Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/03275

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

            

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  З.А-д холбогдох,

 

Хөдөлмөрийн гэрээ, сургалтын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 7,418,030,15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.А нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалаар А ХХК-ийн бүхээгийн хэсгийн агаарын хөлгийн үйлчлэгчээр туршилтын 3 сарын хугацаагаар томилогдсон. Улмаар А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №155 дугаар тушаалаар З.Аыг жинхэлж, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2022/178 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.7, 1.4 дэх заалтыг үндэслэн сургалтын нэмэлт нөхцөлийн тусган хөдөлмөрийн гэрээний дагалдах сургалтын гэрээг З.Атай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Сургалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1. Компани нь өөрийн зардлаар Турк улсын Истанбул хотын Туркиш трэйнинг центр сургалтын төвд А320 агаарын хөлгийн Сэйфти эмэржэнси просэдур конвэрсон /2 өдөр/-ийн сургалтанд хамруулан түүний сургалтын нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулна гэж заасан. Манай компани нь энэхүү гэрээний үүргийнхээ дагуу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Гүйцэтгэх захиралын 222 тоот тушаал гарч тушаалын хавсралтаар З.Аын сургалтын төлбөрт 445.77$, тийзний төлбөрт 805.00$, хоол, байр, унааны төлбөрт 3,028,830,77 төгрөг, нийт 7,418,030,15 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Улмаар ажилтан тухайн компанид үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд гэрээгээр харилцан тохиролцсон. Энэхүү хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг үндэслэн талууд сургалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.Суралцагч нь дээрх сургалтанд хамрагдсаны дараа /5 жил/ тус компанид ажиллаж, суралцаж олж авсан мэдлэг боловсролыг компанийн эрх ашгийн төлөө бүрэн зориулна гэж сургалтад хамрагдсанаас хойш ажилтан тус компанид ажиллах хугацааг 5 жил байхаар тохиролцсон. Гэтэл З.А нь сургалтад хамрагдсанаас хойш 5 сарын дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Сургалтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаас өмнө ажилтан ажлаас халагдах хүсэлт гаргасан эсвэл компанийн санаачлагаар ажлаас халагдсан тохиолдолд бүх сургалтын зардлыг компанид 100 хувь эргүүлэн төлөх үүрэгтэй, 5 дугаар зүйлийн 5.2.Суралцагч нь энэхүү гэрээний 4.4 болон 5.1 дэх заалтуудыг биелүүлээгүй тохиолдолд сургалттай холбогдолтой бүх зардлуудыг компанид 100 хувь эргүүлэн төлнө хэмээн тус тус заасан. З.А нь хөдөлмөрийн гэрээ болон сургалтын гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ажлын байраа орхин явж манай компанид 7,418,030,1515 төгрөгийн хохирол учруулсан. Хэрэв З.А нь сургалтад хамрагдсанаас хойш 5 сарын дараа ажлаас гарах байсан бол манай компанийн зүгээс тухайн ажилтанд хөрөнгө оруулалт хийхгүйгээр өөр ажилтныг сургаж бэлтгэх байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэг, Сургалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3,4 дүгээр зүйлийн 4.4,5 дугаар зүйлийн 5.2-т заасныг үндэслэн З.Ааас 7,41,030.15 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Би 2020 оны 11-р сард А ХХК-ийн Бүхээгийн ажилтан орон тоонд ажлын ярилцлагад орж тэнцсэн тул 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус албан тушаалд дагалдах ажилтнаар ажиллаж эхэлсэн. 2022 оны 06 дугаар сард заавал хамрагдах мэргэжлийн сургалтад хамрагдах болсон тухай надад мэдээлсэн. Сургалтад хамрагдахаар явахаас 1 хоногийн өмнө гэрээний загвар гэж танилцуулаад зөвхөн гарын үсэг зурахад хангалттай, захирлын тушаалаар баталгаажуулна гээд 2022 оны 07 сарын 01-ний өдөр сургалтын гэрээний нөхцөл, заалтуудыг танилцуулалгүйгээр гарын үсэг зуруулан авсан. Би 2023 оны 01 сарын 03-ны өдөр зам тээврийн осолд орж 2 хөлөө гэмтээсэн, тодорхой хугацаанд ажил эрхлэх боломжгүй болсон тул 2023.01.11 өдөр эрүүл мэндийн шалтгаанаар, хөдөлмөрийн хуулийн дагуу өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед ажил олгогчийн зүгээс надад хөдөлмөрийн гэрээний нөхцөл, түүнтэй танилцах, ажилд орсон тушаал гарсан эсэх мөн сургалтын гэрээний нөхцөл, заалт тус гэрээнүүдийн батлагдсан хувь зэргийг нэгийг ч танилцуулах, мэдээлэл өгөөгүй. Бидний хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний зүйл заалтуудтай танилцах боломж, тус баримтууд нь шүүхэд нотлох баримтаар ирснээр бий болж байна. Мөн А ХХК-ийн зүгээс ажиллаж байх хугацааны нийт 4458516 төгрөгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлбөр одоог хүртэл төлөгдөөгүй байгаа. Үүний улмаас, миний бие эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад төрөөс олгох нөхөн олговор, тусламж үйлчилгээг авах боломжгүй болсонд гомдолтой байгаа. Гэтэл огт уншиж танилцуулаагүй гэрээ болох 2022 оны 07 дугаар сарын 01-ны сургалтын гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Сургалтын гэрээний үндсэн нөхцөл нь нэг талаас гэрээний 2.1 Компани нь өөрийн зардлаар Турк улсын Истанбул хотын төвд 2.2 Суралцагч нь дээрх сургалтанд хамрагдсаны дараа /5 жил/ тус компанид ажиллаж, суралцан олж авсан мэдлэг боловсролыг компанийн эрх ашгийн төлөө бүрэн зориулна гэж заасан байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлд тус харилцааг зохицуулахдаа хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөл байхаар зохицуулсан ба 73 дугаар зүйл 73.3-т Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна гэж заасан хуулийн хязгаарлалтыг илтэд зөрчиж нэмэлт гэрээ байгуулсан байна. Мөн тус хуулийн 12 дугаар зүйл 12.3-т заасны дагуу Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэсний дагуу тус Сургалтын гэрээ нь Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөл болохын хувьд ажилтан буюу миний эрхийг хууль тогтоомжид заасан хязгаарлалтыг зөрчиж, 5 жил хүртэлх хугацаагаар ажлын байраа чөлөөтэй сонгох боломжгүй болгож, хязгаарласан заалтыг гэрээнд оруулсан байна. Иймд тус гэрээний үндсэн нөхцөл болон Сургалтын гэрээний 2.2. дэх хэсэгт заасан ажилтан дээрх сургалтад хамрагдсаны дараа 5 жил ажиллаж суралцан олж авсан мэдлэг боловсролыг компанийн эрх ашгийн төлөө бүрэн зориулна гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

 

Нэхэмжлэгчээс: 

-       Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-       А ХХК-ийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн Б/124 дугаар гүйцэтгэх захирлын тушаал,

-       А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-       А ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №01 гүйцэтгэх захирлын тушаал,

-       А ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн №222 дугаар гүйцэтгэх захирлын тушаал,

-       2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №2022/178 дугаартай хөдөлмөрийн гэрээ,

-       2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Сургалтын гэрээ,

-       Итгэмжлэл,

-       Туркиш Аэрлайнс-ийн ТК62022000000627 дугаартай нэхэмжлэх,

-       Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгавар,

  

Хариуцагчаас:

-       Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь З.Ад холбогдуулан Хөдөлмөрийн тухай хууль болон талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, сургалтын гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй, гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсны улмаас хуулийн этгээдэд учруулсан хохиролд 7,418,030.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, энэ шаардлагаа бүхэлд нь дэмжсэн.

 

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч З.Аыг цаашид тус байгууллагад тогтвортой ажиллуулах зорилгоор Хөдөлмөрийн гэрээ болон Сургалтын гэрээг байгуулсан. Улмаар Турк Улсын Истанбул хотод зохион байгуулагдсан агаарын хөлгийн сургалтанд З.Аыг хамруулсан бөгөөд сургалтын төлбөр, хоол, байр, унаа, замын зардал зэрэгт нийт 7,418,030,15 төгрөгийг компанийн зүгээс төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Ажилтан нь тухайн компанид үргэлжлүүлэн ажиллах хугацааг 5 жил байхаар сургалтын гэрээгээр харилцан тохиролцсон. Гэтэл З.А нь сургалтад хамрагдсанаас хойш 5 сарын дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Сургалтын гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд бүх сургалтын зардлыг компанид 100 хувь эргүүлэн төлөх үүрэгтэй тул З.А-ын сургалтад компанийн зүгээс зарцуулсан мөнгөн хөрөнгийг нөхөн гаргуулна гэж тайлбар гарган мэтгэлцсэн.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд: Сургалтад хамрагдахаас 1 хоногийн өмнө сургалтын гэрээний нөхцөл, заалтуудыг танилцуулалгүйгээр шууд гарын үсэг зуруулсан. 2023 оны 01 сарын 03-ны өдөр зам тээврийн осолд орж, тодорхой хугацаанд ажил эрхлэх боломжгүй болсон тул эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний нөхцөл, сургалтын гэрээний нөхцөлийг танилцуулаагүй атлаа уг гэрээг үндэслэж нөхөн төлбөр шаардсаныг зөвшөөрөхгүй. Мөн сургалтын гэрээнд зааснаар 5 жил тус компанид ажиллаж, суралцан олж авсан мэдлэг боловсролыг компанийн эрх ашгийн төлөө бүрэн зориулна гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73.3-т заасан гурван жилээс илүүгүй байх хуулийн хязгаарлалтыг илтэд зөрчсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэсний дагуу уг заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэж маргасан байна.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Хариуцагч З.А нь А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 тушаалаар тус компанийн Бүхээгийн хэсгийн Агаарын үйлчлэгчээр 3 сарын хугацаатай түр томилогджээ. Улмаар 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №2022/178 дугаартай Хөдөлмөрийн гэрээг Бүхээгийн ажилтан ажлын байрны орон тоонд байгуулжээ. /хх-8, 12/

 

5.1. З.Аыг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №222 тушаалаар тус компанийн Бүхээгийн хэсгийн Бүхээгийн ажилтнуудад Турк Улсын Истанбул хотын Туркиш трэйнинг центр суралтын төвд А320 агаарын хөлгийн Сэйфти эмэржэнси просэдур конвэрсон сургалтанд 2022 оны 07 дугаар сарын 02-09-ний өдрийн хооронд хамруулахаар тогтоосон, энэхүү сургалтад хамрагдах ажилтнуудын тоонд З.А багтсан, ажил олгогчоос З.Атай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сургалтын гэрээг байгуулсан байна. /хх-10-17/

 

5.2. Төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулагдсан, хариуцагч З.А нь тус сургалтад хамрагдсан, үүнээс хойш мэргэжлээрээ ажиллаж байгаад А ХХК-иас өөрийн буюу ажилтны хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

6. А ХХК нь З.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон сургалтын гэрээг ажилтны санаачилгаар цуцалсантай холбоотойгоор хууль, гэрээний дагуу З.Аын сургалтын төлбөрт 445.77$, тийзний төлбөрт 805.00$ хоол, байр, унааны төлбөрт 3,028,830,77 төгрөг, нийт 7,418,030,15 төгрөгийг гаргуулахаар шардсантай холбоотойгоор дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно гэж заасны дагуу А ХХК нь хөдөлмөрийн гэрээний тал болох З.Атай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сургалтын гэрээ-г байгуулжээ.

 

7.1. Сургалтын гэрээний 2.1-т Компани нь өөрийн зардлаар Турк Улсын Истанбул хотын Туркиш трэйнинг центр сургалтын төвд А320 агаарын хөлгийн Сэйфти эмэржэнси просэдур конвэрсон /2 өдөр/-ийн сургалтад хамруулан түүний сургалтын нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулна гэж, мөн гэрээний 2.2-т Суралцагч нь дээрх сургалтад хамрагдсаны дараа 5 жил тус компанид ажиллаж, суралцан олж авсан мэдлэг боловсролыг компанийн эрх ашгийн төлөө бүрэн зориулна гэж тус тус заажээ.

 

7.2. Мөн Сургалтын гэрээний 1.2-т Энэхүү гэрээ нь Монгол Улсын Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журамд нийцсэн байх талаар дурдсан, гэрээний 1.3-т сургалтад хамрагдах төрөл чиглэл, сургалтад хамрагдах хугацаа, сургалттай холбогдолтой зардал зэргийг талууд харилцан тохиролцож тухай бүрд нь гэрээний хавсралтаар тохиролцож гэрээнд хавсаргах-аар заажээ.

7.3. Гэтэл З.Аыг Турк Улсын сургалтад хамруулахтай холбоотойгоор сургалтын гэрээг байгуулахдаа ажил олгогч нь энэ гэрээний 1.3-т заасан .... сургалттай холбогдолтой зардал зэргийг суралцагч талд танилцуулж, харилцан тохиролцсон зүйлгүй, мөн тухайн гэрээний 1.4-т зааснаар гэрээний салшгүй хэсэг буюу гэрээний нэгэн адил хүчинтэй байх хавсралтаар сургалтын зардлыг суралцагчид урьдчилан танилцуулаагүй, сургалтад хамрагдах төрөл чиглэл, сургалтад хамрагдах хугацаа, сургалттай холбогдолтой зардлын талаар холбогдох саналыг нь аваагүй байна.

 

7.4. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан Сургалтын гэрээний хувьд тухайн сургалтад хамруулах болсон үндэслэл, сургалтын чиглэл, хугацаа, гарах зардал зэргийг сургалт зохион байгуулахаас өмнө сургалтад оролцогчид урьдчилан танилцуулах, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулах, улмаар уг тохиролцоо нь гэрээний хавсралт байхаар гэрээний гол нөхцөлийг тохиролцсон байхад З.Атай байгуулсан сургалтын гэрээний хувьд сургалтын зардлын талаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй буюу сургалтад оролцогч нь хэдий хэмжээний, ямар зардлаар уг сургалтад хамрагдаж байгаа талаар урьдчилан мэдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, сургалтын гэрээний хавсралтын 1.4-т Сургалттай холбогдолтой нийт зардлыг хавсралтад буй төсөвт заасан болно гэж заасан атлаа төсвийн талаарх баримт мэдээлэлгүй тул хариуцагчийг зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр буруутгах боломжгүй юм.

 

7.5. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Хөдөлмөрийн гэрээнд, эсхүл ажил олгогчийн зардлаар суралцах дагалдах гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана гэж хуульчилсан, улмаар сургалтад зарцуулагдах ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ зэргийг Сургалтын гэрээнд зайлшгүй тусгах шаардлага тавигдсан, энэ талаар талууд урьдчилан тохиролцсон байх урьдчилсан нөхцөл заагдсан байхад зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь энэ шаардлагыг хангаагүй байна.

 

8. Иймд тухайн сургалтын явцад гарах зардлыг гэрээний дагуу урьдчилан танилцуулж харилцан тохиролцоогүй, ажил олгогчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа тус зардлыг нөхөн бүрдүүлж, хариуцагч З.Ааас шаардаж байгаа нь үндэслэлгүй тул хоол, байр, унаа, замын зардал зэргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэв.

 

9. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байхаар зохицуулсан байхад зохигчийн хооронд байгуулсан Сургалтын гэрээний 2.2-т Суралцагч нь дээрх сургалтад хамрагдсаны дараа 5 жил тус компанид ажиллаж, суралцан олж авсан мэдлэг боловсролыг компанийн эрх ашгийн төлөө бүрэн зориулна гэж заасан нь холбогдох хуулийн хэм хэмжээнд нийцээгүй байна.

 

10. Мөн талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Сургалтын гэрээний хэм хэмжээ нь холбогдох хуульд нийцээгүй, хуулиар тогтоосон хугацааны дээд хэм, хэмжээг зөрчжээ.

 

10.1. Тодруулбал, Сургалтын гэрээний 4.4-т Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаасаа өмнө суралцагч нь ажлаас халагдах хүсэлт гаргасан бол сургалтын зардлыг 100 хувь эргүүлэн төлөх үүрэгтэй гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэсэн хэм, хэмжээнд нийцээгүй байна.

 

10.2. Түүнчлэн сургалтын гэрээний 4.7-д хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаасаа өмнө суралцагч нь ажлаас халагдах хүсэлт гаргасан бол ажил олгогч нь сургалтын зардлыг шаардах эрх үүсэхээр байхад З.А болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан тул гэрээний дээрх зохицуулалтад үндэслэн шаардах эрхгүй юм.

 

11. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж заасан, З.А нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдсон, ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул хуульд заасан хувь хэмжээгээр сургалтын зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

12. Хариуцагч З.А нь Турк Улсын Истанбул хотод зохион байгуулагдсан 2 өдрийн сургалтад хамрагдсан талаар маргаагүй байна. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс Турк Улсын Истанбул хотод болсон сургалтын зардал нь 445,77 ам.доллар болсон талаар нэхэмжлэлдээ дурдсан боловч шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2 өдрийн сургалтын зардал нь 319,26 ам.доллар болсон талаар тайлбарласан, мөн энэ хэмжээгээр шаардаж нотлох баримтыг шүүхэд гаргажээ. /хх-36/

13. Хариуцагч З.А нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд А ХХК-д ажилласан талаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй буюу 406 хоног ажиллажээ.

 

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна гэж заасан, сургалтын дараа ажиллах хугацааг 365 хоног буюу 1095 хоногоос дээшгүй байхаар зохицуулсан байна.

 

15. Хариуцагч З.А нь сургалтад хамрагдсанаас хойш 1095 хоног ажиллах үүрэгтэй байсан боловч түүний тус хуулийн этгээдэд ажилласан хугацаа нь 406 хоног /37%/ байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж заасны дагуу хувь тэнцүүлэн нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

16. Нэхэмжлэл гарах үеийн нийтэд илэрхий үйл баримтаар 1 ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш нь 3495.07 төгрөг буюу сургалтын төлбөр нь /3495.07 х 319,26/ 1,115,836 төгрөг болсон, үүнээс түүний ажилласан хэсэгт ногдох 37 хувийг хасаж 313,070 төгрөгийг хариуцагч З.Ааас гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасныг баримтлан хариуцагч З.Ааас 313,070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 7,104,960.15 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,638.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ааас 10,042 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.АМАРМЭНД