Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2023/02825

 

 

 

                                                                                                     

 

 

 

 

               2023        10        06

182/ШШ2023/02825

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, шүүгч И.Амартөгс, Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.Д- ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.О-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,280,000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, иргэдийн төлөөлөгч Ж.Б, нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч Д.Д хариуцагч Т.О-д холбогдуулан гэм хорын хохиролд 1,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Эбо төвийн урд замд, замын хөдөлгөөнд оролцож байх үед Тоёота приус маркийн улсын дугаартай автомашины жолооч Т.О нь Д.Д миний эзэмшлийн тоёота приус маркийн улсын дугаартай машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд хохирол учирсан.

Т.О-н буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Миний машин Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 1,200,000 төгрөгийн хохирол, үнэлгээ хийлгэхэд төлсөн 84,000 төгрөг, нийт 1,280,000 учруулсан нь тогтоогдсон ч хариуцагч уг хохирлыг надад төлж барагдуулаагүй.

Аюулгүй байдлыг хараад орох үед хажуу талаас явган хүний гарц хашлага дээгүүр даваад нэг машин орж ирсэн. Ийм л осол болсон. Хохирлоо нэхэхээр бид нарт даатгал байгаа юм байна даатгал орж ирнэ гээд 1 сар, 2 сар болсон. Цагаан сар болоод даатгал байдаггүй. Дараа нь юу болж байна вэ гэж асуухад өвчтэй байгаа гэсэн. Дахиад асуухад Тавантолгойд машин барьж байгаа гээд байсан учраас би гомдол гаргасан.

Иймд Т.О-с үнэлгээгээр тогтоогдсон хохирол 1,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч Т.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. “ЭБО” төвийн урдаас гардаг 1 гарцтай. Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн дагуу зогссон байхад иргэн Д.Д нь хажуугаас ирж мөргөсөн.

Энэ тухай замын цагдаад хэлж камерын бичлэг харахыг удаа дараа шаардсан боловч үл тоож хэт нэг талыг барьсан. Миний машин буфер цуурч байхад Д.Д машины хамаг юм хагарсан. Манай хувьд ямар ч буруугүй. Харагдах орчин хязгаарлагдмал, хурдтай орж ирж осол гарсан. Тухайн өдөр нөхөр 2 дүүгийнхээ машинаар доошоо бууж нүүрс авсан юм.  Нүүрс авчаад зогсоолоос хөдлөөд гараад явахад, манай энэ гудам өөрөө сонин дээрээсээ уруудаж явж байгаад эргэдэг огцом эргэлттэй түүгээрээ эргэж байж уулзвар руу ордог.

Харагдах орчин хязгаарлагдмал бид нар заавал автомашиныхаа хошуугаа гаргаж байж, сая энэ машин шиг зогсдог юм. Зогсоод машин өнгөрч байна уу харахгүй бол бид нар далдыг хардаг хүн биш учраас хэзээ машин ирэхийг мэдэхгүй. Дөнгөж хошуу гаргаад хамар орохоор машин ирлээ гээд зогсдог юм. Энэ зам нь өөрөө 8 метр орчим 2 урсгалтай өргөн зам байгаа юм. Тэнд ямар ч түгжрэл байхгүй. Бид хоёроос өөр машин байхгүй. Тэнд ямар ч хүн харахад машины хамар гарсан. Цаана нь бүхэл бүтэн 7 метр зай байхад ядаж чигээрээ явах ёстой байхгүй юу.

Гэтэл зогсоод хүлээж байхад ирээд манай автомашиныг мөргөөд зогсоосон юм. Тэгээд бид 2 та одоо яаж байгаа юм бэ, таныг гаргах гээд хүлээж байхад чинь гэсэн чинь анх энэ хүн харин тийм уг нь би та хоёрыг харсан даанч амжсангүй гэсэн. Тэгээд цагдаа дуудсан чинь цагдаа ирээд энэ хүний таньдаг цагдаа юм шиг байгаа юм, энэ хүнтэй ярьж байгаад явсан.

Дараа нь 3 цагийн дараа харанхуй болсон хойно 2 жижигхэн цагдаа ирээд хэмжилт хийсэн. Цагдаа нар баахан хэмжилт хийгээд явсан. Манай хүн зүрхний өвчтэй. Иймэрхүү зүйлд орохоор өвддөг учраас би өмнөөс нь явъя гээд явж байгаа юм. Осол болох үед би өөрөө цуг байсан учраас харсан.

Тийм учраас би өөрөө гэрч маягаар яваад байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл хуулийнхаа дагуу машин ирэхээр нь зогсож өгсөн. Түгжрэлгүй тийм зам дээр явж байж бид хоёрын урдуур зөрөөд явж болно. Т.О-н унаж явсан улсын дугаартай машин нь манай хүргэн С-ын ахын машин. Бид нар дундаа ашигладаг. Хөдөөнөөс ирсэн үед бид нар ус, түлээгээ зөөгөөд явдаг гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч Ж.Б “...хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхсэн төлбөрийг төлөх нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

4.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт /хх-2/

- Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Ос-104 дугаар магадлагаа /хх-4/

- Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0009793 дугаар Шийтгэлийн хуудас /хх-5/

- 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-6-8/

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-9-10/

- Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-11/

- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн   Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, үйлчилгээний төлбөрийн баримт /хх-12-13/

- улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх-14/,

- Т.О-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15/ зэрэг баримтууд болно.

 

4.1. Хариуцагчаас осол болсон гэх газрын фото зураг болон ослын камерийн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг гаргаж өгсөн.

 

4.2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ослын камерийн бичлэгч үзлэг хийлгэх хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШЗ2023/11546 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, үзлэгийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хийж, тэмдэглэл үйлдэн бэхжүүлж хэрэгт хавсаргасан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1.Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Т.О-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр гарсан автомашинд учирсан хохирол 1,200,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 84,000 төгрөг, нийт 1,280,000 төгрөг болж байгаа гэж тодорхойлсон.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Т.Оч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, зогсож байхад Д.Д ирж мөргөсөн” гэж маргаж байна.

 

            3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Хариуцагч Т.О нь Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Эбо төвийн урд замд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 05 минутын орчим Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Д.Д-н эзэмшлийн автомашинд хохирол учруулсан зам тээврийн осол гаргажээ.

 

3.2. Дээрх ослын улмаас Д.Д-н эзэмшлийн автомашинд 1,200,000 төгрөгийн эвдрэл, гэмтэл учирсан болох нь хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023.02.01-ний өдрийн 73 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хх-ийн 12 х/, үнэлгээ хийлгэхэд 84,000 төгрөгийн зардал гарсан нь мөн компанийн “Бараа, даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үнэлгээний төлбөрийн баримт /хх-ийн 13 х/, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

3.3. Талууд хэн аль нь Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Эбо төвийн урд замд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талаар маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” байдаг.

 

3.4. Хариуцагч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Д нь замын хөдөлгөөны дүрэм зөрчсөний улмаас уг осол гарсан гэж тайлбарласан боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зөрчил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа И.Ш-н 2023.02.23-ны өдрийн Ос-104 дугаартай “Эрх бүхий албан тушаалтаны магадлагаа”-нд

1. Тоёота приус маркийн улсын дугаартай автомашины жолооч Т.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аювул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Тоёота приус маркийн улсын дугаартай автомашины жолооч Д,Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ.

 

3.5. Мөн хариуцагч Т.О нь Тоёота приус маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа дээрх зам тээврийн осол гаргасны улмаас 2023.04.06-ны өдөр 0009793 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан байх ба энэхүү шийтгэвэр хүчин төгөлдөр болжээ.

 

3.6. Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу устгаж, гэмтээсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь зөрчил буюу хууль бус үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд бөгөөд энэ нь тээврийн хэрэгсэл эзэмшигчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс үүсдэг.

 

3.7. Хариуцагч Т.О-н тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол болох 1,200,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 84,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч нь шаардлагаа 1,280,000 төгрөг гэж тодорхойлсон боловч нийтдээ 1,284,000 төгрөг болж байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

3.8. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Ж.Б “...нэхэмжлэгч талын нэхэмжилсэн төлбөрийг хариуцагч төлөх нь зүйтэй...” гэж дүгнэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий байна гэж үзэв.

 

3.9. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн  60.1 дэх хэсэгт тус тус заасны баримтлан хариуцагч Т.О-с 35,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2023.07.31-ний өдөр төлсөн 35,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.О-с гэм хорын хохиролд 1,280,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Т.О-с 35,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2023.07.31-ний өдөр төлсөн 35,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

                                                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          О.АЗЗАЯА

                                               

                                               ШҮҮГЧИД                                           И.АМАРТӨГС

 

                                                                                                      Х.ДАШДЭЧМАА