| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/2220/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2779 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2779
2025 12 08 2025/ШЦТ/2779
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Норжинсүрэн,
улсын яллагч Д.Аззаяа,
шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2506 03875 2254 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.М, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Словак Улсын виз гаргуулахаар холбогдсон М.Т-ыг “манай таньдаг эгч байгаа ажил олж өгч ажлын гэрээ хийдэг, виз гаргаж өгдөг эхний ээлжинд 3.600.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” хэмээн итгүүлж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000000 тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр нийт 15.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нутаг дэвсгэрт эхнэр 2 хүүхдийн хамт байр түрээсэлж амьдардаг байсан 2024 онд аав Д.Г нь Франц Улсад амьдардаг надтай утсаар яриад чи үеэл М-той холбогдоод гадагшаа гарч ажиллах юм бод гэж хэлэхээр нь би М-той утсаар ярихад М асуудалгүй бичиг баримт юмнуудыг чинь хөөцөлдөөд өгье таньдаг хүн байгаа 15.000.000 төгрөг болно шүү найз нь одоо Франц Улсад эхнэр хүүхэдтэй хамт байна гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 05 дугаар сард над руу М холбогдоод эхний ээлжинд 3.600.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй бичиг баримтыг чинь хөөцөлдөөд байна гэж хэлэхээр нь би эхнэр Б.С-ийн Хаан банкны 0000000000 дугаартай данснаас Э.М-ын Хаан банкны 0000000000 дугаарын данс руу 3.600.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дахиад М над руу залгаад найз нь Монгол Улсад хүрээд ирсэн бичиг баримтыг чинь бэлэн болсон гэж хэлсэн одоо үлдэгдэл мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 11.700.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 00000000000 дугаарын данснаас Э.М-ын Хаан банкны 0000000000 дугаарын данс руу шилжүүлсэн тэгсэн тэр өдрөөс хойш М холбогдохгүй болохоор нь би залгаад юу болж байна гэж асуухад одоо удахгүй боллоо гэж хэлээд бүтэн 1 жил болж байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сараас Франц улсад амьдардаг хадам аав Мэлс холбогдоод Т та хоёр гадаадад очиж амьдрах уу, цалин өндөр байна. Манай ахын хүүхэд М Словакад эхнэр хүүхэдтэйгээ ажиллаж амьдарч байгаа гээд М-ын фэйсбүүк хаягийг өгсөн. Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр М-той фэйсбүүкээр холбогдоход М “Би Словакад амьдарч байна, энд цалин сайн, амьдрах орчин нөхцөл маш сайн, миний төрсөн дүү бас наашаа Словакад ирж амьдрах гэж байгаа. Манай таньдаг нэг эгч байгаа, ажил олж өгч ажлын гэрээ хийдэг, виз гаргаж өгдөг хүн. Та хоёр надад мөнгө өгөөд манай дүүгийн хамт виз гаргуулж энд ирж ажил хий. Урьдчилгаа 3.600.000 төгрөг өгнө. 0000000000 данс руу мөнгөө хийгээрэй” гээд өөрийн эзэмшлийн хаан банкны 0000000000 тоот данснаас М-ын Хаан банкны 0000000000 тоот данс руу 3.600.000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл М “миний хамтарч байгаа эгч хөөцөлдөж байгаа ажил олдохгүй байна” гэх зүйл ярьж байгаад 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр холбогдоод “ажил олдчихлоо одоо та хоёр миний 0000000000 данс руу 11.700.000 төгрөг хурдан шилжүүлээрэй” гэсний дагуу манай нөхөр Т цалингийн зээл аваад Т-ын хаан банкны 00000000000 тоот данснаас М-ын 0000000000 тоот данс руу 11.700.000 төгрөгийг шилжүүлсэн. М фэйсбүүк чатаар видео калл хийж “2024 оны 11 дүгээр сард Бээжинд ярилцлагад орох цаг авлаа” гэж хэлсэн. Ингээд бид хоёр ярилцлагад орчих байх гээд хүлээсэн. 2024 оны 09 дүгээр сарын дундуур М чатаар холбогдоод “би Монголд очихоор болсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
Хохирогч М.Т-ын Хаан банкны 00000000000 тоот данснаас Э.М-ын Хаан банкны 0000000000 тоот данс руу 11.700.000 төгрөг шилжүүлсэн, Э.С-ийн Хаан банкны 0000000000 тоот данснаас Э.М-ын Хаан банкны 0000000000 тоот данс руу 3.600.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтууд (хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас),
Э.М эзэмшигчтэй Хаан банкны 0000000000 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 31-36 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),
Нийгмийн даатгалын төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 51-57 дугаар хуудас), Хохирогчийн гомдолгүй гэх гар бичмэл, Нийтэд тустай ажил хийлгэх ялын тооцоо (нийт 2 хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Э.М нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Словак Улсын виз гаргуулахаар холбогдсон М.Т-ыг “манай таньдаг эгч байгаа ажил олж өгч ажлын гэрээ хийдэг, виз гаргаж өгдөг эхний ээлжинд 3.600.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” хэмээн итгүүлж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000000 тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр нийт 15.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.М нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Словак Улсын виз гаргуулахаар холбогдсон М.Т-ыг “манай таньдаг эгч байгаа ажил олж өгч ажлын гэрээ хийдэг, виз гаргаж өгдөг эхний ээлжинд 3.600.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” хэмээн итгүүлж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000000 тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр нийт 15.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч Э.М нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Словак Улсын виз гаргуулахаар холбогдсон М.Т-ыг “манай таньдаг эгч байгаа ажил олж өгч ажлын гэрээ хийдэг, виз гаргаж өгдөг эхний ээлжинд 3.600.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” хэмээн итгүүлж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000000 тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр нийт 15.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.М-ын нь үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Хохирогч М.Т нь гомдол, саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд, нөгөөтэйгүүр эрүүгийн хариуцлага нь заавал биелэгдэх ёстой.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах шударга ёсны зарчимыг удирдлага болгох ба, мөн дээрх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн ял шийтгэл оногдуулах үүрэгтэй.
Шүүхээс шүүгдэгч Э.М-ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, хохирлыг барагдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнд Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1567 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 112 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтэн, нийт биечлэн эдлэх ялыг 712 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь оногдуулсан 712 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргагдаж ирсэн гэх Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий нэг ширхэг СиДи-г хэрэгт хавсаргав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.М-ыг Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.М-д Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1567 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 112 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтэн, нийт биечлэн эдлэх ялыг 712 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь оногдуулсан 712 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргагдаж ирсэн гэх Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий нэг ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ