| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0420/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/01 |
| Огноо | 2025-12-22 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2016/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Э холбогдох эрүүгийн 2538003210587 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.Э , 1*** оны *** дугаар сарын ***-ны өдөр Х суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Т-ийн ЕБС-ийн тогооч, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Х тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн р**** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Э нь 2025 оны 07 дугаар сарын 05-наас 06-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч цолтой Г.О сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх А0902 авто зам дээр Тоёота Рав 4 маркийн 5****** Х*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгах явцад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж, машины түлхүүрийг авахаар эрүү, баруун шуу хэсгээс нь маажиж, нүүр рүү нь алгадаж, цохиж, хувцсыг нь урж, хүч хэрэглэн эсэргүүцэж, 106,385 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Э нь 2025 оны 07 дугаар сарын 05-наас 06-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч цолтой Г.О -г Т сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх А0902 авто зам дээр Тоёота Рав 4 маркийн 5****** ХӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгах явцад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж, машины түлхүүрийг авахаар эрүү, баруун шуу хэсгээс нь маажиж, нүүр рүү нь алгадаж, цохиж, хувцсыг нь урж, хүч хэрэглэн эсэргүүцэж, 106,385 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас), хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-11-р хуудас), энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-18-р хуудас), хохирогч Г.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 22-23, 25-р хуудас), Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас), Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Б.Х 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 914195 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Г.О-д 106,385 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Х.Адилмаад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538003210587 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-г 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2538003210587 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн 2538003210587 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Х.Адилмаад даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР