| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 2003005420026 |
| Дугаар | 2021/ДШМ/505 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ДШМ/505
Г.Шид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чинзориг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Шид холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Гын Ш, 1997 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “...” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
Г.Ш нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10 цаг орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Барс” худалдааны төвийн хойд замд Хьюндай Портер загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Быг мөргөн, ослын улмаас О.Бын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Гын Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Г.Шийн B, C ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1148157 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “...” ХХК-иас 1.310.5815 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 119.120.051 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хань ижлээ алдаж, үр хүүхдүүд минь өнчирч уй гашуу дүүрэн байхад тус авто аваарыг хийсэн шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй. Хохирол төлбөрийн асуудал дээр анхаарал хандуулахгүй, албан ёсоор уучлал гуйхгүй байгаа нь хүн ёсныхоо хувьд ч гэсэн их муухай мэдрэмжийг төрүүлж байгаа учир бид асар ихээр гомдож, өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээсээ өмгөөлөгч хүртэл авч, анхан шатны шүүх дээр нэхэмжлэл гаргасан боловч шүүх, прокурорын хэн аль ч огтоос анхаарсангүй явдал болж, төрийн төмөр нүүртэй тулав. Шүүх өмгөөлөгч авсан явдлыг минь ...“таны эрх, хэлцэл, хэрэг явдалд огтоос огт хамаагүй, хэдэн төгрөгийн зардал гаргах нь хуульд падь байхгүй асуудал” хэмээн дүгнэж, дараа төлөх төлбөрийг битгий хэл урьдчилан өгсөн төлбөр хөлс мөнгийг минь ч надаас гарсан зардал гэж үзсэнгүй. Би хань ижлээ гэмт хэргийн улмаас алдаагүй бол яах гэж өмгөөлөгч авах билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” нь хохирогчийн эрх гэж., мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “өмгөөлөгчид төлөх зардал” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарна" хэмээн хуульчилжээ. Гэтэл хэдэн зуун саяын хөлс шаардсан бус нэг талаар, нөгөө талаар өмгөөлөгч авсан байхад ингэж байгаа юм чинь, өмгөөлөгч аваагүй байсан бол бүр багасах болох дөхлөө. Үнэхээрийн гайхалтай, аймшигтай байдаг юм байна аа. Үг дуу хэл ам хийхгүй, шударга шүүх нь “үнэн бодитойгоор нь шийдэх байх” гэсэн хандлагаар өдийг хүртэл тэсч явахад арай дэндүү дорд үзэж, дээрэлхүү, харгис хандлаа. Иймд “шударга шүүхээр шүүлгэх” эрхээ бодитойгоор эдлэх үүднээс өөр шүүгчээр энэхүү хэргийг хүний эрхийг тэгш хангах зарчмыг баримтлан дахин анхан шатны шүүхээр шүүлгэх саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй гэж заасны дагуу мөрдөн байцаах шатанд зарим хохирлыг нэхэмжилсэн боловч дутуу хагас өгсөн болсон учир анхан шатны шүүх хуралдаан дээр дахин иргэний нэхэмжлэл гаргасан боловч шүүх 99 хувийг нь хангаж шийдвэрлэсэнгүй, “үнсэнд хаясан шалз” лугаа адил болгож, сэтгэл санааны гүн хямралд улам бүр оруулав. Ядаж Монгол хүн байна даа, талийгаачийн хойчийн буянд зориулж өгсөн лам нарын уншлагад номны 70.000 төгрөгийг ч болтугай гарган өгье гэсэн сэтгэл зүрх байхгүй ийм энэрэнгүй бус шүүх байгаа нь эмгэнэлтэй, сэтгэл зүйд хүнд туслаа. Тус эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийг хангаагүй, төлбөр тооцоог бодож үзээгүй, хариуцах эзнийг нь хоёрдмол утгатай заасан зэрэг шүүхийн шийдвэр нь шийдвэр гэхээсээ илүүтэй хэргийг хялбарчлан тоймлосон таталбар болсноороо уг хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан юм. Иймд тэгш бус байдлыг гаргасан, илт ялгавартай хандсан энэхүү шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.12 дахь хэсэгт “...эрүүгийн хариуцлага хүлээлгэх гомдол гаргах” эрхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгожээ. Энэхүү эрхийг шүүгч илтэд хөсөр хаяж, үл тоолоо. Шүүгдэгч Г.Шид шүүх 2 жилийн хорих ял оноов. Гэтэл энэ этгээд уучлал ч эс гуйж, хаашдаа өршөөлд орох хойно яасан ч яахав, ямар яршигтай юм бэ?, пизда нар чинь гэж хэлэх хэлэхгүй үгээр дайрч, хэрүүл тэмцэл үүсгэж байсан удаатай. Улсын яллагч буюу прокурор ердөө л хоёрхон л жилийн ялыг санал болгосон. Түүнийхээ үндэслэлийг хэлээгүй. Ийнхүү бодит бус буюу хийсвэрлэсэн байдлаар яллаж, яллах чиг үүргээ туйлын хангалтгүй биелүүлсэн бөгөөд хохирогчийн эрх ба хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нэг ч үйлдэл, алхмыг мөрдөн шалгах шат хийгээд анхан шатны шүүх хуралдааны үед авч хэрэгжүүлээгүй юм. Уг нь хохирогч гэх хүний эрхийг хамгаалах нь улсын яллагчийн үүрэгт хамаарах учиртай бус уу. Шүүх “хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэлт хийсэн атлаа эрдэнэт хүний амь хохирч, нөхөж баршгүй хохирол учруулсан байхад хамгийн бага ялыг оногдуулсан нь ойлгомжгүй байна. Биднийг хохироогүй гэж үзсэнтэй адил юм. Гэтэл хүний амь нас хохирсон явдал нь өөрөө эрүүгийн гэмт хэргийн хамгийн ноцтой хор уршиг болох үхэл гэгчид тооцогддог, нөгөө талаараа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан "...гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй” явдал нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохоор хуульчлагджээ. Гэм буруугийн шүүх хуралдаан дуусаж, 5 хоногийн завсарлага авсан хугацаанд шүүгдэгч хохирлын асуудлаа шийдвэрлэх саналаа илэрхийлсэн атлаа ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, үр дүнгүй өнгөрүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. Бидний хувьд маш их гомдолтой байгаагаа илэрхийлж, 2 жилийн ялыг огтоосоо хүлээн зөвшөөрөхгүй, 5 жилийн ялыг оногдуулах саналыг шүүх хуралдаан дээр гаргасан ба одоо ч энэ байр суурин дээрээ баттай байна. Эгэл жирийн хүний амь нас болохоороо тэгдэг юм уу бүү мэд, хоёрхон жилийн ялтай энэ тэнцүү байдгийг олж харсандаа гуниглан харуусаж, гутаж сууна. Туйлдаа хүрч цөхөрч явна бид. Шүүгч гэм буруугийн шүүх хуралдааныг дуусгаж, эрүүгийн ял ба хариуцлагын хурлыг үргэлжлүүлэн явуулах үедээ болон завсарлага авах цаг мөчид уг хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулна, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрээ уншиж бас танилцуулсан мөртлөө Шийтгэх тогтоолдоо гэм буруутай этгээдээс гаргуулах буюу Г.Шаас иргэний журмаар нэхэмжлэх” эрхтэй гэсэн 2 өөр агуулга бүхий шийдвэр гаргасан нь нэн ойлгомжгүй зүйл болов. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоолыг уншихдаа иргэний хариуцагч болох “...” ХХК-иас хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн атлаа тогтоолд тусгахдаа гэм буруутай этгээдээс гэж зөрүүтэй бичсэн нь маш ноцтой хууль зүйн алдаа болсон гэж үзэж байна. Бид иргэний шүүхэд хандах үед шүүгдэгч Г.Ш надаас бус компаниас ав гээ биз дээ гэнэ. Харин компани нь Г.Шаас гаргуул гэж тогтоол дээр заасан байна шүү дээ гэж маргах үндэслэлтэй. Энэ үед энэхүү Шийтгэх тогтоол нь огт биелэгдэх боломжгүй шүүхийн шийдвэр болж хувирах аюул эрсдэлийг дагуулж буйг онцгой анхаарч үзэхийг хүсье. Онол, практикийн ямар ч үнэр, үсгүй шийдвэр болов. Шүүгчийн тайлбарласнаар бид “компаниас хохирлоо нэхэмжлэх юм байна” гэж шууд утгаар тэр дор нь ойлгосон. Бидэнтэй яг адил байдлаар улсын яллагч болон, иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч ч ялгаагүй адил ойлгосон учир эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр гаргасан хууль зүйн дүгнэлтдээ ”...Г.Ш бусдад төлөх төлбөргүй” гэж хэлсэн нь бий. Нөгөө талаар “шүүх яах гэж иргэний хариуцагчийг татан оролцуулж, түүнийг уг гэмт хэргийн хохирлыг төл” гэж шийдсэн юм бол. Хэрэв иргэний хариуцагч гэх субъект байгаа бөгөөд тэр нь хохирлыг төлөх үүрэгтэй л юм бол уг этгээдийн нэр шийтгэх тогтоолд тусгагдах ёстой биш гэж үү. Учир нь дээрх байдал... “...” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна. Зам тээврийн осол гаргаж бусдад учруулсан хохирлыг ажил олгогч нь хуульд заасны дагуу хариуцах үүрэг бүхий этгээд байна” гэж шүүхийн өөрийнх нь хийсэн хууль зүйн дүгнэлттэй нь илт зөрүүтэй буюу харшилдаж байна. Талийгаач маань эрүүл саруул, эрхтэн бүтэн, хөдөлмөрийн чадвартай, ар гэрээ тэжээн тэтгэж, хэнээс ч хамааралгүйгээр эхнэр, үр хүүхдүүдээ арчлан хамгаалж, ажил амьдралаа авч явж байсан нэгэн айлын гол ноён нуруу байлаа. Энэ үхэл зовлон бид бүхэнд асар их уй гашуу, дарамт, үгээр хэлэхийн аргагүй байдлыг үүсгэлээ. Хэрэв амьд сэрүүн байсан бол бидэндээ юугаар орлуулшгүй хийгээд сольшгүй эрдэнэ юм. Нас биед хүрээгүй 2 хүүхдийн минь хувь заяа хөсөр хаягдаж, эцгийнхээ голомтыг сахих хүү минь галаа таслан авч чадалгүй хоцорч, 5 хүүхэд өнчирч, нэгэн эмэгтэй бэлэвсэн үлдэв. Иймийн учир маш их гомдолтой. Түүнчлэн 5 хоногийн завсарлага авсан хугацаанд хохирлын асуудлыг нэг талд багтаан шийдвэрлэж чадаагүй явдал нь шүүгдэгчийн эгч нар гэх хүнтэй холбоотой гэсэн маргаан бүхий асуудлаас урган гарсан байдаг. Тэд нар иргэний хариуцагч болох “...” ХХК-аас хохиролд өгнө гэж 8 сая төгрөг авсан хэрнээ түүнийгээ өгөлгүйгээр “шүүх, прокурор, өмгөөлөгчид өгч байж бага ял авахууллаа гэсэн яриа чих дэлссэн. Энэ талаараа шүүгдэгчийн өмгөөлөгч цагдаа, хууль хяналтын байгууллагад хандах зүйл хэлсэн ба энэ явдал бидэнд “улсын яллагч, шүүгч нар нь авлига авч, шүүгдэгчид хөнгөн ял шийтгэж, албаар буюу хувийн сонирхол гаргаж хохирол төлбөрийг төөрөгдүүлсэн шинжтэй шийдвэрийг гаргасан” хэмээн хардах сэтгэгдэл төрүүлсэн юм. Үнэндээ ч тийм юм шиг санагдсан. Бид 5 жил санал болгож байхад хүний амь нас хохирсон хүнд хор уршигтай гэмт хэрэгт 2 жилийн хорих ялыг улсын яллагчаас санал болгож, түүнийг нь шүүгч М.Далайхүү ёсоор болгосон байдлаас нь тод харагдаж буй гэлтэй. Иймд энэхүү асуудлыг нэг талд нь багтаахын үүднээс бидний хувьд Авлигатай тэмцэх газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорт шалгуулахаар хандах, мөн түүнчлэн “олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах” нь зүйтэй гэж үзэж байгаагаа дашрамд дурдаж байна. Арай бид хонгилоор орсон юм биш биз. Ядарсан биднийг хонгилдох нь хэрэгтэй бус баймаар л санагдана. Ял шийтгэл илтэд хөнгөдсөн, биелэгдэх боломжгүй хоёрдмол утгатай шийдвэр гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан, хохирол төлбөрийг буруу тооцсон учир тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр, өөр бүрэлдэхүүнээр дахин хэлэлцүүлэх саналыг давж заалдах шатны шүүхэд оруулж байна. Иймд дээрх 4 үндэслэлийн хүрээнд хэргийг магадлан хянаж, гаргасан уг гомдлыг минь ханган шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би маш их гомдолтой байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мгийн өмгөөлөгч Б.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дөрвөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Учир нь, хүний амь нас хохирсон хэрэгт зайлшгүй өмгөөлөгч авах шаардлага үүссэн. Ийм байтал өмгөөлөгчийн зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зардал гэж үзэхгүй байгаад гомдолтой байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдсан асуудал учир давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийнэ гэж итгэж байна. Мөн нэхэмжлэлээ анхан шатны шүүхэд гаргасан байхад иргэний журмаар жич шийдвэрлүүл гээд орхигдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Ядаж талийгаачийн хойчийн буянд зориулж өгсөн лам нарын уншлагад номын 70.000 төгрөгийг ч болтугай гаргаж өгье гэсэн сэтгэл зүрх байхгүй байгаа нь эмгэнэлтэй, харамсалтай байна. Шүүгдэгч Г.Шид шүүх 2 жилийн хорих ял оногдуулсныг ял хөнгөдсөн гэж үзсэн. Бидний зүгээс 5 жилийн хугацаагаар хорих ял санал болгосон байхад улсын яллагч 2 жилийн хорих санал болгосон. Гэтэл шүүгдэгч нь хүний амь нас хохироосон гэм буруугаа ч олигтой хүлээн зөвшөөрөөгүй, уучлал гуйгаагүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, гэм хор нь арилаагүй байхад шүүх хөнгөн ял оногдуулсан нь шүүхийн практик хийгээд шударга ёсны зарчимд нийцээгүй. Шүүх хуралдааны дараа иргэний хариуцагч компаниас хохирогч талд өгнө гэж 8 сая төгрөг авсан ч өгөөгүй. Гэтэл “шүүх, прокурор, өмгөөлөгчид өгч байж чамд хөнгөн ял оногдууллаа шүү” гэх асуудлыг шүүгдэгч тал болон өмгөөлөгч нар ярьж эхэлсэн. Ийм учраас шударга ёсны зарчим илтэд алдагдсанаас шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Түүнчлэн хохирлыг хэн хариуцах талаар шүүгч шийтгэх тогтоол уншихдаа “иргэний хариуцагчаас хохирлоо нэхэмжлээрэй” гэсэн. Гэтэл шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр уншиж танилцахад “гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлээрэй” гэж заасан байсан. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс иргэний журмаар хохирол нэхэмжлэх гэхээр хэнээс нэхэмжлэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоол биелэгдэх боломжгүй болж байна гэсэн үг. Бид иргэний шүүхэд хандах үед шүүгдэгч Г.Ш “надаас бус компаниас ав гээ биз дээ” гэнэ. Харин компани нь “Г.Шаас гаргуул гэж тогтоолд заасан байна шүү дээ” гэж маргах үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол хоёр үзүүртэй зүү шиг аль ч талаараа биелэгдэх боломжгүй байгаа тул энэ хэрэгт байгаа хоёрдмол утгатай дээрх заалтыг хүчингүй болгуулахыг хүсэж байна. Иймд ял шийтгэл илтэд хөнгөдсөн, биелэгдэх боломжгүй хоёрдмол утгатай шийдвэр гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан, хохирол төлбөрийг буруу тооцсон учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр, өөр бүрэлдэхүүнээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ямар нэг зөрчилгүйгээр шийтгэх тогтоол гаргасан. Шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа өмгөөлөгчийн зардлыг шүүх ямар үндэслэлээр гаргуулаагүй талаар шийтгэх тогтоолд дэлгэрэнгүй дурдсан. Мөн 2018 оны Засгийн газрын 161 дүгээр тогтоолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцож гаргуулах журмын 2.6-д зааснаар насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн хууль зүйн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр төлөх зохицуулалттай. Энэ хэргийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс төлбөрийн чадваргүй талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй, насанд хүрсэн хүн учир өмгөөлөгчийн зардлыг гаргуулах боломжгүй. Мөн энэ хэрэгт хохирлыг хариуцвал зохих “...” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж баримттай зардлын төлөгдөөгүй төлбөр болох 1.310.000 төгрөгийг тус компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ гэмт хэрэг нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг учраас прокурор хуульд заасан хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын санал гаргасан. Уг ялыг хөнгөдсөн гэж үзэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Г.Ш нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10 цаг орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Барс” худалдааны төвийн хойд замд Хьюндай Портер загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Быг мөргөн, ослын улмаас О.Бын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мгийн “...Тухайн өдөр 12 цагийн үед осолд ороод гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байна гэхээр нь яваад очиход тархины хагалгааны өрөөнд орсон байсан. Би 3 хоног гэмтлийн эмнэлэг дээр сахисан. 2 удаа хагалгаанд орсон. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаад 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ухаангүй гэртээ гарсан. Тэгээд 4 хоноод 2020 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг 27 минутад нас барсан. ...” /1хх 27-28/,
шүүгдэгч Г.Шийн яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө гэрээсээ “...” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Портер загварын ... улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэлтэй ажил руугаа явахаар 10 цагийн үед гарсан. Тэгээд өглөө зам дээр цас орж байсан. Зам нь их гулгаатай байсан бөгөөд Барс захын хойд зам дээр явган хүний гарцаар хүн гарч ирэнгүүт нь тоормосоо гишгээд сигналаа дараад тухайн зам гарч байсан хүнийг мөргөөд зогссон. Тэгээд машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очоод “ах зүгээр үү” гээд босгох гэсэн чинь хажуу талаас хүмүүс “босгоод хэрэггүй, 103 дууд” гэхээр нь хөдөлгөөгүй. Тэгээд удалгүй түргэний машин ирээд эмч үзээд мөргүүлсэн хүнийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг хийсэн. ...Би ганцаараа явж байсан. ...” /1хх 152-153/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “...1. О.Бын биед зулай, баруун чамархай, суурь ясны хугарал, баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун хажуугийн ховдлын шахагдал, баруун чамархай, чамархайн суурь хэсгийн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн шуунд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 2. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. ...” гэх 13245 дугаартай /1хх 135-136/,
2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “...1. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн цогцос шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, баруун зулай, чамархай, суурийн их далавч руу салаалсан хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 5. Талийгаач нь нас бараад 4-6 цаг орчим болсон байна. 6. Цус нь 2 дугаар бүлэг байна. 7. Талийгаачид спирт болон мансууруулах бодис илэрсэнгүй. ...” гэх 73 дугаартай /1хх 103-110/ шинжээчийн дүгнэлтүүд,
Автотээврийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “...Хариулт 1. Hyundai Porter загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Хариулт 2. Уг тээврийн хэрэгслийн баруун гар талын толины суурь хугарсан, улсын дугаарын гэрэл асахгүй, спидометр ажиллахгүй байна. Хариулт 3. Уг тээврийн хэрэгслийн улсын дугаарын гэрэл асахгүй, спидометр ажиллахгүй байгаа эвдрэл, гэмтэл ашиглалтын явцад үүссэн байх боломжтой. Баруун гар талын толины суурь хугарсан нь ослын үед үүссэн байж болох шинэ гэмтэл болно. Хариулт 4. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат, ABS системтэй. Тоног төхөөрөмжөөр болон туршилтын жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангахгүй. Хоёрдугаар тэнхлэгийн дугуйн ажлын тоормос зогсоогүй. Зогсоолын тоормос зогсоогүй. Хариулт 5. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат, ABS системтэй. Тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ. Хариулт 6. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллахгүй байна. Хариулт 7. Уг тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн 2018 оны мэдээлэл нь праграмд хадгалагдаагүй байна. 2019 оны техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудсыг хавсаргав. ...” гэх 888136 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1хх 122-125/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, шүүгдэгч Г.Шийн Автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нар “...шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага тохироогүй. ... хохирол төлбөрийг буруу бодсон. ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өөр бүрэлдэхүүнээр энэхүү хэргийг шийдвэрлүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Шид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба уг эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна.” гэж хуульчилсан ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 124 дугаартай захирамжаар даргалагч шүүгчийг томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэв.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ