Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/506

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Ж.Ц нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Бадралын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Б.Б, Ж.Ц нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн Бы Б, 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д гагнуурчин ажил эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

2. Шын овгийн Жийн Ц, 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд  боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “...” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ...6 тоотод оршин суух бүртгэлтэй,  ял шийтгэлгүй, /РД:УШ99120772/;

Ж.Ц, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хашаанаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цэвэр жин 172 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хашааны гадна ... улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б, Ж.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бүлэглэн түүж бэлтгэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Ц нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 7.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 174.3 грамм жинтэй ногоон өнгийн ургамлыг зохих журмын дагуу устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Бадрал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд, шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Ц, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх гэм буруутай хүнд хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, бодитой үнэлж, дүгнэх учиртай. Ж.Ц, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн талаар бодитой үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...-ий гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасан байна. Дээрх төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай байхад, нийтлэг хор аюулыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар шүүх шийтгэх тогтоолд хууль зүйн дүгнэлт огт хийгээгүйг шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлдээ оногдуулсан эрүүгийн хариуцлага тодорхойгүй, гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар тодорхойгүй гэж тайлбарласан байна. Анхан шатны шүүхээс Б.Б, Ж.Ц нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасан шийтгэх тогтоолын бүтэц, агуулгад заасан хянавал зохих асуудлыг хянаж шийдвэрлэсэн. Б.Б, Ж.Ц нарын хувьд мансууруулах төрлийн бодисыг бэлтгэх явцдаа баригдсан гэж шүүх дүгнэсэн. Анхнаасаа хэргийн нөхцөл байдал болоод үйлдэлдээ маргадаггүй, үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг тал бүрээс нь үзэж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзсан. Шүүгдэгч Ж.Цын хувьд өвчтэй, хэвтэрт байгаа эцгээ асардаг, эмчилгээний зардлын мөнгийг төлдөг, “Оюутолгой” ХХК-д ажилладаг. Б.Бн хувьд харуул хамгаалалтын байгууллагад ажилладаг. Нэгээс нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын зүйл илэрсэн бол нөгөөгөөс нь огт илрээгүй. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг тогтоосон. Хэргийн үйлдэлдээ хандаж байгаа шүүгдэгч нарын байдлыг бусад холбогдох баримтуудыг үндэслэж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс хорих ял оногдуулж шийдвэрлэх ёстой байхад шүүх тэнссэн нь хуульд нийцээгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн асуудлыг тогтоосон, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Мөн Б.Б, Ж.Ц нарт хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн байхад прокурор эсэргүүцэл бичсэн нь миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглож, оршин суух газраа өөрчлөхдөө урьдчилан мэдэгдэх, эдгээр заалтуудыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хүчингүй болгож, авах арга хэмжээний талаар бүрэн тодорхой зааж өгсөн. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийн 7.500.000 төгрөгийг хувь тэнцүүлж улсын орлогод төлөхийг мөн тусгасан. Иймд анхан шатны шүүх хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ж.Ц, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хашаанаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цэвэр жин 172 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Сэргэлэнбаатарын “...Машины жолооч талын суудал дээр сууж байсан бөгөөд бид хоёрыг очиход машинаа асаагаад зугтаах гэхэд бид хоёр машины өмнө нь ороод зогсоосон. Машиныг зогсоолгосны дараа жолоочийн бичиг баримтыг шалгасан. Мөн уг “...” компанийн хашаа руу харахад хар малгайтай цамцтай, 20 орчим насны нэг залуу сууж байсан. Уг залууг би гараад ир гэж хэлсэн. Уг залууг гарч ирэхэд бичиг баримтыг нь шалгаад, үргэлжлүүлэн Приус-20 загварын тээврийн хэрэгслийн багаж болон бусад хэсгийг шалгахад жолоочийн эсрэг талын суудлын доод талд цэнхэр гялгар уутанд хийсэн юм байхаар нь онгойлгож үзтэл ногоон өнгөтэй хурц үнэртэй ургамал байсан. Тэгээд би Дуулгат 10-д болсон зүйлийн талаар мэдэгдэхэд “хэлтэс дээр авч ир” гэж хэлсний дагуу уг хоёр иргэнийг машиных нь хамт хэлтэс дээр авч ирж Дуулгат 10-д хүлээлгэж өгсөн. ...” /хх 48/,

шүүгдэгч Б.Бн яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр найз Ц руу залгаад “Ар гүнт рүү очоод ирье, машинтайгаа яваад өгөөч, бензинийг нь хийгээд өгье” гэж гуйсан. Тэгээд би Цыг асуугаагүй болохоор нь ямар зорилгоор тийшээ явж байгаагаа хэлээгүй. Тухайн газрыг би бас сайн мэдэхгүй бөгөөд Ар гүнтэд байрлах тэр хашааг интернэтээс харж байгаад олж очсон. Ц бид хоёр нэлээн хайж байгаад тэр хашааг нь олсон. Том банзан хашаа байсан. Тэр хашааны гадна очоод Ц утсаа оролдоод машин дотор үлдсэн. Харин би ганцаараа хашааг даваад 10 орчим минут өвс гэх зүйлийг хайж байгаад тэр ургамлыг аваад амталж, үнэрлэж үзээд цэнхэр өнгийн гялгар уутанд түүсэн. Тэгээд би тэр ургамлаа Цын машины жолоочийн суудал дотор хийгээд юмыг яаж мэдэх вэ гээд буцаад тэр хашаа руу даваад хашааны булан руу алхаж байтал цаанаас цагдаа ороод ирсэн. Ц “юу юм” гэж асуухаар нь би тодорхой юм хэлээгүй. ...” /хх 74-75/,

шүүгдэгч Ж.Цын яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн орчим манай найз Б над руу утсаар залгаад “хүрээд ирээч, юманд яваад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хархорин захын хойно байдаг Бн гэрт нь очоод автал “Ар гүнт рүү явна” гэж хэлэхээр нь би ... улсын дугаартай Тоёота Приус-20 загварын саарал өнгийн машинтайгаа явж өгөхөөр болсон. Б надад бензинийг нь хийж өгнө гэхээр нь явсан. Ар гүнт даваад тэр газарт нь очоод дотроо нурсан барилгатай нэлээн том банзан хашаа байсан. Тэр хашааны гадна 17-18 цагийн орчим Б бид хоёр очиж зогсоод Б хашаа даваад дотогш орсон. Би Бг хүлээгээд машиндаа утсаа оролдоод сууж байсан. Тэгээд 20-30 минутын дараа Б цэнхэр өнгийн ууттай юм бариад гарч ирсэн. Юу гэдгийг нь би анзаараагүй. Тэгээд удалгүй машиндаа байж байсан чинь цагдаа нар ирсэн. ...” /хх 79-80/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн объект нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “СХДүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр дээр өвс түүж бэлтгэсэн” гэж хаягласан цэнхэр гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 172 гр байсан ба шинжилгээнд 0.1 гр-г зарцуулав. ...” гэх 5186 дугаартай /хх 53-54/,

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “...1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Б ...” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. “Ц УШ99120772” гэж хаягласан шээсний дээжээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. ...” гэх 5185 дугаартай /хх 57-58/ шинжээчийн дүгнэлтүүд,

“Кости Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20/98 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 63-65/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны иргэний мэдээллийг хүлээн авсан хуудас /хх 5/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Жаргалант дахь цагдаагийн тасгийн эргүүлийн цагдаа Б.Сэргэлэнбаатарын илтгэх хуудас /хх 6/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 125-127/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн хэдий ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжээс гадна өөр шинж зааж, гэм буруутайд тооцсон нь буруу байх тул найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй ба анхан шатны шүүх тэднийг дээрх бодисыг “хадгалсан” гэж үзээгүй нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд тухайн зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэм буруугийн хэр хэмжээ, тэдний хувийн байдалд тохирсон байна.

Гэмт хэргийг шуурхай илрүүлсэн нь гэмт хэргийн улмаас нийгэмд аюул, хохирол, хор уршиг учраагүй байна.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул прокурор Э.Бадралын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай “...гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн талаар бодитой, үнэлж, дүгнээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд прокурор Э.Бадралын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бүлэглэн түүж бэлтгэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Э.Бадралын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ