| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0082/З |
| Дугаар | 128/ШШ2023/0370 |
| Огноо | 2023-04-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2023/0370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Эрдэнэсувд, Ч.Бямбасүрэн, Ж.Чулуунцэцэг, Д.Энхтуул
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Хариуцагч. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар
Гуравдагч этгээд: Б.Алтанцэцэг нарын хоорондын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай захирамжийн Б.Алтанцэцэгт холбогдох хэсэг болон Б.Алтанцэцэгийн нэр дээр хийгдсэн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2203026189 дугаартай бүртгэл, Өмчлөх эрхийн 000250523 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Ж.Чулуунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Өмч хувьчлалын товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Л.Эрдэнэсувдад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Эрдэнэсувд, Ж.Чулуунцэцэгийн эрх залгамжлагч Л.Баяраа, Ч.Бямбасүрэн, нэхэмжлэгч Д.Энхтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, нэхэмжлэгч Ч.Бямбасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шуурай, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтантуяа, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинхорлоо, гуравдагч этгээд Б.Алтанцэцэг, гэрч В.Байлаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Эрдэнэсувд, Ч.Бямбасүрэн, Ж.Чулуунцэцэг /Л.Баяраа/, Д.Энхтуул нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай захирамжийн Б.Алтанцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.Алтанцэцэгийн нэр дээр хийгдсэн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2203026189 дугаартай бүртгэл болон, Өмчлөх эрхийн 000250523 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах-аар,
1. Гуравдагч этгээд Б.Алтанцэцэгээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Ж.Чулуунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Өмч хувьчлалын товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Л.Эрдэнэсувдад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар бие даасан шаардлага гарган тус тус маргаж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмших иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших эрх олгох тухай 190 дугаар захирамжаар 1 дүгээр хавсралтад заасан нэр бүхий 61 иргэнд иргэний ахуйн зориулалтаар эзэмших эрх олгохоор захирамжилсан, уг захирамжийн хавсралтын 31-д Б.Алтанцэцэг багтжээ.
3. Нэхэмжлэгч .Эрдэнэсувд, Ч.Бямбасүрэн, Ж.Чулуунцэцэг /Л.Баяраа/, Д.Энхтуул нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
3.1 Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Рашааны 8 дугаар гудамж, Номын худалдааны байранд 1993, 2003, 2006 оноос хойш амьдарч байгаа оршин суугчид юм. Уг байрыг хувьчлалын бичгээр өөрийн өмчид шилжүүлэн авсан бөгөөд уг бичиг нь нэхэмжлэгч тус бүрд хадгалагдаж байгаа юм. Мөн тухайн газрыг өмчлөхөөр хэд хэдэн удаа холбогдох байгууллагуудад хандсан боловч нийтийн эзэмшлийн газар гэсэн үндэслэлээр газар эмчлэх өргөдлийг удаа дараа буцааж байсан.
3.2 2016 онд тухайн газрыг өмчлөхөөр дахин хүсэлт гаргахад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай захирамжийн дагуу дээрх айлуудын 319м талбай бүхий газар нь Б.Алтанцэцэг гэх иргэний эзэмшилд байгаа тухай олж мэдсэн. Тэгэхээр уг захирамжид дурдсан Д.Алтанцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Уг газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргасан Б.Алтанцэцэг гэгч нь тухайн үед манай хороонд амьдарч байгаагүй, бид огт танихгүй Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газар, дүүргийн эмч газрын харилцааны албанд тус тус хандсан бөгөөд Б.Алтанцэцэг гэгч нь Монгол Улсын Иргэний болон Газрын тухай хуулиудыг зөрчиж, Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны алба нь газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дээрх хуулиудыг зөрчиж, уг захирамжийг гаргасан байх үндэслэлтэй тул холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.
4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаа дээр гаргасан нэмэлт тайлбартаа:
4.1 Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 190 дугаар захирамжаар Б.Алтанцэцэгт холбогдуулан гаргасан 319 м талбайг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, рашааны 8 дугаар тоот, номын худалдааны байр гэх байдлаар алдаа дутагдалтай хаяг олгож газрын эрхийг олгосон гэж үзэж байна.
Эдгээр иргэдийн тухайн газар амьдарч байгаа бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулах албанаас зөвхөн гуравдагч этгээдийн гаргасан хүсэлт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэж газрын эрх үүссэн байдаг. Тухайн эрхийг үүсгэсэн баримт нь улсын бүртгэлийн байгууллагаас эрх үүсгэсэн нөхцөл байдал байдаг. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулах алба болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга тухайн шийдвэрийг гаргахдаа бодит нөхцөл байдал, тухайн газар амьдарч байгаа иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг судлаагүй, хүсэлтэд үндэслэж шийдвэр гаргасан учраас тус шийдвэр гарсан. Маргаан бүхий захиргааны акт гарахад нэхэмжлэгч иргэд тухайн газар амьдарч байсан.
4.2 Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулах алба болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 190 дүгээр захирамж гарах үндэслэл болсон баримт бичиг нь Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа буюу шийдвэр байдаг.
Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд гуравдагч этгээд хүсэлт гаргахдаа үнэн зөв баримт өгөөгүй. Тус баримтыг нэхэмжлэгч нарыг зүгээс хуурамч баримт гэж үздэг. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар бодит байдлын судалгаа хийгдсэн байх ёстой.
Тухайн үед хүчин төгөлдөр байсан орон сууц хувьчлах шийдвэр дээр үндэслэж, эзэмшиж байгаа Л.Эрдэнэсувдын нөхцөл байдал нь хуулиар хамгаалагдах нөхцөл байдал нь зөрчигдөж, улсын бүртгэлийн шийдвэр нь Б.Алтанцэцэгийн нэр дээр гарсан. Бодит байдал дээр иргэн Б.Алтанцэцэгийн маргаангүй нөхцөл байдал нь номын худалдааны байрны 8-н тоот нь Б.Алтанцэцэгийн эзэмшилд байгаа гэдэг нь маргаагүй нөхцөл байдал байгаа. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газар эдгээр нөхцөлийг шалган тогтоогоогүйгээс зөвхөн 8-н тоотыг мэдэлдээ авах эрхтэй байсан этгээдэд бүхэлд нь рашааны-8 гэх хаягтайгаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл үүсгэсэн нь хууль бус болно.
4.3 Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэр гаргах гол үндэслэл болсон баримт нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Монгол ном ХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал н.Базаррагчаа гэх хүний гарын үсэгтэй баримт байх ба хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус баримт ирсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа улсын бүртгэл үүсэх болсон үндсэн нөхцөл байдал нь Монгол ном ХК-ийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1011 дугаартай тодорхойлолт бичиг буюу тухайн үед гүйцэтгэх захирал н.Базаррагчаа гэх хүний тамга тэмдэгтэйгээр Б.Алтанцэцэг гэх хүний өмчлөх эрх үүсгэсэн гол баримт гэж ирүүлдэг. Гэтэл тус баримт нь шүүхэд ирүүлсэн Монгол ном ХК-ийн хууль ёсны эрхийн баримттай зөрдөг. Тухайн үед н.Базаррагчаа гэх гүйцэтгэх захирал байгаагүй Монгол ном ХК-ийн тухайн үеийн захирлын хүү нь байх бөгөөд 2022 оноос хойш гүйцэтгэх захирал болсон. 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр эрх нь үүсээгүй байсан гэв.
4.4 Гуравдагч этгээд иргэн Б.Алтанцэцэгийн төрийн захиргааны байгууллагуудад өгсөн хүсэлт, өргөдөл зэрэг нь үндэслэлтэй, үнэн зөв байсан эсэх. Гаргаж өгч байсан нотлох баримт нь бодит нөхцөл байдалтай нийцэж байсан эсэх. Захиргааны байгууллагуудад тухайн хүсэлт, үндэслэлд нь хуульд заасны дагуу ажиллагаа хийж, хянан шинжилж, нягтлан тогтоох үүргээ хэрэгжүүлсэн эсэх. Хэрэгжүүлээгүй эсэх гэсэн нөхцөл байдал дээр шүүхийн дүгнэлт ирэх байх. Энэ нөхцөлд захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл болсон баримт нь 2013 оны Монгол ном ХК-ийн тодорхойлолт гэх баримт нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хавтаст хэргийн 106 болон 107 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтад 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол ном хувьцаат компани нь Монгол ном хязгаарлагдмал хувьцаат компани болж өөрчлөгдөн байгуулагдсан байна. 2013 оны 3 дугаар сард Монгол ном хувьцаат компани гэж байхгүй болсон байхад Монгол ном хувьцаат компанийн тодорхойлолт нь өмчлөх эрхийг нотолж байгаа үндсэн баримт юм гэж хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж өмчлөх эрхийг үүсгэсэн байна. Захиргааны байгууллага тухайн үеийн нөхцөл байдал дээр цахим мэдээллийн бүртгэл дээр эдгээр нөхцөл баримтыг шалган тогтоох боломжгүй байсан нөхцөл дээр тухайн үеийн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны актууд гаргасан байна. Энэ нөхцөл байдал ил болсноор захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдээгүй болох нь тогтоогдож байна гэж үзэж байна гэв.
5 Гуравдагч этгээд Б.Алтанцэцэг бие даасан шаардлагын үндэслэлээ:
5.1 Би номын худалдааны байгууллагад тасралтгүй 18 жил ажилласан. 1992 онд Улсын номын худалдааны газар хувьчлагдаж Монгол ном ХК болж өөрийн эрхийн бичгээр хувьцаа эзэмшигч болсон.
1994 онд уг номын худалдааны ажилчдын байрыг эрхийн бичгээр худалдаж авсан. Нэхэмжлэл гаргаж байгаа иргэд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 8 дугаар гудамжинд байрлах Номын худалдааны ажилчдын байранд хууль бусаар, үнэ төлбөргүй өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа юм. Миний бие өөрийн бүх баримтыг газрын алба, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад гарган өгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу газрыг эрхийн улсын 2203006357 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан болно.
5.2 Сүхбаатар дүүргийн Засаг дарга хууль бусаар нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр захирамж гаргаж хууль ёсны өмчлөгч миний эрхийг зөрчсөн байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн а/492 дугаар захирамжийн Ж.Чулуунцэцэгт 133 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
5.3 Төрийн өмчийн бус бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр иргэнд хувьчилсан байх тул Нийслэлийн өмч хувьчлалын товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Л.Эрдэнэсувдад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 8 дугаар гудамж, номын худалдааны байрны 9 тоот 24 м.кв сууцыг хувьчилсан тогтоолыг хүчингүй болгуулах.
5.4 Би хуулийн дагуу эдгээр орон сууцыг хувьчилж авсан бөгөөд 980 төгрөгөөр нийтдээ 5 байр худалдаж авч байсан. Миний өмгөөлөгч Хөгжлийн банкны хуралд сууж байгаа учраас шүүх хуралд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрч оролцуулах хүсэлт гаргахад шүүх хуралдаан хойшилно гэж үзэж хүсэлтээ гаргаагүй гэв.
6. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа:
6.1 Сүхбаатар дүүргийн 13 дугаар рашааны 8 дугаар гудамжны номын худалдааны байрны 9-н тоотыг Л.Эрдэнэсувдад 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хувьчилсан.
Мөн тус байрны 11 тоотыг Д.Энхбатад 2021 оны 12 дугаар сарын 13 дугаар тогтоолоор тус тус хувьчилсан байгаа. Эдгээр нийтийн байрнууд нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас олгосон орон сууц хувьчлах бичигтэй.
Орон сууц хувьчлах хуулийн дагуу хувьчилсан гэх үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар хувьчлуулах тухай хүсэлтийг тус байрны 10 тоотын иргэн Б.Шуурай гаргасан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баримт бичгээ авчирсан бөгөөд арай хувьчлагдаагүй байгаа. Харин Ж.Чулуунцэцэгийн хувьд өв нээгдээгүй байгаа тул холбогдох баримтууд нь ирээгүй байгаа.
6.2 1990 оны хувьчлалаар улсын үйлдвэрийн газруудын эзэмшлийн орон сууцууд тухайн үед хувьчлагдаж хэн нэгэнд дамжуулж байсан хэдий ч хэн нэгэнд өмчлөх эрх үүсэлгүй 2014 он хүртэл нийтийн орон сууцууд нийтээрээ хаягдсан байсан. Үүнийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо бодлогоороо 2014 онд түр журам гаргаж, 2018 онд Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны ажиллах журамд заалт оруулах байдлаар эмхлэн цэгцэлж нийтийн орон сууцуудыг хувьчилсан. Үүний нэг жишээ нь номын худалдааны 4 айл байгаа.
6.3 Орон сууц хувьчлах хууль болон Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны дүрэм журамд заасны дагуу эзэмших эрхээ авсан эдгээр иргэдэд оногдох газрыг нь хууль ёсны дагуу олгох талаар шүүх онцгойлон шийдвэрлэж өгнө үү? гэв.
7. Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтантуяа шүүх хуралдаан дээр гарган нэмэлт тайлбартаа:
7.1/. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо рашааны 8 дугаар гудамжны 8 дугаар тоот 316 м.кв газрыг иргэн Б.Алтанцэцэг 2010 онд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу 2010 оны Сүхбаатар дүүргийн Засаг даргын 190 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байдаг.
Газар эзэмших эрх олгохдоо манай албаны зүгээс Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг баримталж ажилладаг. Тус тушаал нь бид нар эхлээд газар хүссэн баримт бичгээ авах бөгөөд баримт бичгийг авсны дараа суурин судалгаа хийдэг. Суурин судалгаа гэдэг нь тухайн газар ямар нэгэн хориглолт, хамгаалалтын бүсэд байгаа эсэхийг мэдээллийн сангаас шүүж үздэг.
7.2 Мөн хээрийн судалгааг тухайн газар эзэмшигчийн газар дээр очиж кадастрын зураг болон хүсэлт ирүүлсэн газар мөн эсэх дээр судалгаа хийдэг. Үүний дараа дүүргийн Засаг даргад танилцуулж, газар эзэмшүүлэх эсэх талаар шийддэг.
Гуравдагч этгээд нь 2010 онд манай албанд хүсэлт гаргахдаа өмнө нь амьдарч байсан газар гэж хандахад газар эзэмшүүлэх эрх олгосон байдаг. 2015 онд иргэн Ж.Чулуунцэцэг нь 133 м.кв газарт газар эзэмших эрх хүсэж Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулах албанд хандаж суурин судалгаа хийлгэхэд иргэн Б.Алтанцэцэгийн газартай давхацсан шийдвэрлэх боломжгүй гэх асуудал үүссэнээс уг маргаан эхэлсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 190 дугаар захирамж гарч 15 жилийн хугацаагаар 319 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд мэдээллийн санд бүртгэлтэй, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр захирамж байгаа гэв.
8. Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинхорлоо шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа
8.1 Иргэн Б.Алтанцэцэг нь 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр бүртгэлийн байгууллагад хандахдаа бүргүүлэхийг хүссэн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар болон 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10/11 албан бичиг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулах албаны 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0616310 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэргийг бүрдүүлж өмчлөлийн гэрчилгээг гаргуулан авсан. Иймд өмчлөх эрх хүчин төгөлдөр байгаа. Бодит нөхцөл байдлыг үндэслэж түүний хүрээнд шийдвэрлүүлэх саналтай байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Л.Эрдэнэсувд, Ч.Бямбасүрэн, Ж.Чулуунцэцэг /эрх залгамжлагч Л.Баяраа/, Д.Энхтуул нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч Л.Эрдэнэсувд, Ч.Бямбасүрэн, Ж.Чулуунцэцэг /Л.Баяраа/, Д.Энхтуул нар тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгчид Номын худалдааны байранд 1993, 2003, 2006 оноос хойш амьдарсаар байхад бидэнд мэдэгдэлгүй орон сууцыг Б.Алтанцэцэгт олгосон нь буруу, бид хуулийн дагуу хувьчилж авсан гэж тодорхойлсныг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Б.Алтанцэцэгийн гаргасан хүсэлтийг үндэслэн эзэмшүүлэх захирамжийг хуулийн дагуу гаргасан үндэслэлээр эс зөвшөөрч, гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ ...би номын худалдааны байгууллагад тасралтгүй олон жил ажилласан ба номын худалдааны газар хувьчлагдаж эрхийн бичгээр хувьцаа эзэмшигч болж худалдаж авсан...нэхэмжлэл гаргаж байгаа иргэд Номын худалдааны ажилчдын байр буюу миний байранд хууль бусаар, үнэ төлбөргүй өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа...төрийн өмчийн бус бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр иргэдэд хувьчилсан байна гэж тодорхойлсныг хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...эдгээр нийтийн байрнууд нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас олгосон орон сууц хувьчлах эрхийн бичигтэй гэх үндэслэлээр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Б.Алтанцэцэгийн хүсэлт, Монгол ном компанийн тодорхойлолт бусад баримтыг үндэслэн өмчлөлийн гэрчилгээг гаргасан...өмчлөх эрх хүчин төгөлдөр байгаа гэх үндэслэлээр тус тус эс зөвшөөрч маргаж байна.
Нэг. Нэхэмжлэгч Л.Эрдэнэсувд, Ч.Бямбасүрэн, Ж.Чулуунцэцэг /эрх залгамжлагч Л.Баяраа/, Д.Энхтуул нараас гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02 /09 гэх засвартай/-ны өдрийн 190 дүгээр захирамжийн Б.Алтанцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Л.Эрдэнэсувд нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамж, Номын худалдааны байрны 9 тоотод оршин суудаг, байшингийн суурь хэсгээр 28 м2, 30 м2 газар, нийт 58 м2 хэмжээгээр Б.Алтанцэцэгийн газартай давхацсан, 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор НХБ * байр * тоот 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болсон гэх,
Нэхэмжлэгч Ч.Бямбасүрэн мөн байрны 10 тоотод оршин суудаг, байшингийн суурь хэсгээр 28 м2, газрын 30м2, нийт 58 м2 хэмжээгээр Б.Алтанцэцэгийн газартай давхацсан гэх, /Нэхэмжлэгч Ч.Бямбасүрэн нь Б.Шуурайгийн төрсөн хүү бөгөөд тухайн хаягт хамт амьдардаг/
Нэхэмжлэгч Д.Энхтуул нь мөн байрны 11 тоотод оршин суудаг, байшингийн суурь хэсгээр 33,1 м2 давхцалтай гэх,
Нэхэмжлэгч Ж.Чулуунцэцэг тус байрны 7 тоотод оршин сууж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан, байшингийн суурийн 28 м2 хэсгээр Б.Алтанцэцэгийн газартай давхацсан гэх үндэслэлүүдээр тус тус маргасан.
Маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02 /09 гэх засвартай/-ны өдрийн 190 дүгээр захирамжаар иргэний ахуйн зориулалтаар 1 дүгээр хавсралтад заагдсан 61 иргэнд газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсний 31-д Банзрагчийн Алтанцэцэг, 13 дугаар хороо, рашааны 8, НХБ /номын худалдааны байр/ 319 м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, нэгж талбарын 18643314082644 дугаар гэж заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Б.Алтанцэцэг нь 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандаж Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Номын худалдааны ажилчдын байрны газрын гэрчилгээ олгоно уу /эзэмшлийн/ гэсэн хүсэлт гаргаж, хүсэлтдээ Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтэн Ж.Азжаргалын үйлдсэн, нэгж талбарын 18643314082644 дугаар бүхий, 319 м2 талбай бүхий газрын кадастрын зураг хавсаргасан, тус кадастрын зурагт Б.Алтанцэцэгийн хүсэлт болгож буй газар нь нэхэмжлэгч нарын амьдарч буй Номын худалдааны байр болон гадна талбайг бүхэлд нь оруулж үйлдэгдсэн ба иргэний үнэмлэхийн хуулбар, 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн, ХААН банкны 2005-2009 оны газрын төлбөр-7000 төг, гэрчилгээний үнэ-10000 төг төлсөн баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн байна.
Түүнчлэн тухайн үйл баримт болохоос өмнө буюу 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Д.Энхтуулд 0275108 дугаар бүхий Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, тухайн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр буюу Д.Энхтуулд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8, Номын худалдааны байр-11 хаягт орших 32 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгогдсоноос гадна шүүхийн маргаан үргэлжилж байх хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0119142 дугаар бүхий Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 13 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, НХБ-8 хаягт орших 11 тоотын 25 м2 2 өрөө орон сууцыг Д.Энхбат /Д.Энхтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч/-д өмчлүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон,
Мөн нэхэмжлэгч Ж.Чулуунцэцэг нь 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргаж, түүндээ холбогдох баримтыг хавсаргаснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/492 дугаар захирамжаар түүнд Рашааны 8-7 тоот хаягт орших 133 м2 талбайг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 362 дугаар Орон сууц эзэмших эрхийн бичгээр Рашааны 8, НХБ-7 тоот хаягт орших 25 м2 талбай бүхий орон сууц эзэмших эрх олгогдсон, түүний амьдран сууж буй орон сууцны суурийн 28 м2 нь Б.Алтанцэцэгийн газартай давхцалтай,
Нэхэмжлэгч Ч.Бямбасүрэнгийн тухайд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эзэмшил газрыг бусдын нэр дээр шилжүүлэх, баталгаажуулах болон эзэмшил газрын хугацаа сунгах тухай 104 дүгээр захирамжаар Ч.Бямбасүрэнд Рашаант 9-446 байршилд 209 м2 газрыг эзэмших эрхтэйгээр 15 жилийн хугацаатай олгож, улмаар 2069 м2 газрын хууль ёсны өмчлөгчөөр Ч.Бямбасүрэн, Б.Шуурай нарыг эрхийн улсын бүртгэлийн Г-2203003503 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, уг орон сууц нь суурийн 30 м2 хэмжээгээр Б.Алтанцэцэгийн газартай давхцалтай, /Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1107 дугаар бүхий Орон сууц эзэмших эрхийн бичгийг Ч.Бямбасүрэнгийн ээж Б.Шуурайд олгосон/
Нэхэмжлэгч Л.Эрдэнэсувд нь Төрийн өмчийн хорооны 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 261 тоот Орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн Рашааны 8, НХБ 9 тоотыг эзэмшиж байгаад Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0116707 дугаар Өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн тус орон сууцны 24 м2 талбайг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029624 дугаарт өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн нэхэмжлэгч нар нь Номын худалдааны байр гэх нийтийн байранд олон жил амьдран сууж байгаа нь гэрч В.Байлаагийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдсон, гуравдагч этгээд Б.Алтанцэцэг нь тухайн орон сууцны 8 тоотыг эзэмшдэг, эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж, 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:, 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэж тус тус заасан.
Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас өмнө тухайн газар дээр хээрийн судалгаа хийх үүрэгтэй байсан боловч захиргааны байгууллага энэ ажиллагааг орхигдуулснаас нэхэмжлэгч иргэдийн амьдран сууж буй орон сууц, түүний орчны газрыг бүхэлд нь Б.Алтанцэцэгт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Б.Алтанцэцэг нь Сүхбаатар дүүргийн Газрын албанд Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Номын худалдааны ажилчдын байрны газрын гэрчилгээ олгоно уу /эзэмшлийн/ гэсэн хүсэлт гаргасан нь иргэн үү, аж ахуйн нэгж үү гэдэг нь тодорхойгүй, өөрөө тухайн байршилд амьдардаггүй, Номын худалдааны ажилчдын байрны газрыг ямар учраас иргэн Б.Алтанцэцэг эзэмших хүсэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй, энэ нь баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэхээр байхад захиргаа үүнийг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчсөн байна.
Нөгөө талаар тухайн байранд он удаан жил амьдран сууж буй иргэдийн нөхцөл байдал, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шалгаж тогтоолгүйгээр Б.Алтанцэцэгт уг нийтийн байрны орчны болон суурийн газрыг бүхэлд нь эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд тохироогүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй шийдвэр болжээ.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02 /09 гэх засвартай/-ны өдрийн 190 дүгээр захирамжийн Б.Алтанцэцэгт холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Нэхэмжлэгч нараас гаргасан Б.Алтанцэцэгт холбогдох 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-220250523 дугаартай бүртгэл болон Өмчлөх эрхийн 000250523 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Б.Алтанцэцэгээс 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хандаж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 8-25 /НХБ гэдгийг засварласан/ үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргаж /мэдүүлэгт үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, төрөл, үнийг заагаагүй, газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг анхны удаа бүртгүүлж баталгаажуулах гэж тэмдэглэсэн/, мэдүүлэгт ...25 тоот нэг бүр нь 30 м2 талбайтай байрыг 1992 онд Номын худалдаанаас худалдан авч амьдарч байна, нийт 150 м2 байранд үл хөдлөхийн гэрчилгээ олгоно уу гэх өргөдөл,
Монгол ном ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Базаррагчаагийн гарын үсэг бүхий, 2013 оны /сүүлийн тоо нь засвартай/ 3 дугаар сарын 29-ний өдрийн 10/11 дугаар бүхий Сүхбаатар дүүргийн газрын албанд тодорхойлолт гаргах нь гэх Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах Улсын номын худалдааны газрын ажилчдын байрыг 1992 онд Номын 4 дүгээр дэлгүүр Дөрвөн уул хоршооны Б.Алтанцэцэгт худалдсан гэх тодорхойлолт, 319 м2 талбайгаар үйлдсэн 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн кадастрын зураг, Б.Алтанцэцэгт олгогдсон 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0316314 дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээ, тухайн байрны фото зураг, бэлэн мөнгөний хүлээн авах акт гэх 1993 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 000163 дугаар бүхий Монгол ном ХК Бадамгарав Дөрвөн уул хоршооноос байрны мөнгөнд 980 төгрөг тушаасан баримт /хүлээлгэн өгсөн Б.Алтанцэцэг гарын үсгээ зурсан/ зэргийг хавсаргаж өгчээ.
Эдгээрийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага Б.Алтанцэцэгийг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, рашааны 8 дугаар гудамжны НХБ тоотод байршилтай, 150 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-2203026189 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 000250523 тоот гэрчилгээг 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр олгосон байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5-д Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана 13.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг; 13.5.3-т тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ; 13.5.4-т газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар; 13.5.7-д өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;, 13.5.8-д энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл.13.6.Хуульд тусгайлан заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж тус тус нарийвчлан заажээ
Түүнчлэн уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө, 14.1.1-д мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол; 14.1.6-д энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол гэж заасан.
Гэтэл Б.Алтанцэцэгээс улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгт хавсаргасан баримтуудаас үзэхэд Номын худалдааны байр гэх үл хөдлөх эд хөрөнгө нь шинээр бий болоогүй, харин Б.Алтанцэцэг нь бусдаас худалдаж авсан гэх байдлаар өргөдөлдөө тодорхойлсон атлаа энэ талаар баримт ирүүлээгүй, ирүүлсэн гэх нотлох баримтууд нь хангалтгүй, тухайн байрны өмчлөгч нь Б.Алтанцэцэг болохыг нотолсон баттай баримтгүй, хуулийн этгээд /Дөрвөн уул хоршоо/ худалдан авсан гэх баримтыг хавсаргаж ирүүлсэн нь хуулийн 13.5-д заасан баримт дутуу байхад зөвхөн Г.Базаррагчаагийн гарын үсэг бүхий албан бичгийг үндэслэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Тухайлбал Монгол ном ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл тухайн компанид Г.Базаррагчаа нь 2007 оны 4 дугаар сарын 11-ний өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Гүйцэтгэх захирлаар ажилласан байх ба үүнээс үзвэл 1992 онд тус компанийн бусдад худалдсан хөрөнгийн талаар тодорхойлсон түүний тодорхойлолт бодитой биш буюу сүүлд нөхөж олгосон албан бичиг гэж үзэх үндэслэлтэй.
Эдгээрээс үзвэл хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Алтанцэцэг гэдгийг баттай нотолж холбогдох баримтыг ирүүлээгүй, энэ нь хуульд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл үүссэн байхад татгалзаагүй нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Нөгөө талаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Алтанцэцэгт олгох үед нэхэмжлэгч нар нь тухайн орон сууцанд амьдарсаар байсан, нэхэмжлэгч Ч.Бямбасүрэн, Д.Энхтуул нарын тухайд орон сууц өмчлөх болон орон сууц эзэмших эрхийн бичгээ зохих баримтыг бүрдүүлж өгсний үндсэн дээр эрх бүхий байгууллагаас авсан байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Иймд нэхэмжлэгч нараас гаргасан Б.Алтанцэцэгт холбогдох 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2203026189 дугаартай бүртгэл болон Өмчлөх эрхийн 000250523 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж Б.Алтанцэцэгт олгогдсон 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2203026189 дугаартай бүртгэл болон Өмчлөх эрхийн 000250523 дугаар бүхий Өмчлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гурав. Гуравдагч этгээд Б.Алтанцэцэгээс гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Ж.Чулуунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагын тухайд:
2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ж.Чулуунцэцэгээс Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргаар уламжлуулан Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан ...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Рашаан-8 номын худалдааны байрны 7 тоотод 1993 оноос хойш ам бүл 12 амьдарч байна. Тухайн хаяг дахь 133 м2 газрыг миний нэр дээр эзэмшүүлж өгнө үү гэх хүсэлт гаргаж, түүндээ Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын газрын зураг, кадастрын зураг зэргийг хавсаргаж өгсөн,
Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай А/492 дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй 36 иргэний газар эзэмших эрхийг хавсралтаар баталсан байх ба хавсралтын 10-д Жамцын Чулуунцэцэгт 13 дугаар хороо, Рашааны 8-7 байршилд 133 м2 талбайн хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, уг захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа болох нь тус тус тогтоогдов.
Түүнчлэн Газрын харилцаа геодези зурагзүйн газраас ирүүлсэн лавлагаа баримтаас үзвэл гуравдагч этгээд Б.Алтанцэцэг болон иргэн Ж.Чулуунцэцэг нарын эзэмших эрх бүхий газар нь 133 м2 талбайгаар давхцаж байх ба 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ж.Чулуунцэцэгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, рашаан 8 нхб 7 тоот 2 өрөө орон 25 м2 талбайд Орон сууц эзэмших эрхийн 862 дугаар бичгийг олгосон, гуравдагч этгээд Б.Алтанцэцэг нь тухайн хаягт оршин сууж байгаагүй талаар хэргийн оролцогчид маргадаггүй.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах., мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж тус тус заасан.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: гэж заасанчлан Ж.Чулуунцэцэгийн газар эзэмших хүсэлт болон түүнд хавсаргаж хүргүүлсэн баримтууд нь дээрх хуулийн 32.2.1-32.2.3-д заасанд нийцсэн байна.
Эдгээрээс дүгнэвэл шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгч иргэдийн оршин сууж амьдарч буй байрны орчны болон байшингийн суурийн газрыг бүхэлд нь оролцуулан Б.Алтанцэцэгт газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн анхны захирамж болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02 /09 гэх засвартай/-ны өдрийн 190 дүгээр захирамжийн холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон, мөн Ж.Чулуунцэцэгээс өөрийнхөө амьдран сууж буй хаягт орших газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшихээр хүсэлтээ гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/492 дугаар захирамжаар 133 м2 талбай бүхий газрыг түүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ захирамжийн улмаас гуравдагч этгээд Б.Алтанцэцэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэв.
Нөгөө талаар Б.Алтанцэцэг нь тухайн орон сууц болон түүний орчны газрыг бүхэлд нь эзэмшихээр хүсэлт гаргаснаар түүнд эзэмших эрх олгогдсон боловч уг газар дээр Ж.Чулуунцэцэг нь гэр бүлийн хамт амьдарч байгааг мэдэж байсан атлаа өнөөдрийг хүртэлх хугацаанд Ж.Чулуунцэцэгт газар эзэмших эрх олгосон захирамжийн талаар маргаан үүсгээгүй, Ж.Чулуунцэцэгийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө /газраа/ чөлөөлүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүйг дурдах нь зүйтэй.
Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Ж.Чулуунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Дөрөв. Гуравдагч этгээд Б.Алтанцэцэгээс гаргасан Нийслэлийн өмч хувьчлах товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Л.Эрдэнэсувдад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагын тухайд:
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Л.Эрдэнэсувд нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамж Номын худалдааны 9 тоот хаягт 27 м2 газрын эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг Классик ХХК-иар үйлдүүлэн ...хувьчилж авах хүсэлтээ гаргаснаар Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Орон сууц хувьчлах товчооны мөн өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн...хүсэлт гаргасан иргэдэд одоо эзэмшиж байгаа орон сууцуудыг нь хувьчлахыг зөвшөөрч шийдвэрлэсэн байх ба уг тогтоолын хавсралтын Байгууллагууд хэсгийн 18-д Л.Эрдэнэсувдад НХБ 8 байр 9 тоот 1 өрөө орон сууц гэж тэмдэглэж уг сууцыг өмчлүүлэхээр 0116707 дугаар гэрчилгээ олгосон байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах эрхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт олгож, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т "орон сууц хувьчлах" гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/ -ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг; хэлэхээр, 9 дүгээр зүйлийн 1-д Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь төрийн өмчийн орон сууц хувьчлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих; 2-т орон сууц хувьчлах товчоог аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн аймаг, сум, нийслэл, дүүрэгт байгуулах 3-д орон сууц хувьчлах товчооны ажиллах журмыг энэ хуульд нийцүүлэн тогтоох эрхтэй гэж,, хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т Орон сууц хувьчлах товчоо нь эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авах эрхтэйг тус тус заажээ.
Түүнчлэн Орон сууц хувьчлах товчооны ажиллах журам-ын 2.1.2-т Иргэдийн эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах өргөдлийг хүлээж авах, уг сууц хувьчлагдах нөхцөл хангагдсан эсэхийг тодорхойлох, 2.1.7-д Хувьчлагдах нөхцөл хангагдсан сууцыг эзэмшигчийн саналыг үндэслэн хувьчлах тухай шийдвэр гаргах гэж, 3.5-д Хуралд нийт гишүүдийн дийлэх олонх оролцсоноор хурлыг хүчинтэйд тооцно гэж тус тус заажээ.
Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл Л.Эрдэнэсувд нь өөрийн амьдран сууж буй орон сууцаа хувьчилж авахаар зохих журмын дагуу эрх бүхий этгээдэд хандаж хүсэлтээ гаргаж түүнд холбогдох баримтуудыг хавсарган өгснөөр Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор түүнд НХБ 8 байр 9 тоот хаягт орших 1 өрөө орон сууцыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, уг тогтоолын Л.Эрдэнэсувдад холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэв.
Гуравдагч этгээд нь бие даасан шаардлагын үндэслэлээ ...Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд нийтийн байрыг хувьчлах эрх олгогдоогүй гэж тодорхойлсон ба Орон сууц хувьчлах товчооны ажиллах журмын 1.1-д Энэ журмын зорилго нь төрийн өмчийн орон сууцыг Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу хувьчлах ажлыг бэлтгэлийг хангаж, хувьчлах ажлын зохион байгуулах үүрэг бүхий Орон сууц хувьчлах товчоо (цаашид товчоо гэх)-г байгуулах, эрх, үүргийг тогтоох, үйл ажиллагаа болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино гэж зааснаар хариуцагч нь тухайн үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий субъект мөн байна.
Иймд гуравдагч этгээд Б.Алтанцэцэгээс гаргасан Нийслэлийн өмч хувьчлах товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Л.Эрдэнэсувдад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Гуравдагч этгээд Б.Алтанцэцэгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасан боловч уг хүсэлт нь нэгдүгээрт хүсэлт хэлэлцэх шатанд гаргаагүй, хоёрдугаарт гуравдагч этгээд Б.Алтанцэцэг өмгөөлөгч сонгох, өмгөөлөгчтэйгөө хуралдаанд оролцох талаар өмнө нь удаа дараа хүсэлт гаргаж байсныг шүүх удаа дараа хангаж шийдвэрлэж байсан, гуравдугаарт түүний өмгөөлөгч нь Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэрэгт оролцож байгаа талаарх баримт нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө ирээгүй, өөрөөр хэлбэл өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх нь шүүхэд мэдэгдээгүй байсан зэрэг шалтгааныг үндэслэн хүсэлтийг хангаагүй, өмгөөлөгч оролцуулахгүйгээр шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Эрдэнэсувд, Ч.Бямбасүрэн, Ж.Чулуунцэцэг, Д.Энхтуул нараас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай захирамжийн Б.Алтанцэцэгт холбогдох хэсэг болон Б.Алтанцэцэгийн нэр дээр хийгдсэн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2203026189 дугаартай бүртгэл, Өмчлөх эрхийн 000250523 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай захирамжийн Б.Алтанцэцэгт холбогдох хэсэг болон Б.Алтанцэцэгийн нэр дээр хийгдсэн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2203026189 дугаартай бүртгэл, Өмчлөх эрхийн 000250523 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4, Орон сууц хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Б.Алтанцэцэгээс гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Ж.Чулуунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Өмч хувьчлалын товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Л.Эрдэнэсувдад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН