн захирал Э. нар хоорондоо тохиролцож гарын үсэг зурж тамга тэмдэг дарж гэрээ байгуулан ажилласан. Гэрээт ажлууд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Гэрээт ажлаас ******* ХХК 2 сарын ажлын хөлс 32,000,000 сая төгрөгийг төлсөн. ******* ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлж үлдэгдлээ баталгаажуулсан. Энэ үлдэгдлээр ХХК нь 27,526,881.72 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Уг мөнгийг төлөхийг удаа дараа шаардсан. Улаанбаатар хотод байдаг хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ хаягт байхгүй аймагт үйл ажиллагаа явуулдаг гэсэн учраас аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* ХХК хэмжилтийн ажлаа хийж гүйцэтгэж тооцоо нийлж дуусгасан. Үүнээс хойш 3 жил гаруй хугацаанд хариуцагч талаас төлбөрийг төлнө гэдэг боловч уг хугацаанд төлбөрөө төлөхийг шаардахад мөнгө байхгүй, батарын нөхцөлөөр өөр ажил өгье, машин техник өгье гэдэг боловч өгөөгүй. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажил гүйцэтгэх гэрээний 3.4-д зааснаар захиалагч тал гэрээт ажлын төлбөрийг гүйцэтгэгч талд гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор заасан байгаа. ХХК-ийн гүйцэтгээгүй ажлын төлбөр болох 27.526.881.72 төгрөг, алдангийг хуульд заасны дагуу 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 27.526.881 төгрөгийн 50 хувь болох 13.763.440 төгрөг, нийт 41.290.321 төгрөгийг ХХК-аас гаргуулж өгнө үү, улсын тэмдэгтийн хураамжид 4.402 төгрөгийг төлсөн гэв.
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээ, ******* ХХК-ийн ******* ХХК-тай тооцоо нийлсэн акт, төлбөрийн хүснэгт зэрэг баримтууд хэрэгт авагдсан.
Хариуцагч талаас: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбарыг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 27,526,881 төгрөг, алданги буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 13,763,440 төгөрг, нийт 41,290,321 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 20/08 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр хийж, уг гэрээгээр ******* аймгийн ******* сумын нутагт тавигдаж байгаа Төмөр замын геодезийн хэмжилтийн ажлыг 4 сарын хугацаатай, 1 сарын ажлын хөлсийг сард 16,000,000 төгрөгийн хөлстэйгээр 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохиролцжээ.
Иймд дээрх гэрээгээр талууд 48 километр бүхий ******* аймгийн ******* сумын нутагт тавигдаж байгаа Төмөр замын геодезийн хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэх, уг ажлыг хүлээлгэж өгөх хугацаа, ажлын хөлс, түүнийг төлөх журмыг тохирсон байгаагаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу захиалагч байгууллагад ******* аймгийн ******* сумын нутагт тавигдаж байгаа Төмөр замын геодизийн хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэж 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэж өгсөн болох нь ******* ХХК-ийн ******* ХХК-тай тооцоо нийлсэн актаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх ажлын хөлсөнд 27,526,881.72 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан баталж, тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.
Түүнчлэн талуудын дээрх гэрээний тохиролцоогоор ажлын хөлсөнд нийт 64,000,000 төгрөгийг өгөхөөр харагдаж байгаа боловч нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...гэрээ байгуулсан 4 сардаа бүтэн ажиллаагүй, 2 сарын ажлын хөлс 32,000,000 төгрөгийг өгсөн, 2020 оны 6 сард 20 хоног, 2020 оны 7 сард 12 хоног гээд тооцоо гаргасан... гэж тайлбарлаж байгаагаас харахад нийт 59,526,881 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч шилжүүлэхээс 32,000,000 төгрөгийг төлсөн гэдгийг нэхэмжлэгч тал зөвшөөрч энэ талаар маргахгүй байна.
Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 59,526,881 төгрөгийн ажлын хөлс төлөхөөс 32,000,000 төгрөгийг төлснийг хасч, үлдэгдэл ажлын хөлс 27,526,881 төгрөгийг захиалагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Харин талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гэрээнд захиалагч тал ажлын хөлс төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд алданги төлүүлж хариуцлага хүлээлгэхээр зааж, нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллагыг ажлын хөлсөө хугацаандаа төлөөгүй гэж 27,526,881 төгрөгт алданги буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 13,763,440 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ..энэхүү алдангаас тал хувийг гаргуулахад татгалзах зүйлгүй... гэснийг харгалзан үзэж алданги 13,763,440 төгрөгөөс 6,881,720 төгрөгийг гаргуулж, үлдэгдэл 6,881,720 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.
Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч Э. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 34,408,601 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж бодож 329,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 27,526,881 төгрөг, алданги 6,881,720 төгрөг, нийт 34,408,601 /гучин дөрвөн сая дөрвөн зуун найман мянга зургаан зуун нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,881,720 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 329,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ