Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,

Шүүгдэгч Ж.Нямдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шавь овогт Жалбуугийн Нямдаваад холбогдох эрүүгийн 17100002800016 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, слесрь мэргэжилтэй, Хөдөө аж ахуй их сургуульд слесрь ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, АШ-н 84-32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  / РД:ЧВ70090215 /, Шавь овогт Жалбуугийн Нямдаваа нь:

- 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн хашаан дотор хувийн таарамжгүй харьцааны  улмаас маргалдаж Ц.Баярсайханыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Баярсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 07-р сарын 03-ны өдрийн 08.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхантай хөшөөний зүүн талын хашаан дотор байрлах гүний худаг орж машинаа угаах зорилгооор очсон. Намайг очиход урд өдөр нь ажилтай хоносон Баяраа байсан. Ингээд надтай хамт машин угааж байтал тэр өдөр гараатай Сүмбээ ирээд надаас “ахад нь 3500 төгрөг байна. Чамд нэмэрлэх юм байна уу” гэхээр нь би 5000 төгрөг, Баяраа ах 3000 төгрөг нэмээд Баяраа бид хоёр 0,75 граммын Хараа архи аваад буцаж худаг дээр ирсэн. Баяраа, Сүмбээ, Бор ах, Мөөгий бид нар архиа задлаад уух гэтэл Баяраа “би машин барина” гээд уугаагүй. Бид нар архиа уугаад дуусаж байтал Сүмбээ “алив явъя Хөдөө аж ахуйн сургуулийн баруун талын сургууль ороод ганц шил архи зээлээд аваад өгье” гэхээр нь би  “хэрэггүй, хэрэггүй цалингаас цалингийн хооронд байдаг байж та зээл л тавьж өгнө биз дээ хэрэггүй” гэхэд Сүмбээ гарчихаад буцаж орж ирээд үгийн зөрүүгүй намайг боогоод ухаан алдуулсан юм шиг байгаа юм. Би юу ч мэдээгүй нүүр цус болсон байсан. Би фудволкоо тайлаад нүүрээ угаачихаад гэртээ харьсан. Гэрээсээ гэмтэл орсон. Миний хамар хугарсан, хоёр нүдний дунд оёо тавиулсан. Амны дотор талын жавьж хэсэг сэтэрсэн дотор талдаа оёо тавиулсан. Биеийн зарим хэсэгт хөхөрсөн байсан. Эмчилгээний зардалд 340.000 төгрөг нэхэмжилж байна гэв. / хх 5-6, 7-9 /,

Гэрч М.Баяраа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... 2017 оны 07-р сарын 03-ны өглөө 09.00 цагийн орчим манай гүний худаг дээр далдага Баяраа ирээд ус авсан.Тэгээд машинаа угааж байгаад бид нарыг хараад “ ах нар нэг юм байна ” гээд нэг шил архи авч ирсэн. Тухайн өдөр Мөнхбаяр, Нямдаваа, Борхүү бид нар байсан. Тэгээд бид нар нэг шил архиа уугаад байж байтал далдага Баяраа Сүмбээг “ Ах яагаад дуугарахгүй, харьцахгүй байгаа юм” гээд байсан. Тэгсэн Сүмбээ “ чи ер нь яах гээд байна” гээд босч ирээд заамдалцаад эхэлсэн. Тэр үед нээх их зодолдоогүй. Хоёр биенийхээ хамраас цус гаргаад фудболкоо уралцсан байсан. Тэгээд бид нар “ та хоёр боль, гарч  зодолд” гээд гаргасан. Тэгээд тэр 2 гадаа хэсэг зодолдсон...” гэжээ. / хх 11 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8647 тоот дүгнэлтэд:

1. Ц.Баярсайханы биед баруун жавьж, хамрын шарх, хүзүүний зулгаралт, үүдэн доод өмнөд 4-н шүдний сулрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  нэг бус  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 15 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Нямдаваа мэдүүлэхдээ: Би тухайн өдөр ажил дээр маргалдсан. Манай ажлынхан гарч учраа ол гээд гадаа хохирогч Ц.Баярсайхантай зодолдсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа, хууль зүйн үр дагаварыг ойлгосон. Торгуулийн ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү гэв.    

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, ял шалгах хуудас /хх-30/, хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-38 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Нямдаваа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн хашаан дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Ц.Баярсайханыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн № 8647 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Нямдаваа нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Ж.Нямдаваад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуун / нэгж буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нямдаваад оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Нямдаваад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ж.Нямдаваа нь хохирогч Ц.Баярсайханд 250.000 / хоёр зуун тавин мянган/ төгрөг төлснийг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шавь овогт Жалбуугийн Нямдавааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нямдавааг 500 / таван зуун / нэгж буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Нямдаваад оногдуулсан 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Нямдаваа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Нямдаваад оногдуулсан 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Нямдаваад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД