Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

        

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням   

Хохирогч Ж.Михлай

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо

Шүүгдэгч Л.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамбалшарав овогт Лхагвасүрэнгийн Энхболдод холбогдох эрүүгийн 201710000119 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2  дугаар баг 15 дугаар байрны 46 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд мөн шүүхийн 2017.08.03-ны өдрийн 2017/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжээр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, Жамбалшарав овогт Лхагвасүрэнгийн Энхболд /ЕС81120111/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/   

Шүүгдэгч Л.Энхболд нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  Маанийн өргөө гэх байранд нэвтэрч 57 метрийн урттай дээл хийх гэж байсан шар өнгийн гадар хулгайлсны улмаас хохирогч Ж.Михлайд 456000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

           

Шүүгдэгч Л.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хойд гэрт очоод цонх онгорхой байхаар нь ус уух гэж орсон. Тэр үед ээж байхгүй байсан. Ороод дээлийн гадар авсан ба танихгүй хөдөөний хүнд гучин хэдэн мянган төгрөгөөр зараад мөнгөөр нь бинзен хийж хөдөө явсан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Михлай шүүхийн хэлэлцүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хүүгээ авсан гэж мэдээгүй. Тухайн үед Хамарын хийд яваад ирэхэд цонх онгорхой, доогуур байсан дээлний материал байхгүй болсон байсан. Өөрөөс нь мөнгө авсан болохоор гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Л.Энхболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017.04.04-ний үдээс хойш ээж Михлайгийн ажиллуулдаг Маанийн ерөөлийн өргөө гэх газраас баруун гар талын поорчигоор нь орж шар өнгийн дээлийн хуйлаатай гадрыг нь ганцаараа хулгайлсан юм. Хулгайлсан дээлийн гадраа баруун хүнсний зах дээр хөдөөний хүнд 33000 төгрөгөөр зарчихсан мөнгөөр нь архи аваад уучихсан гэсэн мэдүүлэг /хх 35, 55/,

 

Хохирогч Ж.Михлай мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд Маанийн өргөөнд тэргүүн хийдэг юм. Манайх ном уншдаг хандмаа нартаа ижил шар өнгөөр дээл хийлгэх гээд Ичинхорлоо гэх хүнд захиж 60 метр дээлийн саатай шар торго авчруулсан юм. Нэг метр нь монгол мөнгөөр 60000 төгрөг, нийтдээ 780000 төгрөг болж байсан юм. Уг дээлийн торгоноос 3 метрээр нь дээл хийчихсэн байсан. Үлдсэн 57 метр даавуу нь манай Маанийн өргөөнд байсан. 2017.04.07-ний өглөө маань хураахаар очиход баруун тийшээ харсан харсан вакум цонхны поорчик онгорхой нөгөө шар өнгийн дээлийн торго алга болсон байсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх 11-12/,

 

Гэрч С.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манай Маанийн өргөөнд аймгийн ахмадын хорооноос дээл хийж өмсөөрэй гээд 60 метр шар өнгийн дээлийн гадар өгсөн юм. Уг дээлийн гадраас 3 метрээр нь нэг дээл хийчихсэн байсан. 2017.04.04-ний өдөр бид нарыг ном хурж байхад Энхболд согтуу байгаа бололтой орж ирээд сууж байгаад гарч байсан. Бид нар 2 хоног амраад 2017.04.07-ны өглөө ирэхэд дээлийн гадар байхгүй болсон байсан гэсэн мэдүүлэг /хх 15-16/,   

 

Гэрч С.Ичинхорлоо мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Маанийн өргөөнд үйл ажиллагаа явуулдаг ахмадуудад хувиасаа дээлээрээ ижилсэг гэж дээлийн шар өнгийн гадар өгсөн. Би дээлийн гадарыг Эрээнээс 1 метр торгыг 15 юаниар бодож 67 метрийг авсан. Тэр үед 1 юань 360 төгрөг байсан монгол мөнгөнд шилжүүлж 361800 төгрөг болсон гэсэн мэдүүлэг /хх 17/,  

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/,

”Хөрөнгө-Эстимейт” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 19/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.19-ний өдрийн 14 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 21-23/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Энхболд нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Маанийн өргөө гэх байранд нэвтэрч 57 метрийн урттай шар өнгийн дээлийн гадар торго хулгайлсны улмаас хохирогч Ж.Михлайд 456000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Л.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хойд гэрт очоод цонх онгорхой байхаар нь ус уух гэж орсон. Тэр үед ээж байхгүй байсан. Ороод дээлийн гадар авсан ба танихгүй хөдөөний хүнд гучин хэдэн мянган төгрөгөөр зараад мөнгөөр нь бинзен хийж хөдөө явсан гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Михлай шүүхийн хэлэлцүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед Хамарын хийд яваад ирэхэд цонх онгорхой, доогуур байсан дээлний материал байхгүй болсон байсан. Өөрөөс нь мөнгө авсан болохоор гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Л.Энхболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017.04.04-ний үдээс хойш ээж Михлайгийн ажиллуулдаг Маанийн ерөөлийн өргөө гэх газраас баруун гар талын поорчигоор нь орж шар өнгийн дээлийн хуйлаатай гадрыг нь ганцаараа хулгайлсан ... 33000 төгрөгөөр зарчихсан гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Михлай мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Манайх ном уншдаг хандмаа нартаа ижил шар өнгөөр дээл хийлгэх гээд Ичинхорлоо гэх хүнд захиж 60 метр дээлийн саатай шар торго авчруулсан юм. Уг дээлийн торгоноос 3 метрээр нь дээл хийчихсэн байсан. Үлдсэн 57 метр дээлийн торго алга болсон байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч С.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017.04.04-ний өдөр бид нарыг ном хурж байхад Энхболд согтуу байгаа бололтой орж ирээд сууж байгаад гарч байсан. Бид нар 2 хоног амраад 2017.04.07-ны өглөө ирэхэд дээлийн гадар байхгүй болсон байсан гэсэн мэдүүлэг, гэрч С.Ичинхорлоо мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... дээлийн гадарыг Эрээнээс 1 метр торгыг 15 юаниар бодож 67 метрийг авсан. Тэр үед 1 юань 360 төгрөг байсан монгол мөнгөнд шилжүүлж 361800 төгрөг болсон гэсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ”Хөрөнгө-Эстимейт” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.19-ний өдрийн 14 дугаарт шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.            

Иймд шүүгдэгч Л.Энхболдыг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдэх үеийн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Ж.Михлай нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж  үзлээ.

 

Шүүгдэгч Л.Энхболд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Энхболд нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.03-ны өдрийн 2017/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжээр торгох ялаар шийтгэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дүйцүүлэн нэмж нэгтэн шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Шамбалшарав овогт Лхагвасүрэнгийн Энхболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхболдод Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.03-ны өдрийн 2017/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 218 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт тооцож 27 хоног хорих ял, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 төгрөгөөр торгох ялыг 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож 1 жил 1 сар 5 хоног хорих ялуудыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар 2 хоногийн хорих ялаар тогтоосугай. 

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхболдод оногдуулсан 3 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Шүүгдэгч Л.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Энхболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД