Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2022/00543/И |
Дугаар | 130/ШШ2023/00600 |
Огноо | 2023-07-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2023/00600
2023 07 03 | 130/ШШ2023/00600
|
|
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Д овогт К.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Х овогт Ш.А,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Х овогт Х.Х нарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “А” захад байрлалтай 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э /цахим сүлжээгээр/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нын өмгөөлөгч А.Серикжан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
Хариуцагч А, Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А, С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н итгэмжлэгдсэн төлөөлөгч М нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, нэхэмжлэгч Дад 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус тус /баримт №9/ мэдэгдсэн боловч хариуцагч А, Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А, С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч М нар шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн, нэхэмжлэгч Д шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д нь хариуцагч А, Х нарт холбогдуулан Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “А” захад байрлалтай 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А захаас Ө сумын 11 дүгээр багийн иргэн А-ээс стандарт блокоор барьсан 54 м.кв барилгын материалын үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүрийг 14,000,000 төгрөгийг А-ийн 5180315916 тоот данс руу шилжүүлэн худалдаж авсан. Уг дэлгүүрийг 2007-2008 оны үед А захын захирал болох талийгаач Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн гэсэн тул Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт “Бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна” гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй.
1.2 Анх уг үл хөдлөх хөрөнгийг Ө сумын 2 дугаар багийн иргэн Б, Д нар өөрийн хөрөнгөөр стандарт блокоор сэлбэгийн дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулж байгаад дэлгүүрийг Ад 8,000,000 төгрөгөөр худалдсан. 2017 онд миний бие уг дэлгүүрийг А-ээс 14,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Дэлгүүр анхнаасаа үл хөдлөхийн гэрчилгээгүй байсан. А захын захиргаа нь миний үл хөдлөх хөрөнгийг нураах, салгаж авах эрхгүй.
1.3 Мөн би 2020 онд Ө сумын 8 дугаар багийн иргэн Х-аас А захад хүнд даацын сэлбэг зарж байсан 24 м.кв талбайтай стандарт блокоор барьсан дэлгүүрийг 9,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг 9,000,000 төгрөгийг дэлгүүрийн эзэн Х-ын хүсэлтийн дагуу Х-ын төрсөн ах болох А-ийн Хаан банкны 00000000 тоот данс руу 9,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Дэлгүүрийг мөн адилхан 2007-2008 оны үед А захын захирал байсан талийгаач Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө барьж болох талаар зөвшөөрөхөд Ө сумын 8 дугаар багийн иргэн Е нь өөрийн хөрөнгөөр үнсэн блокоор уг дэлгүүрийг барьж үйл ажиллагаа явуулсан. Е нь Ө сумын 6 дугаар багийн иргэн А үл хөдлөх дэлгүүрийг 3,000,000 төгрөгөөр үнэлэн худалдсан. Иргэн Т.Айболат нь уг үл хөдлөх хөрөнгийг дугуй засвараар үйл ажиллагаа явуулж байгаад Хад 7,500,000 төгрөгөөр худалдсан. Х нь уг дэлгүүрийг хүнд даацын авто машины сэлбэгийн дэлгүүр болгож ажиллуулж байгаад 2020 онд дэлгүүрийг Д надад 9,000,000 төгрөгөөр худалдсан. Одоо хүртэл барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байна.
1.4 Тухайн объектод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй, захын захиргаанд газар ашигласны төлбөр гэж төлдөг. Гэтэл захын захиргааны зүгээс худалдаа үйлчилгээний орлого багассантай холбогдуулан түрээслэгч нарын барилга нураах, салгаж авахыг шаардсан нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдаж байна.
1.5 Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дэлгүүрийн зориулалттайгаар ашиглаж байгаа ба газрын төлбөрийг эзэмшигчид нь төлж байгаа тул уг үл хөдлөх хөрөнгүүд нь газраас салгаж үл болох хөрөнгө байгаа. Мөн уг газрын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж байгаа боловч улсын бүртгэлд өөрийн нэр дээрээ бүртгүүлээгүй учраас зээлийн барьцаанд тавьж дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А хариу тайлбартаа: Миний бие 2017 онд Дад 54 м.кв талбайтай үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн. Тухайн үед тус дэлгүүрийг худалдан авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, би зарахад уг дэлгүүрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 14,000,000 төгрөгөөр худалдсан. Газрын талд мэдэх юм байхгүй гэжээ.
3.Хариуцагч Х хариу тайлбартаа: Миний бие А захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан С гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн Дад зарахдаа А захыг хариуцсан хүнийг хэлснийг хэлж өгсөн. Захын захиргаа мөн адил хэлсэн байх гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч А хариу тайлбартаа: "А” ХХК-ийн эзэмшлийн Ө сумын 11 дүгээр багт байршилтай зах, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын хойд талд нь байрлах 5120 м.кв газрыг Б аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай захирамжаар иргэн Халиасхарын Над шилжүүлэн эзэмшүүлсэн юм. Одоогоор тус газар нь иргэн Халиасхарын Н-ын эзэмшилд байгаа тул Д-ын нэхэмжлэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэрэгт тус компани нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдан оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Д-ийн нэхэмжлэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. А ХХК нь тухайн газрыг эзэмших хугацаандаа иргэдэд түрээсийн гэрээний дагуу түр ашиглуулж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар бусдын нэр дээр шилжүүлээгүй юм. Зөвхөн түрээсийн гэрээгээр түр ашиглуулж ирсэн болно. Түрээсээр ашиглаж байгаа иргэд тухайн газар дээр нь түр үйлчилгээ явуулах зорилгоор дэлгүүр, путка байрлуулан ашигладаг байсан. А ХХК-ийн зүгээс тухайн түрээслэгч нарын барьсан дэлгүүр, путка нар нь үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд түр барьж ашиглаж байгаа барилга байгууламжууд болно. Мөн түрээсийн гэрээний дагуу газар ашиглаж байгаа иргэдтэй үл хөдлөх эд хөрөнгө барих талаар ямар нэгэн зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд холбогдох өмчийн бүртгэлийн газарт тэдний хөрөнгийг бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй болно гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С хариу тайлбартаа: Миний бие “А” ХХК-ийн эзэмшил газраас ертөнцийн зүгээр урьд талын газраас тодорхой хэсгийг эзэмшихээр болж эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмшиж байна. Д нарын маргаж байгаа газар нь ертөнцийн зүгээр хойд талд байрлах бөгөөд миний эзэмшиж байгаа газарт хамааралгүй байна. Уг газрыг одоо Н эзэмшдэг тул миний бие уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна. Д болон бусад түрээслэгч нар олон жилийн өмнөөс түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг мэднэ. Иймд Д-ын нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н хариу тайлбартаа: Н миний бие Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжаар Ө сумын 11 дүгээр багийн Ш.Ногай-1-ийн 118а хаягт байрлах 00000000 нэгж талбарын дугаар бүхий 5120 м.кв газрыг Худалдаа, үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатайгаар эзэмших болсон ба тухайн газрыг миний бие өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... Уг дэлгүүрийг 2007-2008 оны үед А захын захирал болох О.Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн. Иргэний хуулийн 150 дугаар зүйлийг 150.1 дэх хэсэгт Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшиж шилжүүлэн авна гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй гэжээ. 2007 оны үед А ХХК нь эзэмшил газрыг зориулалтаар нь иргэдэд худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээсэлж ирсэн байна. Түрээслэгч иргэд үйл ажиллагаа явуулахын тулд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан үнсэн блокоор түр амбаар барьж бараагаа зарж үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тухайн иргэдэд А ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө барих зөвшөөрөл өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Ө сумын 1-р багт оршин суугч Д-ын А ХХК-тай байгуулсан гэрээ, худалдаа, үйлчилгээ явуулсны төлөө А захад төлсөн хураамжийн тооцоо, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Талбай түрээсний гэрээ, Захын хураамж төлсөн тухай 2022 оны тооцоо, Д-ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Барилгын материалаар ажиллуулж байсан дэлгүүрийн фото зургууд, 2013 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 000201706 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 00000000 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д нараас Б аймгийн Засаг даргад гаргасан гомдол, бүртгэл хяналтын карт зэргийг
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н-аас хариу тайлбар, Е.Маликт олгосон итгэмжлэл, А.Серикжантай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай захирамж, кадастрын зураг зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
8. Нэхэмжлэгч Д-ын Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.
9. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие А захаас худалдаж авсан дэлгүүрийг 2007-2008 оны үед тус захын захирал байсан талийгаач Ш нь энэ захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн гэсэн тул Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй. А захын захиргаа нь миний үл хөдлөх хөрөнгийг нураах, салгаж авах эрхгүй. Тухайн объектод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй, захын захиргаанд газар ашигласны төлбөр гэж төлдөг. Гэтэл захын захиргааны зүгээс худалдаа үйлчилгээний орлого багассантай холбогдуулан түрээслэгч нарын барилга нураах, салгаж авахыг шаардсан нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдаж байна. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж байгаа боловч улсын бүртгэлд өөрийн нэр дээрээ бүртгүүлээгүй учраас зээлийн барьцаанд тавьж дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Уг үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авах үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад тухайлан ач холбогдол өгөөгүй байсан боловч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахаар хөөцөлдөхөд тус хэлтсээс нэхэмжлэгч надад гэрчилгээ олгох боломжгүй гэсэн хариу өгсөн учраас шүүхэд хандаж байгаа гэжээ.
10. Хариуцагч А нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар хариу тайлбар гаргасан. Үүнд: Миний бие 2017 онд Дад 2017 онд 54 м.кв үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн. Тухайн үед тус дэлгүүрийг худалдан авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, би зарахад уг дэлгүүрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 14000000 төгрөгөөр худалдсан. Газрын талд мэдэх юм байхгүй гэсэн байна.
11. Хариуцагч Х нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар хариу тайлбар гаргасан. Үүнд: Миний бие А захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан Сергей гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн Дад зарахдаа А захыг хариуцсан хүнийг хэлснийг хэлж өгсөн. Захын захиргаа мөн адил хэлсэн байх гэсэн байна.
12. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А-аас дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд: ... А ХХК нь тухайн газрыг эзэмших хугацаандаа иргэдэд түрээсийн гэрээний дагуу түр ашиглуулж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар бусдын нэр дээр шилжүүлээгүй юм. Зөвхөн түрээсийн гэрээгээр түр ашиглуулж ирсэн болно. Түрээсээр ашиглаж байгаа иргэд тухайн газар дээр нь түр үйлчилгээ явуулах зорилгоор дэлгүүр, путка байрлуулан ашигладаг байсан. А ХХК-ийн зүгээс тухайн түрээслэгч нарын барьсан дэлгүүр, путка нар нь үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд түр барьж ашиглаж байгаа барилга байгууламжууд болно. Мөн түрээсийн гэрээний дагуу газар ашиглаж байгаа иргэдтэй үл хөдлөх эд хөрөнгө барих талаар ямар нэгэн зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд холбогдох өмчийн бүртгэлийн газарт тэдний хөрөнгийг бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй болно гэжээ.
13. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С-ээс дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд: Миний бие А ХХК-ийн эзэмшил газраас ертөнцийн зүгээр урьд талын газраас тодорхой хэсгийг эзэмшихээр болж эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмшиж байна. Д нарын маргаж байгаа газар нь ертөнцийн зүгээр хойд талд байрлах бөгөөд миний эзэмшиж байгаа газарт хамааралгүй байна. Уг газрыг одоо Х.Нурболат эзэмшдэг юм. Д болон бусад түрээслэгч нар олон жилийн өмнөөс түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг мэднэ. Иймд Д-ын нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.
14. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н-аас дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд: Миний бие Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай захирамжаар Ө сумын 11 дүгээр багийн Ногай-1-ийн 118а хаягт байрлах 00000000 нэгж талбарын дугаар бүхий 5120 м.кв газрыг Худалдаа, үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатайгаар эзэмших болсон ба тухайн газрыг өнөөдрийг хүртэл зориулалтаар ашиглаж байгаа. 2007 оны үед А ХХК нь эзэмшил газрыг зориулалтаар нь иргэдэд худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээсэлж ирсэн байна. Түрээслэгч иргэд үйл ажиллагаа явуулахын тулд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үнсэн блокоор түр амбаар барьж бараагаа зарж үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд А ХХК нь үл хөдлөх хөөнгө барих зөвшөөрөл өгөөгүй байна. Иргэд тус захад үйл ажиллагаа явуулсны төлөө буюу газар ашигласны төлөө сар бүр төлбөр хураамж төлдөг бөгөөд нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
15. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
15.1. Нэхэмжлэгч Д 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай А ХХК-ийн эзэмшил газарт барьсан барилгын материалын 54 м.кв талбайтай дэлгүүрийг 14,000,000 төгрөгөөр хариуцагч А-аас, мөн А ХХК-ийн эзэмшил газарт барьсан 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг 9,000,000 төгрөгөөр 2020 онд Х-аас тус тус худалдаж авсан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон нэхэмжлэгчийн Хаан банкны Депозит дансны хуулгаар тус тус нотлогдож байна.
15.2. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Талбайн түрээсийн гэрээгээр Б аймгийн Ө сумын төвд байрлалтай А захын эзэмшил байгаа газрыг Д нь түр ашиглан үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцож байсан байна.
15.3. Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай захирамжаар А ХХК-ийн Ө сумын 11 дүгээр багт байршилтай 5310 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын 5120 м.кв газрын эрхийн гэрчилгээг Ө сумын 5 дугаар багийн оршин суугч 000000 регистртэй Х.Н-д 190 м.кв газрын эрхийн гэрчилгээг Ө сумын 5-р багийн оршин суугч М.С-д тус тус шилжүүлж өмнөх зориулалтаар үргэлжлүүлэн 35 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
16. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага дэмжиж тайлбарласан ба хариуцагч нараас А захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийг Д-д худалдаж байсныг хүлээн зөвшөөрч тайлбарласан байна. Гуравдагч этгээдийн хувьд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
17. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар А ХХК-ийн эзэмшил газарт барьсан барилгын материалын 54 м.кв талбайтай дэлгүүр болон 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг тус тус худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна.
18. Марган бүхий дэлгүүрүүд нь Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 захирамжаар Х.Нурболатад шилжүүлэн эзэмшүүлсэн 5120 м.кв газарт баригдсан гэдэгт талууд маргаагүй.
19. Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй гэж тайлбарласан байна. Талуудын тайлбараас үзэхэд уг дэлгүүрүүд нь анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй болох нь талуудын мэдүүлгээр тогтоогдсон байна. Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.17 дахь хэсэгт Барилга, байгууламж барих эрх үүсэх, уг эрхийг олж авахтай холбогдсон харилцаанд энэ хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө олж авах журмын холбогдох хэсэг нэгэн адил хамаарна гэж заасан байгаагаас үзэхэд Иргэний хуулийн Хоёрдугаар дэд бүлэгт заасан Өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох тухай зохицуулалтууд нэгэн адил үйлчлэхээр байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус заасан байх бөгөөд газар эзэмшигчээс тухайн маргаан бүхий дэлгүүр байгаа газрыг бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай нотлох баримтгүй, нэхэмжлэгч нь худалдан авсан гэх үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хууль ёсоор үүсээгүй, тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг нэхэмжлэгч түрээсээр ашиглаж ирсэн байх зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д-ын Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.
20. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д-ын Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК