| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0226/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/235 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа
Улсын яллагч Ө.Манзушир
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгч Ц.Б, Б.Т, Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б, Б.Т, Ц.П нарт холбогдох 2516001840236 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** оны **** сарын **** өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ********* оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Аптай аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 100 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж тэнссэн, мөн өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тэнсэх ялаар тус тус шийтгэгдсэн, ********* регистрийн дугаартай, ******** ургийн овгийн Ц.Б.
2. Монгол Улсын иргэн, ***** оны ***** сарын ***** өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *********** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** регистрийн дугаартай, ******** ургийн овгийн Б.Т.
3. Монгол Улсын иргэн, ******оны ***** сарын ******* өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ********** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгэгдэж байсан, ********** регистрийн дугаартай, ****** ургийн овгийн Ц.П.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б, Б.Т, Ц.П нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б, Б.Т, Ц.П нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр cold monster-1000, GP-14 7000 нэртэй 2 ширхэг металл хайгч төхөөрөмж, газар ухах зориулалт бүхий илжгэн чих, малтуур, ажлын хүрз зэргийг бэлтгэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг Дөвөнт гэх газарт өөрсдийн тээврийн хэрэгслээр 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр очиж хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн болох нь:
-2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-9 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох мөрдөгчийн санал, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /хх-ийн 24-27 дахь тал/,
-“У” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Р.Ц-н 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, /хх-ийн 80-84 дэх тал/,
-Шинжээч Р.Ц-н “...Би Сангийн сайдын 2015 оны 12 сарын 18- ны өдрийн 344 дүгээр тушаалаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авч байсан. 2015 оноос хойш 10 жилийн хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийж байна... Цагдаагийн газраас шинжээч томилсон тогтоолын дагуу тогтоолд заагдсан <Gold monster 1000, GP 14 7000 загварын 2 төрлийн металл хайгч багажинд үнэлгээ гаргаж дүгнэлт хийсэн. Тухайн металл хайгчуудын үнэлгээг гаргахдаа нэгдүгээрт зах зээлийн үнэлгээг судалсан, харьцуулалт хийсэн, тоног төхөөрөмжийн эзэмшигч нартай уулзаж бурэн бүтэн байдлыг асууж тодруулсан, үйлдвэрлэгдсэн огноо, ашиглагдсан байдал, элэгдэл хорогдол, дагалдах багаж хэрэгслийн дутуу байдлыг харгалзаж одоогийн зах зээлийн ханшаар бодитой дүгнэлт гаргасан. Эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлагын аргыг ашигласан. Тухайн хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийг мэдээллийг зах зээл дээрээс цуглуулж тухайн хөрөнгийн чанар, ашиглалт, насжилтын байдалтай харьцуулан тохируулга хийж үнэлгээ гаргасан. Би бодитой үнэлгээ гаргасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59 дэх тал/,
-яллагдагч Ц.Б, Ц.П, Б.Т нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142-144 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засч тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ” гэж мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатй нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч нар нь алт олборлох зорилгоор cold monster-1000, GP-14 7000 нэртэй 2 ширхэг металл хайгч төхөөрөмж, газар ухах зориулалт бүхий илжгэн чих, малтуур, ажлын хүрз зэргийг бэлтгэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг Дөвөнт гэх газарт өөрсдийн тээврийн хэрэгслээр 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр очсон боловч цагдаагийн байгууллага үйлдлийг таслан зогсоосон тул хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг бүлэглэн үйлдэхээр бэлтгэсэн шинжийг хангана гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Б, Ц.П, Б.Т нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд хохирол учраагүй байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Ц.Б, Ц.П, Б.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 1,500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Б, Ц.П, Б.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн 673,200 төгрөгийн үнэ бүхий Gold monster-1000 гэх бичиглэлтэй жижиг тавагтай металл хайгч 1 ширхэг, 6,270,000 төгрөгийн үнэ бүхий GP-14 7000 гэх бичиглэлтэй том тавагтай металл хайгч 1 ширхэгийг тус тус улсын орлогод оруулж, тус бүрийн үнэ 4000 төгрөг бүхий төмөр малтуур /илжгэн чих/ 2 ширхэг, тус бүрийн үнэ 5000 төгрөг бүхий ажлын хүрз 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** ургийн овгийн Ц.Б, **** ургийн овгийн Б.Т, ****** ургийн овгийн Ц.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1. 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Т, Ц.П нарыг тус тус 1500(нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Т, Ц.П нарт оногдуулсан 1500(нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ялтан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож ял солих болохыг шүүгдэгч Ц.Б, Б.Т, Ц.П нарт мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Б.Т, Ц.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА