| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/2206/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2789 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхболд, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2789
2025 12 08 2025/ШЦТ/2789
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Ж.Энхболд, шүүгдэгч Б.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн “2409 02343 0894” дугаартай, 194/2025/2206/Э индекстэй хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх тоотод бүртгэлтэй гэх,
- урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 122 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хугацаагаар хорих ял оногдуулсан,
- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 9 сарын 25 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан,
- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, Б.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед ххх дүүргийн ххх дугаар хороо, 1А байрны 1 дүгээр орцны явган хүний зам дээр хохирогч С.Этай маргалдаж, улмаар өөрт байсан зүбилний хошуугаар С.Эын хүзүүг зүсэж биед нь хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг авсан тэмдэглэл. /хх-ийн 10 дугаар тал/,
2.2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 12-14 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Эын:...миний бие 2024 оны 7 дугаар сарын 22-ны оройн 17 цагийн үед ххх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1А байрны зүүн талд байрлах түргэн үйлчилгээний цэгийн хажууд нь ногоон подволктой, саарал өмдтэй, 170 орчим өндөртэй, үл таних эрэгтэй хүн хажуугаар нь зөрсөн хүмүүс рүү агсан тавиад байхаар нь очоод чи одоо болиоч ээ, гэхэд чи муу одоо юу вэ гээд үл таних эрэгтэй миний баруун гараас татахаар нь би өөдөс түлхэхэд гэнэт саарал өнгийн хутга шиг зүйл гаргаж ирээд надруу дайраад би ноцолдоод байж байх үед би гэнэт ухаан алдаад унасан. Тэгээд гэнэт сэрэхэд миний хүзүү хэсгээс цус гарсан байсан. Би хүмүүсээс тусламж дуудахад түргэн үйлчилгээний цэгийн худалдагч эмэгтэй цагдаагийн байгууллага болон түргэн тусламж дуудсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний биеийн хүзүү хэсэгт хөндүүртэй, зүүн гуя хэсэгт хөндүүртэй, тархи жаахан өвдөж байна. Би үл таних эрэгтэйг зодож цохисон зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр тал/,
2.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12932 дугаартай дүгнэлтэд:
1. С.Эын биед хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 28-29 дүгээр тал/,
2.5. Иргэний нэхэмжлэгч Д.Гс гаргасан хүсэлт. /хх-ийн 48 дугаар тал/,
Гурав: хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх байрны 1 дүгээр орцны явган хүний зам дээр хохирогч С.Этай маргалдаж, улмаар өөрт байсан зүбилний хошуугаар С.Эын хүзүүг зүсэж биед нь хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг авсан тэмдэглэл. /хх-ийн 10 дугаар тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 12-14 дүгээр тал/,
- Хохирогч С.Эын:...миний бие 2024 оны 7 дугаар сарын 22-ны оройн 17 цагийн үед ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх байрны зүүн талд байрлах түргэн үйлчилгээний цэгийн хажууд нь ногоон подволктой, саарал өмдтэй, 170 орчим өндөртэй, үл таних эрэгтэй хүн хажуугаар нь зөрсөн хүмүүс рүү агсан тавиад байхаар нь очоод чи одоо болиоч ээ, гэхэд чи муу одоо юу вэ гээд үл таних эрэгтэй миний баруун гараас татахаар нь би өөдөс түлхэхэд гэнэт саарал өнгийн хутга шиг зүйл гаргаж ирээд надруу дайраад би ноцолдоод байж байх үед би гэнэт ухаан алдаад унасан. Тэгээд гэнэт сэрэхэд миний хүзүү хэсгээс цус гарсан байсан. Би хүмүүсээс тусламж дуудахад түргэн үйлчилгээний цэгийн худалдагч эмэгтэй цагдаагийн байгууллага болон түргэн тусламж дуудсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний биеийн хүзүү хэсэгт хөндүүртэй, зүүн гуя хэсэгт хөндүүртэй, тархи жаахан өвдөж байна. Би үл таних эрэгтэйг зодож цохисон зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12932 дугаартай дүгнэлтэд:..
1. С.Эын биед хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 28-29 дүгээр тал/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Г гаргасан хүсэлт. /хх-ийн 48 дугаар тал/, болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаар хохирогч, шүүгдэгч нарын аль аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Этай маргалдаж, улмаар өөрт байсан зүбилний хошуугаар С.Эын хүзүүг зүсэж эрүүл мэндэд нь хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Э гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Эг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Э хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж, өгөөгүй, хохирогч С.Э нь нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл байх тул шүүгдэгчийг хохирогч С.Эт төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч С.Э нь эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээ авсан 174,806 төгрөгийг шүүгдэгч Б.Э гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч Б.Эийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг нарийн үзүүртэй төмөрийг шийтгэх хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагсдан болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эээс 174,806 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ххх сан банк дахь ххх дугаартай дансанд төлүүлэхийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг нарийн үзүүртэй төмөрийг шийтгэх хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ