| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0630/З |
| Дугаар | 128/ШШ2023/0408 |
| Огноо | 2023-05-03 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2023/0408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Цолмон
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дугаартай тогтоол болон түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 119 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дугаартай тогтоол болон түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 119 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай маргаж байна.
2. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дугаартай тогтоол тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 07/940 дүгээр Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай албан бичгээс мэдэж 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч С.Цолмон нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
3.1 Миний бие 1986 оноос хойш Төрийн албанд 30 жил үүнээс удирдах албан тушаал 14 жил хашиж байгаа бөгөөд Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс томилогдон ажиллаж байна.
Нэхэмжлэгч миний бие Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу аймаг, орон нутагт халдварын тархалт дэгдсэн хүнд нөхцөл байдалд тухайн албан тушаалд томилогдон онцгой нөхцөл байдалд цар тахлын дэглэмийн бэлэн байдлыг сахин ажиллаж байна. Гэвч Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" 119 дугаар тогтоол намайг Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэгч томилох тухай" Б/116 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Тус тогтоолын үндэслэл хэсэгт С.Цолмон намайг тус албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1. 33.3. 43.3, 43.6 дахь заалтуудыг зөрчсөнийг тогтоосон гэжээ.
Гэтэл дээрх заалтууд нь төрийн албан хаагчийг томилоход сонгон шалгаруулалт явуулахтай холбоотой зохицуулалтууд юм. Харин С.Цолмон миний бие тус албан тушаалд томилогдохдоо Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай (цаашид "Ковидын тухай ) хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ." гэж заасны дагуу томилогдон ажиллаж байгаа болно. Тус зохицуулалтаас харахад Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн Төрийн албаны тухай хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой байна. Гэвч Төрийн албаны зөвлөлийн 119 дугаар тогтоол гарах үед болон өнөөдрийн байдлаар Ковидын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ." гэж зохицуулсан болно Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт "Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ." гэж заасны дагуу аймгийн Засаг дарга нь дээрх шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй тул 119 дүгээр тогтоол нь С.Цолмон миний Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход шууд чиглэсэн буюу миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байна.
3.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн уйл хамгаалуулахаар, хууль ёсны ашиг сонирхлоо гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино., 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно" гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд С.Цолмон намайг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж албан тушаалд томилогдсон гэж үзэх үндэслэлгүй байх тул Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 119 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
3.3 Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 3.2-т "...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасан. Хуулийн тус заалтын дагуу Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах боломжгүй нөхцөл байдал байсан билээ.
Иймд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 240 дугаартай Тогтоол нь хууль бус бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт байна.
3.4 Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 240 дугаартай Тогтоолын 6 дахь заалтад Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 32.1-т заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, буруутай албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг мэдэгдсүгэй" гэж заасан байна. Мөн Тогтоолын 7-д сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, нөхөх арга хэмжээ авахаар тогтоосон байна. Гэвч энэ нь дээр дурдсан байдлаар Ковидын тухай хуулийг зөрчсөн байна гэжээ.
5/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа:
5.1 Шалгалт өгч байж томилогдох ёстой байхад төрийн албаны нөөцөд бүртгэлгүй, шалгалт өгөөгүй хүн томилогдсон гэх агуулгаар маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан.
Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу шалгалт авах шаардлагагүй, шалгалт авах ажиллааг түдгэлзүүлсэн байхад томилогдсон учраас төрийн албаны тусгай шалгалт өгөөх хуулийн шаардлага байгаагүй гэж үзэж байгаа. Иймд хууль зөрчиж томилогдсон гэж маргаан бүхий захиргааны актуудаар үзсэн нь үндэслэлгүй.
Мөн улс орон даяар төрийн албан хаагчийн шалгалт зохион байгуулагдаагүй гэдгийг мэдэж байгаа. Увс аймгийн хувьд ч мөн адил агентлагийн дарга, бусад албан тушаал дээр ч адил сонгон шалгаруулалт зарлаагүй. Нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаал дээр ч сонгон шалгаруулалт зарлаагүй. Энэ нь Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн шаардлага байсан. Сонгон шалгаруулалтад ороогүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. Маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
5.2 Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн тэмдэглэлд зурагдсан байгаа Б.Баатарзориг гэх хүний гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй.
Гарын үсгүүд нь хоорондоо зөрүүтэй байх тул хурлын тэмдэглэл дээр дарга нь гарын үсэг зураагүй гэж ойлгож байгаа. Хурлаас тухайн агуулга бүхий шийдвэр гарсан эсэх нь эргэлзээтэй. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаар тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолд үндэслэж гаргасан гэж тайлбарлаж байгаа.
Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолын тэмдэглэл нь эргэлзээтэй. Мөн тэмдэглэлийг харах юм бол С.Цолмонд холбогдуулж тухайн шийдвэрийг гаргасан гэсэн агуулга хурлын тэмдэглэлд тусгагдаагүй. Хурлаас С.Цолмоны томилсон шийдвэр хууль бус тул хүчингүй болгоё гэсэн шийдвэр гараагүй гэж ойлгож байна. Гэтэл олонхын саналгаар гараагүй шийдвэрийг үндэслэж томилгоо нь хууль бус тул хүчингүй болгоё гэх байдлаар Төрийн албаны зөвлөл албажуулсан байгаа нь хууль бус. Олонхын саналаар шийдвэр гаргана гэж заасныг зөрчсөн.
Энэ талаар Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Төрийн албаны зөвлөл хуралдааны зарчмаар ажиллана гэж заасан бөгөөд хуралдааны зарчмаар ажиллаж байгаа бол олонхын зарчмаар шийдвэр гаргана.
Маргаан бүхий захиргааны акт дээр зурагдсан Б.Баатарзориг гэх хүний гарын үсгүүд ялгаатай байгаа. Нэг хүн өөр өөр байдлаар гарын үсэг зурах боломжгүй тул Б.Баатарзориг гэх хүний гарын үсэг биш.
Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан төлөөлөх эх бүхий этгээд гарын үсэг зурсан байх гэсэн шаардлага зөрчигдөнө гэж үзэж байна. Иймд тухайн захиргааны акт илт хууль бус гэж үзэж байна. Үүнийг бид өөрсдөө гарын үсэг нь мөн биш гэж дүгнэх тодорхой байдлаар дүгнэх боломжгүй. Иймд шүүхийн журмаар шинжээч томилох тохиолдол тул хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаагүй тул хуралдаан дээр хэлж байна. Манай зүгээс уг гарын үсгүүдийг Б.Баатарзориг гэх хүн зураагүй гэж үзэж байгаа. Иймд төлөөлөх эрхгүй этгээд шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Итгэмжлэлүүдийн хувьд ч мөн адил, эхний итгэмжлэлийг Р.Жавзандулам н.Дамдинсүрэн гэх хүмүүст олгосон бөгөөд өөрөө гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Сүүлд С.Сарангэрэлд олгосон итгэмжлэлтэй миний бие танилцаагүй байна. Гэхдээ хурал даргалагч итгэмжлэлтэй танилцсан гэж найдаж байна. Тухайн итгэмжлэл дээр авагдсан гарын үсэгтэй мөн адил танилцах хэрэгтэй, өөр гарын үсэг байвал тухайн этгээд өөрөө гарын үсэг зурахгүй байгаа гэж үзэж болохоор байна. Иймд процессын хувьд зөрчилтэй явж байна гэж үзэж байна
5.3 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 6 дугаар заалтад Төрийн албаны зөвлөлийн тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу буруутай албан тушаалтныг ажлаас чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэж заасан байгаа.
Үүний дагуу чөлөөлсөн гэх тайлбарлаж байгаа. Энэ бол буруутай албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх тухай ойлголт байгаа. Буруутай албан тушаалтан нь С.Цолмон болохгүй. С.Цолмон нь өөрийгөө томилсон шийдвэр гаргаагүй. С.Цолмоныг томилсон шийдвэрийг Засаг дарга гаргаж байгаа. Хэрэв буруутай албан тушаалтныг чөлөөлөх тухай асуудал яригдах юм бол энэ нь Засаг даргад холбогдуулан яригдана. С.Цолмон гэх хүний томилгоог хүчингүй болгох тухай асуудал яригдахгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримталдаг хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим ярих үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
6.1 Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Цолмонг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3. 43.6 дахь хэсгийг тус тус зөрчин томилсон болохыг Төрийн албаны зөвлөл тогтоосон болно.
Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/116 дугаар захирамжаар тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Цолмон нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангахгүй байна.
6.2 Түүнчлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаал нь Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт-д зааснаар ТЗ-10, ахлах түшмэлийн ангилалд хамаарна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж заасан.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 240 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй, хууль бусаар томилсон албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлж, томилгооны зөрчлийг арилгаагүй тул 240 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг биелүүлээгүй үндэслэлээр Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Цолмоныг томилсон тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/116 дугаар захирамжийг хүчингүй болгосон Зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" 119 дүгээр тогтоолыг гарган Увс аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө ... төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалт болон Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зөвлөлийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймагт 2021 оны 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд ажиллаж, тус аймгийн төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийж, ажлын хэсгийн тайланг Зөвлөлийн хуралдаанд танилцуулсан.
Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд С.Цолмонг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 43.6 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсныг Төрийн албаны зөвлөл тогтоосон бөгөөд мөн хуулийн 30.2-т Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна гэж заасны дагуу С.Цолмоныг томилсон Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэгч томилох тухай" Б/116 дугаар захирамжийг хүчингүй болгохыг эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргад зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолыг хүргүүлсэн.
Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт"-д зааснаар аймгийн Засаг Даргын харьяа агентлагийн даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ангиллын, ТЗ-10 зэрэглэлийн албан тушаалд хамаарна. Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Цолмон нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад заасан туршлагын болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй байна.
6.3 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан гэсэн үндэслэл нь сонгон шалгаруулалт зохион байгуулахтай холбоотой зохицуулалт байсан. Тус зохицуулалтад төрийн албаны шалгалтад ороогүй хүн төрийн жинхэнэ албан тушаалтанд томилогдож болно гэсэн зохицуулалт байхгүй. Ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн хүн төрийн албаны тусгай шалгалт буюу тухайн албан тушаалын сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр томилогдох зохицуулалт гэж ойлгож хэрэгжүүлж, хяналт тавьсан байгаа. С.Цолмон нь өөрөө анх албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо ерөнхий шалгалтын ч нөөцгүй байсан. Ерөнхий шалгалтын нөөцгүй учраас сонгон шалгаруулалтгүйгээр томилогдох боломжтой байсан гэж үзэж байгааг нь ерөнхий шалгалтын нөөцгүй тул хууль бус гэж үзэж байна. Түүнчлэн зөвхөн сонгон шалгаруулалтыг хориглосон заалт гэж үзэж байгаа. Мөн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа. С.Цолмон нь өөрөө Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд тавигдаж байгаа тусгай шаардлагыг хангахгүй байгаа тул төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэх шийдвэрийг Төрийн албаны зөвлөл гаргаж хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тухайн үүрэг даалгаврыг Засаг дарга биелүүлээгүй учраас хуралдаанаар авч хэлэлцээд 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 119 дугаар тогтоолыг гаргасан. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 119 дугаар тогтоол болон 2021 оны 3 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоол нь хууль тогтоомжийн дагуу гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Цолмонгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч С.Цолмон тус шүүхэд хандаж Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дугаар тогтоол, түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсэг болон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 119 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дугаар тогтоол, түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм-ийн 2.1.1, 3.1.2.в, 4.5 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам-ын 3.9 дэх заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 40 дүгээр хуралдаанаар Увс аймгийн төрийн захиргааны байгууллагуудад хяналт шалгалт хийсэн ажлын тайланг хэлэлцээд тус аймгийн төрийн захиргааны байгууллагын зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон энэхүү тогтоолын 1-15 дугаар хавсралтад дурдсан шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15, 16, 17 дугаар тогтоолоор тус тус баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын холбогдох заалтыг тус тус зөрчсөнийг тогтоож, Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон албан хаагчдын нэрс албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг хавсралтаар баталж шийдвэрлэсэн, уг тогтоолын 12 дугаар хавсралтын 1-д Хүнс хөдөө аж ахуйн Газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Цолмон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 43 дугаар 43.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж заажээ.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна. 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ., 66 дугаар зүйлийн 66.1-д Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 66.1.3-т иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, 66.1.6-д хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах, гэж,
Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийн 2.1-д Зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх эдэлнэ: 2.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөх;,4.5-д Зөвлөл хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана. Бүрэн эрхийнхээ хүрээнд албан даалгавар, зөвлөмж гаргаж болно. Зөвлөлөөс гаргасан шийдвэрт Зөвлөлийн дарга гарын үсэг зурна. гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч уг тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай (цаашид "Ковидын хууль гэх) хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт ...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж, хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ гэж заасан тул хуулийн үйлчлэл зогссоноос хойш Төрийн албаны тухай хуулийн үйлчлэл эхлэх ёстой, 119 дүгээр тогтоол гарах үед Ковидын хууль үйлчилж байсан... гэж тодорхойлсныг хариуцагч ...Төрийн албаны зөвлөл хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийдэг. С.Цолмон нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хуульд заасан туршлагын болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй гэж тайлбарлан эс зөвшөөрч маргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 дугаар бүхий Түр орлон гүйцэтгэгч томилох тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт, Авлигатай тэмцэх газрын, Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05/14244 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн С.Цолмонг мөн өдрөөс эхлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж сарын үндсэн цалинг ТЗ-10 ангилал зэрэглэлийн 5 дугаар шатлалаар /1 088 657 төгрөгөөр/ тогтоосон байна.
Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Орон нутагт ажиллуулах тухай 168 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Ховд, Увс, Архангай аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй байдал, Төрийн албаны тухай хууль тогтоомж...хэрэгжилттэй танилцаж, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны түвшинд үнэлэлт өгөх...үүрэг бүхий зөвлөн туслах ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар удирдамж баталсан, /батлагдсан бүтэц орон тооны дагуу ажиллаж байгаа эсэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулсан /төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгсөн эсэх/, Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд томилсон шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх, Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх...Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан эсэх...зэрэг асуудлыг шалган тогтоохоор шийдвэрлэсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дүгээр хурлын тэмдэглэлээр ...орон нутагт ажилласан ажлын хэсгийн тайлан-г хэлэлцэж улмаар ажлын хэсгийн тайлан-г зарчмын хувьд дэмжиж шийдвэрлэсэн, дээрх ажлын хэсгийн тайланг үндэслэн маргаан бүхий захиргааны акт болох Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дугаар тогтоол, түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсэг гарсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ", 30.2-т Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна гэж тус тус заасан.
Түүнчлэн Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийн 2.1-д Зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх эдэлнэ: 2.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөх; гэж заасан ба эдгээр хууль болон дүрмийн заалтаас үзвэл хариуцагч Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй бөгөөд уг эрх хэмжээний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дугаар тогтоол, түүний 12 дугаар хавсралт бүхэлдээ нийцэж байна.
Иймд маргаан бүхий, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дүгээр тогтоол, түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч С.Цолмонгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Цолмон нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй.
Нэхэмжлэгч нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т ...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ. гэж заасныг үндэслэл болгон маргаж байх боловч уг хуулийн заалт нь зөвхөн төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах хугацааг тогтоосон гэж үзэхээр байна.
Энэ тохиолдолд төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй, төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 43.6-д заасныг тус тус зөрчиж томилогдсон этгээдийг үргэлжлүүлэн ажиллуулах, улмаар хууль зүйн үндэслэлтэй гарсан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дүгээр тогтоол, түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсгийг хууль бус гэж дүгнэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгч С.Цолмонгийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хоёр. Нэхэмжлэгч С.Цолмонгийн гаргасан, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 119 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 119 дүгээр Захирамж хүчингүй болгох тухай тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 30.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм-ын 3.1.2в, 4.4, 4.5 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 43.6 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсныг тогтоосон Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Цолмонг томилсон тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/116 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч уг тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу томилогдон ажиллаж байгаа, уг хууль зогссон өдрөөс эхлэн Төрийн албаны тухай хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой гэж тодорхойлсныг хариуцагч ...С.Цолмон нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангахгүй байна...ТЗ-10, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно., 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:, 33 дугаар зүйлийн 33.3-т Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна. 43 дугаар зүйлийн 43.3-т Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ:, 43.6-д Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно. гэж тус тус заасан.
Төрийн албаны зөвлөлийн 240 дүгээр тогтоолоор Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэгч томилох тухай" Б/116 дугаар захирамжийг хүчингүй болгохыг тус аймгийн Засаг даргад даалгаж, хугацаатай үүрэг өгч уг тогтоолыг хүргүүлсэн боловч Увс аймгийн Засаг дарга нь тухайн тогтоосон хугацаанд төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Энэ тохиолдолд тухайн хууль бус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөлийн 119 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хариуцагч захиргааны байгууллагад хуулиар тогтоосон эрх хэмжээ чиг үүрэгт нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр байх бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгч С.Цолмонгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ангилалд хамаарахын хувьд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно:, 23.2.3-т ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх-ыг шаардах бөгөөд Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Цолмон нь дээр заасан тусгай шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь энэ талаар маргаагүй..
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар нь шүүх хуралдаанд гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээ зүйлийн 111.1, 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг захирамж нь мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасанд хамаарахгүй буюу гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.3, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Цолмонгоос гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дугаар тогтоол, түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсэг болон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 119 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН