Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2023/00573

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2023/00573

Баян-Өлгий аймаг

 

           

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 101 барилга 706 тоот хаягт үйл ажиллагаа явуулах, “Б” банк бус санхүүгийн байгууллага ХХК /гүйцэтгэх захирал О/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр оршин суух, Уовогт Х.А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 19,273,274 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, Б /цахим сүлжээгээр/,

Хариуцагч А, түүний өмгөөлөгч З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Ад холбогдуулан : Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 19,273,274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Иргэн Ж, А нар нь тус компанитай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №-2101130110002254 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,690,000 (хорин сая зургаан зуун ерэн мянга) төгрөгийг 1 сарын 3.2%-ийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд иргэн Жын өмчлөлийн 0000БӨҮ улсын дугаартай Тоуоta/Prius-XW30 маркийн автомашиныг барьцаалсан.

1.2 Уг зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээр Ж, хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр А нар оролцож барьцаат зээлийн гэрээгээр зээл төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр тусгаж талууд зөвшөөрч гарын үсгээ зурсан.

1.3 Зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нарт нь зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарь гаргаж сар бүр тогтмол дүнгээр буюу 970,918.83 төгрөгийн төлөлт хийхээр зээлийн төлөлтийн хуваарь гаргаж зээлдүүлэгч талын төлөөлөгч болон зээлдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан боловч зээлдэгч нар нь эхний 8 сарын төлөлтийг хийгээд дахин төлөлт хийхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт  биелүүлээгүй байна.

1.4 Зээлдэгч Ж нь Казакстан улс руу явсан, Казакстанд барьж байгаа утасны дугаар нь холбогддог, ярихаар шинэ ажилд орсон удахгүй цалингаа аваад хийлээ, цалингаа хулхидуулчихлаа, Казахстан улсад газар авсан байгаа тэрийгээ зараад зээлээ хаана гэх мэт худал хэлсээр зээлээ төлөхгүй байна. Харин хамтран зээлдэгч А руу залгахад Ж өөрийнхөө хувийг төлбөл би төлөх мөнгөө төлнө, Ж зээлээ төлөхгүй бол би төлөхгүй гэх тайлбарыг өгдөг.

1.5 Хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч нь дээрх зээлийг төлөх үүргийг үндсэн зээлдэгчийн адил хүлээсэн талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээнд байгаа болно. Энэхүү зээлийн гэрээ 36 сарын хугацаатай буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусахаар байгаа ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1-д зээлийн гэрээг зээлдэгч зээл төлөх үүргээ хугацаанд нь төлөөгүй бол зээлдүүлэгч талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах заалттай бөгөөд зээлдэгч Ж хаяг дээрээ байхгүй, Казахстан улс руу явсан тул Улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Агээс зээлийн үүргийг бүхэлд нь шаардаж хариуцагчаар татаж байна. Зээлдүүлэгч байгууллагаас дээрх зээлдэгч нарт зээлээ төлөхийг удаа дараалан шаардсан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл төлөх оролдлого хийлгүй байсаар 223 хоног хугацаа хэтэрсэн байна.

1.6 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 17,667,674.58 төгрөг + үндсэн хүү 1,338,000 + нэмэгдүүлсэн хүү 267,600 төгрөг, нийт 19,273,274 (арван есөн сая хоёр зуун далан гурван мянга хоёр зуун далан дөрөв) төгрөгийг зээлдэгч А нь зээлийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1-р заалтын дагуу төлөхөөр байна.

Тодруулбал, үндсэн хүүгийн бодолт: Үндсэн зээлийн үлдэгдэл болох 17,667,674.58 төгрөг заасан*3,2 хувь=565,3657 (энэ нь 1 сарын хүү). Нэг сарын хүү буюу 565,365.59Т/30хоног*71 хоног = 1,338,00 төгрөг болно.

Нийт алданги буюу гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн бодолт: Нэмэгдүүлсэн хүүг тооцохоор:1,338,000*20%=267,600 төгрөг буюу (17,667,674.58*3,2%/30хоног*20%*71 хоног бөгөөд нийт 267,600) төгрөгийн нэмэгдүүлсэн хүүтэй.

Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн бүгд дүн 19,273,274 (арван есөн сая хоёр зуун далан гурван мянга хоёр зуун далан дөрөв) төгрөгийг зээлдэгч А-аас гаргуулж, “Б ББСБ” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Агийн хариу тайлбар, татгалзал: Хариуцагч А миний бие “Б” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Барьцаат зээлийн гэрээний гүйцэтгэл болох 19,273,274 (арван есөн сая хоёр зуун далан гурван мянга хоёр зуун далан дөрвөн) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2101130110002254 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдэгч Ж нь нэг сарын 3,2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, нийт 20,690,000 төгрөгийг зээлдэгч Жын өмчлөлд байгаа 0000БӨҮ улсын дугаартай Тоуоta/Prius-XW30 маркийн автомашиныг барьцаалан зээл авсан байдаг юм. Харин А миний бие хамтран зээлдэгчийн хувиар оролцсон болно.

2.2 3ээлдэгч “Б” ББСБ болон зээлдэгч Ж нарын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар Зээлийн үнийн дүн болох 20,690,000 төгрөг нь зээлдэгч Жын эзэмшлийн Хаан Банк дахь 5034864455 тоот дансанд бүрэн шилжин орсон байх бөгөөд, гэрээний 1.7 дахь хэсэгт “Зээл төлөх хугацааг 10 хоног хэтрүүлэх, мөн гэрээг цуцалснаас хойш ажлын 5 хоногт зээлдэгчийн эзэмшлээс барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авах, зээлдэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах мэдэгдэл /Мэдэгдэх хуудас/ хүргүүлэх” гэж, зээлийн гэрээний 1.8 дахь хэсэгт зааснаар “Гэрээнд заасан мэдэгдэх хуудсыг авснаас хойш зээлдэгч нь 15 хоногийн дотор зээл төлөх үйлдэл хийгээгүй бол барьцааны гэрээний дагуу шүүхийн бус журмаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгч “Б” ББСБ  ХХК нь зээлийн гэрээний 1.7, 1.8 дахь заалтуудад заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж байсаар байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдүүлэгч гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эхний ээлжид барьцаат хөрөнгийг хураан авч, худалдах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой бөгөөд нэхэмжлэгч энэ эрхийг хэрэгжүүлээгүй байна.

2.3 Зээлдэгч Ж нь Казахстан улсад түр амьдарч байгаа, нэхэмжлэгч тал зээлдэгч Жт байнга холбогдож байгаа байдал, зээлдэгч Жын хаана байгаа нь тодорхой, оршин суугаа газрын болон холбоо барих утас нь илэрхий байтал нэхэмжлэгч буюу зээлдэгч “Б” ББСБ ХХК нь зээлдэгч Жаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, гэрээний хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах шаардлагатай байна.

2.4 3ээлдэгч “Б” ББСБ ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2101130110002254 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 2.1 дахь хэсэгт заасан зээлдэгчийн эрхийн хүрээнд гэрээний 2.1.3 дахь хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах чиг үүргээ хэрэгжүүлэх боломж байсаар байтал хамтран зээлдэгч гэх А надаас шүүхийн журмаар зээлийн үр дагаврыг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Энэ нь гэрээний бүх заалтаар хамтран зээлдэгч гэрээний үр дагавар, гүйцэтгэлийг хариуцах талаар гэрээнд заагдаагүй байна.

2.5 3ээлийн гэрээ (№2101130110002254)-ний 2 дахь хэсгийн 2.1.7-д Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах гэжээ. Гэтэл нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардсан талаар ямар ч нотлох баримт байхгүй байна.Гэтэл гэрээний бүх заалт, шаардлагаар эхний ээлжид зээлийг төлөх үүргийг зээлдэгч Ж нь зээлийн гэрээгээр хүлээсэн байхад хамтран зээлдэгч хэмээн тооцож А нараас нэхэмжлэх нь бодит байдалд нийцэхгүй байна. Зээлдэгч Жт холбогдуулан нэхэмжлэл гаргах нь хуульд нийцнэ.

2.6 3ээлийн гэрээний “Дөрөв” дэх бүлэгт заасан “Гэрээний хариуцлага” хэсгийн 4.1-д “Зээлдэгч ... Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг хангагдах хүртэл хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө” гэж, 4.2-д “Барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмших ашиглах явцад учруулсан хохирлыг... болон мөн бүлэгт заасан бүх хариуцлагыг гэрээний дагуу зөвхөн зээлдэгч дангаар хариуцна гэж талууд гэрээ байгуулсан байна. Харин зээлийн гэрээний “Дөрөв” дэх бүлэг буюу “Гэрээний хариуцлага”-ын хэсэгт хамтран зээлдэгч гэх А намайг зээлийн талаар хариуцлага хүлээлгэхээр тусгайлан заасан заалт байхгүй байна.

2.7 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “...барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүснэ” гэж заасан ба зээлдүүлэгч “Б” ББСБ ХХК болон зээлдэгч Ж нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээ /фидуци/ байгуулагдаж,  уг гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар 0000-БӨҮ улсын дугаартай Тоуоta/Prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийг барьцааны зүйлээр барьцаалсан байна. Барьцааны гэрээний 1.9 дэх хэсэгт: “... Зээлдэгч зээл төлөх үйлдэл хийгээгүй бол мэдэгдэх хуудас хүргүүлснээс хойш 15 хоногийн дараа барьцаалагч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөрөнгийг худалдах, бусад журмаар борлуулж хохирлоо барагдуулна” гэжээ. Түүнчлэн барьцааны гэрээний 1.10 дахь заалтаар үүргийн гүйцэтгэлийг хангах тохиолдолд барьцаалагч нь барьцааны зүйлийг түргэн борлогдох үнэ болох 10,345,000 төгрөгөөр зарж, үндсэн зээл, хүү бусад зардлыг төлүүлэхээр зээлдэгч Ж-тай гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК нь гэрээний үүргийн дагуу эдлэх эрх, гүйцэтгэх үүргийг өөрийн зүгээс хэрэгжүүлэхгүй байж, шүүхэд хамтран зээлдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болно.

2.8 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “... үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангах үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагчид барьцааны эрх хэрэгжүүлэх эрх үүснэ” гэж, 51 дүгээр зүйлийн 51.2-д “Барьцаалагч барьцааны зүйлийг эзэмшилд авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бол барьцааны эрхээ хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэжээ. Нэхэмжлэгч тал эдгээр чиг үүргийг хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд заасан эрхийг хэрэгжүүлээгүй байж, хамтран зээлдэгчээс гэрээний биелэлтийг бүрэн хэмжээгээр хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

2.9 3ээлийн гэрээний “нэг” дэх хэсгийн Гол нөхцөл (ерөнхий зохицуулалт)-д буюу гэрээний 1.12 дах заалтад “Хамтран зээлдэгч нь уг гэрээнд заасан үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх үүрэгтэй оролцож, хариуцлага хүлээнэ” гэж ерөнхийлөн хамтран зээлдэгчийн оролцоог тодорхойлсон болохоос бус гэрээний нарийвчилсан зохицуулалт болох зээлийн гэрээний гурав дахь хэсэгт заасан “Зээлдэгчийн эрх үүрэг”, мөн гэрээний дөрөв дэх хэсэг буюу “Гэрээний хариуцлага” хэсэгт болон гэрээний бусад хэсэгт “хамтран зээлдэгчийн үүрэг хариуцлага”-ын талаар ямар ч зүйл, заалт тусгаагүй, хамтран зээлдэгчийн эрх, үүрэг, хариуцлага хүлээлгэх зээл төлүүлэх талаар гэрээнд заалт оруулаагүй байна. Нэгэнт хоёр талын зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгч А надад гэрээний тусгайлсан үүрэгтэй холбоотой гэрээнд үүрэг хариуцлага тусгаагүй учир нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны  12 дугаар сарын 07-ны өдрийн 2101130110002254 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн 2101130110002254 тоот Барьцааны гэрээ, Б ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ХХК-ийн депозит дансны хуулга, хариуцагч Ж, А нарын Б ББСБ руу төлсөн дүнгийн дэлгэрэнгүй тооцоолол, Б ББСБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17/167 дугаартай албан бичгээр Д.Нэмэхбаяр, Ж.Ганбаяр нарт олгосон итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, Монгол шуудан ТӨХК-ийн үнэ төлсөн байгууллагад очих баримт, мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, Б ББСБ ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/213 дугаартай албан бичгээр Д.Нэмэхбаяр, О.Батжаргал нарт олгосон итгэмжлэл зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, З-тай байгуулсан иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн  хариуцагч А-ээс  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 19,273,274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 9,636,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, 9,636,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Иргэн Ж, А нар нь тус компанитай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,690,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр тогтмол дүнгээр 970,918 төгрөгийн төлөлт хийхээр зээлийн хуваарь гаргасан боловч зээлдэгч нар эхний 8 сарын төлөлтийг хийгээд дахин төлөлт хийгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Зээлдэгч Ж нь Казахстан улс руу явсан бөгөөд янз бүрийн шалтаг заагаад зээлээ төлөхгүй байгаа, хамтран зээлдэгчийн хувьд Ж өөрийнхөө хувийг төлбөл би төлөх мөнгөө төлнө гэж тайлбар хэлдэг. Хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч нь дээрх зээлийг төлөх үүргийг үндсэн зээлдэгчийн адил хүлээсэн тул А нь үндсэн зээл 17,667,674.58 төгрөг, хүү 1,338,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267,600 төгрөг, нийт 19,273,274 төгрөгийг төлөхөөр байна гэжээ. 

 

6. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь зээлийн гэрээний 1.7, 1.8 заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж байсаар байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдүүлэгч гэрээг ноцтой зөрчиж барьцаат хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг хэрэгжүүлээгүй байна. Зээлдэгч Ж нь Казахстан улсад түр амьдарч байгаа, Жын хаана байгаа нь тодорхой, оршин суугаа газрын болон холбоо барих утас нь илэрхий байтал нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлэх, гэрээний хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Зээлийн гэрээнд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй, гэрээний үүргийг эхний ээлжид Жаас шаардахаар байхад А надаас нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 Зээлдэгч Ж, хамтран зээлдэгч А  нар нь нэхэмжлэгч Б ББСБ ХХК-тай  2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ  байгуулж 20,690,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн  хувийн хүүтэйгээр, автомашин худалдан авах зориулалтаар зээлээр авсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2101130110002254 дугаартай зээлийн гэрээгээр тогтоогджээ. Мөн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2101130110002254 дугаартай барьцааны гэрээгээр Toyota/Prius-XW 30 маркийн, 0000БӨҮ улсын дугаартай автомашиныг барьцаалсан байна. 

7.2 Нэхэмжлэгчээс Ж, А нарын Б ББСБ ХХК руу төлсөн дүнгийн тухай жагсаалтыг гаргаж өгсөн ба уг тооцооллоор зээлдэгч нараас төлсөн үндсэн зээл, зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлсөн хугацаа, хугацаа хэтрүүлсэн хоног тус бүрийн тооцоог тусгажээ. Б ББСБ ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ба уг мэдэгдэх хуудсаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн байна.

 

8.Талууд гэрээ байгуулагдсан талаар болон зээлийн хэмжээний талаар маргаагүй байх ба хариуцагчийн зүгээс уг мөнгийг ашиглаагүй, нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой тул зээлийн төлбөрийг хамтран зээлдэгчийн хувьд хариуцах боломжгүй гэж маргажээ.

 

9.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зохигч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

10.Зээлдэгч Ж нь Б ББСБ ХХК-аас зээл олгосноос хойш Казахстан улсад амьдарч байгаа болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон байна.  Зээлдэгч  Ж, хамтран зээлдэгч А  нарын нэхэмжлэгч Б ББСБ ХХК-тай  байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2101130110002254 дугаартай зээлийн гэрээний 1.12-т “Хамтран зээлдэгч нь уг гэрээнд үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэгтэйгээр оролцож хариуцлага хүлээнэ”, 3.2.12-т “уг зээл нь хамтран зээлдэгчтэй бол хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан байх тул хамтран хариуцагч А нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Учир нь “хамтран зээлдэгч” гэдэг нь “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэсэн ойлголт (Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2) бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч Ж, А нар нь зээлдүүлэгч Б ББСБ ХХК-ийн өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгчдийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй. Иймд А нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй. Мөн тухайн зээлийг А хэрэглээгүй нь хэрэгт ач холбогдолгүй буюу зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2 дахь хэсэгт “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ”, 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасан байх ба хариуцагч А нь зээлийн гэрээгээр хамтран зээлдэгчээр оролцсон болох нь тогтоогдож байх тул гэрээнд зааснаар хамтран хүлээх үүрэг үүссэн байна.

11.Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч Агээс  19,273,274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 9,636,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, 9,636,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

12. Талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй  боловч Б ББСБ ХХК нь хариуцагч Ад гэрээг цуцалсан тухай мэдэгдэх хуудас хүргүүлж байсан байх бөгөөд гэрээний 2.1.5-д зээлдэгч нь зээлийн графикт хугацааг зөрчсөн бол гэрээг дангаар цуцлах эрхтэй байх тул зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэг талын санаачилгаар цуцалж гэрээг дуусгавар болгосон байна гэж үзлээ.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд  зааснаар нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,316 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Агээс 169,136 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451.1 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А-ээс  9,636,637 /есөн сая зургаан зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин долоон/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 9,636,637 /есөн сая зургаан зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд  зааснаар нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,316 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Агээс 169,136 /нэг зуун жаран есөн мянга нэг зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК