Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/550

 

 

 

 

 

 

      2021           5              27                                        2021/ДШМ/550

 

 

Б.Мд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Чимэдцэеэ,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/491 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Мд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Бийн М, 1983 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Б.М нь 2021 оны 2 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ Т.Бийн толгой, цээж хэсэгт гараараа цохисны улмаас Т.Бийн эрүүл мэндэд зүүн зулайн хуйхны урд хэсэгт шарх, нүдний зовхи, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамрын нуруунд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын зүүн хэсэгт язралт, цус хуралт, хүзүүний баруун хэсэг, зүүн дунд хэсэг, баруун эгэмийн доод хэсгүүдэд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 800.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч М.Алтанцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар хуульчилсан байдаг. Б.М хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсандаа маргадаггүй. Гэхдээ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нь хохирогчийн ёс зүйгүй буруутай үйлдлээс болсон. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, хугацаа, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг харгалзан анхан шатны шүүхээс 800.000 төгрөгөөр торгосон байх. Гэхдээ Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь Б.М нь өмнө 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ял эдэлж байсан. Хэдийгээр өмгөөлөгч тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч гэрт нь насанд хүрээгүй хүүхэд байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь буруу хохирогчийн араас гарч модоор цохисон. Эдгээр хэргийн нөхцөл байдлыг харгалзаж 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.М нь 2021 оны 2 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ Т.Бийн толгой, цээж хэсэгт цохисны улмаас Т.Бийн эрүүл мэндэд зүүн зулайн хуйхны урд хэсэгт шарх, нүдний зовхи, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамрын нуруунд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын зүүн хэсэгт язралт, цус хуралт, хүзүүний баруун хэсэг, зүүн дунд хэсэг, баруун эгэмийн доод хэсгүүдэд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Бийн “...М гаднаас согтуу орж ирээд учир зүггүй над руу дайраад “би чамайг ална” гэж миний зүүн нүд рүү баруун гараараа 2-3 удаа цохиод авсан. Хамт байсан эгч нь намайг салгаж авах гээд дийлэхгүй манай эмээг дуудсан. Тэр үед намайг өшиглөөд цохиод байсан. Тэгээд манай эмээ орж ирээд бид хоёрыг салгаад намайг дагуулаад гэрээс гараад явж байхад миний араас гүйж ирээд хадаастай модоор миний толгой руу хоёр удаа цохиж над руу дайрч эмээг түлхэж унагаагаад над руу дайрсан. ...” /хх 4-5/,

гэрч Ч.Даваадоржийн “...Намайг Мын гэр рүү ороход тэрээр Бийн дээр нь дараад түүнийг зодож байсан. Тэгэхээр нь би салгатал Б гараад гүйгээд гэр рүүгээ орсон. Дараа нь М Бийн ардаас дагаж гараад гэрийн хаалганы хажуу талын хадаастай мод суга татаад “Энэ Бийг нэг мөр дуусгая” гэж хэлээд Бийн толгой хэсэгт нь модоор нэг удаа цохисон. ...” /хх 13-14/,

гэрч Т.Батцэцэгийн “...Тэгэхээр нь манай нөхөр М Бэд уурлаад “чи яагаад манай гэрт архи уугаад байгаа юм” гэхэд Б өөдөөс нь хэрэлдээд барьцалдаад авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдох гээд байхаар нь ээжийн гэр рүү орсон. Ээжийн гэрт байж байхад манай хашаанд удалгүй цагдаа нар ирсэн. ...” /хх 16-17/,

гэрч М.Должингийн “...Хэсэг хугацааны дараа Б буцаж орж ирээд М ахад хандаж “хоёулаа гараад зодолдъё, чамд манай эгчийг эмнэлэгт үзүүлэх мөнгө байхгүй биз дээ, чи арчаагүй дээ, ээжийгээ хорт хавдраар алдаа биз дээ” гэж хэлээд шүүгээн дотор байсан хутгыг авахаар нь М ах Бийн барьсан хутгыг булааж аваад Бийн нүүр хэсэгт нь 3-4 удаа алгадсан. ...” /хх 22-23/,

Б.Мын яллагдагчаар өгсөн “...Б буцаж орж ирэхдээ гартаа хутга барьсан “танай ээж элэгний өвчнөөр нас барсан, чи ээжийгээ асарч чадаагүй” гээд янз бүрийн зүйл над руу хэлээд байхаар нь 2 удаа нүүр рүү нь алгадаад, 1 удаа гараа атгаж байгаад цохиод Бийн гарт байсан хутгыг нь аваад гаргаж хаясан. ...Тэгэхээр нь би Бийн ардаас дагаж гараад үүдний амбаарт байсан модыг авч байгаад Бийн нуруу хэсэг рүү нэг удаа цохиход Бийн эмээ цагдаа дуудсан. ...” /хх 34-35/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “...1. Т.Бийн биед зүүн зулайн хуйхны урд хэсэг, шарх, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамрын нуруунд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын зүүн хэсэгт язралт, цус хуралт, хүзүүний баруун хэсэг, зүүн дунд хэсэг, баруун эгэмний доод хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх 1708 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 25-26/зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүгдэгч Б.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Б.Мд тухайн зүйлд зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.Мын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан “...хохирогчийн ёс зүйгүй буруутай үйлдэл нөлөөлсөн, эрүүгийн хариуцлага тохироогүй, 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/491 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1, 33.2 дугаар зүйлд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг хуульчлан зохицуулсан байхад анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үйлдэн /хх 79-80/ яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь хуульд заасан журмыг илт зөрчсөн, шүүгчийн хайнга, хайхрамжгүй алдаа болсон байгааг энэхүү магадлалд дурдав.

Энэ байдал нь шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд шууд нөлөөлөхгүй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/491 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ