Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/434

 

 

 

 

 

 

  2025        12         18                                        2025/ШЦТ/434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, 

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч Г.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цын Нд холбогдох эрүүгийн 2538000000199 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Цын Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Н нь 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багийн *** дугаар байрны орцны гадна хохирогч Г.Бийн толгойн тус газарт гараараа цохих, газарт унасан хойно нь хөлөөрөө өшиглөх, дээрээс нь дэвсэх зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь тархины суурь хэсэгт цэгчилсэн цус хуралт, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун талын хоншоорын хөндийн цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багийн *** дугаар байрны орцны гадна хохирогч Г.Бийн толгойн тус газарт гараараа цохих, газарт унасан хойно нь хөлөөрөө өшиглөх, дээрээс нь дэвсэх зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь тархины суурь хэсэгт цэгчилсэн цус хуралт, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун талын хоншоорын хөндийн цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл (хх-ийн 20-р хуудас),

Шүүгдэгч Ц.Нн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Бид клубт бэлтгэлээ хийж дуусаад байж байтал багшийн түрийвч алга болсон байсан. Би бэлтгэлээсээ тараад найзтайгаа гараад явж байтал багш араас залгаж дуудсан. Хохирогчийг ирэхээс өмнө бид ирээд уулзаж багштай уулзаж байсан. Хохирогчийн дэвссэн гэж мэдүүлсэн байна. Би хохирогчийг дэвсээгүй, тийм үйлдэл гаргаагүй... Би учруулсан. Гэхдээ би хохирогчийг дэвсээгүй. Өшиглөж, цохисон...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Ц.Н гэх залууг огт танихгүй. Н.Б гэх багш миний хүү Б.Дыг дуудсан байсан. Тухайн үед би ажлаасаа ирсэн байсан юм. Хүүгээ ганцаараа явна гэхээр нь би хамт явъя гээд цуг очсон. Хүү бид хоёрыг очиход н.Б багш машин дотор сууж байсан. Багштай нь уулзахад түрийвч биш бичиг баримт нь алга болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би бичиг баримтаар хүүхэд яах юм бэ? гээд маргалдаж байтал Ц.Н гарч ирээд яагаад багштай маргаад байгаа юм бэ? гэхээр нь би чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Намайг цохиж унагасныг нь мэдэж байна. Би залуу хүний гарын аяыг даахгүй нь мэдээж шүү дээ. Намайг зодож цустай минь хутгасан байсан. Дээрээс дэвссэн талаар би мэдээгүй. Толгойндоо цус харвалттай, нүдний орчим ям цөмөрсөн байсан. Би тухайн үедээ сэхээнд байсан учир мэдээгүй. Эмнэлгээс гарахаас 4-5 хоногийн өмнө та хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Мөнгө өгсөн гэж худал хэлж байна. Надад мөнгө өгнө гэж яриагүй. Ахын дүү юу болж байна. Чи ганц удаа уучлаарай гээд хүрээд ирэхгүй дээ. Би чамайг уучлаарай гээд ирэх байх гэж харсан гэдгээ хэлсэн. Ц.Н над дээр огт ирээгүй. Цагдаа дээр очиход Ц.Н 2,000,000 төгрөг ярих нь ярьсан. Гэхдээ өгнө гэж хэлээгүй. Цагдаа нь хохирлыг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж хэлсэн. Тухайн үед миний бие муу байсан учраас өөр зүйл ярьж чадаагүй. Чи шүүгдэгч шиг хүүтэй учраас уучлаарай гээд ирсэн бол ойлгох байсан. 500,000 төгрөгийн тухайд н.Б багш над руу утсаар холбогдоод уучлаарай, өөртэй тань уулзаж чадахгүй байна. Таны данс руу би 500,000 төгрөг хийлээ шүү гэж хэлсэн. Ц.Н хийлээ шүү гэж хэлээгүй. Би Ц.Н шиг хүүтэй учир эр хүн алдаа биз гэж бодсон учир мууг нь үзэхийг хүсээгүй. Би залуу хүний гарын аяыг даахгүй, хэтрүүлэн зоддог нь Ц.Нн буруу байсан. Хохирлын тал дээр Ц.Н надад ямар ч хохирол төлж барагдуулаагүй...Би нийт 10 сая төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Югийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Бийн утас руу хүү Б.Да нь залгаад “ааваа таеквондогийн багшийн түрүүвч нь алга болчихлоо гээд намайг дуудаад байна. "Та хүргээд өгөөч” гэхээр нь би Г.Б бид хоёр Б.Дыг дагуулаад **** сумын *** дугаар багийн *** дугаар байрны орцны гадаа ирсэн. Бэлтгэл ордог заал нь цоожтой байсан. Тэгсэн чинь тэр багш нь машин дотроосоо дуудсан. Багш нь ярихдаа “сурагч нарыгаа нэг нэгээр нь дуудаад сууж байна, багшийнхаа түрүүвчийг үзсэн үү” гэж Б.Д-аас асуусан, хариуд нь үгүй ээ, үзээгүй гэж хэлж байсан. Тэр багш бас танихгүй 2 залууг дуудсан байсан. Г.Б “манай хүүхэд хулгай хийх хүүхэд биш, юу яриад байгаа юм” гээд чанга дуугартал багшийн хажууд байсан улаан өнгийн хувцастай залуу /нэрийг нь мэдэхгүй/ Г.Бийн баруун нүдний орчимд гараараа 1 удаа цохисон. Г.Б цохиулаад шууд газарт унасан. Тэр залуу дээрээс нь хөлөөрөө өшиглөж дэвсээд зодоод салахаа байсан. Хар өнгийн хувцастай залуу болон би хүүтэйгээ хамт салгах гээд хүчрэхгүй байсан. Арай хийж салгатал дахин гүйж ирээд тэр залуу “алаад хаячихъя, энэ муу миний багш руу дайрдаг хэн юм” гээд дахиж нүүр рүү нь цохисон, гараараа бол их зодсон. Би салгах гэж очихоор тэр улаан өнгийн хувцастай залуу намайг бас цохиод унагаасан. Тэр гурван хүн яваад өгсөн. Б хүлээн авах руу оронгуутаа ухаан алдчихсан. Одоо сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ухаан ороогүй хэвээрээ байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас),

Гэрч Ё.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Танай хүүхдийг хулгай хийсэн гэж хэлээгүй шүү, түрүүлж гараад явсан бүх хүүхдүүдээ дуудаж зүгээр уулзаж асууж байгаа юм аа” гэхэд аав нь гэх хүн согтуу над руу дайраад байсан. Би хариуд нь ингэж болохгүй ээ та нар гэж хэлээд машинаасаа бууж ирээд “хүүхдээс ганц хоёр юм асуучхаад боллоо” гэхэд тэр хоёр хүн хоёулаа над руу манай хүүхэд хулгай хийх хүн биш гээд уурлаж дайраад байсан. Тэгсэн чинь манай бэлтгэлд явдаг Н гэх шавь нэг найзтайгаа хамт машин дотор сууж байхдаа харсан юм шиг байгаа юм, бид нар руу хүрээд ирсэн. Н Дын аавд хандаж “чи манай багш руу яагаад дайраад байгаа юм, тайван байгаач, юм асуугаад явуулахын хооронд” гэж хэлтэл тэр согтуу хүн Нтэй маргалдаад эхэлсэн. Н рүү дайрах үед Н тэр хүнийг нүүр рүү өшиглөчихсөн юм. Би болиоч гэж хэлээд Нг холдуулж болиулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),

Гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н бид хоёр нэг нутгийн хүмүүс. Би *************** нэртэй төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Н нь манай байгууллагын идэвхтэй гишүүний нэг. 2022 оноос хойш манай байгууллагад элсэн орсон... Н нь хүнд тусархуу, мэргэжлийн ажилдаа ур чадвартай. Багаасаа бүтэн өнчин өссөн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Нийгмийн идэвх сайтай хүүхэд...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас),

Гэрч Л.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөгөө согтуу ах газраас чулуу авахаар нь би цохих гэж байна гэж бодоод тамхиа унтраах зуур нөгөө 2 барилцаад авсан байсан. Тэгээд би салгах гээд очих гэж байхад согтуу хүний эхнэр нь Н рүү утсаа шидээд эхнэр, нөхөр хоёулаа Нг бариад авсан...Тухайн үед би яг цохисон зүйл хараагүй. Зүгээр нөгөө согтуу ах өөрөө дайраад байхаар нь түлхэж л байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),

****************** үнэлгээний ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-925-912437 дугаартай: “Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр самсунг маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 260,000 төгрөгөөр тогтоов” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 39-34-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 30-

ны өдрийн 190 дугаартай:

1. Г.Бийн биед тархины суурь хэсэгт цэгчилсэн цус хуралт, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун талын хоншоорын хөндийн цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна.

4. Дээрх баруун шуунд учирсан зулгаралт, зүүн тохойд учирсан зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.

5. Тархины суурь хэсэгт учирсан цэгчилсэн цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

6. Баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун талын хоншоорын хөндийн цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 50-51-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538000000199 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Н нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 18 байрны гадна 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Г.Бийн толгойн тус газарт нь гараараа цохиж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүхийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр маргаангүй гэдгээ мэдүүлсэн. Гэм буруугийн тал дээр миний үйлчлүүлэгч маргахгүй байх тул өмгөөлөгчийн зүгээс мөн маргахгүй...” гэв.

Шүүгдэгч Ц.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрх зүйн дүгнэлт:

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Бийн биед учирсан гэмтэл нь “хүнд” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүнд гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.  

Тодруулбал шүүгдэгч Ц.Н нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Г.Бтай хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогчийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Г.Бийн биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ц.Нн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ц.Н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ц.Н нь хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

            Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардал 5 сая төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин буюу Хаан банкнаас авсан зээлийн эргэн төлөлт 5 сая төгрөг нийт 10 сая төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас үзвэл нийт 625,400 төгрөгийн хохирол нь нотлох баримтаар тогтоогдож байна.

        Хохирогч Г.Б нь *******ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа Хаан банкнаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр онлайнаар цалингийн зээл авсан бөгөөд сар бүр 543,100 төгрөгийн зээлийн эргэн төлөлт төлдөг болох нь зээлийн гэрээний хавсралт (хх-ийн 79-р хуудас)-аар тогтоогдож байна.

Хохирогч Г.Б нь гэмт хэрэг болсон өдрөөс хойш ажил хөдөлмөрөө эрхэлж цалин аваагүй байх тул 2025 оны 5-12 дугаар сар хүртэлх 8 сарын зээлийн эргэн төлөлтийг 543,100х8=4,344,800 төгрөгийг хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд эмчилгээний зардалд баримтаар тогтоогдсон 625,400 төгрөг, өвчтэй байх үеийн зээлийн эргэн төлөлт 4,344,800 төгрөг нийт 4,970,200 төгрөгийг шүүгдэгч Ц.Нгээс гаргуулж хохирогч Г.Бт олгох нь зүйтэй байна.

 ****** 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 40,000 төгрөгийн Е баримт, ********* 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 78,011 төгрөгийн Е баримт, ********-ийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 21,000 төгрөгийн Е баримт, ********-ийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21,000 төгрөгийн Е баримт, ********* 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 50,000 төгрөгийн Е баримт, ********-ийн 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21,000 төгрөгийн Е баримт,  ********-ийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 25,000 төгрөгийн Е баримт ********-ийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 20,000 төгрөгийн Е баримт, *************** 2025 оны 05 дугаар сарын 21,000 төгрөгийн Е баримт, *************** дэлгүүрийн Нийслэл lite гэх 11,500 төгрөгийн Е баримтууд хэрэгт авагдсан байх боловч зарим баримт нь хохиролд хамааралгүй, бензин шатахууны баримтууд байх боловч хохирогч нь хэний эзэмшлийн машинд ямар зориулалтаар шатахуун зарцуулсан нь тодорхойгүй, эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлж, тодорхой тооцоолол хийх боломжгүй байх тул замын зардлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.Б нь эмчилгээний болон замын зардал 5,029,800 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Нгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

   Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 1,974,604 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын санд учирсан уг хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлсөн болох нь Голомт банкны 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч нь шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Хохирол төлөх боломжоор хангаж хоригдохгүй гадуур байлгах боломжоор хангаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Шүүтбокс тулааны өргөмжлөл, гэрэл зургууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 61-68-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

  Шүүгдэгч Ц.Нг урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 64-68-р хуудас)-аар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг  харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан  1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах ялын саналыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлаж түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2538000000199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б нь эмчилгээний зардал болон бусад зардал 5,029,800 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Нгээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Цын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цын Нг 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т

зааснаар шүүгдэгч Ц.Нгээс 4,970,200 (дөрвөн сая есөн зуун далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бт олгосугай.

6. Эрүүгийн 2538000000199 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б нь эмчилгээний зардал болон бусад зардал 5,029,800 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Нгээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УУГАНБАЯР