Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2023/00758

 

 

 

 

  2023              09           14     

                       130/ШШ2023/00758

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн Ж сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Г ХХК

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Н овогт А-ийн Н

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг нийт 1,560,150 /нэг сая таван зуун жаран мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А.Н-т холбогдуулан зээлээр авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг нийт 1,560,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн А.Н нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Г ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээлээр шатахуун худалдах худалдан авах гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. А.Н нь Г ХХК-ын Зам зуур шатахуун түгээх станцаас 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 670,350 төгрөгийн шатахууныг, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 369,750 төгрөгийн шатахууныг тус тус зээлээр авсан бөгөөд өнөөдрийн байдлаар иргэн А.Н Г ХХК-д зээлээр авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг нийт 1,560,150 төгрөг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааг заасан. Мөн хуулийн 75 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил гэж зааж өгсөн. Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэснийг тайлбарладаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үүнийг үгүйсгэж байна. Г ХХК-ийн ажилтан Ж.Б-ийг сүүлд 2023 онд дахиж нэхэхэд, би төлөхгүй гэсэн болохоор шүүхэд нэхэмжлэл гаргахаар материалаа явуулсан гэдгээ Ж.Б гэрч мэдүүлсэн. Хариуцагч А.Н төлнө гэж хэлж байсан болохоор хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон. Харин 2023 оноос хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж нэхэмжлэх ёстой байсан боловч мөнгө төл гэдэг шаардлага тавихад, А.Н зөвшөөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон.

1.2. Иймд хариуцагч А.Н-ээс Зээлээр авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг нийт 1,560,150 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А.Н хариу тайлбартаа: Миний бие тухайн үед “Ц” ХХК-д автобусны жолоочоор ажиллаж байсан. Автобусны жолооч нар замд бензин шатахуун авах зайлшгүй шаардлагатай болдог учир замын дагуух шатахуун түгээх станцуудаас гэрээний дагуу шатахуун зээлээр авдаг, авсан шатахууны тооцоог “Ц” ХХК хариуцаж төлдөг байсан. Өөрөөр хэлбэл жолооч бид тус компанийн эзэмшлийн автобусыг жолоодож, компанийн нэр дээр тээвэрлэлт хийдэг байсан учир холбогдох бүр тооцоог тус компани хариуцаж хийдэг байсан. Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг Г ХХК нь автобусны жолооч тус бүртэй тус тусдаа хийдэг байсан. Г ХХК нь жолооч нарын авсан шатахууны тооцоо, холбогдох бусад баримт бичгүүдийг “Ц” ХХК-ийн санхүүд тухай бүрт нь хүргүүлж, холбогдох тооцоог хийдэг байсан. Авсан шатахууны тооцоог жолооч хариуцан төлөх үндэслэл байхгүй. Тухайн үед дээрх хоёр компани яагаад хоорондоо тооцоо хийж, шатахууны мөнгө төгрөгийг авч өгөлцөөгүй болохыг би мэдэхгүй.Би нэхэмжлэлд бичсэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 369,750 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 670,350 төгрөгийн шатахуунаас гадна Ө-У, У-Ө хооронд тээвэрт явахдаа байнга шатахуун авдаг байсан. Бид сард нэг удаа, ачаалал зорчигч ихтэй үед хоёр удаа тээвэрлэлт хийдэг байсан. Бусад бүх тооцоог хийсэн мөртлөө дээрх хоёр удаагийн шатахууны тооцоог яагаад хийгээгүй болохыг би мэдэхгүй. Г ХХК нь дээрх шатахууны тооцоог автобусны эзэн “Ц” ХХК-аас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна.

2.2. Нөгөө талаар бидний хооронд байгуулсан зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааж өгсөн. Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өнгөрсөн байна. Мөн хамгийн сүүлд шатахуун авсан 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаа 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг, нийт 1,560,150 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.

2.3. Иймд энэхүү нэхэмжлэлийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Г ХХК-ийн хуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.О-д олгосон итгэмжлэл, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18-207 дугаартай Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ, Г ХХК-ийн ШТМ-ын зарлагын падаан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас Ц ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/41 дугаартай албан бичиг, Х.Б-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Ж.Б-ийг асуусан гэрчийн тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

6.1.Нэхэмжлэгч Г ХХК нь А.Н-т холбогдуулан зээлээр авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг нийт 1,560,150 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

7.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн А.Н нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Г ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээлээр шатахуун худалдах худалдан авах гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. А.Н нь Г ХХК-ын Зам зуур шатахуун түгээх станцаас 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 670,350 төгрөгийн шатахууныг, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 369,750 төгрөгийн шатахууныг тус тус зээлээр авсан. Иймд хариуцагч А.Н-ээс зээлээр авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг нийт 1,560,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

8. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г ХХК нь А.Н-ээс зээлээр авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг нэхэж байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой. Гэрээний хугацаагаар авч үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэг талаас “Г” ХХК-ийг төлөөлж Ж.Б нөгөө талаас А овогтой Н-ийн хүсэлтээр харилцан тохиролцож, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 18-207 дугаар “Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна.

Энэхүү гэрээний 2.1-д энэхүү гэрээг талууд 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 11 сар хугацаатай байгуулав гэснээр хоёр тал харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү гэрээнд “худалдан авагч талын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслэн гэрээг байгуулна “гэсэн байх ба 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 18-207 дугаар “Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-нд хариуцагч Х.Н-ийн жолооны үнэмлэх болон техникийн тодорхойлолтыг хавсаргасан байна.

9.2. Мөн 065098 дугаартай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн, 069612 дугаартай 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Г ХХК ШТМ-ын зарлагын падаан-нд шатахуун хүлээн авсан Нурбек гэж гарын үсэг зурсан баримтууд болон 2018 оны 02 дугаар сарын 25-ний өдөр 18-207 дугаар “Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-гээр тус тус хариуцагч А.Н нь зээлээр шатахуун хүлээн авсан болох нь нотлогдож байна.

 

10.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

11. Хариуцагч А.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

11.1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

11.2.  Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусан боловч 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч үүргээ зөвшөөрч байсан ба нэхэмжлэгч тал шаардаж байсан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

11.3. Зээлийн гэрээний 4.1-т энэхүү гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаан, санал зөрөлдөөнийг талууд хэлэлцэн тохиролцож шийдвэрлэх ба ийнхүү тохиролцоонд хүрч чадахгүй бол нэхэмжлэлийг худалдагч талын харьяалах шүүхэд гаргахаар талууд харилцан тохиролцов гэж зааснаас үзэхэд эхлээд талууд харилцан зөвшилцөөд боломжгүй тохиолдолд шүүхэд хандах нөхцөлийг тохирсон байх тул энэ журмаар шүүхэд хандсанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч боломжгүй гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах үйлдлийг хийх ёстой бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т шаардах эрх нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс тоолно гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

12. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага зээлээр авсан шатахууны үнийн дүн дээр маргаагүй болно.

13. Нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр гэрчээр асуугдсан гэрч Ж.Б нь “ ... Н-тэй 2-3 удаа шаардлага тавьж утсаар ярьсан. Өмнөх төлбөрөө тухай бүр төлж байсан. Ковид гарсантай холбоотой манайхаас өр төлбөрөө нэхэмжлээгүй. Энэ хүн өөрөө төлнө гээд байсан учраас 2018 оны энэ гэрээг авч үлдсэн. “ .... Хамгийн сүүлд 2023 оны 06 сард утсаар ярьж төлөхийг шаардахад “Би төлөхгүй, Ц ХХК төлнө” гэсэн. Тэгээд Ц ХХК-тай ярихад манайд хамаагүй гэсэн хариу өгсөн. Тэгээд А.Н-т энэ талаар хэлэхэд надад тооцоо байхгүй гэж бодож байгаа гэсэн хариу өгсөн” гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Дээрх гэрчийн мэдүүлгээс харахад хариуцагч А.Н-ээс зээлээр авсан шатахууны үнийг төлөхийг шаардаж байсан байна. 

14. Зээлийн гэрээний 3.1.5-д худалдагч нь худалдан авагчаас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шатахууны үнийг алдангийн хамт шаардах эрхтэй гэж заасан байх ба энэхүү гэрээнд заасныг хариуцагч А.Н нь хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үзэг зурсан байна.

14.1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас зээлээр авсан шатахууны мөнгө 1,040,100 төгрөгийг  хариуцагч А.Н нь хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 2.3-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч “Г” ХХК нь алданги 520,050 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

14.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангийн хэмжээг хариуцагч А.Нийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1,040,100 төгрөгийн 50 хувь болох 520,050 төгрөгөөр тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байна гэж  үзлээ.

14.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр  18-207 дугаар “зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна.

15. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

16. Иймд нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.Н-ээс  “Г” ХХК-иас зээлээр авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг, нийт 1,560,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгох нь зүйтэй байна.

17. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч А.Н-ээс 39,913 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч А.Н-ээс зээлээр авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг,  алданги 520,050 төгрөг, нийт 1,560,150  /нэг сая таван зуун жаран мянга нэг зуун тавин/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н-ээс 39,913 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 К.Б