Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2023/02646

 

2023 09 22

182/ШШ2023/02646

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Т.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монголбанкинд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Н нь Монголбанкинд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Т.Н миний бие 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 14.2 жил Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэст хянан шалгагчаар ажилласан. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн Б-368 дугаар тушаадаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаач чөлөөлсөн. Дээрх шийдвэр нь Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн 2022 оны 11 сар, 2023 оны 02 дугаар сард гарсан хууль бус шийдвэрүүдэд үндэслэгдэн гарсан тул гомдолтой байна.

Тушаалын заалт нь зөрчлийг давтан гаргасан гэж байгаа. Миний хувьд давтан гаргасан зүйл байхгүй. 2022 оны 9 сард хийсэн хөдөлмөрийн гэрээгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 болон түүнээс дээш удаа ажил тасалсан. 2 өдөр нь чөлөөний хугацаа хэтрүүлсэн. Тухайн сарын ажил тасалсан нийлбэр дүн 2 өдрөөс дээш болсон гэж байна. Ийм зүйл болоогүй. Шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа 2022 оны 4 дүгээр улирал, 2023 оны 1, 2 дугаар улирлын цагийн бүртгэлийн тайланг гаргаж өгсөн. 2 сард гарсан Голомт банктай холбоотой тушаал бол би 2 өдөр ажил таслаагүй. Манай Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 12.4-т ажлын байр хууль журмаар тогтоосон албан үүрэгтэй холбоотой газар болон албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтуурах гээд энэ бол хууль журмаар тогтоогдсон үед гэдэг нь би ажлаа хийж байх үед мөн бусад банкиад ажлаар явж байх үед гэсэн үг. Ажил гүйцэтгэж байх үедээ гэж байна. Би бол ажил гүйцэтгэж байх үедээ архи дарс огт уугаагүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Т.Н 2009 оноос хойш Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэст хянан шалгагчаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн удирдлага, Т.Н хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний /хамгийн сүүлд байгуулсан/ дагуу ажиллаж байсан. Гэвч иргэн Т.Н 2022 оноос 2023 оны хооронд ажлын байранд согтуугаар хүрэлцэн ирж мөн ажлын цагаар шалтгаангүйгээр ажлаа удаа дараа тасалсан үйлдэл гаргасан тул тус бүрд давхардуулахгүйгээр сахилгын зөрчлийг ногдуулж байсан. Сахилгын шийтгэлийг ногдуулах бүрдээ цаашид анхаарч ажиллах, зөрчлийн хэлбэр, нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлмөрийн харилцааг дуусгах үндэслэлд хүрч болзошгүй талаар мэдэгдсэн. Иймээс ажилтан Т.Н 2023 оны 06 дугаар сард ажил тасалсан зөрчилийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны А-198 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-д заасан ажил олгогчийн санаачиллагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б-365 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн болно.

1.1 Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын шийтгэл оногдуулсан нөхцлийн тухай.

Ажилтан Т.Н 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө ажлаа тасалж, үдээс хойш ажлын байран дээр согтуурсан ирснийг Монголбанкны Орхон аймаг дахь хэлтэст байрладаг гэрээт цагдаагийн ажилтан илрүүлж, тухайн үедээ хөдөлгөөнт эргүүлийн цагдаад дуудлага өгсөн байдаг. Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа ирж, ажилтан Т.Н тус аймаг дахь цагдаагийн хэлтэст хүргэн согтолтын зэргийг тогтоолгохоор тусгай төхөөрөмж буюу драгер үлээлгэхэд 2.55 хувийн согтолтын зэрэгтэй гарсан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны хүлээх үүргийг зөрчсөн буруутай үйлдэл гэж үзэх бүрэн боломжтой байсан. Тиймээс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг дахь хэлтсийн захирлын зүгээс иргэн Т.Н гаргасан үйлдлийн шинж байдлын танилцуулга, хэрхэн шийдвэрлэхэд санал авах болон холбогдох материалыг хавсаргасан дотоод албан бичгийг Монголбанкны Тамгын газарт хүргүүлсэн. Дээрх албан бичгийг үндэслэн, Монголбанкны Тамгын газрын зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр ажилтан Т.Н үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай чиглэлийг өгсөн учраас Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б-21 дугаартай тушаалаар ажилтан Т.Н Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, энэ журам болон хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй ажилтанд зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд заасны дагуу зөрчил гаргасан өдрөөс эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар, орон нутаг дахь Монголбанкны хэлтэс (салбар)-ийн захирлын тушаалаар тус тус сахилгын шийтгэл ногдуулна, мөн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт Орон нутаг дахь хэлтэс (салбар)-ийн захирал нь зөвхөн энэ журмын 11.6.1, 11.6.2, 11.6.3 /үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах/-аар заасны дагуу сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг.

Гэтэл 2023 он гарснаас хойш ажилтан Т.Н мөн оны 01 дүгээр сард ажлын байрнаас гадуур, ажлын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж явахдаа Орхон аймаг дахь Голомт банкны зээлийн төв дээр иж бүрэн шалгалттай байх явцдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай очиж, улмаар тус өдөр үдээс хойш нь шалтгаангүйгээр ажилдаа хүрэлцэн ирээгүй, мөн Монголбанкны хөдөлмөрийн дотоод журамд журмын 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэгт Ажлын цагаар ажлын байрнаас гадагш явахдаа газар, нэгжийн захирал, Ерөнхийлөгчийн туслахад, газар, нэгжийн харьяа хэлтэс, төв, албаны захирал газар, нэгжийн захиралд, бусад ажилтан тухайн газар, нэгжийн болон хэлтэс(салбар)-ийн захиралд тус тус мэдэгдэнэ гэж зааснаар хэлтсийн захиралд мэдэгдээгүй байдаг. Тухайн өдөр ажилтан Т.Н нь ахлах хянан шалгагч Б.Э утсаар ярихдаа ажилдаа очихгүй гэж хэлсэн байдал нь Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн 2023 оны 01 дугаартай Хурлын тэмдэглэл, тус улирлын цаг бүртгэлийн цахим системд бичигдсэн баримтаар тогтоогдсон байдаг. Ажилтан Т.Н энэхүү үйлдэл нь ёс зүйн хэм хэмжээнд харшилж, Монголбанкны нэр хүндийг гутаасан байж болзошгүй, Хөдөлмөрийн гэрээнд заасан ажиллах цагийн хуваарийг зөрчсөн, ажил олгогчийн өмнө хүлээж буй үүргээ удаа дараа биелүүлээгүй нь нотлогдог билээ. Иймээс Монголбанкны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтан Т.Н Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б-05 дугаартай тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь 2022, 2023 оны Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын шийдвэрүүдийн үндэслэл нь баримтаар тогтоогдож, хууль журмын дагуу үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

1.2 Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нөхцлийн тухай.

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Т.Н Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх, ёс зүйтэй ажиллах шаардлагыг цаг тухайд нь тавьж мөн зөрчилд тооцогдож болохуйц үйлдлийг гаргасан тайлбарыг ажилтнаас авч байсан болох нь нэгжийн хэмжээнд хийсэн хурлын тэмдэглэлүүдэд тусгагдсаныг тайлбарлах нь зүйтэй. Улмаар Орхон аймаг дахь хэлтсийн нийт ажилчдын 2022 оны 4 дүгээр улирлаас хойшхи цаг бүртгэлийн системийг шүүж үзэхэд ажилтан Т.Н улирал бүрд ажлын 1 өдрийг тасалсан нь харагдаж тогтоогддог. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн өглөө нэхэмжлэгч Т.Н цагийн ирцээ уншуулж бүртгүүлээд буцаж гараад шалтгаангүйгээр бүтэн өдрийн ажил тасалж, маргааш нь ажилдаа ирэхэд нь шалтгааныг асуухад ажлын байран дээр үнэртүүлж /архи/ орж болохгүй байсан учраас гэртээ харьсан гэх тайлбарыг өгсөн нь хэлтсийн 2023 оны 12 дугаартай Хурлын тэмдэглэлд дурдагдсан. Хэлтсийн захирлын зүгээс тухайн нөхцлийг шийдвэрлүүлэхээр Монголбанкны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Тамгын газарт 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр албан бичгийг хүргүүлсэн. Ингэснээр нэхэмжлэгч Т.Н гаргасан үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон болох нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр харилцааг дуусгавар болгох үндэслэлийг хангасан гэж үзээд, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б-365 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь энэ 2 сахилгын шийтгэлээс өмнө 5 удаа нийтдээ 7 удаа сахилгын зөрчил гаргаж байхад Монгол банкны зүгээс харж үзээд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөөгүй байдаг. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд сүүлийн 2 зөрчил нь хоёулаа ноцтой, шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл бүхий зөрчил байхад Монгол банкны зүгээс нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөөгүй байдаг. Хамгийн сүүлийн байдлаар 2023 оны 6 дугаар сард энэ нөхцөл байдлуудыг үндэслээд ажлаас нь чөлөөлсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 3/,

3.2. Монгол банкны ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн б-268 дугаар Т.Н сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /хх 4/,

3.3. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 5/,

3.4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 7/,

3.5. Монголбанкны Орхон аймаг дахь салбарын захирлын 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх 15/,

3.6. Монголбанкны хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаар хуралдааны тэмдэглэл /хх 16-147/ зэрэг баримтууд болно.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Согтуурлын зэрэг шалгасан /драйгер/ хуудас /хх 21/

4.2. Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б-05 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар хувь /хх 22/,

4.3. Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б-21 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар хувь /хх 23/,

4.4. Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн ажилтнуудын 2022 оны 4 дүгээр улирал, 2023 оны 01, 02 дугаар улиралын ажилласан хугацааны баримт /хх 24-26/,

4.5. Монголбанкны ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-198 дугаар Журам батлах тухай тушаал /хөдөлмөрийн дотоод журам/ын хуулбар, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хх 53-59/,

4.6. Монголбанкны ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А-319 дүгээр, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-368 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-109 дугаар, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А-169 дугаар Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалуудын хуулбар /хх 60-64/,

4.7. Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн ажилтнуудын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаар хурлын тэмдэглэлийн хуулбар /хх 65-71/,

4.8. Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн ажилтнуудын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаар хурлын тэмдэглэлийн хуулбар /хх 72-80/,

4.9. Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн ажилтнуудын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэлийн хуулбар /хх 81-84зэрэг баримтууд болно.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.Н нь Монгол банкинд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б-21 дугаар, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б-05 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай хууль бус тушаалууд дээр үндэслэн ажлаас чөлөөлсөн, сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, хууль бусаар ажлаас халсан гэж тодорхойлно.

 

Хариуцагч Монголбанк нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ажилтан Т.Н 2023 оны 06 дугаар сард ажил тасалсан зөрчилийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны А-198 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-д заасан ажил олгогчийн санаачиллагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б-365 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж маргана.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Т.Н нь 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Орхон аймаг дахь Монголбанкны салбарт хянан шалгагчаар ажиллаж ирсэн болох хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

 

2.2. Нэхэмжлэгч Т.Н Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б-21 дүгээр тушаалаар үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл,

Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б-05 дугаар тушаалаар нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл,

Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн б-368 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.

 

2.3. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалыг Т.Н нь эс хүлээн зөвшөөрч Монголбанкны хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэж, 5 дугаар комиссын хуралдааны тэмдэглэл гарсан байна. Комиссын хуралдаанаас талууд харилцан тохиролцоогүй гэх шийдэлд хүрсэн байх ба үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй,

154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж тус тус заасан хуулийг заалтыг хангасан гэж үзнэ.

 

2.4. Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн ажилтнуудын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаар хурлын тэмлэглэлд тусгаснаар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж, ажил тасалсан үндэслэлээр Т.Н 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б-21 дүгээр тушаалаар үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар танилцуулаад *******оос хамт олондоо хэлэх үг байгаа эсэхийг асуухад Т.Н би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, хуульч надад тэгэж зөвлөсөн гэж хариулсан байх ба тэрээр зөрчлийн талаар үгүйсгэсэн, зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар гаргаагүй байна.

 

2.5. Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн ажилтнуудын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмлэглэлд тусгаснаар хянан шалгагч Т.Н Голомт банкны Орхон зээлийн төв дээр иж бүрэн шалгалттай байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирж, үдээс хойш ажил тасалсан зөрчил гаргасан гэж арга хэмжээ авч байгаа талаар танилцуулсан байна. Энэхүү ажилтнуудын хуралдаанд Т.Н оролцосон байх ба түүний гаргасан зөрчил, авсан арга хэмжээг үгүйсгэж, зөвшөөрөхгүй гэх байдалгүй байна.

 

2.6. Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн ажилтнуудын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар хурлын тэмлэглэлд тусгаснаар хянан шалгагч Т.Н шалтгаангүйгээр ажил тасалсан асуудлыг хэлэлцэхэд Т.Н нь ... шөнө архи уугаад өглөө ажилдаа ирэхэд архи гараагүй байсан. Ажлын байран дээр үнэртүүлж орж болохгүй учраас гэртээ харьсан. ... Та архи уусан үедээ битгий ирж байгаарай гээд байдаг болохоор ирээгүй ... би ажлын цагаар уугаагүй. Монголбанкны хөдөлмөрийн дотоод журамд хүртэл байгаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилдаа ирж болохгүй гэж байгаа, ... би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх тайлбарыг гаргасан байна.

 

2.7. Т.Н гаргасан зөрчил нь Орхон аймаг дах Монголбанкны хэлтсийн ажилтнуудын 2022 оны 04 дүгээр улиралд ажилласан хугацааны цагийн бүртгэл болон 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн согтуурлын зэрэг шалгасан баримт буюу драйгерын хуудас, 2023 оны 01, 02 дугаар улиралд ажилласан хугацааны цагийн бүртгэлээр нотлогдоно гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх нотлох баримтгүй байна.

 

2.8. Дээрх баримтуудаас дүгнэхэд хариуцагч байгууллагын Т.Н нь Монгол банкны ажилтны баримтлах ёс зүйн зарчим, ёс зүйн хэмжээг зөрчиж ажлын байран дээр байх үедээ согтууруулах ундаа хэрэглэж ажил тасалсан тул Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б-21 дүгээр тушаалаар үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, ажлын цагаар шалтгаангүйгээр ажил тасалж Монголбанкны ажилтны баримтлах ёс зүйн зарчим, ёс зүйн хэм хэмжээ, Монголбанкны хөдөлмөрийн додоот журам зөрчсөн зөрчлийг давтан гаргасан тул Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б-05 дугаар тушаалаар нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн өглөө цагийн ирцээ уншуулж бүртгүүлээд буцаж гараад шалтгаангүйгээр бүтэн өдрийн ажил тасалсан зөрчил гаргасан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлаж байгаа үндэслэл бүхий байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан.

Нэхэмжлэгч Т.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус тус сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жил өнгөрөөгүй байхад буюу 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин зөрчил гаргасан нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан гэх нөхцлийг бүрдүүлж байна.

2.9. Нэхэмжлэгч Т.Н нь Монголбанкны хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилдаа ирж болохгүй гэж заасан, миний бие ажлын байран дээр архи уугаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй буюу дээрх ажилчдын хурлын тэмдэглэлээс дүгнэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг тодорхойлсон бөгөөд Т.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

2.10. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт буюу Монголбанкны ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-198 дугаар тушаалаар баталсан Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 11.6-д заасан Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэх, 11.6.5-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлана гэх, 12.3-д заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэх, 12.3.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан гэх, 12.4-т заасан Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд дараах зөрчлийг тооцоно гэх, 12.4.2-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан гэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэх заалтууд нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна.

 

Иймд нэхэмжлэгч Т.Н хариуцагч Монголбанкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хариуцагч Монголбанкинд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА