Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2023/02816

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                    2023       10        05

                182/ШШ2023/02816

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Ц.С

 

Хариуцагч: “КТ” ХХК

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: А.П

 

гэрээний үүргийг хангуулж, орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, 2021 оны 06 сарын 22-ны өдрийн №SC0103 тоот орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ц.Стэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.Пд шилжүүлэхийг Ц.С, “КТ” ХХК нарт даалгах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө, Б.Г

Хариуцагчийн төлөөлөгч Г.А,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.С,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.М, Ж.Г

Гэрч: Д.У, Н.Н, А.М, Ц.Ц, Ж.Ж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.С нь иргэн А.Птэй ажлын шугамаар уулзахад “ШХ” дээр өөрийн бригадтайгаа туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа чи бригадтайгаа хамтраад орчих гэсний дагуу Хан-Уул дүүрэгт байрлах “ШХ” үйлчилгээний орон сууцны Е, Е1 блокын барилгын ажил дээр туслан гүйцэтгэгчээр барилга угсралт, мужааны ажлыг өөрийн 6-12 хүнтэй бригад, А.Пгийн 10 гаруй хүнтэй бригадтай хамтран хийж гүйцэтгэсэн. Тухайн үед тохиролцсоноор ажилчдынхаа цалинг ажилласан өдрөөр нь тооцон А.Пгээс гаргуулж өгсөн, харин надад бартераар 2 өрөө байр өгнө гэсэн. Үүний дагуу А.Птэй тохирч захиалагч компани болох “КТ” ХХК-тай 2021 оны 06 сарын 22-ны өдөр №SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон 32/1 тоотод байрлах “Сүлд хотхон” үйлчилгээний орон сууцны С блок, 1-р давхар, С загварын 47,34 м.кв 2 өрөө орон сууцыг авахаар болсон. Гэтэл байр ашиглалтад орсон байтал байрны нэр шилжүүлж өгөхгүй байна. Иймд хариуцагч “КТ” ХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах 2021 оны 06 сарын 22-ны өдрийн №SC0103 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч талд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “ШХ” орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд иргэн А.Птэй 2021 оны 02 дугаар сарын эхээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Ажлын хөлсийг бэлэн болон бэлэн бусаар өгөхөөр тохиолцож бэлэн бус буюу бартерт орон сууц, автомашин өгөхөөр болсон. Бид 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлж, тооцоогоо шахаад дахин шинээр гэрээ байгуулсан. 2021 оны 06 сарын 22-ны өдөр А.П нь Ц.Стэй хамт манай ажил дээр “Бартерт авах энэ байрыг Ц.С-ийннэр дээр гэрчилгээг нь гаргах юм тэгэхээр яах билээ?” гэж ирсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ц.С-ийннэр дээр гаргуулна гэвэл Ц.С манайхтай Захиалгын гэрээ байгуулах хэрэгтэй гээд тус Орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

2023 оны 01 сарын 05-ний өдөр Ц.С манай компани дээр ирээд “Миний танайхтай байгуулсан гэрээг А.П зээл авахад хэрэг болоод гэж хэлээд аваад явсан, дараа нь тэр байрыг чиний нэр дээр гаргуулахгүй, би өрөнд орсон өөрөө авна гээд байна. Яахуу? Гэрээний нэг хувийг өгөөч” гэж ирсэн. Бид “Манай компани А.Птэй хамтран ажиллаж байсан, одоо ч ажилладаг. Тиймээс та 2 хоорондоо учраа сайн олоорой. Хэрэв үндсэн /“Ажил гүйцэтгэх гэрээ”/-ний нөгөө тал бидэнд хандаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаж болохгүй гэсэн албан бичиг ирвэл бид таны нэр дээр гаргаж өгч чадахгүй болно. Тиймээс А.Птэй учраа олоорой” гэж хэлээд, гэрээг хуулбарлаж өгөөд явуулсан. Бид А.Птэй гэрээ байгуулсан тэр ажлаа хийж бид түүнд төлбөр мөнгөө төлсөн. Тиймээс А.П энэ хүний нэр дээр гэрчилгээ гаргах хэрэгтэй гэхээр нь захиалгын гэрээг байгуулсан.

Харин манай компани Ц.Сэс нэг ч төгрөг аваагүй, энэ хүнтэй ажил гүйцэтгэх болон бусад төлбөр мөнгөтэй холбоотой ямар ч гэрээ хийгээгүй. Тиймээс нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй, огт таньж мэдэхгүй хүний нэр дээр мөнгийг нь төлсөн буюу үндсэн гэрээний нөгөө талын зөвшөөрөлгүй шууд дур мэдэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөх боломжгүй. Үүнийгээ ч бид Ц.Сд хэлсэн. Тиймээс энэ хэргийн үндсэн хариуцагч нь А.П. Учир нь тэд хоорондоо тохиролцон энэ ажлыг хийсэн бөгөөд ажилчдын цалинг А.П гаргадаг байсан, харин өөрт нь Бартераар 2 өрөө байр өгөхөөр тохиролцсон тухай ч мөн бичсэн байна. Үүнээс харахад тус ажлыг ахалж, гол мөнгийг гаргасан хүн нь яах аргагүй А.П бөгөөд ажлын хөлсөө олгох дээр асуудал үүссэн бололтой.

Ц.С нь А.Птэй учраа олж чадахгүй болохоор манай компанийг энэ маргаандаа татан оруулсан байна. Тэдний хооронд ямар маргаан байгааг бид мэдэхгүй. Тэд учраа олоод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг яг энэ хүний нэр дээр гаргаж болно гээд хоёулаа гарын үсгээ зураад өгвөл бид хэний ч нэр дээр гаргаад өгч болно. Харин ийм маргаантай байхад нэг ч төгрөг манай компанид төлөөгүй хүний нэр дээр Үндсэн гэрээний нөгөө талын зөвшөөрөлгүйгээр шууд гэрчилгээг гаргуулах боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч “Сүлд хотхон” орон сууцны барилгыг ашиглалтад орсон байтал байрны нэр шилжүүлж өгөхгүй байна гэж худал бичсэн байна. Тус хотхоны барилга баригдаж дуусаагүй байгаа бөгөөд бид энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Орон сууцыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаг. Тэр хүртэлх хугацаанд А.П, Ц.С нар учраа олоод яг хэний нэр дээр гэрчилгээ гаргахаа тохиролцох байх. Хэрэв тохиолцохгүй бол шүүхийн шийдвэр хэний нэр дээр гарга гэж гарна түүний дагуу бид хэний ч нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгөхөд бэлэн байна. Ер нь бол ажилтныг тогтвортой ажиллуулах үүднээс орон сууц өгч урамшуулах явдар байдаг, манайх ч тийм аргыг хэрэглэдэг, харин 5 жил ажиллах ч гэдэг юм уу хугацаа заадаг. А.П, Ц.С нар ирж манайхтай гэрээ хийхэд, төлбөр мөнгө, мөн хугацаа заах юм уу гэж асууж байсан, заах хэрэггүй гэж байсан. Тухайн үед би А.П, Ц.С түүний хүмүүсийг ажиллуулах гэж Ц.Сд орон сууцыг бэлэглэж байгаан байна гэж бодсон гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлага болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “КТ” ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ШХы Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан, харин А.Пгийн бригадыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын хөлсөнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ШХы Е, Е1, Д1, С1, В1 блокуудын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын бартерт *** тоот 47,34 м.кв 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон. Гэтэл Ц.С нь ажлын хөлсөнд орж ирсэн *** тоот 47,34 м.кв 2 өрөө байрыг ашиглалтад ортол үнийг төлөөд худалдаж авья гэсэн саналыг Ц.С А.Пд тавихаар нь “КТ” ХХК-ийн захирал Г.Ад Ц.С-ийннэр дээр ажлын хөлсөнд авах байрыг шууд шилжүүлэх талаар асуухад “болно” гэхдээ бидний анхны гэрээ нөхцөлд А.Пд өгөхөөр бичигдсэн учир дахин Ц.С-ийннэр шилжүүлэх захиалгын гэрээ хийж шилжүүлнэ гэсэн шаардлага тавихаар нь зөвшөөрч, улмаар 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №SС0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулсан,

Гэвч Ц.С нь худалдан авсан байрны үнийг нэг ч удаа төлөөгүй учир гэрээгээ цуцлах талаар хэлсэн. Одоо энэ гэрээнээс татгалзаж байгаа. Ц.С нь надад мэдэгдэлгүйгээр “КТ” ХХК-ийн захирал Г.А-аас “А.П зээл авахад гэрээ хэрэг болоод” гэж худал хэлж гэрээг авсан байсан. Иймд Ц.С-ийн“КТ” ХХК-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №SС0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. А.П нь 2020 оноос хойш “КТ” ХХК-тай хамтран ажиллаж барилга угсралтын ажлыг бригадаар хийж гүйцэтгэж байна.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ШХы Е, Е1, Д1, С1, В1 блокуудын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын бартерт *** тоот 47,34 м.кв 2 өрөө орон сууцыг бартерт авхаар тооцоо нийлж акт үйлдсэн. А.П “КТ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж тооцоо нийлж, ажлаа гүйцэтгэж дууссан. Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 хороо, хоршооллын хотхон 32/1 тоот 47,34 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.П надад шилжүүлэхийг Ц.С, “КТ” ХХК нарт даалгаж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Ц.С нь гуравдагч этгээд А.Птэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ амаар хийж тохиролцсон зүйл огт байхгүй бөгөөд 2021 оны 06 сарын 22-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах гэрээг гуравдагч этгээд А.П нь өөрийн хүсэлтээр “КТ” ХХК-ийн захирал Г.Атэй уулзаж бартераар авах орон сууцаа Ц.Стэй гэрээ байгуулан Ц.Сд маргаан бүхий орон сууц болох *** тоотод байрлах, сүлд хотхон үйлчилгээний орон сууцны С блок 1 дүгээр давхар, С загвар 47,34 м.кв 2 өрөө орон сууцыг “КТ” ХХК-д хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд өгөхөөр гэрээг байгуулсан. Гуравдагч этгээд А.П нь нэхэмжлэгч Ц.Стэй амаар худалдах, худалдан авах гэрээг хийгээгүй болно. Мөн КТ ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй юм гэв.

 

5. Шүүх хуралдаанд Д.У, Н.Н, А.М, Ц.Ц, Ж.Ж нарыг шүүх гэрчээр асуусан ба тэдний мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

6. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №SС0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, хариуцагчаас ирүүлсэн “КТ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дансны хуулга, гуравдагч этгээдээс ирүүлсэн “КТ” ХХК-д явуулсан хүсэлт, хариу албан бичиг, , ажил гүйцэтгэх гэрээнүүд, тооцоо нийлсэн акт, гуравдагч этгээдийн дансны хуулга зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

1. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч “КТ” ХХК-тай 2021 оны

06 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах №SС0103 тоот гэрээг байгуулж, *** тоотод байрлах, сүлд хотхон үйлчилгээний орон сууцны С блок 1 дүгээр давхар, С загвар 47,34 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан авахаар тохиролцсон ба уг гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг “КТ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Энэ нь дээрх орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгч шилжүүлж авах агуулгатай байна.

            Гэрээний 3.1-т “Орон сууцны үнэ 78.111.000 төгрөг болно”, 4.1-т “бартерийн нөхцөлөөр төлбөрийг бүрэн төлж дуусгасан ба төлбөрийн үлдэгдэлгүй болно”, 5.2-т заасан Захиалагч талын эрх, үүрэг-ийн 5.2.4-т “төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар байрны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

2. Хариуцагч “КТ” ХХК-ийн захирал Г.А ажил гүйцэтгэх гэрээг А.Птэй байгуулж, барилга бариулсан, барилга дээр А.П, Ц.С нар хэн аль нь өөрийн бригадын хүмүүстэй ажилласан бөгөөд А.П ажлын хөлсөнд авах байсан 2 өрөө орон сууцны захиалгын гэрээг Ц.С-ийгдагуулж ирж, түүнд өгөхөөр гэрээг хийлгэсэн, гэтэл орон сууцны талаар А.П, Ц.С нарын хооронд маргаан үүссэн ба манай зүгээс хэний ч нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарладаг.

 

3. Хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн А.П гуравдагч этгээдээр оролцсон ба тэрээр Ц.С, “КТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 06 сарын 22-ны өдрийн №SC0103 тоот орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ц.Стэй хийсэн 2 өрөө орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг Ц.С, “КТ” ХХК нарт даалгуулах тухай бие даасан шаардлага гаргасан. А.П шаардлагаа үндэслэхдээ Ц.С дээрх орон сууцны үнийг төлж авна гэсэн боловч орон сууцны үнийг төлөөгүй тул гэрээнээс татгалзана, гэрээний хувийг худал хэлж авсан гэсэн.

 

4. Хэрэгт нэхэмжлэгч талаас Орон сууц захиалагчтай байгуулсан гэрээг, А.Пгээс мөнгө шилжин орж байсан тухай дансны хуулга, хариуцагч байгууллагын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, гуравдагч этгээдээс “КТ” ХХК-тай байгуулсан 2 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн баримт, дансны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр Н.Н, Д.У нар, гуравдагч этгээдийн хүсэлтээр Ж.Ж, А.М, Ц.Ц нар тус тус гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.

 

5. Нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 “КТ” ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ШХы Е, Е1, Д1, С1, В1 блокуудын угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр А.Птэй 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг 2021-03-01-ний өдрөөс 2022-06-01-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх, угсралтын ажлын хөлсийг 1 м.кв-ыг 55,000 төгрөгөөр тооцон мөнгө болон бэлэн бус бартераар өгөх, төлбөрийг А.Пгийн Хаан 5556282699 тоот дансанд шилжүүлж байхаар тохиролцсон байна. Ажлын хэмжээ нь 2021 оны 12 сарын байдлаар тооцоо нийлсэн актад тэмдэглэгдсэнээр Е блок 2 орцтой 2-12 давхар 9240 м кв, техникийн давхар 420 м кв, Е1 блок 1-12 давхар 1 орцтой 5040 м кв, Д1 блок 8-12 давхар 4200 м кв, В1 зоорийн давхар 840 м кв байсан байна.

 

Мөн “КТ” ХХК нь А.Птэй 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, С1 блокийн угсралтын ажлыг 2022-03-04-ний өдрөөс 2022-07-01-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх, ажлын хэмжээ зоорийн давхар 840 м кв, 1-12 давхар 10500 м кв талбайн ажлыг 1 м кв-ын хөлсийг 55.000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон байна.

 

5.2 Ажил гүйцэтгэгч А.П дээрх ажлыг гүйцэтгэхдээ Ц.С-ийгбригадын хүмүүсийнх нь хамт татан оролцуулсан, ингэхдээ Ц.С-ийнбригадын хүмүүст захиалагчаас цалинг олгуулах, харин Ц.Сд ажлын хөлсөнд тооцож “КТ” ХХК-иас авах байсан 2 өрөө байраа өгөхөөр тохиролцож, улмаар “КТ” ХХК-д хандан Ц.Стэй 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр *** тоотод байрлах, сүлд хотхон үйлчилгээний орон сууцны С блок 1 дүгээр давхар, С загвар 47,34 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан бариулах №SС0103 тоот гэрээг хийлгүүлсэн байна.

 

            5.3 А.П одоо 2 өрөө орон сууцыг Ц.Сд худалдсан, тэр үнийг төлөөгүй гэж тайлбарлан “КТ” ХХК, Ц.С нарын дээрх гэрээг хүчин төгөлдөр бус болгуулж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг тэдэнд даалгуулах тухай шаардлагыг гаргаж байх боловч шүүх 2 өрөө орон сууцыг Ц.Сд худалдсан гэж үзсэнгүй. Учир нь:

 

            а. Ажил богино хугацаанд хийгдэх байсан, энэ хугацаанд А.Пгийн бригад дангаар ажлыг амжуулж хийх боломжгүй байсан ба нэмж мужааны талын ажиллах хүчийг ажиллуулахын тулд Ц.С-ийгбригадын хамт ажиллахыг санал болгон 2 өрөө орон сууц өгөхийг амласан байна. Энэ нь Ц.С-ийгбригадын хүмүүсээ хариуцан удирдаж тогтвортой ажиллуулах, ажлыг хугацаанд нь хийж дуусгах, хийсэн ажилтай нь холбогдуулж хариуцлага үүрүүлэх хөшүүрэг хэрэглэж урамшуулсан байна гэж үзэхээр байна. Барилгын компаниуд ийм урамшууллын аргыг хэрэглэдэг гэж гуравдагч этгээдийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар тайлбарлаж байна. Гэрч Н.Н, Д.У нар бригадын ахлагч Ц.С-н удирдлаганд ажиллаж, цалингаа түүнээс авч байсан тухай тайлбарлаж байна.

 

б. А.П 2 өрөө орон сууцыг Ц.Сд худалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Ц.С 2 өрөө орон сууцыг худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, А.П хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан байдал нотлогдохгүй байна. Хэрэв А.П орон сууцыг худалдсан бол Ц.С-ийнорон сууц захиалгын гэрээг үнэ бүрэн төлөгдсөнөөр зааж хийлгэхгүй байх бүрэн боломжтой байсан. Мөн орон сууцны үнийг төл гэж Ц.Сэс шаардаж байсан байдал харагдахгүй байна. Ц.С-ийнажилчдын цалинг А.П Ц.Сд шилжүүлдэг байсныг тэд тайлбарлаж дансны хуулгыг ирүүлсэн ба уг мөнгөнөөс суутган тооцох боломж А.Пд байсан атал боломжийг хэрэглээгүй байна.

 

в. Барилгын Е, Е1 блокийн угсралтын ажлыг А.П Ц.С нарын бригад тогтоосон хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд, адил хувааж хийж гүйцэтгэсэн нь тогтоогддог ба энэ нь тооцоо нийлсэн актад заагдсанаар, мөн хариуцагчийн тайлбарласнаар 800 гаруй сая төгрөгийн ажил болжээ. Үүнтэй харьцуулахад ч гэсэн А.П Ц.Сд 78.111.000 төгрөгөөр үнэлэгдэх 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн, урамшуулал болгон өгсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Ажлыг бригадууд адил хувааж хийснийг гэрчүүд мэдүүлдэг, хариуцагчийн төлөөлөгч ч бригадууд хоорондоо уралдаж, ажлыг шуурхай хийж байсан тухай байдлыг тайлбарлаж байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь А.П Ц.С нар ирж, Ц.Стэй орон сууц захиалгын гэрээг хийлгэхдээ орон сууцыг бэлэглэж байна гэсэн сэтгэгдэл төрүүлснийг, мөн түүнчлэн өөрийн ажилчдыг тогтвортой, сайн ажиллуулахын тулд ийм төрлийн гэрээг хийж байдгаа тус тус тайлбарлаж байна.

 

6. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

7. Гуравдагч этгээд нэхэмжлэгчтэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдал тогтоогдохгүй байх тул түүнээс татгалзана гэсэн ойлголт байхгүй, үр дагаврыг шийдвэрлэх зүйл байхгүй юм.

Харин гуравдагч этгээд А.П нь КТ ХХК-иас ажлын хөлсөнд авах байсан 2 өрөө орон сууцны шаардах эрхийг Ц.Сд бригад ахлан ажлыг хамтран гүйцэтгэж үр дүн гаргахад урамшуулал болгон шилжүүлсэн асуудал байх бөгөөд энд хууль зөрчигдсөн зүйл байхгүй байна. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, 123.6-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж тус тус заажээ. Үүрэг гүйцэтгэгч, урьдын болон шинэ үүрэг гүйцэтгүүлэгч нар зөвшилцөн, орон сууцны шаардах эрх хүлээн авагч Ц.С-ийгОрон сууц захиалгын гэрээний нэг тал болгон гэрээ хийснийг буруутгах үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр, түүнийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл үгүй байх тул уг гэрээгээр Ц.С нь үүрэг гүйцэтгэгч КТ ХХК-иас 2 өрөө орон сууцны өмчлөлийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж үзнэ. Нэгэнт байгуулагдсан гэрээг гэрээний үүргийг гүйцэтгээгүй гэдгээр хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй. Гуравдагч этгээд нэхэмжлэгчийг гэрээний хувийг худал хэлж авсан гэсэн үндэслэлийг заасан боловч энэ нь Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй. Гэрээг хууран мэхэлсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох нь гэрээг байгуулах болсон үндэслэл нь хуурч мэхэлсэн явдал байхыг шаарддаг ба гэрээг байгуулахад нэхэмжлэгч хариуцагчийг хууран мэхэлсэн байдал алга байна. Иймд гуравдагч этгээдийн шаардлага хангагдахгүй байна.

Орон сууц захиалгын гэрээ нь худалдах худалдан авах гэрээний шинжийг илүүтэйг агуулж байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж тодорхойлов.

 

8. Гуравдагч этгээдийн хүсэлтээр асуусан гэрчүүд Ц.С А.Пгээс 2-3 автомашин гэж мэдүүлсэн боловч гуравдагч этгээд үүгээр юу нотлуулах гэсэн нь ойлгомжгүйн гадна автомашины өмчлөл шилжсэн эсэх нь тодорхойгүй, мөн ажлын хөлсөнд нэхэмжлэгч автомашин авсан гэж үзэж буй бол аль үеийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох зэрэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн бригад хотхоны Е, Е1 блокийн угсралтын ажлыг дуусгаад дараагийн блокийн угсралтын ажилд оролцсоныг гэрчүүд тайлбарладаг. Иймд энэ талаарх тайлбар мэдүүлгийг хариуцагчийн татгалзлын үндэслэл болгох боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан *** тоотод байрлах, сүлд хотхон үйлчилгээний орон сууцны С блок 1 дүгээр давхар, С загвар 47,34 м.кв 2 өрөө орон сууцыг Ц.С-ийнөмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч “КТ” ХХК-д даалгасугай.

 

  1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-ийг баримтлан Ц.С, КТ ХХК нарын  2021 оны 06 сарын 22-ны өдрийн №SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ц.Стэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.Пд шилжүүлэхийг Ц.С, “КТ” ХХК нарт даалгах тухай гуравдагч этгээд А.Пгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.С-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,505 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 853,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “КТ” ХХК-аас 548,505 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   С. БУД