| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/2256/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2848 |
| Огноо | 2025-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2848
2025 12 15 2025/ШЦТ/2848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Л.Наранхүү, шүүгдэгч М.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эд холбогдох эрүүгийн “2406091362671” дугаартай, 194/2025/2256/Э индекстэй хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй,
-урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 505 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх” зочид буудлын пабад хохирогч Х.Ттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа, нүүр хэсэгт цохиж, биед нь дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 1 дүгээр шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах,
-мөн хохирогч Т.Бийн нүүр хэсэгт цохиж биед нь дээд зүүн 1 дүгээр шүд, доод зүүн 1 дүгээр шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл. /хх-ийн 12 дугаар тал/,
2.2. БЗДЦХ-1 шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас. /хх-ийн 13 дугаар тал/,
2.3. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг, мөрдөгчийн тэмдэглэл. /хх-ийн 14 дүгээр тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Тийн:...2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би найз Бтэй 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ххх худалдааны төвийн урд талын бааранд 01:00-02:00 цагийн орчимд орсон. Би тэнд бүжиглэж байсан чинь танихгүй залуу ирээд намайг тохойгоороо цохиод хасаг чи яваарай гэсэн. Бат-Эрдэнэ тухайн үед ширээнд сууж байсан. Тэр залууг би Б рүү дагуулан очсон. Намайг ингээд байна гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу миний ам хэсэг рүү цохисон. Би ухаан алдсан. Жоохон байж байгаад босоод ирсэн чинь манай найз Б цагдаад дуудлага өгсөн байгаа, байж бай гэж хэлсэн. Тэгсэн намайг босож ирсэн байхад тухайн залуу манай найз Бийг дахин эрүү хэсэгт нь цохисон. Тэгээд цагдаа ирээд тэр залууг аваад явсан. Тэр залуу олуулаа явж байсан. Тэр залуу намайг цохисон, бусад нь цохиогүй. Тухайн залуу надаас бага зэрэг намхан, жоохон махлаг, цагаан өнгийн пудволк, саарал өмдтэй байсан байх. Би найзтайгаа ороод 2 лааз сэнгүр авсан. Өөр юм аваагүй. Би гадна талаараа богино савхи өмссөн, цэнхэр жинсэн өмд, ногоон цамцтай явж байсан. Миний дээд үүдэн 4 шүд хугарсан. Өөр юм байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өөр эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Бийн:...2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би найзын хамт ххх пабад 02:00 цаг өнгөрөөгөөд орсон. Нэг нэг пиво аваад сууж байсан чинь манай найз босоод бүжиглэж байгаад нэг залууг дагуулаад ирсэн. Би таньдаг хүн нь юм болов уу гэж бодоод гайхаад харж байсан чинь тухайн залуу манай найзыг шууд нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд би яаж байна гээд боссон чинь миний эрүү хэсэгт цохисон. Тэгээд би дахин цохих гээд байхаар нь цохиулахгүй гээд тэврээд авсан, тэвэрч аваад холдуулах гэтэл 3-4 залуу тойроод авсан. Тэнд байсан 3-4 залуугийн нэг залуу намайг дахин цохих гэсэн чинь хажууд нь байсан залуу болиулсан. Тэгээд би харсан чинь манай найзын уруулын зүүн доод талд язарсан байсан, нэлээд цус гарсан тул би цагдаад дуудлага өгсөн. Тухайн залуу цагаан өнгийн пудволк, жинсэн өмд өмссөн байсан. Ойролцоогоор 167 см, жижиг махлагдуу залуу байсан. Цагдаа нар авч явахад цэнхэр цамц өмссөн байсан. Цагдаа нар аваад гарахад хар, хөх куртик өмссөн. Миний доод хоёр шүд, дээд үүдэн нэг шүд хөдөлсөн. Өмнө нь хөдлөөгүй байсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дээд уруул урагдсан, гэмтэл согог судлалын төвд зураг авхуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,
2.6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаартай дүгнэлтэд:
1. X.Тийн биед дээд баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 42-43 дугаар тал/,
2.7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 358 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Бийн биед дээд зүүн 1-р шүд, доод зүүн 1-р шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 46-47 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2.Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх” зочид буудлын пабад хохирогч Х.Ттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа, нүүр хэсэгт цохиж, биед нь дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 1 дүгээр шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах,
-мөн хохирогч Т.Бийн нүүр хэсэгт цохиж биед нь дээд зүүн 1 дүгээр шүд, доод зүүн 1 дүгээр шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл. /хх-ийн 12 дугаар тал/,
- БЗДЦХ-1 шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас. /хх-ийн 13 дугаар тал/,
- Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг, мөрдөгчийн тэмдэглэл. /хх-ийн 14 дүгээр тал/,
- хохирогч Х.Тийн:...2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би найз Бтэй 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ххх худалдааны төвийн урд талын бааранд 01:00-02:00 цагийн орчимд орсон. Би тэнд бүжиглэж байсан чинь танихгүй залуу ирээд намайг тохойгоороо цохиод хасаг чи яваарай гэсэн. Б тухайн үед ширээнд сууж байсан. Тэр залууг би Б рүү дагуулан очсон. Намайг ингээд байна гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу миний ам хэсэг рүү цохисон. Би ухаан алдсан. Жоохон байж байгаад босоод ирсэн чинь манай найз Б цагдаад дуудлага өгсөн байгаа, байж бай гэж хэлсэн. Тэгсэн намайг босож ирсэн байхад тухайн залуу манай найз Бийг дахин эрүү хэсэгт нь цохисон. Тэгээд цагдаа ирээд тэр залууг аваад явсан. Тэр залуу олуулаа явж байсан. Тэр залуу намайг цохисон, бусад нь цохиогүй. Тухайн залуу надаас бага зэрэг намхан, жоохон махлаг, цагаан өнгийн пудволк, саарал өмдтэй байсан байх. Би найзтайгаа ороод 2 лааз сэнгүр авсан. Өөр юм аваагүй. Би гадна талаараа богино савхи өмссөн, цэнхэр жинсэн өмд, ногоон цамцтай явж байсан. Миний дээд үүдэн 4 шүд хугарсан. Өөр юм байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өөр эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр/,
- хохирогч Т.Бийн:...2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би найзын хамт ххх пабад 02:00 цаг өнгөрөөгөөд орсон. Нэг нэг пиво аваад сууж байсан чинь манай найз босоод бүжиглэж байгаад нэг залууг дагуулаад ирсэн. Би таньдаг хүн нь юм болов уу гэж бодоод гайхаад харж байсан чинь тухайн залуу манай найзыг шууд нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд би яаж байна гээд боссон чинь миний эрүү хэсэгт цохисон. Тэгээд би дахин цохих гээд байхаар нь цохиулахгүй гээд тэврээд авсан, тэвэрч аваад холдуулах гэтэл 3-4 залуу тойроод авсан. Тэнд байсан 3-4 залуугийн нэг залуу намайг дахин цохих гэсэн чинь хажууд нь байсан залуу болиулсан. Тэгээд би харсан чинь манай найзын уруулын зүүн доод талд язарсан байсан, нэлээд цус гарсан тул би цагдаад дуудлага өгсөн. Тухайн залуу цагаан өнгийн пудволк, жинсэн өмд өмссөн байсан. Ойролцоогоор 167 см, жижиг махлагдуу залуу байсан. Цагдаа нар авч явахад цэнхэр цамц өмссөн байсан. Цагдаа нар аваад гарахад хар, хөх куртик өмссөн. Миний доод хоёр шүд, дээд үүдэн нэг шүд хөдөлсөн. Өмнө нь хөдлөөгүй байсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дээд уруул урагдсан, гэмтэл согог судлалын төвд зураг авхуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаартай дүгнэлтэд:
1. X.Тийн биед дээд баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 42-43 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 358 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Бийн биед дээд зүүн 1-р шүд, доод зүүн 1-р шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 46-47 дугаар тал/, болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ хохирогч Х.Ттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа, нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 1 дүгээр шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах,
-мөн хохирогч Т.Бийн нүүр хэсэгт гараараа цохин зодож, эрүүл мэндэд дээд зүүн 1 дүгээр шүд, доод зүүн 1 дүгээр шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг хохирогч нарын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр түүнээс олон хүнийг зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг зодсон байхаас гадна, өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр түүнээс дээш олон хүнийг зодсон үйлдлийн аль алиныг хамааруулна ойлгон гэж Монгол улсын дээд шүүхээс тайлбарлажээ.
Шүүх танихгүй хоёр иргэнд нэг цаг хугацаа, орон зайд зодож хөнгөн хохирол учруулсныг аль алийг нь хүндрүүлэх шинжид тооцлоо.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогч Х.Т, Т.Б нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, хоёр түүнээс олон хүнийг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдлүүд байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч М.Эийн гэм буруугийн санаатай үйлдэл нь “хоёр түүнээс олон хүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, байх тул шүүгдэгч М.Эийг “хоёр, түүнээс олон хүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Т, Т.Б нар нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, хохирогч Х.Т, Т.Б нар нь шүүгдэгч М.Э нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй шүүх хуралд оролцохгүй гэсэн шүүхээс утасаар ярьсан тэмдэглэл байх тул шүүгдэгчийг бусдад учруусан гэм хорыг арилгасан байна.
Харин шүүгдэгч М.Э нь хохирогч Х.Т, Т.Б нарт 600.000 төгрөгний хохирол төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч М.Эийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Т, Т.Б нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эр нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тоооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Т, Т.Б нар нь шүүгдэгч М.Э нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ