2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2701

 

 

      2025       12          01                                        2025/ШЦТ/2701

 

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Норжинсүрэн,

улсын яллагч Ц.Чингүүн,    

шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 2406 00039 1553 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Л, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.Л нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 дугаар орцны 0  тоот хохирогч Т.Б-ын гэрт байхдаа түүнээс Самсунг А6 маркийн гар утсыг нь “түр хугацаанд өөрийн сим картаа хийж хүнтэй холбоо барьчхаад буцаагаад өгье” гэж хэлэн хуурч авч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 135.000 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

мөн хохирогч Т.Б-ын Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 дугаар орцны 0  тоот гэрээс Хаан банкны 0000000000 тоот дансны виза картыг нь авч, ашиглаж, 2023 оны 12 дугаар сарын 28, 29 болон 2024 оны 01 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд үйлчилгээний газруудад картыг уншуулж, хохирогчийн 8000 төгрөгийн үнэ бүхий виза картыг болон дээрх данснаас 907.852 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 915.852 төгрөгийн хохирол учруулж, хохирогчид нийт 1.050.852 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:      

Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би  тоотод амьдардаг юм. Манай хажуу талын 8 тоотын өрөөнд 30 гаран насны ах дүү 2 залуучууд амьдардаг юм.  Тухайн 2 залуугийн ах нь гээд Л гэх залуу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний өрөөнд орж ирээд “эмээ 20.000 төгрөг зээлээч, үсээ засуулах гэсэн юм” гэхээр нь тухайн үед халтирч унаад хөлөө гэмтээчихсэн явж чадахгүй байсан болохоор Л өөрийнхөө Хаан банкны картыг өгөөд картныхаа нууц дугаарыг хэлж өгөөд гаргачихсан юм. Тэгсэн чинь нөгөө залуу миний картыг аваад хонуутаар яваад миний данснаас карт уншуулж 273.000 төгрөгийг уншуулчхаад ирсэн. Маргааш нь халамцуу ирээд уучлаарай эмээ би заавал мөнгийг чинь өгнө өө гэж хэлэхээр нь би өгчих байх гэж бодоод хүлээгээд мөнгөө өгөөгүй. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн үед гэртээ байж байтал Б.Л өрөөнд орж ирээд “та утсаа түр өгч байгаа, би хүнтэй утсаар ярьчхаад өгье” гэж хэлээд миний Самсунг А6 маркийн гар утсыг аваад гарсан. Тэгээд тухайн орой нь 22 цагийн үед эмээ би гэрийнхэнтэйгээ яриадхая гэхээр нь за тэгвэл маргааш өглөө өгөөрэй гэж хэлээд унтчихсан юм. Маргааш өглөө нь Б.Л манай өрөөнд орж ирээд “эмээ та надад утсаа зарчих” гэхээр нь “чи өмнөх өрөө өгөөгүй байж яах гээд байгаа юм” гэсэн чинь “за тэгвэл би таны утсыг аваад 30 минут болчхоод ороод ирье” гэж хэлчхээд гараад явсан. Удаагүй байж байтал хамт амьдардаг дүү нь орж ирээд эмээ та манай ахад мөнгө өгөөгүй биз дээ гэхээр нь би өгөөгүй эмээд нь мөнгө байхгүй, харин миний утсыг аваад гарсан, сим карт хаана тавьчихав аа гэсэн чинь дүү нь таны Айфоне маркийн гар утсанд хийчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарах гээд зурагтынхаа урд талд тавьсан байсан Хаан банкныхаа картыг авах гэсэн чинь байхгүй байхаар нь хайгаад олоогүй. Иргэний үнэмлэхээр Хаан банк руу ороод данснаасаа мөнгө авах гэсэн чинь 3000 төгрөг байна гэж хэлэхээр нь Л гэрт орж ирээд гарахдаа карт аваад гарсныг мэдсэн. Б.Л миний картнаас 644.942 төгрөг уншуулж авсан байсан. Надад ингээд нийт 917.942 төгрөгийн өртэй болсон байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

Хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Б.Л 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний Samsung А-6 загварын гар утсыг түр хугацаанд өөрийн сэм картаа хийж хүнтэй холбоо барьчхаад буцаагаад өгье гэж хэлээд надаас түр хугацаагаар гуйгаад байхаар нь би Л итгээд өөрийн гар утсаа өгсөн боловч янз янзын шалтаг тоочоод одоог хүртэл миний гар утсыг өгөөгүй. Миний Хаан банкны карт 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний амьдардаг өрөөний зурагтын урд байсан ба Б.Л тухайн өдөр надаас миний Samsung A-6 загварын гар утсыг түр хугацаанд хэрэглээд өгье гээд гуйж авах үедээ миний Хаан банкны viza картыг надад хэлэлгүйгээр нууцаар авч манай гэрээс гарсан байсан. Миний Хаан банкны дансны дугаар 0000000000 гэх Дансны дугаартай карт байсан. Би Л өөрийн картнаас мөнгө авах зөвшөөрөл өгөөгүй. Мөн Хаан банкны картаа ч бас өгөөгүй. Б.Л манай гэрээс миний Хаан банкны картыг нууцаар, надад хэлэлгүй авч явсан ба миний картаас 2024 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 15 цаг 57 минутаас эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цаг 58 минутын хооронд нийт 641.752 төгрөг миний зөвшөөрөлгүй үрсэн байсан. Мөн Б.Л 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдөр надаас 20.000 төгрөг зээл өгөөч надад мөнгө хэрэг болоод байна гээд байхаар би надад бэлэн мөнгө байхгүй миний картад байгаа байх гэж хэлэн өөрийн Хаан банкны 0000000000 дансны дугаартай картаа Л өгөөд энэ картаас 20.000 төгрөг аваад нада буцааж өгөөрэй гэж хэлээд картынхаа нууц кодыг Л хэлж өгөөд явуултал Б.Л тэр өдөр буцаж ирэлгүй миний картаас мөнгө уншуулж гадуур архи уугаад 2023 оны 12 дугаар сарын 29, билүү 30-ний өдөр ирсэн. Тухайн үед Б.Л миний Хаан банкны картад байсан мөнгийг үрээд дуусгасан байсан. Миний картаас нийт 270 гаруй мянган төгрөг миний зөвшөөрөлгүй үрсэн байсан ба Б.Л надад уучлаарай гадуур гарж архи уугаад таны картнаас танаас зөвшөөрөл авалгүй мөнгийг чинь үрчихлээ гээд ярьж миний Хаан банкны картыг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр надад оруулж ирж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, иргэний өргөдөл (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас),

Т.Б-ын Хаан банкны 0000000000 тоот дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас),

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БЗД2-24/1835 дугаартай “Самсунг А6 маркийн гар утасны үнэлгээ 135.000 төгрөг, Хаан банкны карт 8000 төгрөг, нийт 143.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 124 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 62-75 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч  Б.Л нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 дугаар орцны 0  тоот хохирогч Т.Б-ын гэрт байхдаа түүнээс Самсунг А6 маркийн гар утсыг нь “түр хугацаанд өөрийн сим картаа хийж хүнтэй холбоо барьчхаад буцаагаад өгье” гэж хэлэн хуурч авч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 135.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, мөн хохирогч Т.Б-ын Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 дугаар орцны 0  тоот гэрээс Хаан банкны 0000000000 тоот дансны виза картыг нь авч, ашиглаж, 2023 оны 12 дугаар сарын 28, 29 болон 2024 оны 01 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд үйлчилгээний газруудад картыг уншуулж, хохирогчийн 8000 төгрөгийн үнэ бүхий виза картыг болон дээрх данснаас 907.852 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 915.852 төгрөгийн хохирол учруулж, хохирогчид нийт 1.050.852 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  Б.Л нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 дугаар орцны 0  тоот хохирогч Т.Б-ын гэрт байхдаа түүнээс Самсунг А6 маркийн гар утсыг нь “түр хугацаанд өөрийн сим картаа хийж хүнтэй холбоо барьчхаад буцаагаад өгье” гэж хэлэн хуурч авч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 135.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

мөн хохирогч Т.Б-ын Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 дугаар орцны 0  тоот гэрээс Хаан банкны 0000000000 тоот дансны виза картыг нь авч, ашиглаж, 2023 оны 12 дугаар сарын 28, 29 болон 2024 оны 01 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд үйлчилгээний газруудад картыг уншуулж, хохирогчийн 8000 төгрөгийн үнэ бүхий виза картыг болон дээрх данснаас 907.852 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 915.852 төгрөгийн хохирол учруулж, хохирогчид нийт 1.050.852 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Т.Б-ын эзэмшлийн Samsung A6 маркийн гар утсыг 135.000 төгрөгөөр, түүний ХААН банкны картыг 8000 төгрөгөөр тус тус үнэлсэн, мөн Т.Б-ын эзэмшлийн ХААН банкны 0000000000  тоот данснаас 2023 оны 12 дугаар сарын 28, 29 болон 2024 оны 01 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд үйлчилгээний газруудад картыг уншуулж, 907.852 төгрөгийг авсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Залилах гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 дугаар орцны 0  тоот хохирогч Т.Б-ын гэрт байхдаа түүнээс Самсунг А6 маркийн гар утсыг нь “түр хугацаанд өөрийн сим картаа хийж хүнтэй холбоо барьчхаад буцаагаад өгье” гэж хэлэн хуурч авч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 135.000 төгрөгийн хохирол учруулсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Хулгайлах гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Б.Л нь хохирогч Т.Б-ын ХААН банкны 0000000000 тоот дансны виза картыг нь авч, 2023 оны 12 дугаар сарын 28, 29 болон 2024 оны 01 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд үйлчилгээний газруудад картыг уншуулж, 907.852 төгрөгийг авсан байх ба бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Л нь хохирогч Т.Б-ын Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 дугаар орцны 0  тоот гэрээс Хаан банкны 0000000000 тоот дансны виза картыг нь авч, ашиглаж, 2023 оны 12 дугаар сарын 28, 29 болон 2024 оны 01 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд үйлчилгээний газруудад картыг уншуулж, хохирогчийн 8000 төгрөгийн үнэ бүхий виза картыг болон дээрх данснаас 907.852 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 915.852 төгрөгийн хохирол учруулж, хохирогчид нийт 1.050.852 төгрөгийн хохирол учруулсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Мөн шүүгдэгч Б.Л нь дээрх гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Л-ийн үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь Б.Л нь амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлтээс болж гарчээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар шүүгдэгч Б.Л-аас 1.050.852 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Л эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар холбогдох ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх саналыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” гэж тус тус заасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд, нөгөөтэйгүүр эрүүгийн хариуцлага нь заавал биелэгдэх ёстой.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Л-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өндөр настай хүний эсрэг үйлдэгдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, хохирол, төлбөрийг барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л оногдуулсан 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ийн цагдан хоригдсон 4 /11 дүгээр сарын 27-ны өдөр цагдан хоригдсон/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Л урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ийн цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Л-аас 1.050.852 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б-д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Л урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                     ШҮҮГЧ                                М.ТҮМЭННАСТ