| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0538/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/555 |
| Огноо | 2025-12-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/555
2025 12 10 2023/ШЦТ/555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гэд холбогдох эрүүгийн 2425001480716 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн 00-00 тоотод байхдаа хохирогч И.Эгийн эзэмшлийн Хаан банкны 0000000000 дугаарын дансны виза картыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл зөвшөөрөлгүйгээр авч яван, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл хугацаанд картаас 2,270,000 төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах үйлчилгээ төвүүдийн пос машинд уншуулах байдлаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 2,270,000 төгрөгийн хохирол учруулан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Г.Гийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч И.Эгийн эзэмшлийн 0000000000дугаар Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 25-26-р тал/
-хохирогч И.Эгийн мэдүүлсэн:.... 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай хамаатны залуу Г манай гэрт ирсэн. Тэгээд юм ярьж сууж байтал “танд банкны данс виза карт байгаа юу? Хүнээс мөнгө авах ёстой юм аа, таны данс руу мөнгө хийлгэчихье” гэж хэлээд миний хаан банкны 0000000000дугаарын дансыг авсан. Тэгээд миний утсаар 2 хүн рүү залгаад миний данс руу нийт 40,000 төгрөг шилжүүлж авсан. Миний хаан банкны картыг авч яваад хүнсний дэлгүүрээс 0.5 граммын хараа нэртэй архи авчраад бид хоёр хувааж ууж байхдаа би өөрийнхөө картыг буцааж авсан. Би архи уугаад согтсон учраас унтаад өгсөн. Миний картаас орлого, зарлага хийх болгонд өөрийн эзэмшлийн 00000000 дугаарын утсанд мэдээлэл буюу мессеж ирдэг. Тухайн үед миний дугаарыг зээ хүү Е авч яваад 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн. Тэгээд гар утсаа шалгатал миний данснаас маш их хэмжээний зарлага гарсан мэдээллүүд ирсэн байсан. Би гайхаад хаан банкныхаа виза картыг шалгахад карт маань байхгүй байсан. Би бодохдоо хамт архи уусан хамаатны дүү Г намайг тасраад унтаж байх хугацаанд халааснаас картыг маань аваад явсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл өөр хэн нэгэнд виза картаа өгөөгүй. Миний виза карт код нэхэхгүй чиптэй. ...Орхон аймаг Баян-Өндөр сум Н баг 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй. Эрхэлсэн тодорхой ажилгүй, архи согтууруулах ундааны төрлийн зүйл байнга хэрэглэдэг, эхнэр хүүхэдгүй, урьд өмнө /00000000/ дугаартай байсан, одоо утасгүй байгаа. Би регистрийн дугаар зэргийг мэдэхгүй байна. ...Кодны шаардлага байхгүй чиптэй учраас шууд уншина. ...Би картаа буцааж аваад өвлийн куртикнийхээ баруун гар талын халаасанд хийсэн. ...Эхлээд бид хоёр ууж байсан дундаас нь манай нөхөр Х орж ирсэн. Манай нөхөр архи уугаагүй. ...Нөхөр ирээгүй байхад Г бид хоёр ууж байгаад би гадаа гарж бие засах гээд 00 орсон. Тэгэхэд миний халааснаас авсан байх гэж бодож байна. ...Би хаана байгааг нь мэдэхгүй байна. Гадуур архи уугаад явж байгаа байх. ...2,270,000 төгрөг байсан бүгдийг нь хэрэглэсэн байна лээ. ...Би банкнаас аваад гаргаж өгье. ...”Эрдэнэт хивс” ХХК-д хамгаалагч хийдэг байсан. ...Зальтай, архи согтууруулах ундааны төрлийн зүйл сүүлийн хэдэн жил байнга хэрэглэдэг болсон..Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би мөнгөө Гээс удалгүй авсан. Мөнгөө авсан он, сар, өдрийг санахгүй байна. Бэлэн мөнгөөр авсан... ” гэх мэдүүлэг /хэргийн 30-31, 34-р тал/
-гэрч П.Хын мэдүүлсэн.... Манай гэрт 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт эхнэр И.Эгийн хамаатан гээд Г.Г гэж архи уудаг залуу ирсэн. Тэгээд Г.Г ирэхдээ нэг шил архитай ирээд эхнэр Г.Г бид нар архи ууж байгаад би Г.Г, И.Э нарыг үлдээгээд Город руу эмнэлэг явчихаад эргээд орой иртэл Г.Г яваад өгсөн байсан. Манай эхнэр унтсан байсан. Тэгээд манай эхнэр хэд хоногийн дараа надад хэлэхдээ миний виза карт алга болчихсон данснаас мөнгө гарчихсан байна гэж хэлсэн бөгөөд шууд цагдаад хандсан. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Г.Г манайд ирээд И.Эгийн Хаан банкны данс руу мөнгө хийлгүүлээд картаар нь мөнгө аваад дэлгүүрээс архи авч уугаад байсан....гэх мэдүүлэг, /хэргийн 36-р тал/
-Шүүгдэгч Г.Гийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн.... 2024 оны 02 дугаар сард байсан байхаа Энхтуяа эгчтэй таараад гэрт нь очоод архи хамт уусан. Тэгээд би нэг хүнээс 40.000 төгрөг авсан. Тэрийгээ Туяа эгчийн данс руу хийлгэсэн. Тэгээд бид 2 дэлгүүр ороод 20.000 төгрөгөөр нэг шил архи аваад буцаад гэрт нь очиж архиа уусан. Тэгээд Энхтуяа эгч согтсон би Туяа эгчийн гэрээс гараад явсан. Тэгэхэд халаасанд Туяа эгчийн виза карт байсан, би тэр өдрөө Дэнжид хоноод маргаашаас нь Туяа эгчийн картыг дэлгүүрт уншуулаад архи авч уусан. Нийт 7-8 хоног Туяа эгчийн дансанд дахь мөнгөөр архи уусан, нийт 2.270.000 төгрөгийг үрсэн байсан. Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 61, 63-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03-р сарын 28-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-84-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07-р сарын 09-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-93-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01-р сарын 31-ний өдрийн .... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-100-р тал/
-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437-р нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч дэслэгч Б.М 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх-ийн 105-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн 00-00 тоотод И.Эгийн гэрт согтууруулах ундаа хэрэглэж байхдаа И.Эгийн эзэмшлийн Хаан банкны 0000000000дугаарын дансны виза картыг хувцасны халааснаас нь зөвшөөрөлгүйгээр авч 06-аас 16-ны өдрийг хүртэл хугацаанд картаас нь 2,270,000 төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах үйлчилгээ төвүүдийн пос машинд уншуулан авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, Хаан банкны 0000000000дугаарын дансны хуулга,шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Тогтоогдсон үйл баримтыг дүгнэхэд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч Г.Г нь хохирогч И.Эгийн хувцасны халааснаас түүний эзэмшлийн виза картыг нь нууцаар, зөвшөөрөлгүй авч өөрийн мэдэлд оруулан 2,270,000 төгрөгийг авч зарцуулсан нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамаарна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг “хулгайлах” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.
Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:... 4.3-д “бага хэмжээний хохирол”гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон гэмт хэргийн хохирлын доод хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулжээ.
Шүүгдэгчийн үйлдэл нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн шинжээрээ санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай эсэх талаар эргэлзээ бүхий үндэслэл тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял санал болгоход зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тохирсон ялыг оногдуулах саналтай, төлөх төлбөргүй гэж,
-шүүгдэгч Г.Г: Гэм буруугаа хүлээж сайн дураараа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурорын санал болгосон ялыг ойлгосон, өөр саналгүй гэж тус тус дүгнэлт санал гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 7 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Хохирогч И.Э нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, бөгөөд хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Г-ын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 7 /долоо/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Г.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ