Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 182/шш2023/02402

 

  

 

 

 

 

 

   2023       08        29                                               182/ШШ2023/02402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, хороо, тоотод оршин суух, Харчин овогт Хандсүрэнгийн Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүрэг, хороо, Ншшггт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Түвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гэрч Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.ц нь хариуцагч Ншшггт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

1.1. Ц.тын нэхэмжлэлтэй Х.ц надад холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 182/ШШ2022/01791 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2022/1526 тоот магадлалаар тус тус шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрээр Х.ц надаас 187,122,750 төгрөгийг гаргуулж, Ц.тд олгохоор шийдвэрлэж, энэхүү шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Ншшггт явагдаж байна.

1.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Х.ц миний өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Баруун сэлбэ гудамж, 39-10 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон.

Шинжээч нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 540,720,099 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах учиртай бөгөөд шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь дээрх хууль (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль)-аас гадна Шүүх шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдах шаардлагатай. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьж, хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх үүргээ хэрэгжүүлээгүй.

1.3.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг түхайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж заасан байдаг. Гэтэл үнэлгээний тайлангаас харахад Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан дээрх шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг дурьдсан байх боловч бусад аргыг хэрэглээгүй байна. Иймээс эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогдоогүй.

Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад хуульд заасны дагуу үнэлгээг гаргаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй.

Шинжээч дүгнэлтийн бүрдүүлбэр нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй.

1.4.Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн https://www.1212.mn/ сайтаас 2023 оны 04 дүгээр сарын байдлаар Чингэлтэй дүүргийн хуучин орон сууцны бодит үнэ 1 м.кв талбай нь 4,170,000 төгрөг байна. Үүнийг 140.06 м.кв талбайгаар тооцож үзвэл 584,050,200 төгрөгийн бодит ханштай байна. Түүнчлэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээчингээр үнэлүүлэхэд 589,311,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон.

Иймд Ншшггт явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаа хороо, 40,50 мянгат баруун сэлбэ гудамж, 39-10 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 543,720,099 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Ншшгг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

2.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1526 дугаар магадлалаар Х.цгаас 189,122,750 төгрөгийг гаргуулж Ц.тд олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.цгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40, 50 мянгат Баруун сэлбэ гудамж, 39 дүгээр байрны 10 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн 140,06 м.кв талбайтай, таван өрөө орон сууцыг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 23300217/01 дугаартай битүүмжпэх тогтоолоор битүүмжпэн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23300217/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж төлбөр төлөгч Х.цгаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн саналыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр албан бичгээр авахад 918,000,000 үнэлсэн.

2.2.Уг үнэлгээг төлбөр авагч Ц.тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгээр үнийн саналтай танилцсан, үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй боломжгүй тул хөрөнгийн үнэлгээг шинжээч томилон тогтоолгох тухай хариу ирүүлсэн тул талуудад шинжээч томмлон үнэлгээ тогтоолгох болсныг утсаар мэдэгдэж 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-иар тогтоолгоход 543,720,099 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр авагч Ц.тд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 4-121/8856 тоот албан бичгээр, төлбөр төлөгч Х.цд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4-121/8857 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар тус тус биечлэн мэдэгдэж эрх үүргийг танилцуулж гарын үсэг зуруулан тэмдэглэл хөтөлсөн.

2.3.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл /хх2/

3.2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01791 дугаар шүүхийн шийдвэр /хх5-17/

3.3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2022/01526 дугаар магадлал /хх18-26/

3.4.Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2022/01170 дугаар тогтоол /хх27/

3.5.Х.цгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх28/

3.6.Ншшгг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4-121/8857 дугаар албан бичиг /хх29/

3.7.”Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-423/6562 дугаар Үнэлгээний тайлан /хх30-50/

3.8. “Хаан үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх162-182/

 

4.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1.2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ц.таас Л.Мөнхбатад олгосон итгэмжлэл /хх62/

4.2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ГХ2022/01118 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх63/

4.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2022/15599 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай /хх64-65/

4.4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01791 дугаар шүүхийн шийдвэр /хх66-72/

4.5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2022/01526 дугаар магадлал /хх73-77/

4.6. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2022/01170 дугаар тогтоол /хх78/

4.7.2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23300217 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх79-80/

4.8.2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт /хх81/

4.9.2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23300217/02 дугаар Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх82-83/

4.10. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23300217/121 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх84/

4.11. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23300217/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх85/

4.12. Ншшгг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4-121/1374 дугаар албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23300217/01 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх87, ар тал/

4.13.Ншшгг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/3280 дугаар албан бичиг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар албан бичиг /хх88/

4.14.Ншшгг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23300217/03 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх89-91/

4.15. Х.цгийн гаргасан өргөдөл /хх92/

4.16. Л.М гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх93-94/

4.17.2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4/153 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, эрх үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх95-98/

4.18.2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх100-101/

4.19.”Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-423/6562 дугаар Үнэлгээний тайлан /хх102-121/

4.20.Ншшгг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4-121/8857, 4-121/8857 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх122-125/

4.21.Ншшгг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4-121/10748, 4-121/10749 дугаар албан бичиг /хх126-127/

4.22.2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх128-129/

 

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр www.1212.mn сайтад үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн болно /хх157-161/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 2.Нэхэмжлэгч нь “Х.цгийн өмчлөлийн Чй дүүргийн хороо, тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, шинжээчид хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлаж өгөөгүй” гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мэргэжлийн үнэлгээчин томилж, төлбөр төлөгч Х.цд биечлэн мэдэгдэж, эрх үүргийг танилцуулж гарын үсэг зуруулсан” гэж тайлбарлаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01791 дугаар шүүхийн шийдвэрээр Х.цгаас 284,814,000 төгрөгийг гаргуулж, Ц.тд олгож, нэхэмжлэлээс 321,186,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2022/01526 дугаар магадлалаар Х.цгаас 187,960,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.тд олгож, 418,040,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Х.ц нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж, 39-10 тоотод байрлах, 140,06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Ншшггт даалгаж, шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2022/01170 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна. /хх5-27, 66-78/

 

4.2.Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2022/15599 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 182/ГХ2022/01118 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх 63-65/

 

Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23300217/01 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23300217/03 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол гарчээ. /хх 79-91/

 

4.3. Талууд маргаан бүхий хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4/153 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэлтэй, Ч дүүргийн хороо, тоотод байрлах, м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байна. /хх 92-95/

 

Дээрх Шинжээч томилох тухай тогтоолоор Ч.Жг шинжээчээр томилсон ба түүнд Шүүх шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасныг танилцуулж, танилцсан хэсэгт шинжээч Ч.Ж гарын үсэг зуржээ. /хх 95/ 

Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэх тухай зохицуулсан бөгөөд үнэлгээ хийлгэх ажиллагаа нь уг зүйлд заасан урьдчилсан нөхцлийг хангах шаардлагатай. Тодруулбал:

10.2.-т “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна.”,

10.3.-т “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.”,

10.4.-т “Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд энэ хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.” Гэжээ.

 

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан ажиллагааг хийсэн талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Шинжээчийн хууль тайлбарласан тухай баримт үйлдэж, уг баримтад шинжээчээр томилогдоогүй “Ашидбилгүүн” ХХК-д шинжээч томилсон тогтоол гардуулан өгч, хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг танилцуулж, хүлээх хуулийн хариуцлагыг тайлбарлан өгсөн талаар дурджээ. /хх97-98/

 

Дээрх үйл баримт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасныг зөрчсөн байх ба хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний хуулийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсныг шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн гэж үзэхээргүй байна. 

 

4.4. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Үнэлгээний тайланг “Ашидбилгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъян бичсэн байх ба хэрэгт шинжээчийн мэргэжил, чадвар, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулсан буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ажиллагааг хийсэн баримт байхгүй байна.

 

Хэдийгээр шинжилгээний тайланд “Ашидбилгүүн” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, үнэлгээчин Ч.Жы туршлага, тусгай зөвшөөрөл зэргийг тусгасан /хх119-121/ байгаа боловч энэхүү ажиллагааг шинжээч томилохоос өмнө урьдчилан тодруулахаар хуульчилсан. Түүнчлэн Шинжээч томилох тогтоолоор “Ашидбилгүүн” ХХК-ийг шинжээчээр томилоогүй байгааг дурдах нь зүйтэй. 

 

Шүүх хуралдааны явцад үнэлгээ гаргасан үнэлгээчин Ч.Жамъян нь шийдвэр гүйцэтгэгчийг хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлаж өгсөн гэж мэдүүлсэн  боловч энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ажиллагааг хийсэн гэж үзэхгүй.

 

4.5. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээг эс зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчөөгүй байна.

 

4.6.Зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч талаас эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Ч дүүргийн хороо, тоотод байрлах, 140,06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 05 дугаар сарын байдлаар 543,720,099 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэж тайлбарласан

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2.-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагад нийцсэн байна гэж, 8 дугаар зүйлийн 8.1.-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, ...хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэжээ.

 

Шинжээч үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохдоо үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийн ойрын хугацаанд арилжаалагдсан үнийн судалгаа, тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн байршлын бүсэд арилжаалахаар зарласан үл хөдлөх хөрөнгийн 5-6 ширхэг зарын дагуу биечлэн хийсэн ярилцлагын үр дүнд үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил, төстэй 3 хөрөнгийг сонгож жишиг үнэд тохируулга хийсэн гэж үнэлгээний тайланд тусгасан байна.

Нэхэмжлэгч тал нь www.1212.mn сайтад 2023 оны 04 дүгээр сарын байдлаар Чингэлтэй дүүргийн хуучин орон сууцны 1 м.кв нь 4,17 сая төгрөг байсан, 584,050,200 төгрөгийн бодит ханштай гэж маргаж, мөн хуралдааны явцад маргаан бүхий хөрөнгө 589,311,000 төгрөгийн үнэлгээтэй гэх 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Гэтэл хариуцагч талаас гаргаж өгсөн маргаан бүхий үнэлгээ 2023 оны 05 дугаар сарын байдлаар үнэлсэн үнэлгээ байх тул цаг хугацааны хувьд зөрүүтэй үнэлгээг үндэслэн зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэж дүгнэх боломжгүй байна.   

4.7. Шүүх дээрхийг дүгнэж, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, шинжээчид эрх, үүрэг хариуцлагыг тайлбарлаж өгөөгүй гэх үндэслэлээр Х.цгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Ч дүүргийн хороо, тоотод байрлах 140,06 м.кв талбай бүхий орон сууцыг 543,720,099 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

5. Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Х.цгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Ч дүүргийн хороо, тоотод байрлах м.кв талбай бүхий орон сууцыг 543,720,099 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.цгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.цд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ