| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0522/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/547 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/547
2025 12 03 2025/ШЦТ/547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Б.Лнарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лувсан-Очирт холбогдох эрүүгийн 2525000000722 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Л
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Лнь урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЗШ/1878 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа 2025 оны 10 дугаар сарын 31-ний шөнө дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1,23 хувийн согтолттой байх үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт Тоёота гранд марк-2 загварын 00-00 ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Л мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, холбогдсон хэргээ ойлгосон гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2525000000722 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “7510 серийн дугаартай, Аlcotest багажаар Б/-ны согтуурлын зэргийг хэмжихэд 1.23% согтуурлын зэрэг тогтоогдлоо” гэсэн бичиглэл бүхий тэмдэглэл /хх-ийн 10--11-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны09-р сарын 09-ний өдрийн 1878 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 15-16-р тал/
-00-00 ... улсын дугаартай Тоёота марк II-X110 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 17-р тал/
-Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19-р тал/
-Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-р тал/,
-гэрч О.Ж мэдүүлсэн:..Би Орхон аймгийн цагдаагийн газар замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажилладаг. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэгдсэн эргүүл шалгалтын үүрэг Их залуу багийн морь бариа салдаг уулзвар дээр үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 23 цагийн үед 00-00 ... улсын дугаартай гранд марк-2 загварын мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Б.Лнь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд үлээлгэж шалгахад 1.23% согтолттой байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг саатуулсан жолоочийг шалгахад эрхээ хасуулсан байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,
-Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 11-р сарын 04-ний өдрийн Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 31-р тал/
-шүүгдэгч Б.Л яллагдагчаар мэдүүлсэн:..Прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Надад гаргах санал, хүсэлт байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч харамсаж гэмшиж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Лнь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЗШ/.... дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа 2025 оны 10 дугаар сарын 31-ний шөнө дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1,23 хувийн согтолттой байх үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт Тоёота гранд марк-2 загварын 00-00 ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, бусад бичмэл баримтууд зэрэг хамаарал бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай,хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.Лнь нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу эрх хассан хугацааны дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтуурал шалгасан багажны заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, камерын бичлэг,түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт шинжийг заасан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлон тогтоосон ба 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж, эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.
Энэ гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн хэлбэрийн тухайд болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийн талаар тодорхойлсон ба 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжийг тодорхойлсон.
Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж, үйлдэлдээ хайхрамжгүй хандсан болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Лнь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай эсэх талаар эргэлзээ бүхий үндэслэл тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 2900 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож, 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял санал болгоход зөвшөөрсөн, төлөх төлбөргүй гэж,
-шүүгдэгч Б.Лувсан-Очир: Гэм буруугаа хүлээж сайн дураараа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурорын санал болгосон ялыг ойлгосон,өөр саналгүй гэж тус тус дүгнэлт санал гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ,
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2,900,000 төгрөгөөр торгох ял, 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Бын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 хоёр сая есөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Л-т шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 хоёр сая есөн зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ