Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/507

 

 

 

 

 

 

 

 

Х.Т, Б.С нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Х.Тн өмгөөлөгч Э.Уянга,

цагаатгагдсан этгээд Б.Сийн өмгөөлөгч Г.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Х.Т, Б.С нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Хийн Т, 1987 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

2. Б овгийн Бгийн С, 1980 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Х.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ... улсын дугаартай хийн дугуйт индүүдэгч машины операторчоор ажиллаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний зам дээр дэвссэн асфальт бетоныг нягтаршуулах ажлыг гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горим чанд мөрдөх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм /ЗЗБНД 15-002-2016/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-ийн 3 дахь “ажлыг аюулгүй арга барилаар гүйцэтгэхэд суралцаж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа авч ажлын байранд дадлагажиж, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгээ шалгуулж, бие дааж ажиллах зөвшөөрөл авсан байна”, 9.1.4-т “Автомашины эд анги дээр суурилагдаагүй замын машиныг эдгээр машиныг ажиллуулах эрх бүхий хүн ажиллуулна”, 9.1.8-д “...үйлдвэрийн талбай буюу ажлын байранд гадны зөвшөөрөлгүй этгээд, согтуу хүн оруулахыг хориглоно” заалтуудыг зөрчсөн... Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм /ЗЗБНД 15-002-2016/-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “Удирдаж буй хүн инженер болон механик инженер”-д ажлыг аюулгүй гүйцэтгэх талаарх мэдлэгээ шалгуулж, үүрэг даалгавар авах бөгөөд ээлж хүлээлцэх бүртгэл хөтөлж, гүйцэтгэх ажлын онцлогтой холбоотой, ажлын заавар, ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаа авна”, 9.3.1-т “хөдөлгөөн эхлэхийн өмнө ажлын бүсэд хүн, мал байгаа эсэхийг шалгаж дуут дохио өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж, индүүдэгч машины операторын мэргэжлийн үнэмлэхгүй, ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмшээгүй байхдаа ажил үүрэг гүйцэтгэж, ухрах үйлдэл хийх үед ухрах зам талбайд хүн, саад байгаа эсэхийг анхаарч бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас усны машины жолооч Ц.Быг дайрч биед нь “хоёр талын олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цус хуралт, зүүн шууны ясны далд хугарал, бугуйн үений мултрал, баруун дунд чөмгийн далд хугарал зэрэг гэмтэл учруулж, амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

Б.С нь “...” ХХК-тай механизм түрээслүүлэх гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай индүүдэгч машинаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний зам засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрх ба зөвшөөрөл аваагүй хүнээр буюу Х.Тгөөр ажил үүрэг гүйцэтгүүлж, “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм ЗЗБНбД 15-002-2016-ийн 7.1 дүгээр зүйлийн 12- т “хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрх ба зөвшөөрөл аваагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно” заалтыг биелүүлээгүй- улмаас индүүдэгч машинаар Ц.Быг дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Т, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Х.Тг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорцэцэгт 11.000.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Х.Т, Б.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүгдэгч Б.Сайнбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт “...тухайн хэрэг, үйл явдал болсон нөхцөл байдалд шүүгдэгч Б.С нь хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах зөвшөөрөл аваагүй Х.Тгөөр ажил гүйцэтгүүлсэн эс үйлдлийн улмаас хүний амь нас хохирох, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. ...Тиймээс шүүгдэгч Б.С нь энэхүү нөхцөл байдлыг сэтгэхүйн хувьд урьдчилан мэдэх боломжтой байхад анхаарал, болгоомжгүй хандсаны улмаас хохирол учруулсан гэж үзэх боломжгүй...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийснээс өөрөөр шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай , ач холбогдолтой гэж үзсэн үндэслэлээ гаргаж чадаагүй, өөрөөр хэлбэл улсын яллагчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар 3 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Шүүгдэгч Б.С нь “...” ХХК-тай механизм түрээслүүлэх гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай индүүдэгч машинаар 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний зам засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрх ба зөвшөөрөл аваагүй хүнээр буюу Х.Тгөөр ажил үүрэг гүйцэтгүүлж, “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм ЗЗБНбД 15-002-2016-ын 7.1-ийн 12 дахь заалтыг зөрчсөний улмаас Х.Т нь индүүдэгч машинаар Ц.Быг дайрч амь насыг хохироосон нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулж байгаа. Хэрэгт авагдсан гэрч С.Өлзийтунгалагийн “...Индүүний машиныг С гэх хүнээс түрээслэн авсан. Түрээсийн гэрээг ерөнхий нягтлан бодогч Энхцэнгэл байгуулсан байхаа. Индүүний машины жолооч операторыг түрээслүүлсэн иргэн С хангаж өгсөн, цалин хөлсийг С өөрөө өгдөг. С нь өдөрт хэдэн удаа индүүдэгчийг ашигласан тооцоо нийлж тэрний дагуу жолоочид хөлсөө олгож байсан байх...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Балдандоржийн “...... ХХК-ийг 1996 онд миний бие үүсгэн байгуулсан, нэг гишүүнтэй. Яармагийн гүүрийг шинэчлэх олон улсын төслийн ажлыг БНХАУ-ын Төмөр замын 20 дугаар анги хийж гүйцэтгэхээр болсон. Манай компани Хятадын төмөр замын 20 дугаар ангитай гэрээ байгуулж асфальт бетоны хольц нийлүүлэх, дэвсэж нягтруулах, индүүдэх, буталсан чулуун суурийн материал нийлүүлэх ажлыг хийхээр болсон. Уг ажлыг 2018 оны 6 дугаар сард эхэлсэн. Энэ ажлыг хийхэд шаардлагатай замын хийн индүүдэгч машиныг Сайнаа гэх хүнээс түрээслэн авч ашиглаж байсан. Сайнаатай түрээсийн гэрээ байгуулсан. Индүүдэгч машины жолооч, операторыг Сайнаа хангаж өгсөн. Индүүдэгч машиныг ашиглахтай холбоотой хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар тохироогүй...” гэсэн мэдүүлэг, Механизм түрээсээр ажиллуулах гэрээ ... ХХК, иргэн Б.Стэй ... улсын дугаартай хийн дугуйт индүү түрээсэлсэн тухай, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХНХТХХ-ийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Чойсүрэн, Ю.Аюуш, А.Рэнчинванжил нарын гаргасан дүгнэлтэд “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм ЗЗБНбД 15-002-2016-ын 7.1-ийн 12 дахь заалтыг Б.С хариуцна. Х.Түмэн- Өлзийн ажил олгогч нь Б.С байна. Сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүргийг Б.С хүлээнэ” гэснээр, Шинжээч А.Рэнчинванжилын “...С нь операторчин Тн ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зааварчилгаа өгөх сургалтад хамруулах үүргийг хүлээнэ...” гэсэн мэдүүлэг, яллагдагч Б.Сийн “...тухайн үед Шинэ яармагийн гүүрний ажилд гэрээ хийж орсон. Хамаатны залуу болох Тг ажилгүй байхаар нь тус болох гээд индүүдэгч машиныг жолоодуулж байсан. Тэрээр В,С ангилалтай байсан би хууль сайн мэдэхгүйгээсээ болоод ийм асуудал болсон. Хэрэв би ийм ангилалтай хүн индүүдэгч машин барьж болохгүй гэж мэдсэн бол жолоодуулахгүй байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь “...” ХХК-тай механизм түрээслүүлэх гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай индүүдэгч машинаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний зам засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрх ба зөвшөөрөл аваагүй хүнээр буюу Х.Тгөөр ажил үүрэг гүйцэтгүүлж, “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм ЗЗБНбД 15-002-2016-ын 7.1-ийн 12/ хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрх ба зөвшөөрөл аваагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно/ дах заалтыг зөрчиж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Х.Т нь индүүдэгч машинаар Ц.Быг дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ “ гэж, Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 4 дүгээр хэсэгт “Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцаагаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно” гэж тус тус заасан. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХНХТХХ-ийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Чойсүрэн, Ю.Аюуш, А.Рэнчинванжил нарын гаргасан дүгнэлтэд “Х.Тн ажил олгогч нь Б.С байна” гэсэн зэргээр шүүгдэгч Б.С нь Х.Түмэн- Өлзийн ажил олгогч болох нь нотлогдож байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д ажил олгогч нь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах. аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй гэж хуульчилсан. Механизм түрээслүүлэх гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар заалт байхгүй, гэрч Балдандоржийн “...индүүдэгч машиныг ашиглахтай холбоотой хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар тохироогүй” гэсэн мэдүүлэг, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХНХТХХ-ийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Чойсүрэн, Ю.Аюуш, А.Рэнчинванжил нарын гаргасан дүгнэлтэд “...Сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүргийг Б С хүлээнэ” гэсэн зэргээс дүгнэхэд Х.Тд ажил олгогч Б.С нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй байсан байна Мөн тэрээр “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм ЗЗБНбД 15-002- 2016-ын 7.1-ийн 12 /хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрх ба зөвшөөрөл аваагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно/ дахь заалтыг зөрчсөний улмаас эрхийн үнэмлэхгүй, сургалтад хамрагдаагүй Х.Тгөөр ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Тн өмгөөлөгч Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Х.Тн холбогдсон хэргийн талаар прокурор эсэргүүцэл бичээгүй учраас хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Сийн өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, прокурор эсэргүүцэлдээ яллах дүгнэлтэд дурдсан баримтуудыг шүүх үгүйсгэж няцаагаагүй гэж байна. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын 4-5 дахь талд нотлох баримтуудаа жагсааж, агуулгыг нь бичсэн байдаг бөгөөд эдгээр нотлох баримтуудаас “...” ХХК хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй болох нь хангалттай харагддаг. Мөн тухайн компани нь 2018 онд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ажилтнаа халсан байдаг. Тухайн үед “...” ХХК зам засварын ажил хийж байж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ажилтангүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженергүйгээр ажил гүйцэтгэж байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон. Зам засварын ажилд миний үйлчлүүлэгч Б.С оролцож, ямар нэг хяналт тавих, зөвлөгөө өгөх боломж байхгүй. Энэ нь зөвхөн машин механизм бусдын эзэмшилд шилжүүлэх гэрээ байгуулж, машинаа шилжүүлж өгсөн үйлдэл. Түүнээс биш “...” ХХК-ийн барьж байгаа гүүрний ажилд Б.С оролцох эрх байхгүй. Түүнчлэн өмнөх шүүх хуралдаанд шинжээч нар гаргасан дүгнэлтээ хамгаалж чадаагүй. Түрээслэгч, түрээслүүлэгч гэдгээ ч сайн ойлгоогүй байдаг. Үүнийг шүүх шийдвэртээ дурдаж “Машин механизм түрээслэх гэрээний 3.2, 4.2-т зааснаар “...” ХХК аюулгүй ажиллагааны зааварчилгааг хариуцах, урьдчилан сэргийлэх үүрэгтэй нь харагдаж байна” хэмээн тайлбарласан. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй учир шүүх энэ талаар дурдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй хэмээн дурдсан нь үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 Прокуророос Х.Тд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ... улсын дугаартай хийн дугуйт индүүдэгч машины операторчоор ажиллаж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний зам дээр дэвссэн асфальт бетоныг нягтаршуулах ажлыг гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горим чанд мөрдөх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм /ЗЗБНД 15-002-2016/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-ийн 3 дахь “ажлыг аюулгүй арга барилаар гүйцэтгэхэд суралцаж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа авч ажлын байранд дадлагажиж, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгээ шалгуулж, бие дааж ажиллах зөвшөөрөл авсан байна”, 9.1.4-т “Автомашины эд анги дээр суурилагдаагүй замын машиныг эдгээр машиныг ажиллуулах эрх бүхий хүн ажиллуулна”, 9.1.8-д “...үйлдвэрийн талбай буюу ажлын байранд гадны зөвшөөрөлгүй этгээд, согтуу хүн оруулахыг хориглоно” заалтуудыг зөрчсөн... Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм /ЗЗБНД 15-002-2016/-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “Удирдаж буй хүн инженер болон механик инженер”-д ажлыг аюулгүй гүйцэтгэх талаарх мэдлэгээ шалгуулж, үүрэг даалгавар авах бөгөөд ээлж хүлээлцэх бүртгэл хөтөлж, гүйцэтгэх ажлын онцлогтой холбоотой, ажлын заавар, ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаа авна”, 9.3.1-т “хөдөлгөөн эхлэхийн өмнө ажлын бүсэд хүн, мал байгаа эсэхийг шалгаж дуут дохио өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж, индүүдэгч машины операторын мэргэжлийн үнэмлэхгүй, ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмшээгүй байхдаа ажил үүрэг гүйцэтгэж, ухрах үйлдэл хийх үед ухрах зам талбайд хүн, саад байгаа эсэхийг анхаарч бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас усны машины жолооч Ц.Быг дайрч биед нь “хоёр талын олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цус хуралт, зүүн шууны ясны далд хугарал, бугуйн үений мултрал, баруун дунд чөмгийн далд хугарал зэрэг гэмтэл учруулж, амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

Б.Сд “...” ХХК-тай механизм түрээслүүлэх гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай индүүдэгч машинаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний зам засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрх ба зөвшөөрөл аваагүй хүнээр буюу Х.Тгөөр ажил үүрэг гүйцэтгүүлж, “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм ЗЗБНбД 15-002-2016-ийн 7.1 дүгээр зүйлийн 12- т “хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрх ба зөвшөөрөл аваагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно” заалтыг биелүүлээгүй- улмаас индүүдэгч машинаар Ц.Быг дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь үнэлж тогтооход ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг хийгээгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална.” гэж, 17 дугаар зүйлийн 17.3-т “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч нарын 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт нь /2хх 161-169/ дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байхад түүнд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэгийн хүрээнд хуульд заасан шаардлагыг хангуулан дахин гаргуулж, “...” ХХК-ийг иргэний хариуцагчаар эсхүл тус компанийн эрх, үүрэг бүхий албан тушаалтныг эрүүгийн хариуцлагад татах эсэх, бусад нөхцөл байдлуудыг дахин шалгаж тодруулах шаардлагатай тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудыг сайтар уялдуулан шалгаж бодит байдлыг тогтоосноор шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэх нөхцөл байдал, боломж бий болно гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй тогтоолгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Т, Б.С нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн тул прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн эсэргүүцэлд шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Т, Б.С нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Х.Т, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

                     ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ