| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2023/00505/И |
| Дугаар | 156/ШШ2023/00541 |
| Огноо | 2023-10-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2023/00541
2023 10 17 156/ШШ2023/00541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС.
156/2023/00505/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: М к ХХК,
Хариуцагч: Х а З д,
Нэхэмжлэлийн шаардлага: Магадлашгүй ажлын зардал 32 211 891 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Э, С.А,
Хариуцагчийн төлөөлөгч: М.Ш, Х.Б, Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М к ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х а З д-ын тамгын газартай 2020 оны 05 сарын 28-ны өдөр УТХО-2020/31 тоот гэрээ байгуулж Хэнтий аймгийн 1500 суудалтай сургуулийн барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан боловч захиалагчаас гүйцэтгэгчээс хамаарахгүй шалтгаанаа гэрээ цуцлах мэдэгдэл ирсэний дагуу бид захиалагчийн шийдвэрийг хүндэтгэн ямарваа нэгэн хохирол нэхэмжлэлгүйгээр гэрээг цуцалсан ба 2021 оны 03 сарын 15-ны өдөр гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэлийг баталгаажуулж, барилгын ажлын тоо хэмжээ нийлсэн актыг талууд баталгаажуулж барилга угсралтын талбайг хүлээлгэн өгсөн байдаг. Манай байгууллагын гэрээ цуцлагдах хүртэл хийсэн ажлын гүйцэтгэл 1 244 263 387 төгрөгөөр баталгаажсан боловч манай байгууллагад орж ирсэн санхүүжилтээс төгрөгөөр магадлашгүй ажлын зардал 32 211 891 төгрөг хасч төсөл дууссаны дараа олгоно гэсэн тайлбартайгаар дутуу санхүүжилтыг олгосон. Манай компани төсөл дуусч ашиглалтанд орсон тухай мэдээлэл авч Х а З д-аас магадлашгүй ажлын санхүүжилт 32 211 891 төгрөгийн үлдэгдэл санхүүжилтээ авах хүсэлт гаргасан боловч 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Х а З д-аас ирсэн 3/297 тоот албан бичгээр Сангийн яамнаас анх санхүүжилт олгохдоо магадлашгүй ажлын зардал болон зохиогчийн хяналт техник хяналтын зардлууд хасагдаж зөвхөн барилга угсралтын санхүүжилт олгогдсон магадлашгүй ажлын зардал болох 32 211 891 төгрөгийг Сангийн яам руу хандаж санхүүжилтийн асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн албан бичиг ирүүлсэн. 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 3/297 тоот албан бичгийн дагуу Монгол Улсын сангийн яам руу 2023 оны 02 сарын 01-ний өдөр 23/147 тоот албан бичгээр хандсан ба сангийн яамнаас 2023 оны 04 сарын 27-ны өдөр 09/2698 тоот албан бичиг захиалагч болох Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарт явуулж хандсанаар магадлашгүй ажлын санхүүжилтээ авах боломжтой тухай мэдэгдсэн байдаг. Х а З д Ц.Ч-д хаяглан 2023 оны 02 сарын 16-ны өдөр 23/254 тоот албан бичгээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын магадлашгүй ажлын санхүүжилт авах тухай хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Манай компани уг магадлашгүй ажлын зардлыг авахаар Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай 2021 оноос хойш 2 жилийн хугацаанд хандаад байгаа бөгөөд батлагдсан гүйцэтгэлийн мөнгийг олгохгүй хуулийг зөрчиж компанид хохирол учруулж, хүнд суртал гаргаж байгаад гомдолтой байна. Манай компани болон Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын хооронд Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулагдсан нь тодорхой байгаа бөгөөд манай зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байхад гүйцэтгэгчээс шалтгаалахгүйгээр захиалагч тал болох Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас гэрээ цуцлах мэдэгдэл ирэн гэрээг цуцалсан байдаг. Гэрээг цуцлагдах хүртэл хийсэн ажлын гүйцэтгэл 1 244 263 387 төгрөгөөр баталгаажсан боловч манайх магадлашгүй ажлын зардал 32 211 891 төгрөгөөр дутуу санхүүжсэн нь Иргэний хуулийн 205.1, 205.2.1 дахь заалтуудыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Мөн хуулийн 355.5-д "Гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй" гэж заасан нь манай зүгээс магадлашгүй ажлын зардлаа шаардах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас 2021 оны 05 сарын 26-ны өдрийн захиалагчийн баталсан гүйцэтгэлийн дагуу дутуу санхүүжсэн 32 211 891 төгрөгийн магадлашгүй ажлын зардлыг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Х.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монкон констракшн ХХК-ний хийсэн /сургуулийн барилга, 1500 суудалтай/ ажлын гүйцэтгэлийг 1 244 263 387 төгрөгөөр баталгаажуулан төрийн захиргааны төв байгууллага руу хүргэсэн. Магадлашгүй ажлын зардлыг зарим үед барилгын ажлын явцын дунд нэмэлт ажлууд гардагтай холбогдуулан, төсөл арга хэмжээ бүрэн дууссаны дараа санхүүжилтийг олгодог зарчимтай. Иймд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор "Монкон констракшн" ХХК-аас татгалзсан эцсийн шийдвэр гарсан тул 32 211 891 төгрөгийн санхүүжилтийг олгоогүй болно. Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын тамгын газар. "Монкон констракшн" ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №УТХО-2020/31 дугаартай гэрээг хүчингүй болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй буюу "Содон номин констракшн" ХХК-тай шууд гэрээ байгуулахыг даалгасан шийдвэрийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан. Иймд тус гэрээг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр хүчингүй болсонд тооцож, гэрээний 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу гэрээг цуцалж байгааг мэдэгдэж, гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гүйцэтгэгч ажлыг зогсоож, ажлын талбайг бүрэн, бүтэн аюулгүй байдлыг хангаж чөлөөлөх, мөн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна уу гэж "Монкон констракшн" ХХК-д Аймгийн засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2/897 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг. Ингээд "Монкон констракшн" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг баталгаажуулан Аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 9/1035 тоот албан бичгийг Сангийн яамын төсвийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн боловч Монгол Улсын дээд шүүхийн тогтоол гарч "Монкон констракшн" ХХК-тай гэрээ цуцалсан тул санхүүжилт олгогдох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэнтий аймгийн засаг даргын тамгын газрын зүгээс холбогдох дээд шатны байгууллагаас хэрхэн "Монкон констракшн" ХХК-н хийж гүйцэтгэсэн санхүүжилтийг олгуулах талаар ярилцсаны үндсэн дээр Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр гэрээ байгуулсан "Содон номин" констракшн ХХК-н гүйцэтгэлийн санхүүжилт дээр нэмж оруулан санхүүжилтийг олгох боломж байна гэж үзэн Аймгийн засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9/1447 тоот албан бичигт Монкон констракшн ХХК-н 1 244 263 387 төгрөгийн санхүүжилтыг тусган оруулж хүргүүлсэн. Гэтэл дээд шатны байгууллагаас зөвхөн барилга угсралтын санхүүжилтыг олгоно бусад нэмэлт зардлыг олгохгүй гэж нийт 3 776 801 607 төгрөгийн санхүүжилтийн эрх нээлгэх хүсэлт явуулахад 3 664 825 157 төгрөгийн санхүүжилт орсоноос "Содон номин" констракшн ХХК-н гүйцэтгэлийн санхүүжилт 2 532 538 220 төгрөг, "Монкон констракшн" ХХК-н гүйцэтгэлийн 1 113 060 183 төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгосон. Мөн ажлын тоо хэмжээг хүлээлцэхдээ "Монкон констракшн" ХХК-н төлөөлөл "Содон номин" констракшн ХХК-н төлөөлөлтэй уулзаж тус нэхэмжлээд байгаа 32 211 891 төгрөгийн магадлашгүй ажлын зардлыг гүйцэтгэлд оруулж санхүүжилт авахаар тохиролцож акт үйлдэж гарын үсэг зуруулаагүй байгаа тул төсөл дуусах шатанд санхүүжилтийг оруулж тооцож олгох боломжгүй болсон гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Монкон констракшн ХХК нарын хооронд байгуулсан Ажлын гүйцэтгэл №02 /хх-ийн 8-р тал/, барилга угсралтын ажлын үе шатны ажлын хуваарь /хх-ийн 9-10-р тал/, төсвийн өртгийн нэгдсэн товчоо /хх-ийн 12-р тал/, цалингийн нэгтгэл /хх-ийн 13-р тал/, бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардал /хх-ийн 14-р тал/, барилгын машин механизмын хэрэгцээ /хх-ийн 15-р тал/, магадлашгүй ажлын гүйцэтгэлийн акт /хх-ийн 16-17-р тал/, Хэнтий аймаг, Хэрлэн сумын 1500 суудалтай сургуулийн барилгын хурлын тэмдэглэл /хх-ийн 18-20-р тал/, гэрэл зураг 21-22-р тал, магадлашгүй ажлын зардлын санхүүжилт авах тухай /хх-ийн 23-р тал/, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/2698 дугаартай албан бичиг /хх-ийн 24-р тал/, 1500 суудалтай сургуулийн барилгын магадлашгүй ажлын санхүүжилт авах тухай /хх-ийн 25-р тал/, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/297 дугаартай албан бичиг /хх-ийн 26-р тал/, Монкон констракшн ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23/409 дугаартай албан бичиг /хх-ийн 27-р тал/, 1500 суудалтай сургуулийн барилгын ажлын гэрээ /хх-ийн 28-40-р тал/, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5/761 дугаартай албан бичиг /хх-ийн 41-р тал/, Монкон констракшн ХХК-аас олгосон итгэмжлэл /хх-ийн 42-р тал/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
4. Хариуцагч талаас дараах бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагчийн хариу тайлбар /хх-ийн 51-р тал/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай тогтоол /хх-ийн 52-65-р тал/ зэрэг баримтуудыг ирүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Нэхэмжлэгч М к ХХК нь ажил гүйцэтгэсэн гэрээний үүрэг болох 32 211 891 төгрөгийг хариуцагч Х а З д-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргахдаа улсын төсвөөс манай төсөвт уг зардал тусгаж ирээгүй тул өгөх боломжгүй гэж тайлбарлан мэтгэлцдэг.
Нэхэмжлэгч М к ХХК болон хариуцагч Х а З д нарын хооронд 2020 оны 5 сарын 28-ны өдөр УТХО-2020/31 тоот 1500 суудалтай сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Гэрээгээр нэхэмжлэгч нь буюу гүйцэтгэгч нь 1500 суудалтай сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр, хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Гэрээний дагуу гүйцэтгэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд талуудаас үл шалтгаалах нөхцлөөр буюу тендер шалгаруулалт хүчингүй болж, Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 сарын 15-ны өдрийн 79 дугаартай тогтоол гарч гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. /Хэргийн материалын 52-66-р тал/
Гэрээний талууд гэрээ хүчинтэй байх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж 2021 оны 5 сарын 26-ны өдөр Ажлын гүйцэтгэл №2 баталгаажуулсан байна. / Хэргийн материалын 8-р тал/ Уг ажлын гүйцэтгэлээр тайлант үеийн буюу 2020 оны 6 сарын 15-ны өдрөөс 2021 оны 8 сарын 01-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ, өртөгийг талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн байна. Үүнд: нийт гүйцэтгэсэн ажлын үнэ 1 244 263 387 төгрөг ба үүнээс нэхэмжлэлийн шаардлага болох магадлашгүй ажлын зардал 32 211 891 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч компанийг дээрх хугацаанд хийж гүйцэтгэсэн магадлашгүй ажлыг хийж гүйцэтгэсэн гэдэг дээр хариуцагч тал маргадаггүй ба улсын төсвөөс энэ зардлыг манай төсөвт оруулаагүй тул олгоогүй талаар тайлбарладаг.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж, мөн хуулийн 355.5-д Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж, мөн хуулийн Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт цугларсан баримтаар гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болж цуцлагдсан байх тул гэрээ цуцлахаас өмнө хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй байна. Энэ эрхийнхээ хүрээнд магадлашгүй ажлыг хийж гүйцэтгэж, гарсан зардал болох 32 211 891 төгрөгийг хариуцагчаас шаардсан ба гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч буюу хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Х аймгийн Засаг даргаас гүйцэтгэсэн ажлын төлбөр 32 211 891 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамжинд 319 009 төгрөгийг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж хуульчилсан байх тул хариуцагчаас 32 211 891 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 319 009 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5, 355.6-д зааснаар хариуцагч Х аймгийн Засаг даргаас 32 211 891 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М к ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянашийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 319 009 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ