Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/102

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Хохирогч В.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 2524001000098 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..........., Т овгийн Б Б, регистрийн дугаар ,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б нь хохирогч В.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

 Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Хасгайн даваа гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас В.Г биед халдаж эрүүл мэндэд нь баруун 8, 9-р, зүүн 5-р хавирга хугарал, хамар ясны хугарал, таславчиин мурийлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүднүүд булгарал, баруун доод 1-р шүд сулрал, дээд уруулын дотор хэсэгт шарх, хоёр нүдний эргэн тойрон цус хуралт, дух, шанаа, хацар, эрүү, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

-  Хохирогч В.Г “...Би 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Тосонцэнгэлээс Б болон түүний эхнэр А хоёртой Нөмрөг сум хадлан авах хүнтэй уулзахаар явж байгаад Тэлмэн сумын нутаг Дөрвөн замын тэнд явж байгаад Б бид хоёр 0,5 литр “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгээд Нөмрөг сумын Хасгайн даваа гэх газарт явж байсан чинь Б согтуурхаад намайг ална гээд агсраад байсан. Тэгээд хээр машин зогсоогоод буух гэтэл намайг нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр гадаа барьцалдаж аваад цээжээрх хувцсаа тайлсан. Тэгсэн Б намайг газар унагаад намайг боогоод байсан. Тэгээд доошоо хараад хэвтсэн чинь араас боогоод намайг өшиглөөд толгой дээрээс дэвсээд байсан. Тэгээд би ухаан алдаад ухаан орсон чинь хээр ганцаараа хэвтэж байсан. Тэгээд би зам дагаж алхаад Тэлмэн сумын Андууд гэх жуулчны бааз дээр ирсэн. Тэгээд тэндээсээ унаанд дайгдаад Тосонцэнгэл сум орж ирсэн. ...Тэнд би Б, А бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Тэр үед Б намайг эхлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Мөн хоолой боогоод газар унагаад хөлөөрөө толгой дээрээс дэвссэн. Мөн цээж болон хэвлий хэсэгт хэд хэдэн удаа өшиглөж цохисон. ...Тэр үед Б намайг зодсоноос болоод миний үүдэн дээд нэг шүд хугарч нэг шүд унаад нэг шүд суларсан. Мөн доод нэг шүд хөдөлсөн. Мөн миний хоёр хавирга хугарсан зэрэг гэмтэл авсан. Тэр үед Б бид хоёр архи уусан байсан. А архи уугаагүй машин бариад явж байсан. Би маргааш нь сумын эмнэлэгт үзүүлсэн. Мөн Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлж толгойны рентген зураг авхуулсан. Мөн “Урбан смайл” нэртэй шүдний эмнэлэгт үзүүлж хугарсан болон хөдөлсөн хоёр шүдээ авхуулаад унасан нэг шүд гээд гурван шүд хийлгэхээр имплант суулгасан. Одоо хавирга жоохон өвдөж байна. Өөр байгаа зүйл гайгүй байна. Гурван шүд байхгүй болохоор хоол унд идэхэд жоохон хүнд байна. Надад сэтгэл санаад учирсан хохирол гэх зүйл байхгүй. Энэ талаар ямар нэг шинжилгээ хийлгэмээргүй байна. Б надад шүд янзлуулах төлбөрт 3,500,000 төгрөг өгсөн. Үүний 1,500,000 эмнэлгийн дансанд үлдсэнийг нь миний данс руу шилжүүлсэн. ...Одоо 3 шүдний эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч С.Л “...Тухайн өдөр манай ажлын хамт олон Тэлмэн нуурын амралтад өдөр очсон байсан. Харин би оройхон 22 цаг өнгөрч байхад хойноос нь тухайн амралтын газар очсон. Тэгээд удаагүй байхад манай ажлын ах Г нь Тосонцэнгэл сум руу буцах ажилтай болоод намайг жолоо бариад хүргээд өгөөч ах нь жаахан уусан байгаа гэж хэлсэн. Тэгээд Г ахын машин руу явж байхад нэг хүн тааралдаад намайг таньж байна уу гэж хэлэхээр нь харсан чинь Тосонцэнгэл суманд зүс таних Г ах тааралдаад чи хаашаа явах юм намайг хүргээд өгөөч гэж хэлэхээр нь Г ах бид хоёр машинд суулгаад Тосонцэнгэл суманд хүргэж ирсэн. Тухайн үед амнаас нь цус гарсан нүүр болон хувцас нэлээн цус болсон байдалтай байсан. Намайг юу болсон талаар асуухад даваан дээр найзтайгаа зодолдоод намайг болиоч гэхэд болихгүй зодоод байсан гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг, юм уу цагдаа дээр очих уу гэж асуухад би гэртээ бууна чи эрт очиж амар гэж хэлсэн. ...Амнаас нь цус гарсан, нэг шүд хөдөлсөн, мөн хавирга цээж эвгүй байна гээд дараад яваад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

- Гэрч Ж.Д “...Би 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хөдөө байсан. Манай нөхөр Г маргааш хот явна гээд хөдөөнөөс 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр сумын төв рүү би жижиг машинаараа хүргэж өгсөн. Тэгээд маргааш нь Б гэх залуутай хөдөө явсан гэж байсан. Тэгээд 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Бтай хөдөө явж ирээд маргааш хот явахаас гэж утсаар ярьсан. Тэгсэн маргааш өглөө нь манай нөхөр над руу яриад би урд шөнө Бд зодуулсан гэж ярихаар нь би хөдөөнөөс сумын төвд ирсэн. Тэгсэн манай нөхрийн нүүр нүд нь хавдаад шүднүүд нь унасан байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд цагдаад хандсан. ...Тэр үед манай нөхөр зүгээр байсан. Харин Б гэх хүнтэй хөдөө яваад ирэхдээ зодуулсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ........ дугаартай “...В.Г биед гэмтэл учирсан байна

2. В.Г биед баруун 8, 9-р, зүүн 5-р хавирга хугарал, хамар ясны хугарал, таславчиин мурийлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүднүүд булгарал, баруун доод 1-р шүд сулрал, дээд уруулын дотор хэсэгт шарх, хоёр нүдний эргэн тойрон цус хуралт, дух, шанаа, хацар, эрүү, хүзүү, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. В.Г биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна

4 В.Г биед учирсан зүүн дээд 1-р шүдний бупгарал, зүүн дээд 2-р баруун дээд 1 гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги 5-10% алдагдуулна.

5. В.Г биед учирсан баруун 8, 9-р, зүүн 5-р хавирга хугарал хохирол нь дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1-р, зүүн дээд 1, 2-р шүднүүд булгарал, баруун доод 1-р шүд сулрал, дээд уруулын дотор хэсэг шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн, хоёр нүдний эргэн тойрон цус хуралт, дух, шанаа, хацар, эрүү, хүзүү, нуруунд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохүй. Уг хохирлууд нь нийлээд хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно..” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47-49-р хуудас/

- 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Хасгайн даваа гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас В.Г биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун 8, 9-р, зүүн 5-р хавирга хугарал, хамар ясны хугарал, таславчиин мурийлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүднүүд булгарал, баруун доод 1-р шүд сулрал, дээд уруулын дотор хэсэгт шарх, хоёр нүдний эргэн тойрон цус хуралт, дух, шанаа, хацар, эрүү, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд болсон хэргийн үйл баримт нь хохирогч В.Г эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоотой, шууд санаатай үйлдлийн улмаас бий болсон гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

  • Хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч В.Г эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 4,909,360 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /депозит дансны дэлгэрэнгүй хуудас/ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 95-96, 104-р хуудас/

Мөн хохирогч В.Г эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 218,990 төгрөгийн зардал гарсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б дээрх зардлыг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч В.Г нь “...одоо 3 шүдээ суулгуулах зардлаа нэхэмжилж байна” гэх бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Бас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

            Шүүх шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн бөгөөд өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

              Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.  

              Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

            түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч В.Г гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Бас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ