Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/98

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн

Шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Цд холбогдох 2524001110108 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......., ................., У овогт Ж Ц, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ц нь 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн үед өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай, улаан хүрэн өнгийн Ниссан Жуке загварын тээврийн хэрэгслээр иргэн Г.У хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Арван нүүрийн хаяа” гэх газарт явж байхдаа хатуу хучилттай зам дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Б заалтад /хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх/, мөн дүрмийн 12.3 заалтад /Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Угийн эрүүл мэндэд тархины зүүн талын хатуу хальсан доорх цусан хураа, тархины доргилт, тархины эдийн няцрал, баруун талын зулайн хуйхны хэсгийн цусан хураа, хамрын таславч ясны мурийлт, баруун талын 10-р хавирганы хугарал, зүүн зулайн хуйханд шарх, баруун гарын шуунд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгтхолбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ж.Ц нь 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн үед өөрийн эзэмшлийн 82-83 ЗАВ улсын дугаартай, улаан хүрэн өнгийн Ниссан Жуке загварын тээврийн хэрэгслээр иргэн Г.Угийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Арван нүүрийн хаяа” гэх газарт явж байхдаа хатуу хучилттай зам дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Б заалтад /хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх/, мөн дүрмийн 12.3 заалтад /Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Угийн эрүүл мэндэд тархины зүүн талын хатуу хальсан доорх цусан хураа, тархины доргилт, тархины эдийн няцрал, баруун талын зулайн хуйхны хэсгийн цусан хураа, хамрын таславч ясны мурийлт, баруун талын 10-р хавирганы хугарал, зүүн зулайн хуйханд шарх, баруун гарын шуунд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч Г.Угийн “...2025 оны 09 дүгээр сарын 02-ны 10 цаг өнгөрч байхад манай охин О гэрт орж ирээд Цыг хөдөө гэр рүүгээ явах гэж байна гэхээр нь би хөдөө гэртээ очно гэсэн. Хөдөө гэр маань Цын доод талд байх айл юм. Тэгээд 2025 оны 09 дүгээр сарын 02-ны 17 цагийн үед Ц өөрийн машинтай гадаа ирсэн гэж охин хэлсэн. Тэгээд би Цын машины урд суудал дээр суусан. Тэгэхэд манай охин О нь суулгаж хөдөлсөн. Тэгээд замаараа бензин авчхаад Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дэндэв гэх нэртэй газар руу явсан. Манайх хөдөө гэрээс 1-2 км зайд баруун хойд зүгт Уст ганга байдаг юм. Цын машинд бид хоёроос өөр хүн яваагүй. Тэгээд тус сумын Цэцүүх багийн нутаг арван нүүр гэх нэртэй газар руу өгсөж явахад нэг машин явж байсан тухайн машиныг гүйцэт түрүүлээд замын урд тал руу орсон. Үүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Би машиныг хэдэн км/цагийн хурдтай явсныг хараагүй учир мэдэхгүй. Би тухайн үед суудлын бүсээ зүүгээгүй. ...Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,

- Гэрч Г.Оын “...Тухайн өдөр буюу 2025 оны 09 дүгээр 02-ны 10 цагийн үед хүргэн Г Ц эгч, эхнэрийнхээ хамт хөдөөнөөс орж ирж байна гэж сумын төвийн дэлгүүрийн үүдэнд таарсан. Тэгээд би Ц эгчийг өнөөдөртөө буцаад хөдөө гэр лүүгээ явах юм уу гэж асуухад явна гэсэн. Тэгэхээр нь би ээжийг аваад яваарай гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 09 дүгээр сарын 02-ны 17 цагийн үед манай гэрийн үүдэнд Ц эгч өөрийн эзэмшлийн улаан өнгийн .... гэх нэртэй машинтайгаа ирсэн. Тэгээд би ээжийг машины урд талын суудалд суулгаад тэр хоёр хөдөө гэр рүүгээ явсан. Тухайн үед Ц эгч өөрийнхөө машиныг жолоодон хөдөлсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,

- Гэрч Б.А.... “...Би 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр алсын дуудлагын эмчээр Завхан аймгийн Их-Уул сумын эрүүл мэндийн төвд гарч байсан. Тэгэхэд буюу 2025 оны 09 дүгээр сарын 02-ны 18 цаг 14 минутад Завхан аймгийн Их-Уул сум Цэцүүх багийн нутаг Арван нүүрийн ар гэх нэртэй газраас машин осолдсон байна гэх дуудлага мэдээллийг ...... дугаараас өгсөн. Тэгээд би тухайн газар луу алсын дуудлагын жолоочийн хамт түргэний машинтай явсан. Тухайн газарт очиход замын урд хэсэгт уулын модыг мөргөж дээш дөрвөн дугуй нь харсан улаан хүрэн өнгийн ......... улсын дугаартай ....... маркийн машин байсан. Тухайн машинаас 2 хүнийг гаргасан байсан. Тухайн машины дээш харсан байсан болохоор жолоочийн талын зүүн хойд хэсгийн хажууд тухайн машиныг жолоодож явсан гэх эмэгтэй буюу Цыг дээш харуулан хэвтүүлсэн байдалтай байсан. Харин машины зүүн талд буюу машины урд талын суудлын ойролцоо зорчигч Уртнасанг суулгасан байдалтай байсан. Тухайн хүний нүүр, ам нь нэлэнхийдээ цустай хутгалдсан буюу цус гарсан байдалтай, баруун гар хөдлөхгүй эмзэглэлтэй зорчигчид цус тогтоох тариа, өвчин намдаах тариа, толгой ил шархыг дарж боосон. Харин машиныг жолоодож явсан гэх эмэгтэй Цд нуруу, хүзүүний чиг тавих, өвчин намдаах тарьсан, ил шарх байхгүй бөгөөд тухайн 2 хүнийг сумын эрүүл мэндийн төвд хүргэн ирж яаралтай тусламжийн үйлчилгээг хийж биеийн байдлыг тогтворжуулсан. Тэгээд Ц нь Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг рүү явсан. Харин Уртнасан нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. ...Үзлэг хийж байхад тухайн 2 иргэнээс амнаас нь архины үнэр, архи уусан байдал ажиглагдаагүй. ...Цын биеийн байдлыг үзэхэд Ц нь уг машиныг би өөрөө жолоодож явсан гэж хэлсэн. Мөн Уртнасангийн биеийн байдлыг үзэхэд тухайн машиныг хэн жолоодож явсан талаар асуухад Ц барьж явж байсан. Би хажууд нь сууж явсан гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

- Гэрч Б.Г “...Би 2025 оны 09 дүгээр сарын 02-ны 18 цаг 10 минутад Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Арван нүүрийн ар гэх нэртэй газарт машин унасан байна гэж над руу цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Т залгаж хэлээд эмнэлэг рүүгээ дуудлага мэдээлэл өгчих гэсэн. Тухайн үед амарч байсан болохоор сумын эрүүл мэндийн төвд дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би юу болсон талаар лавлаж асуухаар Их-Уул сумын замын цагдаагийн пост руу очиход цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Тогтохбаяр нь замын хүн дөнгөж саяны дуудлага мэдээлэл өгсөн юм гэсэн. Тэгэхээр би түүнтэй цуг тухайн газар руу очиход улаан хүрэн өнгийн ...... маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Арван нүүрийн ар гэх нэртэй газарт модны хажууд жолоочийн талын 2 дугуй газраас хөндийрсөн, зорчигч талын 2 дугуй нь газарт байрласан байдалтай, зүүн урд зүг рүү чиглэн зогссон байдалтай байсан. Тухайн үед жолооч буюу Ц нь машины хойд хэсэгт хэвтэж байсан. Харин зорчигч нь буюу эмээ Уртнасан нь машиндаа буюу жолоочийн эсрэг талын суудал дээр хаалганы шилэнд суусан байдалтай байхаар нь салхины шилийг хагалж дотроос авсан. Тэгсний дараахан эмнэлгийн түргэн тусламжийн машин ирсэн. Тэгэхэд нь Ц гэх эмэгтэйгээс машиныг хэн жолоодож явсан юм бэ гэж тодруулахад Ц би жолоодож явсан. Миний хажууд У /У/ эгч сууж явсан. Өөр хүн сууж яваагүй гэж хэлсэн. Тэгээд эмч А нь тухайн 2 иргэнийг үзээд сумын төвийн эмнэлэг рүү явсан. Тэр үед би жолооч Цаас уг осол юунаас болж гарсан юм бэ гэж асуухад би нэг машин гүйцэт түрүүлсэн гэж хэлээд өөр зүйл хэлээгүй. Эмнэлгийн машинд Цыг суулгахад бие ил харагдах шарх сорви байхгүй байсан. Харин Уртнасангийн нүүрэн хэсэг цус болсон байсан, баруун гараа өргөж дийлэхгүй байна гэж өөрөө хэлж байсан. ...Ц, Уртнасан гэх хүмүүс архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43-р хуудас/,

9. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт иргэн Г.У эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хавтаст хэргийн 51-77 дугаар хуудас/,

10. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЗАВ0725/347 дугаартай “....Г.Угийн биед тархины зүүн талын хатуу хальсан доорх цусан хураа, тархины доргилт, тархины эдийн няцрал, баруун талын зулайн хуйхны хэсгийн цусан хураа, хамрын таславч ясны мурийлт, баруун талын 10-р хавирганы хугарал, зүүн зулайн хуйханд шарх, баруун гарын шуунд цус хуралт хохирлууд тогтоогдлоо.

2. Учирсан хохирол нь ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой хохирол байна. Тархины зүүн талын хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал хохирол дангаараа хохирлын хүнд зэрэг, бусад хохирлууд нь дан дангаараа болон нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

3. У биед учирсан хохирол нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хохирол байна.

4. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

 5. Г.Угийн эрүүл мэндэд учирсан хохирол нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3, 4.1.4-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдоно.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас/,

 

-  Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай “...2.1 У ургийн овогт Ж Ц нь замын хөдөлгөөний дүрмийн 12.3 заалтад /Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/, мөн дүрмийн 3.4.Б заалтад /хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх/ гэх заалтуудыг зөрчсөн байна. 2.2. Уг осолд зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэл нөлөөлөөгүй гэж үзэж байна. 2.3. ....... улсын дугаартай улаан хүрэн өнгийн ...... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч У ургийн Овогт Ж Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Б, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 93-96-р хуудас/,

 

- 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-13 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 82-83 ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-18-р хуудас),

-  Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн иргэн Ж.Цын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, дээрх нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, мөн дүрмийн 3.4.Б-д “...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж тус тус заасан. Дээрх хориглосон заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Иймд шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.  

  • Хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Угийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь түүнд 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн хохирогч Г.У нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. Иймд шүүгдэгч Ж.Цыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Уд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 7,551,575 /долоон сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун далан тав/ төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 119-120-р хуудас/ Шүүгдэгч Ж.Ц дээрх зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хуульд зааснаар шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Ж.Ц нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Эрүүл мэндийн сангаас гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

          Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Цд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, …ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, хэлтэс хариуцан хөтөлнө” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Цд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  У овогт Ж Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ж.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Цд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ж.Цд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ж.Цаас 7,551,575 /долоон сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ДОРЖБАЛ