Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 182/шш2023/02272

 

 

 

 

 

 

 

   2023      08        03                                                182/ШШ2023/02272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, хороо, гудамж тоотод оршин суух, Э.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч дүүрэг, хороо, мянгат, байрлах, ННТГ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ННТГ даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд нь эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Нийслэлийн Нийтийн тээврийн газарт холбогдуулан тус газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд нь эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:   

1.1.Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын ахлах нягтлан бодогч миний бие уг албан тушаалд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Нийтийн тээврийн газрын даргын Б/63 тоот тушаалаар томилогдож ажилласан. Уг албан тушаалд ажиллах энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ, ажил албан тушаалын тодорхойлолт болон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ажиллаж ирсэн. Төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон ямар нэгэн сахилгын хариуцлагын алдаа гаргаж байгаагүй болно. Гэтэл тус байгууллагын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тушаалаар хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан үндэслэлгүйгээр "Нийтийн тээврийн үйлчилгээний газар"-ыг "Нийтийн тээврийн газар" болгон өөрчлөгдөж, ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас хууль бусаар халж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.

1.2. Ажлаас чөлөөлсөн тухай Нийтийн тээврийн газрын даргын тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй учраас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчигдсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаж, Чингэлтэй дүүргийн 3 талт Хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэхээр хандсан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй учраас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дахин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж байна.

1.3. Нийслэлийн нийтийн тээврийн газарт холбогдуулж, ННТГ даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Э.Эг тухайн эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилуулах, Э.Э тухайн үед ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Түүний ижил албан тушаалыг одоо Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга эрхэлж байна. Иймд Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гартал тооцон гаргуулах шаардлага гаргаж байна. Байгууллагын ажлаас халах үеийн үндсэн цалинг 797,676 төгрөг гэж тооцож бодсон. Үндсэн цалин дээр нэмэгдэл 15 хувь нэмэгдэж 917,327 төгрөг болж байна. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 18 сар 5 хоногт нийт 16,511,886 төгрөгийг гаргуулах хүсэлтэй. Ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна гэв.      

 

2.Хариуцагч Нийслэлийн ННТГнь шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

2.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гээд мөн зүйлийн 80.1.1-т -“аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэж заасан.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1041 дүгээр захирамжаар “Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар”-ын нэршлийг “Нийтийн тээврийн газар” болгон өөрчилж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1059 дүгээр захирамжаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоосон.

Эдгээр шийдвэрүүдэд үндэслэн ННТГ даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталсан.

Уг ажил мэргэжлийн шинэчилсэн жагсаалтаар нэхэмжлэгч Э.Эгийн эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн “Ахлах нягтлан бодогч” /ТҮ-8/ ажлын байр хасагдаж, өөрөөр хэлбэл шинээр үүсгэн байгуулагдсан Захиргаа, удирдлагын хэлтэс болон Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст “Ахлах нягтлан бодогч” /ТҮ-8/ ажлын байр үгүй болсон байна.

Тухайлбал, “Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга”-ын албан тушаал нь ТЗ-9 зэрэглэлийн, төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах ерөнхий болон тусгай шалгалтад тэнцсэн, холбогдох хууль, тогтоомжид заасан болзол, шалгуурыг хангасан байхыг шаарддаг.

Эдгээр нөхцөл байдлыг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Э.Эд мэдэгдэж, бичгээр баталгаажуулан танилцуулахад “Мэдэгдэл”-д гарын үсэг зурахаас татгалзаж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх, уг шинэчилсэн бүтцийн дагуу шинээр бий болсон өөр ажлын байранд үргэлжлүүлэн ажиллахгүй талаар ажил олгогчид мэдэгдсэн байдаг.

Үүнтэй холбогдуулан ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу Э.Эд түүний эрхэлж байсан албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцүү хэмжээний олговрыг олгож, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг баримтлан, календарийн 30 хоног буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны дараа түүнийг ажлаас бүр мөсөн чөлөөлсөн ба энэ талаар маргаан бүхий шийдвэр болох газрын даргын 2022 оны А/08 дугаар тушаалын 1, 2 дахь хэсэгт тодорхой тусгасан болно.

2.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу “ажлын байр хасагдсан” шалтгаанаар, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтын хүрээнд нэхэмжлэгч Э.Эд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 2,393,028 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгосон бөгөөд Э.Эгийн зүгээс тус газарт өөрийн мэргэжил, ур чадварт тохирох ажлын байранд ажилд орох талаар бидэнд ямар нэгэн хүсэлт гаргаагүй болохыг мөн дурьдах нь зүйтэй.

Эдгээрээс дүгнэхэд ажил олгогч нь дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн хүрээнд зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр ажлын байр нь хасагдсан ажилтанд хуульд заасан олговор, тэтгэмж зэргийг бүрэн олгосон бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эгүүлэн тогтоолгох ажпын байр үгүй байгаа, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, Э.Эг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжпэгч Э.Эгийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/2978 дугаартай албан бичиг /хх3/

3.2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2022/13631 дугаартай шүүгчийн захирамж /хх4-7/

3.3.ННТГ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай Э.Эг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх8/

3.4.Нийтийн тээврийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэл /хх10/

3.5.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх11-12/

3.6.Э.Эгийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх13-14/

 

4.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1.ННТГ даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/01 дугаартай тушаал, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/77 дугаартай тушаал /хх 27-31/

4.2.Цалингийн карт, Э.Эг ажлаас чөлөөлсөн олговор  /хх32-33/

4.3. Нийтийн тээврийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэл /хх34/

4.4.Албан тушаалын тодорхойлолт /хх35-51/

4.5.ННТГ даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Зохион байгуулалтын бүтэц, ажил мэргэжлийн жагсаалт шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх95-103/

4.6.Тээврийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/63 дугаартай тушаал /хх115/

4.7.2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх116-119/

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дараах баримтыг бүрдүүлэв. Үүнд:  

5.1. Ажлын байрны тодорхойлолт /хх147-155, 158-161/

5.2.2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх156-157/

5.3.ННТГ даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаартай тушаал, Албан тушаалын тодорхойлолт, /хх162-175/

5.4.Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өрийн 294 дугаартай Журам батлах тухай тушаал, хавсралт /хх181-187/

5.5.Тээврийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/42 дугаартай тушаал, хавсралт, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/76 дугаартай тушаал, хавсралт 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Тэрээр 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ННТГ даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд нь эгүүлэн томилуулах тухай шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны олговорт 16,511,886 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.   

 

 2. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “...орон тоо хасагдаагүй, ахлах нягтлан бодогчийн ажлын чиг үүргийг Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга хийж гүйцэтгэж байгаа тул уг албан тушаалд эгүүлэн тогтоолгоно” гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нь “...орон тоо хасагдсан бөгөөд Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нь төрийн албаны ТЗ ангилалд хамаарах болсон, ажлын чиг үүргийн хувьд ахлах нягтлан бодогчийн ажлын чиг үүргийг гүйцэтгэхээс гадна илүү өргөн, удирдах ажил, үүргийг гүйцэтгэдэг” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/63 дугаартай тушаалаар Э.Эг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор томилж ажиллуулсан байх бөгөөд ННТГ даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар “...бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан” гэх үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэжээ. Энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хх8/

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:

154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;

154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Э.Э нь тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2022/13631 дугаартай шүүгчийн захирамжаар урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Улмаар Э.Э Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж маргаанаа шийдвэрлүүлэх гэсэн боловч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/2978 дугаартай албан бичгээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт байгуулагдаагүй гэх хариу өгчээ.

 

Ингээд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандсан байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэв. 

 

4.3.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/42 дугаартай тушаалаар батлагдсан Бүтэц, орон тоог шинэчлэн баталж, ажилд томилох тухай тушаалаар Нийслэлийн Тээврийн газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог нэгдүгээр, ажил албан тушаалд ажиллах албан хаагчдын нэрсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байх бөгөөд уг тушаалын хавсралтаас үзэхэд Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтэст ахлах нягтлан бодогч албан тушаал байсан байна.

ННТГ даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/01 дугаартай Ажил мэргэжлийн жагсаалтыг батлах тухай тушаалаар Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн ажил мэргэжлийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар баталж, 2017 оны А/42 дугаар тушаалаар батлагдсан Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтэс нь Захиргаа, удирдлагын хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болж хуваагдсан байна. /хх27/

Дээрх тушаалаар батлагдсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст Хэлтсийн дарга 1, Эдийн засаг төсвийн мэргэжилтэн 1, Хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн 1, Тооцооны нягтлан бодогч 2, Нярав 1, Жолооч 1, нийт 7 албан тушаалтан байхаар жагсаалтыг баталсан. /хх29/

Дээрх ажил мэргэжлийн жагсаалтад ахлах нягтлан бодогч албан тушаал байхгүй байна.

 

4.4.Нэхэмжлэгч Э.Э нь ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод дурдсан чиг үүргүүдийг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга гүйцэтгэж байгаа, албан тушаалын нэршил өөрчлөгдсөн тул хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгоно гэж тайлбарласан.

Дээрх хоёр ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажлын байрны зорилго, зорилтыг харьцуулан үзэхэд ижил чиг үүргийг хэрэгжүүлдэг, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй гэж үзлээ. Тодруулбал,

Хэрэгт авагдсан Ахлах нягтлан бодогчийн ажлын байр, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг харьцуулан үзэхэд ахлах нягтлан бодогч нь байгууллагын нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан нягтлан бодох бүртгэлийг СТОУС, УСНББОУС-д нийцүүлэн хөтлөх, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, санхүүгийн тайлан гаргах, дүн шинжилгээ хийх, байгууллагын болон нийслэлийн тээврийн салбарын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, хяналт тавих, улс нийслэлийн төсөвт тусгагдсан хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх зарцуулах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн баримт бичгийг нийцүүлэх, үйл ажиллагааны талаарх мэдээллийн ил тод шуурхай байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг, төрийн албаны төрийн үйлчилгээ ангилалд хамаарч, албан тушаалын зэрэглэл нь ТҮ-8 байхаар тусгагдсан.  

Харин Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын гүйцэтгэх чиг үүрэг нь байгууллагын төсвийн төслийн боловсруулах, төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтад тавих хяналтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг хуваарилах, хяналт тавих, тайлагнах, хуваарилалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг тооцоолох, санхүүжүүлэх, эдийн засгийн судалгаа, шинжилгээ, тооцоо хийх, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлж, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн албаны ТЗ-9 ангиллын ахлах түшмэл зэрэгтэй байхаар тусгагдсан байна.

Дээрх ажлын байрны чиг үүрэг, ангилал, зэрэглэлийг харьцуулан үзэхэд хоёр албан тушаалын зарим чиг үүргүүд давхцаж байгаа боловч ахлах нягтлан бодогчийн хэрэгжүүлж байсан чиг үүргийг хэлтсийн дарга хэрэгжүүлж байгаа, ажлын байрны нэр л өөрчлөгдсөн гэж үзэхээргүй байна.

Иймд орон тоо хасагдсан гэх ажил олгогчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.   

 

4.5.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4.-т “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй.” гэж заасан.

  

ННТГ даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалын 1 дэх заалтаар “...бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан тул Энхтөрийн Эрдэнэтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгож цуцалсугай” гэж, 2 дахь заалтаар “ ...Э.Эгаар ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй тул 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлсийг тооцсон олговор болон 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох”-оор шийдвэрлэсэн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5.-д “Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно.” гэж заасан.

Э.Эг ажлаас чөлөөлсөн тушаалд Э.Эгаар ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй гэж үзэж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлсийг тооцсон олговор олгож, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5-д заасныг ажил олгогч зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

 

4.6.Нэхэмжлэгч Э.Э нь ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан нь үндэслэлгүй, ажил олгогч ННТГ Б/08 дугаартай тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Нийслэлийн Нийтийн тээврийн газарт холбогдох ННТГ даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тушаалыг хүчингүй болгуулах, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 16,511,886 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Э.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ