Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/614

 

 

 

 

 

 

    2021           6              24                                       2021/ДШМ/614

 

Б.Дд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/701 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Болорзулын бичсэн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Дд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Л овгийн Бы Д, 1988 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Экологич мэргэжилтэй, “...” ХХК-ын захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан;

Б.Д нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хөдөө аж ахуйн яамны хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл бичиж өгнө гэж хуурч хохирогч Д.Маас 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкны дансаар 1.500.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан мэхэлж нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Залилах гэмт хэрэг үйлдэх аргыг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлохдоо бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар үйлдэгдэхээр заасан байх ба өөр бусад аргаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг энэ гэмт хэрэгт хамааруулж үзэхээргүй юм. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь бусдын дансаар дамжуулан хохирогч Б.Мын 5.000.000 төгрөгийг авсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх боловч хохирогч Б.Мыг “Хөдөө аж ахуйн яамны хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл бичиж өгнө” гэж хуурах аргаар “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг мөрдөн шалгах явцад хангалттай тогтоож ирүүлээгүй, хохирогч нь шүүгдэгчийн хууль бус ямар аргад хууртан төөрөгдсөн болох нь эргэлзээтэй байна. Учир нь, гэрч С.Цэцэгмаа нь хохирогч Б.Мын ажлыг бүтээж өгнө, би махны үйлдвэр оруулж ирж байгаа гэж түүнийг өөртөө итгүүлэн, төслийн материалыг хүлээн авч улмаар тендерийн баталгааны урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, яам дээр төслийн хурал нь болох гээд байна гэж 5.000.000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлэх зэрэг идэвхтэй үйлдэл гаргасан талаар хохирогч Д.М мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой мэдүүлсэн. Хэргийн талаар ач холбогдол бүхий зүйлийг мэдэх гэрч С.Цэцэгмаа болон хохирогч Д.М нарын мэдүүлэг ноцтой зөрүүтэй байхад холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд зааснаар гэрч хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж гэмт хэргийг хэн үйлдсэн, гэрч С.Цэцэгмаагийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх зэргийг шалгаж, хэргийг бодит байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай байна гэж шүүх үзлээ. Хохирогч Д.М нь хэрэгт авагдсан Консервны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх төслийн хуулбарууд нь манай компанийн бичсэн төслүүд үг үсгийн зөрүүгүй адил байна гэж, шүүгдэгч Б.Д тухайн төслийг сайжруулж бичсэн тул өөр төсөл гэж тус тус маргаж байх тул шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч хавтас хэргийн 120-153, 155-192 дугаар талд авагдсан төслүүдэд тусгай мэдлэг бүхий шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор С.Болорзул бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс хохирогч Б.Мын өөрийн бичсэн Консервны үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх төсөл, яллагдагч Б.Дгээс мөрдөн байцаалтад гаргаж өгсөн ...төслүүдийг тусгай мэдлэг бүхий шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг явуулахаар заасан. Хохирогч Б.М хэрэгт өөрийн бичсэн Консервны үйлдвэрийн нэртэй төслийг гаргаж хавсаргасан ба уг төслийг гэрч Цэцэгмаад өгсөн, Цэцэгмаа уг төслийг яллагдагч Б.Дд энэ төслийг бичээд өгөөрэй гээд өгсөн талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн. Шүүх дээрх төслүүдийг хооронд нь харьцуулсан шинжилгээ хийлгэж хуулбарласан, өөрчилсөн эсэхийг тогтоолгохоор тусгай мэдлэг бүхий шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр заасан нь учир дутагдалтай байна. Учир нь, төслүүдийг харьцуулах шинжилгээ хийлгэх өөр бусад газарт баталгаажуулсан хувь байхгүй. Дээрх хоёр төслийг компьютер дээр бичсэн нь тэдгээр төслүүдийг хэн хэнээсээ хуулбарласан гэдгийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг төслүүдийг мөрдөгч хэрэгт хавсаргахдаа төсөлд бичигдсэн зүйлсийн ижил адил зүйлийг харьцуулан тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан байдаг. Иймд дээрх төсөлд харьцуулсан шинжилгээ хийлгэх нь хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзэхээргүй байх тул шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийн эрхэд халдаж хохирол учруулсан байхыг шаарддаг. Энэ гэмт хэргийн хохирогч Д.М нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Д гэдэг хүн намайг хохироосон зүйл байхгүй. Анх удаа шүүх хуралдаан дээр харж байна. Энэ хүнд би мөнгө өгөөгүй” гэж хууль сануулсан хохирогчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Яллагдагчаар татагдсан этгээдэд ач холбогдолтой болохоос биш төслийн талаар харьцуулсан шинжилгээ хийх нь төдийлөн ач холбогдолгүй. Мөн хэргийн үйл баримтад ноцтой нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас тусгайлан хэлэх тайлбаргүй. ...Б.Д мөнгийг хохирогчоос гардаж аваагүй. Энэхүү нөхцөл байдлыг гэрч Цэцэгмаа бий болгосон. Б.Дгийн дансанд хохирогчоор мөнгө дамжиж ороогүй. Өөрөөр хэлбэл, Цэцэгмаа аваад мөнгө нь нэхэгдээд ирэхээр Б.Дгийн данс руу мөнгийг шилжүүлсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Хохирогчоос мөнгө авсан Цэцэгмаагийн үйлдэл цаг хугацааны хувьд урт хугацаанд байдаг. Энэ хугацаанд хохирогч Цэцэгмаагаас мөнгөө нэхдэг. Гэтэл төслөө бичээд Цэцэгмаад хүлээлгэн өгсөн үйл баримт гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Яллагдагчаар татах этгээд нь Цэцэгмаа гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр ч тухайн агуулгаар гарсан. Бүлэглэсэн гэсэн зүйл байхгүй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 701 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд зааснаар гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэрч С.Цэцэгмаагийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх зэргийг шалгах, ...хавтас хэргийн 120-153, 155-192 дугаар талд авагдсан төслүүдэд тусгай мэдлэг бүхий шинжээч томилж дүгнэлт гаргуулах...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагагүй байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулан, тэдгээрийн тайлбар, дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан, тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн, хохирогч Д.М нь “Хэрэгт авагдсан Консервны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх төслийн хуулбарууд нь манай компанийн бичсэн төслүүд үг, үсгийн зөрүүгүй адил байна” гэж, шүүгдэгч Б.Д “Тухайн төслийг сайжруулж бичсэн тул өөр төсөл” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн байх ба тэдний мэдүүлгийн зөрүүг шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарыг оролцуулан мэтгэлцүүлж зөрүүг арилгах боломжтой, шинжээчийн дүгнэлт гаргуулах нь тус хэрэгт ач холбогдолгүй байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд гэм буруугийн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг биш, эсхүл шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдвол хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх бүрэн эрх анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой, шүүгчийн захирамжийн үндэслэлд заасан мөрдөн шалгах ажиллагааг дахин хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэв.

Иймд, прокурор С.Болорзулын бичсэн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/701 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/701 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ