Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2023/03210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө ХХК /РД:5730775/

 

Ажилласан хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажлаас халагдсаны тэтгэмж 4,972,611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.О миний бие нь Ө ХХК-д 2020 оны 08 сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Би 2022 оны 11 сарын 01-ний өдөр тус компаниас өөрийн хүсэлтээр ажлаас халагдах болсон бөгөөд ажлаас халагдах тушаалаа авч, харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандахад танай компани нийгмийн даатгалаа 2020 оны 10 дугаар сараас төлөөгүй байна. Тийм учраас ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэх тайлбар өгсөн. Ө ХХК-ийн нийгмийн даатгалаа төлөөгүй, нийгмийн даатгалын байгууллагад өр төлбөртэй байгаагаас болж, Х.О миний бие нь нийгмийн даатгалын сангаас авах боломжтой ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадахгүй хохироод байна. Хэрвээ нийгмийн даатгалын сангаас би ажилгүйдлийн тэтгэмжийг авсан бол 4,972,611 төгрөг авах байсан. Мөн Ө ХХК нь миний ажилласан хугацааны 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалыг төлөөгүй байна. Тиймээс Ө ХХК-д миний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр даалгаж, тус компанийн буруутай үйлдлээс болж авч чадаагүй нийгмийн даатгалын тэтгэмж болох 4,972,611 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ө ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ө ХХК-д Хэмжилтийн техникчээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан ба өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч нь компанийн буруугаас болж ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй эсэх нь тодорхойгүй байгаа ба нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дээр очин, ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандахад танай компани нийгмийн даатгалаа 2020 оны 10 дугаар сараас төлөөгүй байна. Тийм учраас ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэх тайлбар өгсөн гэх боловч тус хүсэлтээ хаана, хэнд гаргасан, ямар ажилтан тус хүсэлтийг хүлээн авч хариу өгсөн тухай алга байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд тодорхой шаардлагуудыг хангасан байхыг шаардсан байдаг ба нэхэмжлэгч нь тэдгээр шаардлагыг хангасан эсэх нь мөн тодорхойгүй. Нэхэмжлэгчийг ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байсан гэж үзсэн ч дээр дурдсан хуулийн 3.1-т Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ...олгоно гэж заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг бодож үзэхэд: (420,000₮+1,818,273₮+3,000,000₮)/3сар/21.2ажлын өдөр*76 хоног*50 хувь= 3,129,785.7 төгрөг болохоор байна. Хэргийн материалд авагдсан нийгмийн даатгалын тодорхойлолтоос харахад Ө ХХК-иас гадна нэхэмжлэгчийн давхар хөдөлмөр эрхэлж байсан Мянган тэмүүлэл ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг мөн төлөөгүй байна. Тус 2 компани аль аль нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байхад дан ганц Ө ХХК-иас ажилгүйдлийн тэтгэмжийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-29/

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байгаа гэжээ

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс:

-       Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-       Иргэний үнэмлэхийн хуулбар,

-       Оршин суугаа хаягийн лавлагаа,

-       Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал,

-       Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт,

-       №245 дугаар хөдөлмөрийн гэрээ,

-       Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ,

-       Ажлын байрны тодорхойлолт,

-       Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-       Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2023/04612 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

-       Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2023/05943 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

 

Хариуцагчаас:

-       Ө ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-       Итгэмжлэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг бүхэлд нь хангаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, авах ёстой байсан ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас авч чадаагүй нь ажил олгогчийн буруугаас шалтгаалсан тул уг тэтгэмжид тооцогдох ёстой 4,972,611 төгрөгийг хариуцагчаас гаргуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

3. Хариуцагч Ө ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас Х.Оийн ажилласан хугацааны төлөгдөөгүй байсан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй тул хүлээн зөвшөөрнө, харин ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан 4,972,611 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

I.         Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн

төлүүлэх шаардлагын тухайд

 

4.  Нэхэмжлэгч Х.О нь Ө ХХК-д 2020 оны 8 дугаар сараас хойш тасралтгүй ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-81/22 дугаартай Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар тухайн өдрөөр тасалбар болгон Хэмжилтийн техникч-ийн үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. /хх-5, 7-15/

 

4.1. Нэхэмжлэгч Х.О нь Ө ХХК-д ажилласан хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сард хөдөлмөрийн цалин хөлсөнд ногдох хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос холбогдох байгууллагад бичилт хийлгэж мэдүүлж байсан боловч шимтгэлийг төлөөгүй болох нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч Х.Оийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт лавлагаагаар тогтоогджээ.

 

4.2. Иймд ажил олгогч хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд шимтгэл төлөх Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 17.1.1-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

5.  Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Төгөлдөр нь нэхэмжлэгч Х.Оийн 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл Ө ХХК-д ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар маргаангүй тул нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан тул энэ шаардлагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах нь хуульд нийцнэ.

 

II.         Ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой

4,972,611 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд.

 

6.  Хариуцагчийн зүгээс Х.О нь компанийн буруугаас шалтгаалан ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй болох нь тодорхойгүй, учир нь ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан эсэх баримтыг шүүхэд гаргаагүй, нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмж аваагүй болохыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, тэтгэмж авахад тодорхой шаардлага хангасан байхыг шаарддаг байхад энэ талаар нотлох баримтгүй тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж маргаж байгаа боловч энэ татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

 

7.   Учир нь нэхэмжлэгч Х.О нь Ө ХХК-иас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө Эрдэнэ суварга кампани, Тэгш плант ХХК, Ө ХХК зэрэг байгууллагын нэрээр 2019 оны 4 дүгээр сараас хойш 2022 оны 11 дүгээр сарыг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, нийт тасралтгүй төлсөн хугацааг тооцвол 24 сараас илүү хугацаагаар төлж байжээ.

 

8.            Харин Х.О нь үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сар хүртэл ажилгүй байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасныг хариуцагч тал баримтаар няцаагаагүй, мөн нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авсан эсэх нь тодорхой бус гэдэг тайлбар гаргаж байгаа боловч түүнийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

9. Иймд Х.О нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөсөө хойш 5 сар гаруйн хугацаа буюу ажилгүйдлийн тэтгэмж тооцогдох 76 ажлын хоногоос дээш хугацаанд ажилгүй байсан гэж үзнэ.

10. Нөгөө талаас, нэхэмжлэгч Х.О нь Ө ХХК-д 2020 оны 8 дугаар сараас 2022 оны 11 сар хүртэл ажилласан боловч ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 10 дугаар сараас төлөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар тогтоогдсон, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй болох шалтгаант байдал нь ажил олгогчийн буруугаас болсон байх тул нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг хуульд зааснаар авах боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй юм.

11. Нэхэмжлэгч Х.О нь ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй юм.

12. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж, мөн хуулийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж тус тус хуульчилжээ.

13. Хариуцагч Ө ХХК нь нэхэмжлэгч Х.Оийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлснөөс суутгасан боловч хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

14. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №09 тогтоолоор баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгож журам-ын 4 дүгээр зүйлд заасан аргачлалаар:

 

Нэхэмжлэгч Х.Оийн сүүлийн бүтэн ажилласан 3 сарын буюу 2022 оны 8 дугаар сарын цалин 3,000,000 төгрөг, 9 дүгээр сарын цалин 2,322,581 төгрөг, 10 дугаар сарын цалин 3,000,000 төгрөг байх ба Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан хувь хэмжээгээр тооцоход ажилгүйдлийн тэтгэмж нь 4,972,611 төгрөг болохоор байна.

 

/3,000,000+2,322,581+3,000,000=8,322,581 төгрөг, 8,322,581:3= 2,774,193 төгрөг, 2,774,193х50%=1,387,097төгрөг, 1,387,097:21,2=65,429 төгрөг, 65,429х76=4,972,611 төгрөг/

 

15. Хариуцагч Ө ХХК нь ажилгүйдлийн тэтгэмжийг Х.Оийн сүүлийн 3 сарын хугацаанд авсан цалин хөлснөөс тооцоход 3,129,785 төгрөг болно гэж маргасан боловч нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн болох нь Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №Б-81/22 тушаалаар тогтоогдсон тул түүнээс өмнөх бүтэн ажилласан 3 сарын хугацааны цалин хөлснөөс холбогдох журамд нийцүүлэн тооцох үндэслэлтэй юм.

16. Иймд нэхэмжлэгч Х.Оийн 4,972,611 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Иргэний хуулийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч Ө ХХК-иас 4,972,611 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.О-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Х.Оийн 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх ажилласан хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-иас 94,512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.От олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРМЭНД