Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Б.Соёлмаа,

Шүүгдэгч З.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Адъяа овогт Зэмээгийн Ганбатад холбогдох эрүүгийн 201726030633 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 10 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ШГ70112374 /, Адъяа овогт Зэмээгийн Ганбат нь:

- 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 10-4 тоотод  “согтуу хүн агсам тавиад байна ” гэх дуудлагын дагуу очсон тус хэлтсийн хэв журмын офицер, хууль сахиулагч С.Хишигдоржийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, түүний биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Хишигдоржийн илтгэх хуудас, албаны үнэмлэхний хуулбар, учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-6 /,

Хохирогч С.Хишигдорж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Яармагийн 10-4 тоотод “нөхөр агсам тавиад байна” гэх дуудлага дамжуулсаны дагуу тухайн хаяган дээр 10 цаг 47 минутанд очиж шалгахад З.Ганбат нь архидан согтуурсан үедээ гэртээ агсам тавьж байсныг таслан зогсоож гэрээс нь машинд суулгахаар авч гарах үед хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж зүүн талын хөмсгийг сэт цохьсон. ...Миний хөмсөгнөөс цус гараад тогтохгүй болохоор нь “Гранд мед” эмнэлэг дээр очиж мэс заслын 3 оёдол тавиулсан.  ... З.Ганбат надад эмчилгээний зардалд 800,000 төгрөг бэлнээр өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй...” гэжээ  / хх 15-16, 58-59 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6706 дугаартай дүгнэлтэнд:

“... 1.С.Хишигдоржийн биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. / хх 21 /,

Гэрч Б.Мөнхбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...С.Хишигдорж бид 2 хоёр талаас нь сугадаж авч гарах гэхэд “гарахгүй” гээд гэр дотроо зугтаагаад байсан. Тэгэхээр нь бид 2 барьж аваад гав хэрэглэх гэснээ жаахан хүүхдийн хажууд яршиг гэж бодоод дундаа оруулаад дагуулаад гэрээс гарах үед урд талд явж байсан дэслэгч С.Хишигдоржийн нүүрэн тус газар нь цохиж хөмсгийг нь язалсан...” гэжээ. / хх 41 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ганбат мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 800.000 төгрөг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ялын саналыг зөвшөөрч байгаа. Хууль зүйн үр дагаварыг нь ойлгож байгаа. Би 2016 оны 11 дүгээр сарын 10-нд “Магна профит инвестмэнт ББСБ-с 7.000.000 төгрөгний оюутны сургалтын төлбөрийг зээл авсан юм. Иймд шүүхээс хүсэхэд 2.700.000 төгрөгний торгуулийн ялыг удаан хугацаагаар хэсэгчлэн төлөх боломж олгож өгөөч гэж хүсэх байна гэв.

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45/, ял шалгах хуудас /хх 30/, хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх 70 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч З.Ганбат нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 10-4 тоотод  “согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу очсон тус хэлтсийн хэв журмын офицер, хууль сахиулагч С.Хишигдоржийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, түүний биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №6706 тоот шинжээчийн дүгнэлт  зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Ганбат нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч З.Ганбатад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 / хоёр мянга долоон зуун / нэгж буюу 2.700.000 / хоёр сая  долоон зуун мянган / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ганбатад оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч З.Ганбатад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч З.Ганбат нь хохирогч С.Хишигдоржид 800.000 / найман зуун мянган / төгрөг төлснийг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Адъяа овогт Зэмээгийн Ганбатыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ганбатыг 2700 / хоёр мянга долоон зуун / нэгж буюу 2.700.000 / хоёр сая долоон зуун мянган / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Ганбатад оногдуулсан 2.700.000 / хоёр сая долоон зуун мянган / төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Ганбат нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч З.Ганбатад оногдуулсан  2.700.000 / хоёр сая долоон зуун мянган / төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Ганбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД