Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1393

 

Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 104/ШШ2019/00112 дугаар шийдвэртэй “Т Б”ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Т,  нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 10 241 974.31 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг тухай иргэний хэргийг хариуцагч Г.Тгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа, хариуцагч Г.Т, Л.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: Зээлдэгч Л.Н, хамтран зээлдэгч Г.Т нар нь “Т Б” ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 14 500 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Л.Насанжаргалын хувьд ажилд ороод удаагүй байсан учраас их хэмжээний зээл олгох боломжгүй тул Г.Тгийн хүсэлтээр түүнийг хамтран зээлдэгчээр оруулж зээл олгосон. Л.Насанжаргалын дансанд дээрх зээл олгогдож, тэрээр Г.Т-гийн данс руу мөнгийг шилжүүлсэн. Гэрээний хугацаанд Г.Т зээл, зээлийн хүүнээс төлж байсан. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс зээлийн төлөлт хийгдээгүй. Хамтран зээлдэгч Г.Т нь “ зээлийн эргэн төлөлтөд “Дөш мандал” ХХК-иас “материалын үнэ” гэх утгатай 11 200 000 төгрөгийг зээлийн дансанд төлсөн” гэж тайлбарладаг. Гэвч зээлийн эдийн засагчид үүнийг мэдэгдээгүйн улмаас банк мөнгийг татан аваагүй. Л.Ннь 11 200 000 төгрөгийг өөрөө авч ашигласан байсан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зээлдэгч болон хамтран зээлдэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5-д “Зээлийн төлбөрийг урьдчилж төлөх бол зээлийн мэргэжилтэнд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.

“Т Б”ХХК-иас зээлдэгч Л.Насанжаргалын зээлийг төлүүлэх зорилгоор 2017 оноос түүний оршин суугаа Баян сум руу сар бүр тогтмол очиж уулзаж, төрөл садангийн хүмүүст нь мэдэгдсэн, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон учраас шүүхээр эрэн сурвалжлуулах арга хэмжээг авсан. Эцэст нь гэрээний 6.2.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Хамтран зээлдэгч нь гэрээний 3.3-т зааснаар зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээх учраас Г.Тгаас үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Т хамтран зээлдэгч Л.Насанжаргалыг олж ирсэн учраас хамтран хариуцагчаар нэмж татан үүргийг тэнцүү шаардсан.

Иймд Г.Т , Л.Ннараас үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт  10 241 974.31 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Т тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Т Б”ХХК-иас Л.Насанжаргалтай хамтран зээлийн гэрээ байгуулж 14 500 000 төгрөг зээлсэн. Тухайн үед зээлийн эдийн засагчтай уулзаж “би зээлийг аль болох их хэмжээгээр нь төлөхийг бодно. Иймд зээлийн дансанд мөнгө ормогц зээлийн эргэн төлөлтөд татаарай” гэж тохиролцсон.

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн данс руу мөнгө шилжүүлэхдээ Австрали Улсад нөхөр, хүүхэдтэйгээ хамт байсан. Тухайн үед “Дөш мандал” ХХК-иас надад өгөх байсан 11 200 000 төгрөгийг Л.Насанжаргалтай холбогдож, түүний зээлийн данс руу шилжүүлсэн. Түүнээс өмнөх саруудын төлбөрийг өөрөө хийж байсан. 2016 оны 8 дугаар сард Монгол Улсад ирээд 8 дугаар сарын төлбөрийг хийхдээ зээлийн үлдэгдлийг шалгуулж үзээд миний өгсөн 11 200 000 төгрөг төлөгдөөгүй болохыг мэдсэн. Энэ тухай Л.Насанжаргалаас асуухад “... мөнгийг нь аваад үрчихсэн, буцааж төлнө” гэж хэлсэн. Надад “би өртэй шүү” гэсэн бодол байсан учраас хурдан төлж дуусъя гээд тухайн сардаа 2 300 000 төгрөгийг төлсөн.

2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн эдийн засагчтай уулзаж “өөрийн төлөх ёстой үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлсөн шүү, харин Л.Н-ын хариуцах 8 000 000 гаруй төгрөг үлдлээ” гэж хэлээд эрсдэлийн хүү гэж 260 000 төгрөг төлөөд явсан. Л.Н-ын зээлийн дансанд байгаа мөнгийг би авч, захиран зарцуулах эрхгүй. Тухайн дансанд орсон 1 000 000 төгрөгийг Л.Нсар бүр авч байсан нь дансны хуулгаар нь харагддаг ба тэрээр хүлээн зөвшөөрдөг. Л.Н-тай уулзаад “Чи яагаад энэ мөнгийг авсан юм бэ? Одоо хаанаас мөнгө олох боломжтой вэ? Энэ зээлийг хурдан төлж дуусаарай” гэж сануулж байсан. Л.Нн адад “... ажил хийж байгаа юм чинь таны зээлийг төлнө” гэж хэлсэн. Миний бие зээлээ төлж дууссан ч зээлийн эдийн засагчтай байнга уулздаг байсан.

Л.Н-ын ээлжийн амралтын мөнгө орсон байхыг мэдээд зээлийн төлбөрт суутгаарай гэж хэлээд төлүүлэх гэхэд Л.Н “Би зээлийн илүү төлөлттэй байгаа, яагаад миний ээлжийн амралтын мөнгийг авч байгаа юм бэ” гэж төв банкны санхүүгийн алба руу залгаж загнаад мөнгөө буцааж авсан.

Л.Насанжаргалтай уулзаад “Хоёулаа банкин дээр очиж уулзъя, хэрэв сард төлөх мөнгө нь их байвал дахин хуваарь гаргаж өгөөд багаар төлөх боломжтой” гэж хэлж байсан. Бодит байдал дээр бид хоёр 14 500 000 төгрөгийг авсан. Түүнээс би 10 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч талаас 10 000 000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч биднээс дахин 10 000 000 төгрөг нийт 20 000 000 гаруй төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь бидний хувьд шударга бус санагдаж байгаа учраас 2 000 000 төгрөгийн хүүг хөнгөлж өгөх боломж байгаа эсэхийг асуухад банкны зүгээс зөвшөөрөх боломжгүй гэж хэлсэн. Миний хувьд төлөх ёстой мөнгийг төлчихсөн учир хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Н тайлбартаа: Г.Т-тай хамтран “Т Б”ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 14 500 000 төгрөг зээлж авсан. Г.Тгаас миний данс руу 11 000 000 төгрөгийг, мөн  2 000 000 төгрөгийг хийсэн ч уг мөнгийг би хувийн хэрэгцээнд ашигласан. Миний хувьд “8 000 057 төгрөг, нотариатын төлбөр 13 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөрийг нэхэмжилсэн үнийн дүнгээс хасч өгнө үү” гэж хүссэн. Барьцаа хөрөнгө болон ирээдүйд олох орлоготой холбоотой тусгайлан гаргах тайлбар байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т, Л.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 10 241 974.31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Б”ХХК-д олгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т Б”ХХК-ийн нэхэмжлэлээс хариуцагч Г.Т, Л.Н нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т Б”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178 822 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Т, Л.Н нараас 178 822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Б”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Т давж заалдах гомдолдоо: 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Т Б”ХХК-иас 14 500 000 төгрөгийн цалингийн зээлийг үндсэн зээлдэгч Л. Насанжаргалын хамт зээлсэн ба зээл, хүүгийн төлбөрийн үүргийг хугацаанаас өмнө дуусгаж, дангаараа 17 776 000 төгрөг төлсөн боловч Л.Н зээлийн дансанд орсон мөнгийг хувьдаа ашигласнаас зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй миний хувьд хохирч байна. Зээлийн гэрээний үүргээ би биелүүлсэн тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй, үндсэн зээлдэгч Л. Насанжаргалаас нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлүүлэхийг хүссэн, Л. Насанжаргал зээлийн төлбөрийг төлөхөө мэдэгдсэн боловч анхан шатны шүүх бид хоёроос 10 241 974 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний бие ээжийн хамт амьдардаг, өрхийн дотор надаас өөр ажил хийдэг хүн байхгүй, одоо ипотекийн зээл 24 624 000 төгрөг, цалингийн 20 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, түүнийг арай ядан төлж байна.

Шүүхийн шийдвэрээр би дээрх мөнгийг дахин төлөхөөр болж байгаа нь надад хэт шударга бус болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иймд банкны зээлийн үүргийг төлөхөө илэрхийлсэн Л.Н-аас төлбөрийг гаргуулж, надад холбогдох үүргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч “Т Б”ХХК нь хариуцагч Г.Т, Л.Н нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 8 000 057.81 төгрөг, хүүгийн төлбөрт 2 060 659.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 158 256.55 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 10 241 974.31 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

“Т Б”ХХК нь Г.Т, Л.Н нартай 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ2500568177 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 14 500 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагын 1-2 тоотод байрлах хөдлөх эд хөрөнгө, цалин орлого түүнтэй адилтгах ирээдүйн орлогыг тус тус барьцаалсан үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 6-8 дугаар тал/

 

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

 

Хэргийн 9-12, 14-19 дүгээр талд авагдсан зээлдэгчийн дансны хуулга, хүүгийн тооцоолол, балансын гадуурх дансны хуулга гэх баримтаар зээлдэгч нар нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 9 964 892.02 төгрөгийг төлж, уг хугацаанаас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдсон байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д үндсэн зээл, хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хүлээнэ, 3.3-д хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээ ёсоор  төлөгдөөгүй байгаа үүргийг Г.Т, Л.Н нараас шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Хариуцагч Г.Т нь “... зээлийн гэрээний үүрэгт Л.Н-ын дансанд                    11 200 000 төгрөгийг шилжүүлсэн, төлбөрийг банк татаж аваагүй...” гэх боловч зээлийн гэрээний 3.2.5-д зааснаар зээлийн төлбөрийг урьдчилж төлөх бол зээлийн ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас дээрх мөнгөн хөрөнгө нь зээлийн үүрэгт тооцогдоогүй, харин хамтран зээлдэгч Л.Н нь тухайн мөнгийг хувийн хэрэгцээнд ашигласан болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

 

Анхан шатны шүүх зээлийн төлбөрийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болсон. Өөрөөр хэлбэл, шүүх зээлдэгч Г.Т, Л.Ннараас үндсэн зээлд 8 000 057.81 төгрөг, зээлийн хүүнд 2 060 659.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 158 256.55 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөгийг хамтран хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

 

Хариуцагч Г.Т давж заалдах гомдлын үндэслэлээ “...зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж дангаараа 17 776 000 төгрөг төлсөн, Л.Нзээлийн төлбөрийг төлөхөө мэдэгдсэн тул төлбөрийг түүнээс гаргуулж, өөрт холбогдох үүргийг хэрэгсэхгүй болгох...” гэж тайлбарласан боловч үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох, үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх талаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зааснаар зохицуулсан байна. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г.Т, Л.Н нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргийг тэнцүү хувааж, тус тусын үүргийг биелүүлэх байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх болон тодорхойлох хэсэгт хариуцагч Г.Т-гийн эцгийн нэрний эхний үсгийг “Б”, “Л” гэж бичсэн байх боловч тогтоох хэсэгтээ “Г.Т” гэж зөв бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 104/ШШ2019/00112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 822 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

                

                               ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА