Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2023/00139

 

2023 03 17 156/ШШ2023/00139

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

156/2022/00355/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч  Б.Марина даргалж, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ...................... тоотод оршин суух, Орлой мөр овогт П.Б.,

Хариуцагч: Хэнтий аймгийн .............оршин суух, Боржигон овогт П.Э.

Хүсэлтийн шаардлага:Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 7,810,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үхрийн үнэ 2,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.З. нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгч П.Б. нь хариуцагч П.Э.д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 7,810,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч П.Э. нь үхрийн үнэ 2,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

П.Б. нь Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот орохоор 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Toyota Alphard маркийн ............ СҮЭ улсын дугаартай авто машиныг жолоодон эхнэр хүүхдүүдийн хамт явж байх замд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1-р баг Илжигний уурхайн засмал замд хөдөлгөөнд оролцож явтал эсрэг талын урсгалаас нэг жижиг тэрэг гэрлээ шилжүүлэхгүй явж байсан тэгтэл гэнэт ертөнцийн зүгээр замын баруун талаас үхэр гарч ирэхэд тоормосоо гишгэсэн боловч үхэр мөргөөд замын баруун гар талын хөвөө рүү шахаад зогссон. Тэгээд машинаасаа буугаад хартал ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд хоёр үхэр мөргөөд нэг үхэр нь амьд, нөгөө үхэр нь үхсэн байсан. Тэгээд П.Б. нь цагдаагийн байгууллагад шууд дуудлага өгсөн бөгөөд цагдаагийн байгууллага дээрх авто ослын шалтгааныг шалгаж техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тухайн техникийн шинжээчийн 2022.02.25-ны өдрийн 09 тоот дүгнэлтээр хоёр үхрийн эзэмшигч П.Э. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 3 заалт буюу Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд ... хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх ...үүргийг хүлээнэ гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэсэн дүгнэлтийн дагуу шийдвэрлэсэн. Тухайн зам тээврийн ослын улмаас П.Б. эзэмшлийн Toyota Alphard маркийн .........СҮЭ улсын дугаартай авто машинд Хас үнэлгээ ХХК-ийн техникийн үнэлгээний тайлангаар 7,810,000 төгрөгийн хохирол гарсан тул П.Б.ийн авто машинд учирсан хохирлыг малын эзэн П.Э.аас гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Б.ийн нэхэмжлэлтэй, П.Э.д холбогдох иргэний хэрэгт 2022.02.25-ны өдрийн 02/09 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

- Зөрчлийн материалаас харахад нэхэмжлэгч П.Б. болон түүний эхнэр гялбаанд орсон гэж мэдүүлсэн. Гэтэл Замын хөдөлгөөний дүрмийн 15.1.а-д ...хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтын дагуу авто машинаа зогсоогоогүй.

- Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг харахад үхэр мөргөсөн цэгээс үнээний шидэгдсэн зай 40.6 метр, шүдлэн үхрийн шидэгдсэн зай нь 17.7 метр байна. 70-8 км цагийн хурдтай яваа машин эхлээд 200 кг жинтэй үнээг 40 метрийн хол шидэгдтэл мөргөөд, дараа нь 150 кг жинтэй шүдлэн үхрийг 11.7 метрт шидэгдтэл мөргөнө гэж байхгүй. Тэгээд ч тоормосны мөр 54 метр өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онгоц, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км, суурин газрын гадна 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

- Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б. нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1-р баг, Илжигний уурхайн зам дээр 2022.02.06-ны өдөр Toyota Alphard маркийн .... СҮЭ улсын дугаартай авто машинаар иргэн П.Б. нь П.Э.ын 2 тооны үхрийг мөргөж алсан тул П.Б.с 2 үхрийн үнэ болох 2,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н. хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тухайн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай оролцож байна. Зам тээврийн осол гарсныг тогтоосон 2 удаагийн шинжээчийн дүгнэлт байдаг. Дээрх дүгнэлтүүдээр хариуцагч П.Э. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-ийн З-д заасныг зөрчсөн байна гэж дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч П.Б. хууль дүрэм зөрчсөн гэх дүгнэлт гараагүй учраас үхрийн үнийг төлөх боломжгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Иргэдийн төлөөлөгч О.Г. нь шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Жолооч П.Б. нь хурд хэтрүүлэн явж хоёр үхэр мөргөж, нэг үхэр үхсэн байж болзошгүй. Хурд 60 км цагаас дотогш явсан бол 1 үхрийг мөргөөд зогсох боломжтой байсан тул жолооч буруутай байна гэж үзэж байна гэв.

7.Нэхэмжлэгчээс байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 5/, 2022.02.07-ны өдрийн 0658 дугаартай зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Л.А.ын ...холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6/, 2022.02.07-ны өдрийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Л.А.ын ...П.Б.ээс авсан ...эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7/, 2022.02.16-ны өдрийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Л.А.ын ...гэрчээс мэдүүлэг авсан тухай ...эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8/, 2022.02.07-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан Л.А.ын ...хохирогч П.Б., гэрч М.П. нараас ...эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай ...эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9/, 2022.02.06-ны өдрийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Л.А.ын ...П.Б.д ...баримт бичиг буцаан олгосон тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10/, 2022.02.06-ны өдрийн 0658 дугаартай зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Л.А.ын ...хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-13/, 2022.02.23-ны өдрийн шинжээчид, эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14/, 2022.02.23-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 15/, 2022.02.25-ны өдрийн 02/09 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 16/, 3 дугаар сарын 01-ний өдрийн 0658 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17/, Хас үнэлгээ ХХК-ийн 2022.02.14-ний өдрийн 391 дугаартай ...автомашин техникийн үнэлгээний тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18-22/, 2022.07.18-ны өдрийн 0104 дугаартай П.Б.ээс Л.Н.т олгосон итгэмжлэл /хх-ийн 23/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

8.Хариуцагчаас 2022.09.07-ны өдрийн 0144 дугаартай П.Э.аас Г.Б.д олгосон итгэмжлэл /хх-ийн 34/, хариу тайлбар /хх-ийн 40/ сөрөг нэхэмжлэл /хх-ийн 90-92/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.11.08-ны өдрийн 10/7199 дугаартай албан бичиг /хх-ийн 69/-ээр ирүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.11.07-ны өдрийн 2958 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-75/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023.02.02-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102-108/-ийг шүүх бүрдүүлсэн болно. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хатуу хучилттай замд хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх үүргээ биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарсан тул нэхэмжлэгч П.Б. эзэмшлийн авто машинд техникийн үнэлгээний тайлангаар гарсан 7,810,000 төгрөгийн хохирлыг малын эзэн хариуцагч П.Э. төлөх ёстой гэж,

3.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нэхэмжлэгч П.Б. нь жолоо барьж явахдаа болон Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4.Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч П.Б. нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж П.Э.ын 2 тооны үхрийг мөргөсөн, уг ослын улмаас П.Э.ын 2 тооны үхэр үхсэн тул П.Б. 2 үхрийн үнийг төлөх ёстой гэж шаардлагаа тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...зам тээврийн осол гарсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр хариуцагч П.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж гарсан. Харин нэхэмжлэгч П.Б. хууль дүрэм зөрчсөн гэх дүгнэлт гараагүй учраас үхрийн үнийг төлөхгүй гэж няцаасан.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч П.Б. нь өөрийн эзэмшлийн /хх-ийн 9, ар тал/ Toyota Alphard маркийн .... СҮЭ улсын дугаартай авто машиныг жолоодон 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1-р баг Илжигний уурхайн засмал замд 2 тооны үхэр мөргөсөн осол гарсан байна. Ослын улмаас хариуцагч П.Э. нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 52.1-д зааснаар 20,000 төгрөгөөр /хх-ийн 22/ торгуульсан. Тус 2 тооны үхэр үхсэн, уг үхрүүд нь хариуцагч П.Э.ын өмчлөлийн үхэр гэдэгт талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч тал нь хариуцагчийг хатуу хучилттай замд хариулгагүй мал оруулахгүй байх үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарсан гэж, хариуцагч тал нь нэхэмжлэгч П.Б.ийг жолоо барьж явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан гэж мэтгэлцлээ.

Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д зааснаар амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцахаар заасан байдаг. Хохирлыг нөхөн төлүүлэх тохиолдолд гэм хор, учирсан хохирлын хэмжээ, хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой нь нотлогдсон байх учиртай.

Гэм хорын хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэрийн тэжээвэр амьтаны өмчлөгч буюу эзэмшигчийн буруутай үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо байх ёстой.

Өөрөөр хэлбэл гэрийн тэжээвэр амьтаны өмчлөгч буюу эзэмшигчийн буруутай үйлдэл нотлогдсон байх ёстой.

Хэрэгт авагдсан 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 02/09 дугаартай /хх-ийн 16/ техникийн шинжээчийн дүгнэлтээр ...... СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Б. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэх заалтыг зөрчсөн, ...энэ нь зам тээврийн ослын шалтгаан болохгүй, харин ослоос учирч болох хохирлыг ихэсгэх магадлалтай. Toyota Alphard маркийн автомашин нь 84.85 км/цагаас их хурдтай явж байжээ. 2 тооны үхрийн эзэмшигч П.Э. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 з заалт буюу ...хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтадыг оруулахгүй байх гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна гэж,

2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаартай /хх-ийн 102/ шинжээчийн дүгнэлтээр Toyota Alphard маркийн .......СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Зам тээврийн шалтгаан нөхцөл нь 2 тооны үхэр зорчих хэсэг дээр хариулгагүй байсан нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх боломжтой. Жолоочийн буруутай үйлдэл байгаа эсэхийг тогтоох нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй гэж,

Гэрч Л.А.ын шүүхэд өгсөн мэдүүлэгт ...осол болсон Илжигний уурхай гэх газар урвуугаасаа тэгш гадаргуутай газар байдаг. Тухайн осол болсон газар нь уруудаж байгаад тэгширсэн зам байдаг тул тэгш, уруу гэж хэлэх боломжгүй. Тооромсны мөр байсан. П.Б. хэргийн газрын үзлэг хийхэд болон тооромсны мөр хэмжихэд байсан. Уг осол болсон газар нь суурингийн гаднах газар бөгөөд Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 80 км цагийн хурдтай явахаар заасан. Тухайн жолооч 84 км орчим хурдтай явж байсан гэж тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах боломжгүй байсан. Хэргийн газарт үзлэг хийсэн 1 дэх зураг дээрх мөрний зураг альфарт машины мөр мөн. 2 дахь болон 3 дахь зураг дээр олон машины мөр харагдаж байна. Мөр нарийн, тод гараагүй тул альфарт машины мөр гэж хэлэх боломжгүй. Жолоочийн хувьд буруутай байдал харагдсан зүйл байхгүй. Гялбаанд орсон тохиолдолд жолооч аюул саад бий болоход зогсох боломжтой хурдыг сонгож явна гэж заасан байдаг. Жолооч гялбаанд орохдоо ямар нэг арга хэмжээ аваагүй. Үхэр мөргөсөн цэгээс тооромсны мөр үүссэн байсан... гэжээ.

Эдгээр баримтуудаар нэхэмжлэгч П.Б. нь хатуу хучилттай замаар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад 2 тооны үхэр мөргөсөн, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 з заалт буюу ...хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтадыг оруулахгүй байх заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна. Гэвч Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д зааснаар амьтаны үйлдлээс хүний эд хөрөнгөд хохирол учирвал тухайн амьтаны өмчлөгч буюу эзэмшигч хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

7.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч тал нь нэхэмжлэгч П.Б. тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад 2 тооны үхэр мөргөсний улмаас үхсэн 2 тооны үхрийн үнэ 2,900,000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч уг 2 үхэр нэхэмжлэгч П.Б. буруутай үйлдлийн улмаас үхсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Мөн тухайн 2 үхэр 2,900,000 төгрөгийн үнэтэй болох талаарх баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй нотолж чадаагүй гэж үзэж байна. 

Иймд Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б. нэхэмжлэлтэй хариуцагч П.Э.д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 7,810,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч П.Э.ын нэхэмжлэгч П.Б.д холбогдуулан гаргасан хоёр үхрийн үнэ 2,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэдийн төлөөлөгч О.Г. нь ...жолооч П.Б. нь хурд хэтрүүлэн явж хоёр үхэр мөргөж, нэг үхэр үхсэн байж болзошгүй. Хурд 60 км цагаас дотогш явсан бол 1 үхрийг мөргөөд зогсох боломжтой байсан тул жолооч буруутай байна... гэх дүгнэлт гаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар нэхэмжлэгч П.Б.ийг хурд хэтрүүлсэн гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Б.ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,910 төгрөг, хариуцагч П.Э.ын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 61,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б.н нэхэмжлэлтэй, хариуцагч П.Э.д холбогдох гэм хорын хохирол 7,810,000 /долоон сая найман зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч П.Э.ын хоёр үхрийн үнэ 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,910 /нэг зуун гучин есөн мянга есөн зуун арав/ төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 61,350 /жаран нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.МАРИНА

 

ШҮҮГЧ                                 Х.ОТГОНЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЗУУ