| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0409/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/435 |
| Огноо | 2025-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Бод холбогдох эрүүгийн 2538004550516 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т овогт Бийн Б,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Б нь 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Дтай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний толгой руу цохиж, үснээс нь зулгааж, баруун хөлний шагай хэсгийг мушгиж эрүүл мэндэд нь баруун хөлийн шагайнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: хохирогч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машины хормой чулуу мөргөж гэмтээсэн байна гээд маргаан хийж эхэлсэн...ингэж байхдаа миний толгой руу 2 удаа гараараа цохиж, үснээс зулгаасан...Миний хөлийг шагай хэсгээр мушгиад машинд хийх үед гэрээс Д эхнэртэйгээ бас Г эгч хамт гарч ирсэн...Миний баруун хөлний шагай хэсэгт урагшаа болон босоо холбоос эд урагдаж үрэвсэн зөөлөн гэмтэл тогтоогдож эмчлүүлж байгаа боловч одоо удаан алхаж, зогсох үед хавдаж өвчин ороод байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан: “...Т.Д 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш нийт 35142 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тус тус авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл (хх-ийн 68-р хуудас),
Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...08 дугаар сарын 17-ны өдөр манай найзын төрсөн өдөр болоод ***** суманд очсон. Эрхэл нуурын тэндээс буцна гэж ярьсан боловч тэнд сууж пиво ууцгаасан. Би ажил руугаа явна гэж байсан болохоор уугаагүй юм. Шууд буцъя гэтэл сум орчхоод буцъя гэж ярилцаад би хамт явж байсан хүний машиныг жолоодож, эхнэр маань өөрийн машинаа жолоодож ***** суманд Д-ынд очсон. Оччихоод одоо буцацгаая гэтэл явахгүй хононо гэснээс болж хэрүүл, маргаан болсон. Эхнэр машинд 2 хөлөө унжуулаад суучихсан байхад нь явъя гээд 2 хөлийг нь өргөөд машин руу оруулчихсан чинь эхнэрийн хөлд гэмтэл учирчихсан байсан. Эхнэр тэр дороо ах, эгч хоёрыгоо дуудаж яваад би ***** суманд үлдсэн. Маргааш нь би ардаас нь явсан..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 398 дугаартай:
1. Т.Дгийн биед баруун хөлийн шагайнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 15-16-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538004550516 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 398 дугаартай дүгнэлтээр хохирогч Т.Дгийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.
Тодруулбал шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Т.Дтай хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хохирогчийн гэдэс, хөл, нүд рүү цохиж зодон, түүний түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 398 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Т.Долгомаагийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Т.Д нь шүүгдэгч Б.Бтой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч Т.Д нь шүүхэд Б.Бод гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлтийг ирүүлсэн, шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд 35,142 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б тайлбартаа: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, он, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 42, 44-52, 54-58-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Б нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жил 2 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 42, 44-52-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2538004550516 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2538004550516 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР